Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   10 сарын 04, 2016

Миний хэрэглэдэг аппууд: Life Link компанийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбаатар

Апп тойм булангийн өнөөдрийн зочноор Life Link компанийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбаатар орж байна. Тэрээр өмнө нь Delta Construction-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2015 онд Forbes Mongolia сэтгүүлээс гаргасан "30 хүртэлх 30" жагсаалтанд багтаж байсан нэгэн юм. Барилга, контентын бизнесийн салбаруудад амжилттай ажиллахын зэрэгцээ видео хийж, гэрэл зураг авдаг бүтээлч түүний ямар ямар апп хэрэглэдгийг сонирхоцгооё.

Нэр: Ганхүүгийн Эрдэнэбаатар
Ажилладаг салбар: Барилга, контент, технологи
Сошиал хуудсууд: Erdenebaatar Gankhuu (фэйсбүүк) @Baatarscc (твиттер)

Уулзалт төлөвлөх

Ажил хэрэг болон хувийн уулзалтуудаа төлөвлөхөд миний хувьд хамгийн шалгарсан апп бол CAL. Google календартай холбогдоно. Уулзах гэж буй хүнээ имэйл хаяг, утас зэргээр меншин хийж, мөн уулзах газрынхаа map-тай нь хамт оруулж болдог нь таалагдсан. Баяр ёслол, спорт, хүмүүсийн төрсөн өдрүүд гээд бүхий л зүйлээ хийх зүйлсийн жагсаалт дээр нь оруулж сануулж болно. Бас энэ аппийн дизайн нь тун дажгүй, фон зураг нь өдөр бүрээр солигдоно. Хэрвээ та Uber нэвтэрсэн газар ашиглаж байвал аппийг нь холбож бас болно.

Зураг засвар

Snapseed бол зураг засварын гайхалтай апп гэхэд болно. Ер нь зураг янзалдаг аппууд Андройд, iOS-д ихээр байдаг ч Google Snapseed энэ олон зургийн аппаас хамгийн хэрэгтэй боломжуудыг нь аваад нэгтгэчихсэн гэлтэй тун апп гэж боддог. Ямар сайндаа л iPhone 7-ын рекламанд гэрэл зурагчин Benjamin Lowy утсаар авсан зургаа Snapseed дээр янзалж байгаагаар гарч байх вэ дээ? Ихэнх апп зургийн өнгийг л янзалдаг бол энэ апп харанхуй сүүдэр эсвэл хэт ихэдсэн гэрэл гээд мэргэжлийн програм дээр хийдэг чухал боломжуудыг оруулж өгсөн байдаг.

Нэмэлт төхөөрөмжүүдтэй ажиллах

GoPro бол хамгийн жижиг бөгөөд хамгийн өргөн өнцгөөр видео бичлэг хийдэг, мөн зураг авдаг авсаархан камер. GoPro-г өдөр тутам ашигладаг. Ялангуяа уулзалт арга хэмжээ дээр маш олуулаа групп сельфи хийхэд хамгийн тохирсон камер гэлтэй. Камераа удирдахын тулд wifi-аар утастайгаа холбон зураг, бичлэг хийх, өргөтгөл солих, асаах унтраах, форматлах, зургаа татах, янзлах бүх үйлдлээ аппаараа дамжуулан хийдэг. Ашиглахад маш энгийн. Яг үүнтэй адилаар дрон хөөргөх, гар дээрээс тогтворжуулагчтай бичлэг хийдэг Osmo зэрэг камеруудыг ажиллуулахад DJI-ын өөрийнх аппийг хэрэглэдэг.

Бичлэг янзлах

Утсан дээр хийсэн бичлэгүүд том зай эзлээд байвал бичлэгүүдээ түүж устгах тохиолдол зөндөө. Харин би Adobe Clip-ээр бичлэгүүдээ эвлүүлж бага хэмжээтэй нэг цул видео болгож хадгалаад үлдсэн том хэмжээ эзэлсэн бичлэгүүдээ устгачихдаг. Хэрэглэхэд маш энгийн ойлгомжтой, өөрийн хүссэнээрээ эвлүүлж болохоос гадна залхуурсан үедээ аппийн өөрийнх нь авто горимоор эвлүүлж болдог. Олон дараалж авсан фото зургийг ч бас янзална. Adobe Premiere гэх мэргэжлийн видео мастерууд хэрэглэдэг хүчирхэг програмыг хэн ч хэрэглэж болохоор ийм энгийн апп болгосон нь гайхалтай. Бас утаснаас их хүчин чадал шаарддаггүй давуу талтай.

Бусад хэрэглээний аппууд

Аливаа ажил хийхэд анхны санаа буюу консепц гаргахад зурж төсөөлөх шаардлага гардаг. Ингэхдээ би япончуудын хөгжүүлсэн medibangpaint-ийг ашигладаг. Учир нь хүний гараар цэвэрхэн зурахад хэцүү байдаг тэгш өнцөгт, дугуй гэх мэт олон дүрсүүдийг гаргах боломжтой. iPad дээр үзэг ашиглан хэрэглэвэл нэн тохиромжтой.

Одоо үед гар утсаа компьютертайгаа USB-ээр холбоно гэдэг ойлголт бараг байхаа болж. Миний хувьд ConnectMe апп ашиглан утсаа компьютертэй холбодог. WIFI-аар IP хаяг үүсгэн холбогдоод утас руугаа дуу, зураг бичлэг хуулах, устгах, мөн мессеж, утасны дугааруудаа янзалж болно. Нэг үгээр бол вэбээс файлуудаа удирдана гэсэн үг юм.

Санаа шийдэл хайх үедээ дэлхийн хамгийн бүтээлч хүмүүсийн цугласан газар болох Behance-ийн апп рүү орж урам зориг авна. Хайлтыг бол Google-ээс биш Pinterest аппаар хийдэг болсон. Хайлтын үр дүнг маш оновчтой гаргаж ирдэг. Утсаар авсан зураг дээрээ тухай үеийн сэтгэгдэл, гоёмсог техт зэргийг оруулах бол PIX2 аппийг ашиглана.

Имэйлдээ Gmail-ийн аппийг бус харин Inbox-ийг хэрэглэдэг. Имэйл бичих, явуулах, сануулах гээд л ер нь тун хялбар шүү. Шинэ мэдээ мэдээлэл, сүүлийн үеийн технологиудыг Engadget аппаас байнга уншдаг. Тоглоомын хувьд бол 2014 оны Apple Store-ийн шилдэг тоглоомоор шалгарсан Monument Valley-д их дуртай. Дэвсгэр ая, дүрслэл, зохиомж нь тасархай. Шинэ үеүүд нэмж гарахыг хүлээж байгаа.

GoPro-гоос бичсэн жишээ бичлэг

31265   1


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.