Онцлох Бизнес   10 сарын 03, 2016

Онцлох бизнес: Onis Room - Бөөнөөрөө адал явдлын эрэлд

Өнөөдрийн дугаартаа бид найз нөхөд, хамт олноороо очууштай нэгэн газрыг онцоллоо. Onis Room-ийн өрөөнүүдээс танай баг нэгийг нь сонгож, оюун ухаан, авхаалж самбаа сорих онц сонирхолтой даалгавруудыг 60 минутын дотор хийж гүйцэтгэн, өөрөөр хэлбэл оньсыг тайлан гарч ирэх ёстой. Залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газрын тоог нэгээр нэмсэн Onis Room-тухай бид менежер Э.Содбилэг, Г.Бат-Эрдэнэ нартай ярилцсаныг уншина уу.

Бизнесийн нэр: Onis Room
Хаяг: 3-4-р хорооллын Элбэг их дэлгүүрийн урдах Чилүгэн зочид буудлын 1 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Тоглоомын төв, энтермэйнтент төв
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 6-р сар
Үүсгэн байгуулагч: Э.Гэрлээ, Б.Солонго
Ажилчдын тоо: 4
Вэбсайт: www.onisroom.com (вэбсайт), Onis Room (фэйсбүүк)

Зүүн гараас: Менежер Э.Содбилэг, Г.Бат-Эрдэнэ

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Манай үүсгэн байгуулагч эгч нар ОХУ-д их сургуулиа төгсөж ирээд Монголдоо хэдэн жил ажилласан юм. Энэ хугацаанд залуу хүмүүст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар цөөн байдгийг мэдэрч, Европд болон ОХУ-д өргөн дэлгэрсэн ийм оньсон тоглоомын төвийг нээе гэж шийдсэн юм билээ. Монголд иймэрхүү оюун ухаан, авхаалж самбаа сорьсон тоглоомын төв байхгүй байсан, одоо ч манайхаас өөр байхгүй байгаа.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Манай хоёр үүсгэн байгуулагч өөрсдөөсөө хуваан гаргасан. Анх бизнес төлөвлөгөөгөө бичихдээ гаргасан зардлаа хоёр жилд нөхнө гэж тооцсон нь төлөвлөгөө ёсоор явж байгаа. Сая бизнесийнхээ байршлыг солиод нэмэлт зардал гаргасан.

ХАМТРАГЧАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Үүсгэн байгуулагчид маань оюутан байхдаа Монгол руу воганаар явж байхдаа танилцсан юм билээ. Москвагаас Монгол руу буцахад 5 хоног болдог, ингэж явахдаа өртөөнүүд дээр наймаачин ах эгч нарт юмаа зарахад нь туслах ажил хийж яваад танилцсан гэх сонирхолтой түүхийг ярьдаг.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Оюун ухаан, авхаалж самбаа шаарддаг тоглоом. Яг л компьютерын тоглоом тоглож байгаа мэт, кинонд тоглож байгаа мэт санагдана. Хамгийн гол онцлог бол багаараа буюу хоёроос дээш хүн тоглодгоороо онцлогтой. Байгууллагуудаа багаараа нэгдэн нягтран, шинэ хүмүүстэй илүү танилцах үедээ манайхыг зоривол тун зүгээр шүү. Гэхдээ нэг өрөөнд 3-4 хүн орох боломжтой. Өрөөний багтаамжаас гадна үүнээс олон хүн болохоор зарим нь сул зогсоод дэмий байдаг юм. Насны хувьд 14-өөс дээш насны бүх хүн тоглох бүрэн боломжтой. Сонирхолтой юм хэлэхэд, 25-аас дээш насны оффисд суудаг хүмүүс даалгавар гүйцэтгэхдээ хүүхэд залуусаас тааруу байдаг дүр зураг ажиглагдаад байгаа.

Одоогоор манайд шоронгийн, аймшгийн, галзуугийн эмнэлэг гэсэн өрөөнүүд бий. Өмнө нь музейн өрөө, мөрдөнгийн өрөө гэж байсан. 60 минутанд даалгавруудыг гүйцэтгэн эдгээр өрөөнөөс гарах учиртай юм. Даалгавруудыг, өрөөний доторх тавилтыг багаасаа л адал явдалт ном, кинонд дуртай байсан Гэрлээ эгч зохиодог.

Өрөөн доторх даалгавруудаа бид 6 сар тутамд сольдог. Шинээр өрөө үүсгэх үедээ бид туршилтын хэдэн баг оруулж шалгадаг.

Мөн заавар зөвлөгөө, танилцуулга маань давхар англи хэл дээр явж байгаа. Гадаад хүмүүс хааяа орж ирдэг, бас англи хэл дээр сургалт нь явдаг сургуулийн хүүхдүүд орж ирээд голдуу англиар ярьдаг тул бид саяхнаас англи хэлтэй хослуулан явж байгаа.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Ойрын төлөвлөгөө гэвэл Onis Kids гэсэн өрөө гаргана. Хүүхдүүдэд зориулсан энтертайнмент газрууд гэвэл тоглоомын төвүүд л байгаа. Тэдний авхаалж самбаа, оюуны сорих газрыг шинээр бий болгохоор зорьж байна. Мөн монгол оньсон тоглоомуудаа ашигладаг монгол хэв маягтай өрөө нээх төлөвлөгөөтэй байгаа.

Алсдаа бол байгууллагуудад чиглэсэн, team building буюу багуудыг бэхжүүлэх тал руу нь үйл ажиллагаагаа илүү хөгжүүлэх хүсэлтэй. Манай тоглоомыг тоглоход багийн гишүүдийн зан чанар илэрч байдаг учраас ийм зорилго тавихад боломжтой санагдаж байгаа. Магадгүй шинээр ажилд авах гэж байгаа хүндээ зориулан биднээр даалгавар зохиолгодог ч юм уу.

Тэгээд мэдээж олон салбартай болж, Монголдоо франчайз үүсгэхийг зорих болно. Бид үйл ажиллагаандаа патент авсан учир яг энэ төрлийн төв нээх болбол биднээс зөвшөөрөл авах ёстой.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Үйлчилгээндээ бид цагаа яс баримтлахыг эрмэлздэг. Даанч манайхан цаг барихдаа тун тааруу байдаг. Манай www.onisroom.com -оор онлайн захиалгаа өгч болдог. Нэг баг нь хоцорвол арын багууд хүлээх гээд хэцүү байдаг юм.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ХИЙХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Хүмүүс, байгууллагууд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх газрын тоог нэгээр нэмж байгаа нь мэдээж сайхан хэрэг. Монголдоо анхдагч болсон бизнес учраас ажиллаж байхад урамтай байдаг.

Монголдоо шинэ, танигдаагүй бизнес учраас хүүхдийн тоглоом мэтээр ойлголдог явдал нэлээд байдаг юм шиг санагдсан. Анзаараад байхад зарим 25-аас дээш насныхан бусдаас санаа зовоод зургаа авахуулж фэйсбүүк хуудас дээр тавиулахгүй гэнэ. Аав ээжүүд маань ч гэсэн юу хийж байгааг маань анх ойлгохгүй байснаа өөрсдийг нь тоглуулж үзүүлсний дараа ойлгох жишээтэй.

Бас тоглож байх явцдаа эвээр биш хүчээр шийдэх гээд байх тохиолдлууд нэлээд гарна, юм эвдчих гээд байна. Манай даалгавруудад бол хүч хэрэглэх юм байдаггүй.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Шинэ байрандаа хоёр өрөө нэмж нээх гээд ажиллаж байна. Тагнуулын өрөө, Bikini Bottom буюу усны өрөө гэсэн нэртэй. Засвар тохижилт хийх нэлээд ажил бий. Танай "Онцлох бизнес"-т уригдаж байсан Urgoo Puzzle-тай бид хамтран, төрөл бүрийн зүйл хийлгэдэг. Ер нь манай өрөөнүүд өөр өөрийн гэсэн онцлогтой. Шоронгийн өрөөнд илүү их тоо боддог байхад, Bikini Bottom өрөөнд илүү авхаалж самбаа шаардах жишээтэй.

Мөн бид зарим өдөр 60 биш 90 минутанд ямар ч тусламж авахгүйгээр өрөөнөөс гарч ирвэл үнийн дүнгийн 30 хувийг буцааж авах үйлчилгээ гаргахаар ажиллаж байна. Ерөнхийдөө ихэнх баг биднээс нэг удаа юм асууж, тусламж авчихаад байдаг юм. Өнгөрсөн хугацаанд ямар ч тусламж авалгүйгээр гарч ирсэн баг гарын таван хуруунд л багтана. Даалгавар нь биелэх дөхчихсөн байвал бид богино холбоогоор нэгийн зэрэг асуултад битүүхэн хариулт өгдөг юм. Даалгавар нь биелэх дөхөөгүй үед бол тусалдаггүй.

Хүмүүсийн хамгийн орох дуртай өрөө нь аль вэ?

10 жилийн хүүхдүүд шоронгийн өрөөнд орох дуртай. 20 гарсан залуус болохоор хамгийн хэцүү нь аль вэ гэж асуудаг юм. Аймшгийн өрөөгөө бид хамгийн хэцүү нь болно гэж бодож байна. Гэхдээ хүмүүсийн тархи толгой янз бүрээр ажиллана. Бидний хэцүү гэсэн өрөөнөөс гарч ирж чадаж байгаа хэрнээ бусдынх нь учрыг олохгүй байх жишээтэй.

Гэрэл зургийг Д.Ганзул

55830   9


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.