Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 02, 2016

7 хоногийн тойм: Эхний мэтгэлцээн + Ангараг хүрэх зам + Мессенжерийн шинэ нэмэлт

Клинтон, Трампын эхний мэтгэлцээн явагдлаа

Ирэх 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нэр дэвшигчдийн хамгийн эхний мэтгэлцээн өнгөрөгч долоо хоногт боллоо. Ардчилсан Намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд Найрамдах Намыг төлөөлөгч Доналд Трамп нарын хооронд өрнөсөн энэ мэтгэлцээнийг 13 сувгаар 84 сая хүн шууд үзсэн нь 1980 оны Ж.Картер-Р.Рэйган нарын мэтгэлцээнийг 80 сая хүн үзэж байсан дээд амжилтыг эвдсэн хэрэг болжээ. ISIS, гадаад худалдаа, гадаад харилцаа, эдийн засгийн байдал зэрэг өргөн хүрээг хамарсан мэтгэлцээн 95 минутын турш үргэлжилсэн бөгөөд CNN-ий гаргасан санал асуулгын дүнгээр олон нийтийн 62 хувь нь Хиллари Клинтоныг илүү байсан хэмээн дүгнэсэн гэнэ. Тэднээс гадна бусад томоохон судалгааны байгууллага, хэвлэлийнхэн ч сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй Трампаас илүү сайн бэлтгэлтэй, тайван байж чадсан Клинтоныг давамгайллаа гэж үзжээ. Гэхдээ дахин хоёр мэтгэлцээн тэднийг хүлээж байгаа. Энэ долоо хоногт дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хооронд мэтгэлцээн явагдана.

UB.Life: Тойм: Клинтон-Трампын мэтгэлцээн
Vox: Эхний мэтгэлцээний ялагчид болон ялагдагчид

Элсний наадамд монголчууд одтой байна

5 дахь удаагийн Азийн элсний наадам Вьетнамын Данан хотноо явагдаж байна. Манай улсаас спортын 8 төрөлд 37 тамирчин өрсөлдөж буй бөгөөд одоогийн байдлаар Монголын баг 6 алт, 4 мөнгө, 7 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 5-р байрт бичигдэж байна. Сагсан бөмбөгийн төрөлд хүч үзсэн эрэгтэй баг мөнгөн медаль хүртсэн бол жиү жицү төрлөөс 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль, самбо бөхийн төрлөөс 3 алт, 1 хүрэл медаль, чөлөөт бөхийн төрлөөс 1 алт, 1 хүрэл медалийг тус тус хүртжээ. Данан наадамд Азийн 42 улсын 2200 гаруй тамирчин спортын 22 төрлийн 171 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа. Тэмцээн маргааш өндөрлөнө.

Montsame: Монголын сагсчид элсний наадмаас мөнгөн медаль хүртэв
Данан 2016: Медалийн хүснэгт

Нэрт улстөрч Ш.Перес таалал төгслөө

Израйль улсыг үндэслэгчдийн нэг, тус улсын ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт улс төрч Шимон Перес 93 насандаа таалал төгслөө. 1923 онд Польш улсад төрсөн тэрээр 20 гаруй наснаасаа эхлэн төрийн алба хашиж улмаар батлан хамгаалах, гадаад харилцаа болон сангийг яамыг тэргүүлэн, ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж, 2007-2014 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 1994 онд түүнд Нобелийн энх тайвны шагналыг Израйль Палестины энхийн хэлэлцээрийг эхлүүлж, Палестиний ард иргэдэд төр засгийн эрх мэдлийг нь шилжүүлэн өгөх зөвшилцөлд оруулсан хувь нэмрийнх нь төлөө хүртээж байлаа. 70 гаруй жил Израйлын засгийн газарт хүчин зүтгэсэн тэрээр Израйлийг үндэслэгч эцэг гэгддэг Дэвид Бен Гурионы шууд залгамжлагч бөгөөд үндэслэгч үеийн сүүлчийн төлөөлөл байлаа.

Ikon: Ш.Пересийн гайхалтай эшлэлүүд
Time: Перес Израйлийг босгосон, гэхдээ Палестиныг чадаагүй

Элон Маскийн Марсын төлөвлөгөө

Энэ цагийн хамгийн суут сэтгэгчдийн нэг Элон Маск өөрийн SpaceX компанийн Ангараг гарагийг 2024 он гэхэд "эзлэх" тухай төлөвлөгөөгөө Олон Улсын Сансар Судлалын Хурлын үеэр танилцууллаа. Тэрээр хүн төрөлхтөнд нэг бол дэлхий дээр үүрд үлдэж, мөхөлтэйгөө нүүр тулах, үгүй бол өөр газар соёл иргэншил байгуулж, олон гараг эзэмшигч болох хоёр сонголт байгааг онцолсон юм. Тэрээр SpaceX-ийн нийт ажилчдын 5 орчим хувь нь ажиллаж буй Марс руу аялах гараг хоорондын тээврийн системээ танилцуулсан юм. Нэг удаагийн аялал нь 3-5 сарын хугацаанд үргэлжилдэг, Америкт байр худалдан авах дундаж үнэтэй тэнцүү буюу 200 мянган долларын өртөгтэй байх бөгөөд дахин ашигладаг пуужин, хөлгийн технологийг хөгжүүлсний үндсэн дээр ингэх боломжтойг хэлжээ. Тэрээр нийт 1 сая орчим колончлогч хүмүүс Ангараг дээр суурьшсан цагт урт хугацаанд тогтвортой амьжиргааг бий болгосон сууринг бий болгох боломжтой гэж үзэж байна. Нэг аяллаар 100 хүн тээвэрлэнэ гэж үзвэл нийт 10,000 удаагийн аялал хэрэгтэй болно гэсэн үг. Элон Маск 2018 оноос эхлэн энэ ажлаа эрчимжүүлж эхлэх бөгөөд 2022 он хүртэл эхний аяллын хугацааг урагшлуулах боломжтой талаар мөн дурджээ.

Techcrunch: Элон Маскийн төлөвлөгөөтэй холбоотой мэдвэл зохих бүх зүйлс
YR: Хүн төрөлхтнийг улаан гарагт суурьшуулах SpaceX-ийн төлөвлөгөө

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотой төрөл бүрийн судалгаа, түүнтэй холбогдох сайн туршлагыг хэрэгжүүлэх, мэдээлэл ба туршлага солилцох, хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд гаргах зорилго бүхий нэгдлийг дэлхийн технологийн топ компаниуд байгууллаа. Partnership on AI нэртэй энэ нэгдэлд одоогоор Майкрософт, Фэйсбүүк, Гүүгл, Амазон, IBM ороод байгаа юм. Энэ долоо хоногийн технологийн ертөнцийн онцлох мэдээ нь Твиттер зарагдаж магадүй тухай байлаа. Майкрософт, Гүүгл, Salesforce, Verizon тэргүүтэй хэд хэдэн худалдан авагчид "цэнхэр шувууг" өөрийн болгохыг хүсэж байгаа гэнэ. Бизнесүүдэд зориулсан Facebook at Work нэмэгдлээ 10-р сарын 10-аас танилцуулах гэж буй Фэйсбүүк тун сонирхолтой нэгэн нэмэлтээ Польш улсад туршиж эхэлсэн байна. Энэ бол Snapchat-ийн Stories-той адил зарчмаар ажиллах, өөрийн хийж буй зүйлсийнхээ зураг болон богино бичлэгийг 24 цагийн хугацаатай найзуудтайгаа хуваалцдаг Messenger Day юм. Snapchat-ийг амжилтанд хүргэсэн энэ нэмэлтийг саяхан Инстаграм мөн өөртөө шингээгээд амжсан билээ. Алдарт дуучин Beyonce технологийн салбарт хөрөнгө оруулалт хийлээ. Тэрээр концертын үеэр холбоотой бүтээгдэхүүн борлуулдаг, оочер дараалалгүй цэнгэлдэхэд нэвтрэх боломж олгодог Sidestep компанид 150 мянган долларын хөрөнгө оруулжээ.

Techcrunch: Твиттерийг хэн авах вэ?
TNW: Фэйсбүүк шинэ үйлчилгээгээ туршиж байна

16211   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.