Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   09 сарын 28, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - PawPADs ТББ-ын үүсгэн байгуулагч Линда Болл

АНУ-д туслагч нохойны сар (National Service Dog Month) тохиож буйтай холбогдуулан АНУ-ын Элчин сайдын яамнаас 1993-1995 онд Энх Тайвны Корпусын сайн дурын ажилтнаар Монголд ажиллаж байсан, PawPADs ТББ-ын тэргүүн Линда Болл болон түүний туслагч нохой Тори нарыг урин ирүүлжээ. Тус байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, гэрэл унтраах, асаах, хаалга онгойлгох, тэргэнцэр түрэх, сахарын эмчилгээг сануулах зэрэг 80 гаруй үйлдлийг хийж чаддаг туслагч нохдыг сурган бэлтгэдэг байна. Хатагтай Линда Болл туслагч нохойны (assistance dog) ач холбогдлыг монголчуудад тайлбарлан таниулж, холбогдох хүмүүс байгууллагуудтай хамтран туслагч нохдыг энд бэлтгэх зорилготой ажээ. Ингээд “тэдэн”-тэй танилцаж, хэрхэн ажилладгийг нь сонирхъё.

Байршил: АНУ, Миннесато
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Pawsitive Perspectives Assistance Dogs ТББ-ын үүсгэн байгуулагч, ерөнхий сургагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Dell
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Шаргуу, тууштай
Сошиал хуудас: Lynda Boll

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Би туслагч нохой сургах, тэднийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслуулах ажил хийдэг. Манайх ТББ болохоор үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд байнга хөрөнгө босгох шаардлагатай байдаг. Мэдээж олон нохойтой ажиллана гэдэг тасралтгүй анхаарал хандуулж, олон цагаар ажиллахыг шаарддаг. Гэхдээ би хийх дуртай, чин эрмэлзэлтэй учраас энэ ажлыг хийдэг.

ТА ЭНЭ БАЙГУУЛЛАГЫН ЯАГААД БАЙГУУЛАХ БОЛСОН ТУХАЙГАА, МӨН НОХОЙНУУДЫНХАА ТУХАЙ ХУВААЛЦАНА УУ?

Би Монголд 1993-1995 онд Энх тайвны корпусын сайн дурын ажилтнаар ажилласан юм. Тухайн үед энд сонсголын бэрхшээлтэй иргэдтэй ажиллаж, Монголын анхны дохионы хэлний толь бичгийг гаргаж байлаа. Үүнээс өмнө АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллаж байсан. Харин Монголоос буцсаны дараа Босниа болон Төв Америкт олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар боловсрол, насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах чиглэлээр нэлээд хэдэн жил ажилласан. Ингэж гадаад улсуудад ажиллах үедээ би байнга нохой, муураа дагуулж явдаг байлаа. Тэдэнтэйгээ удаан байх тусмаа амьтанд үнэхээр хайртайгаа мэдэрч, амьтантай хамт байх болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах хоёр сонирхлоо нэгтгэсэн ажил эхлүүлж болох юм байна гэж бодсон. Ингээд 10 жилийн өмнөөс энэ байгууллагыг байгуулан ажиллаж байна.

Анх бид 20 нохойтойгоор эхэлж байлаа. Тухайн үед холбооны шоронгуудтай хамтран ажиллаж, хоригдож буй хүмүүсээр нохой сургуулдаг байсан. Ториг жишээ нь шоронд сургасан юм. Одоо бол бид 11 нохойтой байгаа. Golden retriever, labrador retriever, golden doodle, labradoodle зэрэг үүлдрийн нохой туслагч нохой болдог. Торигийн хувьд golden retriever, labrador retriever хоёрын эрлийз нохой. Энэ далимд хэлэхэд, туслагч нохой гэдэг нь ерөнхий нэршил юм. Дотроо харааны бэрхшээлтэй хүмүүст туслах guide dogs, сонсголын бэрхшээлтэй хүмүүст туслах hearing dogs, хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст туслах service dogs, мөн medical alert dogs гэж хэд хэдэн төрөл бий. Миний хувьд service dogs сургах тал дээр мэргэшсэн.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Ердийн оффисын програмуудыг ашиглана. Фэйсбүүк дээр бол их идэвхтэй. ЛинкэдИн бас бий.

Нохой сургахад төрөл бүрийн зүйлсийг ашиглана. Мэдээж тэмдэглэл сайн хөтлөх хэрэгтэй болно. Сlicker буюу дарангуут дуугардаг товчлуур, гэрэл, уяа, нохойнд долоолгож урамшуулдаг lickety stik гэх мэт. Clicker-ээр нохдыг даалгавар биелүүлсний дараа үүгээр дохио өгөн баярласнаа илэрхийлж, “цалинг” нь буюу хоолны хэлтэрхий өгдөг. Ер нь нохойнууд ажилдаа дуртай байж, ажиллахыг хүсэх ёстой. Нохой сургах уламжлалт арга барил бас байдаг. Гэхдээ тэр нь хүчилсэн шинжтэй, тэгэхгүй бол тэгнэ гэж айлгах замаар сургадаг болохоор бид шинжлэх ухаанд үндэслэсэн, орчин цагийн арга барилаар нохойгоо сургадаг. Мөн нохойнууддаа тоглож наадах цаг их өгдөг, тэгж байж эрүүл байдаг. Мөн таадаг тоглоомуудыг ашиглана.

Сонирхолтой юм хэлэхэд, нохойнууд маань цээживчээ өмсөхөөрөө ажлын горимдоо шилждэг. Тэрийгээ мэдэрдэг гэсэн үг. Сургагч нохдын хувьд бусад нохойноос ялгарах зүйл нь маш сайн сургагдсан байдагтаа л байдаг. Бусад талаараа яг л энгийн нохой.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Бид 13 га эдлэн газарт ажиллаж амьдардаг. Үзэсгэлэнтэй сайхан газар бий. Тэнд байшингийнхаа нэг жижиг хэсэгт оффис маань байрладаг. Нохойнуудад маань орон зай хангалттай их бий. Тэндээ нохойгоо сургахаас гадна бид үе үе нэг нэгээр нь олон нийтийн дунд буюу ресторанууд, моллуудаар авч явж сургадаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хамгийн чухал зүйлсийг түрүүлж хийх. Мөн уян хатан байх гэж хэлж болно. Яагаад гэвэл ийм олон нохойтой ажиллах, төлөвлөх амаргүй. Өдөр бүр, цаг бүр өөр өөр сорилт бий болж байдаг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийх зүйлсээ Wunderlist апп дээр хөтөлдөг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би төрөлхийн дэмжигч хүн (cheerleader). Бусад хүмүүстэй ажиллаж, тэднийг хөхиүлэн дэмжиж, чи чадна аа хэмээн зоригжуулж, зорилгодоо хүрэхэд нь туслахдаа өөрийгөө сайн гэж боддог.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫНХАА ОНЦЛОГООС ХУВААЛЦАНА УУ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Нохой сургалтын тухайд нэг нохойг дунджаар 2.5 жил сургадаг. Ойролцоогоор 4000 цагийн ажил болдог. 9, 10 долоо хоногтой байхаас нь сургаж эхэлдэг. 16 долоо хоногтой болох үед нь гэрэл асааж унтрааж чаддаг болгож болдог.

Манайх жижиг байгууллага. Үндсэн хоёр ажилтан, хагас цагаар ажилладаг нэг хүн бий. Гэхдээ сайн дурын ажилтнууд нэлээд хэд бий. Тэд маань голдуу оройн цагаар ирж тусалдаг юм. Хүн цөөтэй байдаг учраас би бүх л төрлийн ажлыг хийх болдог. Хөрөнгө босгох, үйлчлүүлэгчидтэйгээ харилцах, менежмент, нохой сургах, байршуулах, хөтөлбөрүүдийг бий болгох, сайн дурынхныг удирдах гээд л. Нохойны хоолоо хүртэл өөрөө авч таарна.

Эерэг тал нь нийгэмд маш хэрэгтэй, эерэг нөлөөтэй ажил. Өнгөрсөн хугацаанд бид хөгжлийн бэрхшээлтэй олон хүнд бие даахад нь тусалсан байна. Мөн шоронд хоригдож буй 150 орчим хүнтэй, зан харилцааны доголдолтой 200 орчим хүүхэдтэй, түүнчлэн цэргээс халагдсан хүмүүстэй хамтарч ажилласан. Хорих ангиас суллагдсан хүмүүс над руу залгаж, нохой сургах ажлаа үргэлжлүүлж хиймээр байна гэдэг. Ингэж алдаа гаргасан, зан харилцааны доголдолтой хүмүүсийг хүмүүжүүлж, амьдралд нь эергээр нөлөөлж байгаадаа баяртай байдаг. Тэгээд бас энэ ажил маань уйдах завгүй байдаг нь сайхан шүү.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?

20 орчим хоногийн хугацаатай Монголд ирсэн. Эхний 7 хоногт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой байгууллагуудтай уулзаж, туслагч нохойны ач холбогдол, тэднийг хэрхэн ашиглаж болох талаар болон хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс туслагч нохойтой болбол биеэ дааж, гэр бүлийнхэн нь ажил хийх нөхцөлөөр хангагддаг. Мөн бусад байгууллагууд, залуучуудтай олон уулзалт хийж байгаа.

Ер нь миний зорилго бол туслагч нохой юу хийж чадах, хүмүүстэй хэрхэн хамтарч болох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юу хийж чадах вэ гэдгийг нийгэмд таниулж, тогтсон ойлголтыг өөрчлөх явдал. Тийм учраас элэг зүрхэнд ойрхон байдаг Монгол улсад хамтын ажиллагаа эхлүүлэхийг хүсэж байгаа. Магадгүй монгол хүмүүсийг америкт нохой сургагчаар сургаж болно.

Монголд нохой сургах үйл явц ямар байдгийг сайн мэдэхгүй л байна. Туслагч нохой ер нь байдаггүй юм шиг санагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарах явдал харин 20 жилийн өмнөхөөс нэлээд өөрчлөгдсөн байна. Тухайн үед би засгийн газрын төлөөлөгч хүнд Special Olympics-ийг Монголд хийх талаар санал хэлэхэд манайд оюуны бэрхшээлтэй хүмүүс байдаггүй гэж хэлж байж билээ. Түүнээс хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал эерэг тал руугаа нэлээд өөрчлөгдсөн байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Миний хувьд орчин үеийн поп хөгжимд дуртай. Youtube-ээр сонсдог. Нохойнууд маань ч хөгжимд дуртай. Тэднийг амрах цагаар нь хөгжим, зурагт тавьж өгдөг. Заримдаа рок, заримдаа контри, заримдаа сонгодог хөгжим тавьж өгдөг юм.

ТАНЫ СҮҮЛД УНШИЖ ДУУСГАСАН БОЛОН ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Ихэнхдээ л нохой сургалтын ном, материалууд уншдаг даа. Уг нь mysterious төрлийн зохиолуудад дуртай. Гэхдээ унших цаг нэг их гардаггүй юм аа. Энэ далимд "A dog’s purpose" хэмээх зохиолыг санал болгоё. Нохойг ойлгоход хэрэгтэй гайхалтай ном шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Миний хувьд аль аль шинжийг нь агуулдаг байх гэж бодож байна. Ганцаараа байх дуртай, тийм үед байгальд алхаж, цэнгэг агаар амьсгалдаг. Гэхдээ бас ичимхий биш, хөгжилдөх, инээх дуртай. Нохойнууд маань байнга хөгжилтэй үйлдэл үзүүлж, инээдтэй царай гаргадаг тул инээхээс аргагүй.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой 11-д унтаад өглөө 7 цагт босохыг хичээдэг. Гэхдээ яг унтаж буй хугацаа нь үүнээс богино байх. Янз бүрийн бодолд автаж, энийг хийх хэрэгтэй, тэрийг хийх ёстой гэсээр бөх унтдаггүй юм шиг байгаа юм.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ эдлэнгээрээ алхаж, цөөрмийн эрэгт суун, шувуудын жиргээ сонсож, пиво ууж суух дуртай. Мөн амьд хөгжим сонсох, кино үзэх, ойр хавийн жижиг бааранд суух дуртай даа.

Надад бас туслагч биш энгийн тэжээвэр нохой бий. Хондурасын ойгоос гаралтай нохой юм. Анх нэлээд зэрлэгдүү, учрыг нь олоход тун амаргүй нохой байсан. Ийм нохойтой болсноосоо хойш би нохой ер нь яаж бодож сэтгэдэг юм бол гэдгийг ихэд сонирхож судлах болсон юм. Би бас 21 жил монгол муур тэжээсэн. Нэрийг нь би биен дээрээ шивсэн байдаг. Мөн Босниа нохойтой байсан ч саяхан хөгшрөөд амьсгал хураасан.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Ээжийн минь бусдын энэрэх өрөвч сэтгэл, амьтныг хайрлах хайр надад удамшиж дээ гэж боддог. Би бол хүмүүстэй ажиллаж, хүмүүст туслахаас урам зориг, эрч хүч авдаг хүн.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Зүрх сэтгэлээ дага, шинэ зүйлсийг туршиж үзэхээс бүү ай гэсэн зөвлөгөөнүүд миний амьдралд сайнаар нөлөөлсөн болов уу. Коллежид би сэтгэл зүй гэх мэт хэдэн хэдэн сэдвээр суралцсан ч тэр чиглэлээр ажиллаагүй.Тэгээд Энх тайвны корпусын сайн дурын ажилтан болж Монголд ирнэ гэхэд ойр дотныхон маань галзуураа юу гэж байсан. Гэтэл энэ шийдвэр маань миний амьдралыг цаашид замчилсан юм. Бусдад туслах нь миний амьдралын гол үнэт зүйл болсон. Монголоос буцсан хойноо би experiential education, сонсголгүйчүүдийн боловсролын чиглэлээр магистр суралцсан юм.

Тиймээс би монгол залууст бусдад сайхан сэтгэлээр эелдгээр хандаж байгаарай, шинэ зүйлсийг туршиж үздэг байгаарай гэж захья.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА?

АНУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг Э.Уянгааг санал болгоё. Миний мэдэх Монголын ганц туслагч (guide) нохой түүнд бий. Хараагүй боловч маш их ажлыг амжуулж чаддаг гайхалтай бүсгүй.

31832   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.