Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   09 сарын 27, 2016

Апп тойм: Google Trips - Аялах бүр л амархан боллоо

Ажил амьдрал гэж яваа хүн бүхэнд үе үе багахан ч гэсэн завсарлага, шинэ адал явдал хэрэгтэй байдаг. Энэ үед хийх хэрэгтэй зүйл бол маргаангүй аялал билээ. Гэвч аяллыг төлөвлөнө гэдэг амаргүйгээс аялал зугаалгаа баахан ажил болгочих нь бий. Найзууд, танилуудынхаа ялгаатай санал бодлуудыг сонсоно, мэдээллийн эх сурвалжуудаас их юм уншина, тэгээд тэр бүх мэдээллээ нэгтгэж шийдвэр гаргана гэдэг хялбар биш нь ойлгомжтой. GoodThink-ийн гаргасан судалгаагаар аялагчдын 74 хувь нь аялын хамгийн стресстэй хэсэг бол нарийн деталиудыг төлөвлөх гэж хариулсан байдаг юм билээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр Google шинэ апп гаргажээ. Google Trips хэмээх үнэлгээ тун өндөр байгаа энэ аппийг бид өнөөдөр тохиож буй "Дэлхийн аялал жуулчлалын өдөр"-өөр, бас Google-ийн өөрийн төрсөн өдрөөр танилцуулж байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Google аяллын бүтээгдэхүүн, аппууд дээрээ 2 жил гаруй ажиллаж Trips-ийг гаргажээ. Энэ онд л гэхэд тэд хайлтын системдээ Destinations гэх аялал төлөвлөлтийн нэмэлтийг шинээр гаргаж, зочид буудал, нислэгийн хайлтуудаа улам сайжруулсан юм. Товчхондоо олон платформ дээрээ хурааж хуримтлуулсан асар их датагаа нэгтгэж, олон асуудлыг нэг дороос хялбар шийдэх апп гаргасан учраас та аялал төлөвлөх, аяллаар явах үедээ хэрэглээрэй.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Аппийн цэсүүдийг танилцуулъя.

Reservations - Gmail таны захиалсан онгоцны тийз, зочид буудлын урьдчилга захиалга зэргийг шууд Trips фолдер луугаа оруулчихдагийг мэдэх байх. Тэгвэл Reservations цэс тэрхүү захиалгуудын мэдээллийг Gmail-ээс автоматаар апп руу татах болно.

Things to Do - Очсон, очих хотын тань зайлшгүй танилцах ёстой газруудыг санал болгоно. Тухайн газрын зураг, нэр, үнэлгээ, таны яг одоо байгаа газраас хэр зайтай байгаа, өнөөдөр хэдээс хэдэн цагийн хооронд ажиллах нь харагдах ба хуруугаа товшиж ороход Google Maps дээр харагдаж, хүмүүсийн бичсэн үнэлгээг үзэх боломжтой болно. Дотроо Top Spots, Now, Nearby, For you, Indoors, Outdoors, Kid friendly, Farther away зэргээр ангилан үзэх боломжтой ба For you хэсэг нь таны Google-ийн үйлчилгээнүүд дээр хадгалсан, тэмдэглэсэн зүйлсэд үндэслэн газруудыг санал болгодог аж. Сонирхуулахад, Улаанбаатар хотоор аялъя гэхэд Үндэсний Түүхийн Музей, Сүхбаатарын талбай, Гандантэгчинлэн хийд зэрэг газрууд хамгийн түрүүнд гарч ирж байна.

Day plans - Таны тухайн газар хэр удах дээр үндэслэн аяллын төлөвлөгөө зохиож өгөх болно. Жишээ нь "72 hours in Tokyo" байлаа гэхэд эхний өдөр ийм масшрутаар явна уу, ийм газруудыг үзнэ үү, дараагийн өдрүүдэд ийм замаар явна уу гэж санал болгоно гэсэн үг.

Food and Drink - Аяллын хамгийн чухал хэсэг бол тухайн газар орны хоол ундаа тэргүүтэн билээ. Олон сурвалж, сайт хэсэлгүй эндээс харж ресторан, кафе, бааруудаас сонгох боломжтой.

Need to know - Эмнэлэг, дэлгүүр моллууд, орон нутгийн валют зэрэг хэрэгцээт мэдээллүүд энд бий.

Saved places
- Энд дараа үзэх, зочлох, эргэж санах газруудаа хадгалж болно.
Download - Trips-ийн нэг том давуу тал бол тухайн хотын мэдээллүүдийг утсандаа татаад, интернэтгүй үед ашиглах боломжтой нь юм.

Ямар сул талтай вэ?

Хэдийгээр Google үлэмж их дата сантай боловч хараахан дэлхийн бүх мэдээллийг нэгтгээгүй байх. Тэгэхээр тухайн хотын бүх газрын мэдээлэл байхгүй байж мэднэ. Тэгээд мэдээж та Google-ийн хаягтай байх ёстой.

Unread-ийн үнэлгээ

Аялах дуртай, аялдаг, аялахаар төлөвлөдөг бүх хүнийг баярлуулах энэ апп-д бид 9 оноо өглөө.

Татаж авах

21349   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.