Онцлох Бизнес

Онцлох бизнес: iCinema - Таныг алмайруулах кино театр

09 сарын 26, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


100101   8




Улсын Их Дэлгүүр дотор кино театр нээгдсэн гэдгийг бид дуулаад ихэд сонирхож, "Онцлох бизнес"-тээ оруулахаар очсон юм. Тэгтэл юу болсон гэж санана? Бусад кинотеатрын танхимаас нэг их дутахааргүй хэмжээтэй хоёр ч танхим бүхий кино театр биднийг угтаж алмайруулсан юм. Их дэлгүүр дотор ийм том заал танхим байсан гэж үү бид бүр балмагдав. Ингээд үүсгэн байгуулагч Х.Жигжидсүрэнтэй ярилцтал олон сонирхолтой зүйлийг бид мэдэж авсан юм. Их дэлгүүр доторх болон ойролцоох маш олон үйлчилгээтэй төгс хорших iCinema-тай танилцана уу.

Бизнесийн нэр: iCinema
Үйл ажиллагааны чиглэл: кино театр, кино үзвэрийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 2-р сар
Үүсгэн байгуулагч: Х.Жигжидсүрэн
Суудлын тоо: 279
Ажилчдын тоо: 22
Вэбсайт: iCinema.mn (вэбсайт), iCinema (фэйсбүүк)

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Миний хувьд кино театрын бизнест 1999 оноос хойш ажиллаж байгаа учир хувийн театртай болох мөрөөдлөө олон жилийн турш тээж явсан гэж хэлж болно. Хамгийн анх 1999 онд Сэрэлт-Оч кино театрыг ах нарынхаа хамтаар үүсгэн байгуулж, хуучнаар Лениний музей дотор ажиллуулж байлаа. Дараа нь "Од" кино театрыг бас сэргээн засаж ажиллуулж байгаад 2003 онд "Улаанбаатар Синема" буюу бидний мэдэхээр Тэнгис кино театрыг байгуулагдсан цагаас нь эхлэн 2012 он хүртэл ажилласан. Тийм учраас хэдийгээр iCinema маань шинэхэн бизнес ч гэсэн санаа нь их олон жилийн турш боловсруулагдсан, баг нь харьцангуй туршлагатай гэж ойлгож болно.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Улсын Их Дэлгүүрт кино театр нээж болох юм байна гэдэг санаа 3, 4 жилийн өмнөөс төрсөн. Бид шаардлагатай бүх судалгаа шинжилгээг хийж, хөрөнгө босгох гэж нэлээн их явсаар өдийг хүрсэн юм. Энэ хугацаанд үнэхээр их зүйл сурлаа. Банкнаас зээл авах гэж үзлээ, гадаад дотоодоос ч хөрөнгө босгох гэж олон хүнтэй уулзлаа. Эцэст нь сөөм сөөмөөр, алхам алхмаар ойртсоор байгаад л нээж байна. Энэ театр маань маш олон хүний оролцоо, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд нээгдсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Үндсэн хөрөнгө оруулагч 2 эрхэм бий. Мөн тоног төхөөрөмж нийлүүлсэн, суурилуулсан, засвар үйлчилгээ хийсэн газруудтайгаа сайн тохиролцоонууд хийж чадсан. Аль болох чанартай, олон улсын стандартад нийцсэн зүйл бүтээх гэж их хичээсэн, дээр нь эдийн засгийн хувьд амаргүй үе таарсан учир төлөвлөсөн хугацаанаасаа бараг 2 сарын хоцрогдолтой нээж байна.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Хамгийн гол онцлог бол байршил. Бид Улаанбаатар хотын төвд, 14 цаг тасралтгүй ажилладаг худалдааны ууган байгууллага буюу төв дэлгүүрт, хамгийн өндөрт буюу 5 давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Бид зөвхөн шөнийн цагаар, дэлгүүрийн үйлчилгээнд ямар нэг саад учруулалгүйгээр бүх барилга, засварын ажлаа хийж гүйцэтгэсэн. Нийт 10 мянган шуудай хог хаягдлыг гаргасан. Тэнгисийг анх байгуулахад цемент, элсийг л Монголоос авч, бусдыг нь бүгдийг нь гаднаас авч байсан бол энэ удаад бид хаалга, хивс, дуу тусгаарлагч, агааржуулалт, салхивч, сандал гээд бараг бүх зүйлээ дотоодоосоо авч хийлээ. Ажлын бүх гүйцэтгэл дээр монголчууд ажилласан гэдгээрээ онцлогтой.

Бид үзэгчдийн тав тухыг эрхэмлэж бүх зохион байгуулалтаа хийсэн. Манай театрын зураг төслийг солонгосын архитектурчид хийж өгсөн. Стандарт гэдэг зүйлийг анхнаас нь барихыг хичээсэн болохоор, мөн олон улсын түвшинд нийцсэн тоног төхөөрөмжтэй учир илүү тав тух, илүү сайн дүрс, илүү сайн дуугаралтыг амлаж чадна.

Мөн бидний барьж буй бодлого бол контент сонголтыг нэмэгдүүлэх. Бид бүх киночдодоо сонголт өгөх зорилго тавьж, илүү олон төрлийн кино гаргах төлөвлөгөөтэй байгаа. Бусад кино театруудаас киногоо аль болох зөрүүлэхийг эрмэлзэнэ. Үүнийхээ хүрээнд артхаус кино сонирхогчдын "Алтан хальс" холбоотой хамтран бямба гараг бүр арт кинонууд гаргаж байгаа. Энэ үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх байх.

Үйлчилгээндээ нэлээн их анхаарч байгаа. Сүүлийн үед Монголын үзвэрийн бизнес ирж байгаа хүмүүсийнхээ урсгалд найдаад, шинэчлэл хийгээгүй нэлээн удчихсан байгаа юм шиг санагддаг. Тийм учраас хэрэглэгч татах, үнэнч хэрэглэгч бий болгох чиглэлээр олон сонирхолтой хөтөлбөр, үйлчилгээнүүдийг гаргана. Мөн манайх УИД хаасан ч ажиллана. Эхний хямдралтай үзвэр маань өглөө 9 цаг өнгөрөөгөөд бусад кино театруудаас хамгийн түрүүнд гардгийг дурдаж болно.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Манайд гэр бүлээрээ гараад хүүхдүүдээ кинонд оруулаад, өөрсдөө дэлгүүр хэсдэг энэ соёл дөнгөж төлөвшиж эхэлж байна. Гэхдээ одоо байгаа сонголт нь нэг бол хотоос хол, эсвэл арай үнэтэй байгаад байгаа юм. Бид байршлын давуу талаа ашиглаж, гэр бүлээрээ шоппинг хийнгээ кино үзэхийг хэвшил болгох зорилготой ажиллаж байна. Бүх киночдод сонголт өгөх нь бас бидний гол зорилго. 50-аас дээш насныхан барагтай л бол кино театрт ирдэггүй, тэдэнд зориулсан кино ч гардаггүй шүү дээ. Бид бүх насныхныг кинонд "уруу татахыг" хүсэж байна.

Урт хугацааны зорилго гэвэл хэд хэдэн салбартай болох. iCinema УИД, iCinema .... гээд л салбарлаад явна даа.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Кино үзвэрийн үйлчилгээнд бид 3S-ийн зарчмыг баримталдаг. Seat буюу суудал, Screen буюу дэлгэц, Sound буюу дуу. Бид энэ гурван зүйлд анхаарлаа сайтар хандуулж, ач холбогдол өгсөн. Суудал дээр л гэхэд эгнээ хоорондын зайг үзэгчдэд хамгийн тухтай байлгахаар, хөлөө жийж болдгоор хийсэн. Мөн эхний эгнээ болон дэлгэцийн хоорондох зайг олон улсын стандартын дагуу байршуулсан. Ашгаа бодсон бол нэг байтугай эгнээ нэмж хийх боломжтой байсан ч эцсийн эцэст хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бид хамгийн эхэнд тавих ёстой.

Дууны хувьд бид Dolby Atmos технологийг суурилуулсан. Энгийн үгээр тайлбарлавал киноны дууг 360 градусаар буюу бүх эргэн тойрондоо сонсохоос гадна дээр агаараас мөн дуу орж ирнэ гэсэн үг. Дуугаралтын тохируулга, угсралт, суурилалтуудыг бүгдийг нь монгол залуучууд хийсэн. Dolby-ийн сертификаттай мэргэжлийн инженерүүдыг урьж авчран, тест хийлгэн баталгаажуулсан.

Энэ бизнесийг хийхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Кино үзвэрийн бизнес өөрөө их цэвэрхэн, оюунлаг бизнес. Энэ бол залуу үеийнхнийг хүмүүжүүлэх бизнес. 100-хан минутын кино үзээд хүн сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтуудтай танилцаж, бүтэн нэг хичээлд суучихаад гараад ирдэг юм шиг л болдог. Үүнээс гадна хувь хүний хөгжилд их эергээр нөлөөлдөг. Ядаж л хүмүүс цаг барьж, олон нийтийн газар биеэ зөв авч явж сурдаг гэх мэтээр олон давуу талыг түгээж чаддаг.

Бид 2003 оноос хойш олон улсын жишиг бизнес ийм байх ёстой юм байна гэдгийг таниулахаар ажиллаж эхэлсэн. 3-аас дээш заалтай, дагалдах бүх үйлчилгээнүүд нь агуулагдсан кино театрыг зах зээлд нэвтрүүлнэ гэдэг том ажил. Тухайн үед бид үзэгчид нь ирсэн ирээгүй бүх үзвэрээ цагтаа эхлүүлж, цагт нь дуусгадаг шинэ соёлыг нэвтрүүлж байлаа. Одоо ч киноноос бусад урлагийн тоглолтууд цагтаа эхэлдэггүй хэвээр л байна. Киногоо үзэх гэж цагтаа ирдэг, бичүүлсэн суудлынхаа дугаараар яг суудаг, хамт үзэж байгаа хүмүүсээ хүндэлж сурсан бүтэн нэг үеийг бэлдэж, хүмүүжүүлсэн байна. Одоо киночид маань контент руугаа анхаарах хэрэгтэй.

Хэцүү бэрхшээлтэй талууд мэдээж бий. Хүмүүс кино үзэхдээ танхимыг бохирдуулдаг, суудлыг сүйтгэдэг, урдаг, бохь хаядаг, согтууруулах ундаа хэрэглэдэг, бүдүүлэг авир гаргах зэрэг олон асуудал гарна. Гэхдээ энэ байдал нэг үеэ бодвол гайгүй болж, бага багаар зүгширсээр л байна.

Яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Бид 9-р сарын 28-нд кино театрынхаа албан ёсны нээлтийг хийх гэж байна. Албаны ёсны нээлтээ олон нийт дунд хүлээлт өндөртэй байгаа "Цагаан хадаг" киногоор хийх гэж байна. Бид 2 долоо хоногийн өмнөөс soft opening хийж, хэрэглэгчдийн хандлагыг мэдэрч, үйлчилгээнийхээ байдлыг туршиж үзлээ. Нээлтийнхээ дараагаас үзэгчдээ татах, зах зээлд таниулах ажил руугаа голчлон төвлөрнө дөө.

Мөн үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг телевизийн шоу нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна. Үзэгчид тухайн киногоо үзчихээд дараа нь шууд хэлэлцүүлэгт оролцож, санаа оноогоо хуваалцдаг ерөнхий консепттой. Бүх зохиол, гаргах суваг, хөтлөгч нь тодорхой болсон. Энэ ондоо багтааж 2 дугаар гаргачих байх.

Үүнээс гадна би өөрөө Францын уран бүтээлчидтэй хамтран "Элч" нэртэй кино төсөл дээр ажиллаж байгаа. "Ану Хатан"-ыг найруулсан Алтантуяа, Францын элчин сайдын яаманд ажиллаж байсан Долгорлхам, Алзахгүй нартай нэг баг болон сүүлийн хэдэн жил ажиллаж байна. Мөнх хааны үед эзэнт гүрний нийслэл Хархоринд ирсэн Францын шашны санваартан В.Рубрукийн аяллын тухай кино зохиол. Хархоринд бүх шашны төлөөлөл оролцсон мэтгэлцээнийг ажиглаж, тухайн үеийн аж байдлын тухай тун сонирхолтой тэмдэглэл бичиж үлдээснийг дөнгөж өнгөрсөн зууны дунд үед л орчин үеийн франц хэл рүү буулгаж, одоо л шинжлэх ухааны судлагдахуун болгон харж байна. Бид эх зохиолоо франц, англи хэл рүү орчуулж, Францын кино урлагийн төв байгууллага CNC-тэй хамтран ажиллахаар санал хүргүүлж, 2 орны засгийн газрын түвшинд хэлэлцээр хийгдэж байгаа. Бид тэднээс кино зохиолыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд хүргэн засдаг мэргэжилтнийг хүссэн, энэ ондоо багтаад ирчих байх. Алдартай хүний засвар хийсэн, гарын үсэгтэй кино зохиол өөрөө олон улсаас хөрөнгө босгох гол баталгаа нь болдог юм билээ. Тийм учраас үүнд их ач холбогдол өгч байгаа. Кинондоо Европын алдартай жүжигчдээс тоглуулах хүсэлтээ ч өгчихсөн байгаа шүү.

Монголын кино урлагийн хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

Кино урлаг хөгжиж байна. Маш олон кино гарч байна. Гэхдээ хөгжил гэдгийг юугаар тодорхойлох вэ гэдэг нь чухал ойлголт байх. Олон кино театр нээгдэж, савыг нь бэлдээд л байна. Одоо харин киночид маань дараагийн хөгжлийн шат руугаа орох цаг болсон байх. Агуулгадаа анхаарч, олон улсын зах зээл рүү гарах, олон улстай хамтарч кино хийх тухай би хэлж байна.

Төрийн дэмжлэг, бодлогын зохицуулалт хараахан байхгүй байгаа учир энэ бүх шинэчлэлийн оролдлогууд хувь хүмүүсийн нуруун дээр л явж байгаа мэт харагддаг. Соёлын тухай хууль гаргаж, дотоод болон гадаад агуулгын харьцааг тодорхойлсон. Оюуны өмчийн асуудал нэг үеэ бодвол овоо шийдэгдэж, телевизүүд бүгд эрхийг нь авч кино гаргадаг болсон байна. Энэ бол дэвшил. Гэхдээ кино театраас буунгуутаа IP TV санд киногоо оруулна гэдэг урт хугацаандаа тийм ч сайн үр дүнг авчрахгүй л байх. Олон улсад дор хаяж 6 сарын дараа л кино санд ордог жишиг бий.

Би монгол киноны код гэж зүйл гараасай гэж хүсдэг юм. Холливудын кино бүрт ядаж нэг хэсэгт АНУ-ын төрийн далбаа, туг гардаг шиг монгол кинонд ч гэсэн заавал оруулах зүйлсийг албан бусаар ч хамаагүй тогтчих хэрэгтэй юм шиг санагддаг. Кино өөрөө тухайн цаг үеийнхээ түүхийг бичиж үлдээдэг зүйл. Монгол кино бүрт төрийн далбаа, дээл, морин хуурын дүрс үзэгдэж, уртын дууны аялгуу хэдхэн секунд ч болтугай эгшиглээд өнгөрөх нь өөрөө биет өв, соёл уламжлалаа хадгалж үлдэх нэг арга болно гэдэгт итгэдэг.

Манай уран бүтээлчид сайжирч байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мундаг залуус гарч ирж байна. Тун зоригтой шийдлүүд бүхий кинотой Үйзэнмаагаар жишээ авч болно. "Ингэн нулимс" киногоороо Германы нэр дээр Оскарт нэр дэвшсэн Д.Бямбасүрэн байна. "Азийн Канн" гэгддэг Бусаны кино наадмаас шагнал хүртсэн "Алсын Удирдлага" киноны С.Бямбаа байна. Хүмүүс сайн мэддэггүй болохоос Ариунсайхан гэж Европт хүлээн зөвшөөрөгдсөн, Берлиний кино телевизийн их сургуульд багшилдаг киноны зураач ч бий.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.