Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   09 сарын 24, 2016

"Бямбын Ренчин: Монголын за - андагаар буй заа" номын хэсгээс

"Бидний монголчууд" хэмээх нэр алдартай хүмүүсийн дурсамж, дуртгалын цуврал ном бий. Энэхүү цувралын нэг нь их эрдэмтэн Б.Ренчин гуайн 1950-иад оны дунд үеэс төвийн гол сонин, сэтгүүлд нийтлүүлсэн ардын билиг зүй, монгол хэл, утга соёл, түүхийн чухал ач холбогдол бүхий 70 гаруй өгүүлэл, дурсамж, тэмдэглэлийг анх удаа эмхэтгэсэн энэ ном юм. Эндээс бид түүний хүүхэд залууст хандаж бичсэн "Монголын за - андагаар буй заа" гэсэн өгүүллийг сонирхуулж байна. Амласан бол хийдэг монгол ёсны тухай, залуу насаа дэмий хоосон биш, үр бүтээлтэй өнгөрүүлэх тухай бичсэн энэ өгүүллийг та бүхэн хичээнгүйлэн уншаарай. Их эрдэмтэн бээр нэгэнтээ "миний дутагдал 'Эр бор харцага' дуунд гарсан байдаг" гэж хэлж байсан гэдэг. Тиймээс өөрийн алдааг бүү давтаасай гэхдээ хойчийн залууст сургаалаа хайрласан нь энэ биз ээ.

МОНГОЛЫН ЗА - АНДАГААР БУЙ ЗАА

Манай монгол утга зохиолын дээр, эртний нэгэн дурсгал, арван гуравдугаар зууны үеийн Монголын Нууц Товчоо гэдэгт нэгэн сайхан цэцэн үг бий нь манай эртэс дээдсийн эл сайн сайхны эрмэлзэл боловсрол төгөлдрийг гэрчлэн одооны биднийг, түүнийг мөн эрхэмлэгтүн гэсэн утга бүхий өндөр соёлт түмний цэцэн үг болно. Тэр үг бол,
Монгол за -
Андагаар буй за!

Андагаар гэж тангараг гэсэн үг. Андгай, андагаар, тангараг гэж утга ойролцоо хэдэн үг манай баялаг хэлнээ буйн нэг баримт даруй мөн. Саяхи цэцэн үгийн учир утга нь сүрхий гүнзгий: бидний монголчууд, нэг л за гэвэл, даруй ам тангараг шахаан өргөсөнтэй адил гэсэн утгатай бөгөөд, хүнд юм амлавал за гэсэн чинь цаад хүний өмнө ам өгснөө заавал биелүүлж байх ёстой! гэсэн дээд боловсон зарчим ёс манай өвгөд дээдэст байжээ!

Энэ бол, өөрийн биеийг нэнд хүндэтгэж, хамаагүй юманд худлаа за гэж болдоггүй гэдгийг эртэс дээдэс маань нэвтэрхий нарийн мэддэгийн гэрч ээ! Өрөөл хүнийг хүндэтгэж, түүнд худал хуурмаг за гэж залилж болохгүй, нэгэнт за гэвэл хэлсэн үгэндээ эзэн болох учиртайг заажээ. Тэгээд л ирэхэд, за гэж ам нээхийн өмнө тэгж хэлж болох нөхцөл бололцоо байна уу? Хүнийг за гэж итгүүлээд, тэр за гэсэндээ эс хүрвэл, сайн сайхны ёсонд таарахгүйг шаардах дүрэм, журамлах ёс болгосон нь хүний итгэлийг эвдэхгүй, тэр за гэсэнд итгэсэн хүний цагийг, хөдөлмөрийг, горьдлыг үрэгдүүлэх, тэр за гэсэнд нь итгээд, түүнээс үндэслэн ажил байдалдаа төлөвлөгөө төсөл зохиохы нь хөсөрдүүлэхгүй гэсэн боловсон сайн сайхан зуршил байгаа нь манай өвгөд дээдсийн өндөр их соёлтойн нэгэн сайхан гэрч даруй мөн.

Цэцэн мэргэн билэгт манай яруу найрагч ард түмний уртын сайхан дуунд "Эр бор харцага" гэдэг нэгэн сайхан дуу бий. Түүнд идэр залуу насаа даанч арчаагүй өнгөрөөдгийг гунин өгүүлсэн үг бол өвгөд дээдсээс хойч үеийнхэндээ сургаал болгосныг дурдаж, цаанаа гүн ухааны утга сургаал бүхүйг цухас тэмдэглэн хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ардын маань цэцэн үгэнд байдаг нь их л учиртай, багаасаа сайныг эрхэм болгохыг хичээ гэж дүгнэсэн сургаал үгийг дурдалтай. Орь залуу насны хүн, алтан дэлхийд амьд явахдаа, оюун төгөлдөр хүн болсон хэргээ бүтээж, ямар ч ажил хийж, яаж ч аж төрсөн нийгэм олондоо үр бүтээлтэй улс ардынхаа соёл боловсролд нэмэр оруулж явахыг эрхэм зорилт болгогтун гэсэн утга бүхий эдгээр өтгөс дээдсийн мэргэн сургаал одоо үеийн залууст нэн чухал болж байна.

Сайн сайхныг эрхэм дээд болгох гэдэг нь, юм бүхэнд сайн сайхныг туйлын нандин болгон үзэж ажил хөдөлмөр хийхдээ ч сайн сайхнаар хийхийг мэрийн хичээх, хүнтэй харилцахдаа ч сайн сайхныг дээдэлж, нөхөр ханьтай, ажил төрөл нэгтэй хүнтэйгээ ч харилцах, хүч санаа нийлэхдээ сайн сайхныг дээд эрхэм болгож, байгалийг ч үзэхдээ сайн сайхныг нь бахдан үзэх, хайрлан хамгаалах мэдэл ухаантай болох, урлагийн зүйлд ч сайн сайхны нь танин бахдаж, түүнд нь цэнгэлдэн баясах, шинжлэх ухааныг эзэмшин оролдохдоо ч түүний сайн сайхныг нь бахархан амтархаж, өөрийн болон нийт олныхоо хүртээл болгохыг эрмэлзэх ухаан мэдрэлтэй болох учиртай байна. Тэгвэл, сая хүн боловсон хүн гэдгийн тоонд орж, орчин үеийн боловсролтой болно. Ингэж юм бүхэндээ сайн сайхны эрхэм зорилт эрмэлзлэлтэй болсон хүн орь залуугийн наснаас аваад улам цаашдаа идэр насны ухаан хүчин дэлгэрсэн цагийн туршлага мэдлэг бүрдсэн үедээ, цаашаа өтлөх насанд хүртлээ цагаа дэмий үрэхгүй, өмнөө тавьсан сайхан чиг зорилготой болж ирнэ. Тэгээд ирэхдээ, байгалийн сайхныг бахаддаг хүн алтан дэлхийн аль ч өнцөг буланд явсан өөрийн төрсөн нутгийн сайн сайхныг бусад газрынхтай жишин бодож, урьд ажаагүй сонин сайхан юм нээн үзэж, бахдан баярлаж явах болно. Тэгээд ирэхдээ, сайхан мод хараад, дэмий огтлон эвдэж, сайхны нь сүйтгэх байгалийнхаа үзэсгэлэнг эвдэн гутаахгүй болж ирнэм бөгөөд тийм сайхны нь сэтгэл сэргээн үзэхдээ, билигүүн нүд нээгдээгүй хүнтэй адил, үзэмжит байгалийн дунд архи дарс уун согтуурч, дэлхийн гоо үзэсгэлэнг бузарласан гэрч болох эвдэрхий шил, мах, жимсний лаазыг хог новш болгон орхиж сайхан байгалийг бузарласан, бүдүүлэг амьтан энд согтууран “цэнгэжээ” гэсэн шившигт гэрчийг үлдээхгүй, архинд согтууран “жаргахыг” эрхэм дээд болгохгүй болно. Хөгжим уран зурагт бахаддаг, түүнийг сайн сайхны эрхэм дээд болгодог хүн, тамхины утаа манан болсон гуанзанд сууж архины аягүй үнэр ханхлуулан, хайран бие, хайран цагаа барж сулдайн согтуурахгүй, гоо сайхны эрхэмд цэнгэлдэн бахдаж, амрах цагтаа оюун сэтгэлийн сайхан цэнгэлээр сэтгэл адил нөхөдтэйгээ жарган амрах болно. Огт үр ашиггүйгээр цагаа өнгөрүүлэхгүй, сайхан ном үзэх буюу сайхан бүжиг жүжиг үзэж, эсвэл байгалийн сайханд эрүүл агаарт зугаацан амрах мэдрэлтэй болно. Ажил хийхдээ ч, амрахдаа ч ажил ажил амралтандаа сайн сайхныг эрхэмлэхийн үүднээс, юм бүхэн нь сайн сайхан болно. Сайн сайхны үүднээс өөрийнхөө биеийг хүндэтгэж сураад, түүний улмаас өрөөл хүнийг биеийг хүндэтгэж, түүний цагийг үрэгдүүлэхгүй, хөдөлмөрийг үрэгдүүлэхгүй алинд нь сайн сайхан нөхцөл бүрэлдүүлэхийг эл сайн сайхныг эрхэмлэн дээдлэдгийн үүднээс бодох бодол мэдрэл төрөх болно. Одооны манай олон залуучууд ард түмнийхээ аль сайн сайхан ёс улам өндөр их соёлт түмнийхээ тэр эрхэм соёлын дээжий нь эзэгнэн бадруулахдаа,

Монгол за
Андагаар буй заа! гэдгийг эртэс дээдсийнхээ адил нарийн чанд журамлан баримталж, өөрөө өөртөө юм суръя, юм хийе гэж зорьсон бол, тэр нь бас л өнөө л монголын за мөний тул, андагаар буй заа! гэж өрөөл хүнд ч за гэсэн, өөртөө ч тэгье гэсэн нь за гэдэгт багтах тул, заавал биелүүлэн гүйцэтгэх ёстой гэдгийг бодож явахыг эрхэмлэн дээдлэх нь эртэс дээдсээс маань уламжлан ирсэн сайхан ёс бөгөөд, энэ тухайд ах нь хэлдэг, дүү нь сонсдог гэгчийн ёсонд ч нийцэн, өнөөдөр дүү байсан тануус, хожим нэгэн цагт өөрсдөө их болохдоо дүү хүндээ сайн сайхан уламжлалаа хэлэн сургах цаг нэгэнт хүрэлцэн ирэхийг бодох хэрэгтэй.

“Залуучуудын үнэн” 1968.4.26 Дугаар: 48

25011   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.