Мэдүүштэй

Энэ намар үзвэл зохих телевизийн 6 цуврал

09 сарын 22, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


14681   1




Stranger Things, The Night of зэрэг хит бүтээлүүдийг бидэнд бэлэглэсэн телевизийн цувралын зуны улирал өндөрлөж, хамгийн өндөр хүлээлтийг араасаа дагуулдаг намрын улирал эхэлж байна. Энэ улиралд Walking Dead, How To Get Away With Murder, Arrow зэрэг топ кинонууд шинэ улирлаа эхлүүлж байгаа ч тэдгээрээс дутахгүй хүлээлт, сэдэв, багтай олон шилдэг кино нээлтээ хийж байгаа. Unread эдгээрээс онцлон энэ намар алдалгүй үзэх шилдэг 6 киног та бүхэнд санал болгож байна. 

Westworld

Аль хэдийн "классик" болчихсон "Lost", "Fringe"-ийг телевизийн дэлгэцнээ авчирсан Ж.Ж.Абрамсын бүтээл бүр амжилтанд хүрч байгаа гэж хэлж болно. Тэгвэл түүний шинэ бүтээл Westworld-д алдарт Энтони Хопкинс, "Beautiful Mind", "Appolo 13"-ийн Эд Харрис, Э.Вүүд нарын холливудын авьяаслаг жүжигчид тоглосон нь хүлээлтийг улам ч өндөр болгож байна. Дээрээс нь Интерстелларын Жонатан Нолан энэ киноны ард байгаа гээд л бод! HBO-ийн хамгийн оргил цагаар (тийм ээ, Game of Thrones-ийн цаг дээр гэсэн үг) олны хүртээл болох уг цувралд кино бүтээгчдийн хамгийн түгээмэл сэдэв робот ба ковбой аль аль нь агуулагдснаараа онцлогтой. Хиймэл оюун ухааны хөгжил хүн төрөлхтнийг эцэст нь хаашаа хөтлөх боломжтой вэ гэдэг талаар өгүүлэх энэ киног алдахгүй үзэх хэрэгтэй гэж зөвлөе.

Суваг: HBO
Хэзээнээс: 10-р сарын 2

The Good Place

Parks & Recreation болон Brooklyn Nine Nine зэрэг сүүлийн жилүүдэд хит болсон инээдмийн цувралуудыг бүтээгч Майк Шур энэ удаа бидэнд үйл явдал нь "диваажинд" өрнөдөг киног толилуулж байна. Бүдүүлэг, бүтэлгүй бас ууртай нэгэн бүсгүй нас барж, яагаад ч юм андуурагдан диваажинд ирж байгаагаар үйл явдал эхэлнэ. Зөвхөн сайн хүмүүс амьдардаг газар тэр хэрхэн дасан зохицох бол? Хүмүүний эгэл амьдралыг бидний огт харж байгаагүй өнцгөөс хошин байдлаар дүрсэлсэн энэ кино ирэх жилийн Эммигийн гол өрсөлдөгчдийн нэг байх нь тодорхой.

Суваг: NBC
Хэзээнээс: 9-р сарын 19
IMDB-ийн үнэлгээ: 8.6

Marvel's Luke Cage

Нетфликсийн өмнө нь гаргасан супер баатартай 2 ч цуврал нь маш амжилттай болсон учир энэ удаагийнх бас хүлээлт өндөр байгаа нь тодорхой. Daredevil, Jessica Jones-ийн дараах баатар бол Люк Кэйж. Марвел энэ дүрээрээ өнгөт арьст супер баатрын ертөнцийг бидэнд харуулж, урд өмнө байгаагүй өрнөл, дүр бүтээлтийг танилцуулж байгаагаараа онцлогтой. Тэр Харлем хотыг хамгаалж, гэмт хэргийн бүлэглэлүүд, үл бүтэх нөхөдтэй тэмцэх болно. Нетфликсээр гарах учир заавал хүлээж цөхрөх хэрэггүй, шууд нэг дор бөөнд нь үзэх давуу талтай.

Суваг: Netflix
Хэзээнээс: 9-р сарын 28

This is Us

Дэлхий даяар нэг өдөр 18 сая хүн төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэдэг. Тэд өөр өөрсдийн амьдралтай, өөр өөрсдийн аз жаргалтай, бас зовлонтой. Гэхдээ нэг л зүйлээрээ тэд холбогдож, түүнийгээ хуваалцдаг. Энэхүү нандин холбоосын тухай өгүүлэх This Is Us энэ намрын гол цувралуудын нэгт тооцогдож байна. Трэйлэрийг нь онлайнаар бараг 100 сая хүн үзэж дээд амжилт тогтоосон гэхээр ямар их хүлээлттэй байгаа нь тодорхой. Нулимс цийлэгнүүлж, баярт автуулангаа гуниг харуусал төрүүлэн, хөнгөн инээд бэлэглэх драма. Гэр бүлээрээ, хосоороо үзвэл тохиромжтой.

Суваг: NBC
Хэзээнээс: 9-р сарын 20
IMDB үнэлгээ: 9.0

Designated Survivor

24, Touch зэрэг кинонуудаараа бидний эчнээ танил болсон Кифер Сатерланд энэ удаа АНУ-ын ерөнхийлөгчийн дүрээр эргэн ирж байна. АНУ-д ерөнхийлөгч болон кабинетийн гишүүд нэг дор цугларах шаардлага гарвал танхимын аль нэг гишүүнийг санамсаргүй байдлаар сонгон, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж нууц албаны хамгаалалтанд аван, хэрэгтэй бол төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх "томилогдсон амьд үлдэгч"-ээр тодруулдаг журам байдаг гэнэ. Тэгвэл энэ кинонд яг ийм үйл явдал өрнөж, Капитол халдлаганд өртөн, өмнө нь сонгуульд нэг ч ялж үзээгүй, орон сууц болон хот төлөвлөлт хариуцсан нарийн бичиг ганцаараа амьд үлдсэнээр ерөнхийлөгч болох хэрэгтэй болдог тухай өгүүлнэ. Ард түмэн нь лидерүүдээ алдаж, аюул занал улс орныг бүрхэж, албаныхан нь даргадаа итгэхгүй байгаа эгзэгтэй үед К.Сатерланд хэрхэн дасан зохицох бол? Цааш хэрхэхийг хэлж мэдэхгүй байгаа ч эхний анги бол энэ жилийн хамгийн шилдгүүдийн нэг.

Суваг:
ABC
Хэзээнээс: 9-р сарын 21-ээс
IMDB-ийн үнэлгээ: 8.3

Pitch

Америк хөлбөмбөгчдийн тухай өгүүлэх Ballers давгүй сайн амжилт үзүүлсний дараагаар спортын сэдэв эргээд эрэлттэй болсонд гайхах зүйл байхгүй. Энэ удаад Fox бидэнд мэргэжлийн бэйсболын лигийн хамгийн анхны эмэгтэй шидэгчийн тухай түүхийг санал болгож байна. Мэргэжилтнүүд энэ киногоор дебютээ хийж буй жүжигчин Кайли Банбюрид ихээхэн өндөр үнэлгээг өгч байгаа. Залуу охид бүсгүйчүүд, ялангуяа тамирчдад урам зориг өгөхүйц түүх.

Суваг: Fox
Хэзээнээс: 9-р сарын 22-оос

Харин та ямар кино үзэхээр төлөвлөж байна вэ? Таны үздэг ямар цуврал шинэ ангиудаа гаргаж байна? Бидэнтэй сэтгэгдэл бичин холбогдож, бусад уншигчидтай бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлээрэй.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.