Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   09 сарын 20, 2016

Миний хэрэглэдэг аппууд: Дэлхийн банкны зөвлөх Г.Энхболор

Апп тойм булангийн өнөөдрийн зочноор мэдээлэл, харилцаа холбооны технологи болон инновацийн олон улсын зөвлөх Г.Энхболор орж байна. Тэрээр Дэлхийн банкны зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд хоёр жилийн өмнө "Стартап Монгол" ТББ-тай хамтран "Code for Green UB", "Green Nation Challenge" зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Монголдоо ирэн ажиллаж байгаа бөгөөд Монголд хэрэгжиж буй гарааны бизнес, инновацитай холбоотой үйл ажиллагаануудыг дэмжин ажиллаж байгаа юм. Тэрээр Зүүн Өмнөд Ази, Европ, Төв Ази зэрэг бүс нутгуудад чадавх бэхжүүлэх, ажлын байр бий болгох, цахим засаглалыг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, энтрепренершип болон ногоон хөгжлийг идэвхжүүлэх төслүүдийг уламжлалт бус, шинэлэг, инновацилаг аргаар санаачилж, багуудыг удирдан зохион байгуулахаас гадна зарим төслийн хөрөнгө босгож байсан туршлагатай.

Нэр:
Гантулгын Энхболор
Ажилладаг салбар: Мэдээлэл харилцаа холбооны технологи, инноваци
Сошиал хуудсууд: Enkhbolor Gantulga (фэйсбүүк)
Цагаа хамгийн их үрдэг "дэмий" зүйл чинь юу вэ? Фэйсбүүк л байх даа. Ажилтай холбоотой нэг юм уншиж ороод, нэг мэдэхэд шал өөр юм уншчихсан явж байдаг.

Хөгжим

Би хөгжмийн хорхойтон. Өглөө 5.30 цагт босоод л Bose спикер дээрээ хөгжим тавьчихдаг. Ихэнхдээ Soundcloud-ийг ашиглана. Soundcloud Youtube-ийг бодвол хавьгүй бага дата хэрэглэнэ, бас бидний мэдэх дуунуудын маш сонирхолтой mix-үүдийг олох боломжтой. Spotify-ийн нэг жилийн эрх маань дуусчихаад сунгах гээд байж байна. Офлайн горимтой учраас зүгээр байдаг. Америкт байхад Pandora-г ашигладаг байсан. Дуртай дуунд мань маш сайн анализ хийж, таалагдаж мэдэх дуунуудыг санал болгохдоо Pandora их сайн. Spotify-аас дутагдалтай нь шинээр гарч байгаа, эсвэл олон нийтэд тэр болгон танигдаагүй дуучдын уран бүтээлүүд арай цөөтэй. Мөн iHeartRadio гэх АНУ-ын муж болгоны бүх радионуудыг сонсох боломжтой апп бий. Цаг нь эндхийн цагаар тохирчихсон байдаг тул амар, сонсоод явахад яг л АНУ-д байгаа юм шиг санагддаг. Мөн дууны ая сонсуулахад нэрийг нь гаргаж ирдэг Shazam-ийг ашигладаг. Монгол дуунуудыг бол ихэвчлэн Youtube-ээр сонсдог.

Гадаад хэл ба тархины дасгал

Гадаад хэл дээр Duolingo, Mango хоёрыг ашигладаг. Mango нь бараг 60 гаруй хэлний сонголттой, дасгалууд нь нэлээд өргөн цар хүрээтэй, хичээлүүдийн ангилал нь эмх цэгцтэй (танилцах, хоолны газар гэх мэт). Duolingo нь өөртөө зорилго тавиад явдаг болохоор орохгүй удвал гэм хийчихсэн юм шиг санагдаад байдаг. Google Translate-ийг гадаадад явах үед аудио байдлаар ашиглахад зүгээр байдаг. Саяхан Хятад яваад, ресторанд орж зөөгчид юм захихдаа гар утас руугаа авах юмаа англиар хэлэхэд шууд хятад руу хөрвүүлж байх жишээтэй.

Тархины дасгал хийх тоглоомуудыг тоглодог. Lumosity байна. Үг эвлүүлдэг scrabble төрлийн Ruzzle гэж апп бий. Тархиа хурдан ажиллуулах шаардлагатай болдог. Мөн QuizUp гэх ерөнхий мэдлэгийг сорих апп бий. Хүмүүстэй өрсөлдөөд цол авдаг. Одоогоор Oxford Comma цолтой байгаа юм байна.

Эрүүл мэнд ба хоол

Eve гэж аппийг хэрэглэдэг. iPhone-ийн Health апптай нэгдэж ажилладаг, эрүүл мэндийн талаар шинэ шинэ мэдээллүүдийг өдөр бүр илгээдэг апп. Гүйх дуртай учраас Runkeeper, Running зэрэг гүйлтийн аппуудыг нэлээд сайн ашиглана. Саяхан UNICEF Mongolia 5000 м гүйснээ Runkeeper-ээр нотолсон хүмүүсийн өмнөөс НҮБ-ын Хүүхдийн санд хандив өргөх аян өрнүүлээд дуусаж байх шиг байна. Running бол 28 хоног гүйж турах хүмүүст зориулсан апп юм. Хүнийг нэг удаа 40 минут гүйлгэдэг ба чихэвчээр эхлээд төдөн минут алхаарай, удаан зөөлөн гүй гэж зааварладаг. Зөв л гүйлгэж байна гэсэн үг. Мөн Fitstar гэж дасгалын апп байна. Өнөөдөр гэхэд надад нурууны дасгал хийх даалгавар өгсөн байна. Ажлынхаа хоёр залуутай энэ апп дээр өрсөлдөж, үзүүлэлтүүдээ сайжруулаад явдаг. Миний хамгийн дуртай аппуудын нэг. Мөн Onefit гээд апп таалагдсан. Удахгүй хэрэглэж эхлэхээр төлөвлөж байна.

Хоолны тал дээр Songo аппийг захиалж хоол их иддэг. Үйлчлүүлэгчдэдээ зэрэглэл олгодог бол бараг алтан үйлчлүүлэгч болохоор болсон байх (инээв). SimplyRecipes гэх аппаас жор харж хоол хийх дуртай.

Сэрүүлэг

2-3 янзын сэрүүлэг хэрэглэдэг. Sleep Cycle гэдэг аппийг бараг 6 жилийн өмнө суулгасан байх. Хүн унтаж байхдаа нойрны хэд хэдэн үе шатыг дамждаг юм байна л даа. Унталтынхаа аль шатанд явж байгааг хөдөлгөөнөөр мэдрээд хэдэн минутаас өмнөөс сэрээдэг, өөрөөр хэлбэл сэрүүлэгний дуу нь сулаас эхлээд чангарсаар, хүнийг олон минутын турш сэрээдэг апп. Үүнтэй ижил төстэй олон сэрүүлэг байдгаас надад MotionX, Sleep Timer гэсэн аппууд байгаа. Эдгээр нь хүнийг өөрөөрөө сэрж байгаа мэт зөв зарчмаар сэрээдэг нь таалагддаг.

Сошиал медиа ба харилцаа холбоо

Бүх л чат аппуудыг ашигладаг. Viber-ийг найз охидтойгоо бичихэд, Whatsapp-ийг гадаадуудтай, Wechat–ийг Азийн орнуудын хүмүүстэй бичихэд гэх мэт. Сошиал медиагаас фэйсбүүкийг хамгийн их ашигладаг. Гэхдээ найз нөхдийн мэдээлэл харахаас илүүтэй унших дуртай сайтуудаа like дарж, мэдээлэл үзэхэд түлхүү ашигладаг. Techcrunch, IDEO, Harvard Business review, Entrepreneur, Inc, Forbes-ийн Leadership, Gizmodo, Lifehacker, Wired, Tech Insider, MIT Innovation Lab гэх мэт олон хуудсыг дагаж, бас урам зориг өгөх эшлэлүүд унших дуртай.

Ажилтай холбоотой

Ажлын 4 имэйл бий. Байнга л имэйлээ шалгаж байх хэрэгтэй болдог тул гар утаснаасаа салах нь тун ховор. Дэлхийн банкны аппуудыг ашиглана. VPN үүсгэгч болон сүлжээг сайжруулдаг нэг апп, үндсэн сүлжээ рүү ороход шаардлагатай код боловсруулж гаргадаг апп, WebEx гээд Cisco-гийн виртуал хурлын өрөөний аппууд багтдаг. Мөн Google Drive, Google Doc-ийг тултал нь ашигладаг. Мөн танайхаар саяхан нээлтээ хийсэн Benzeen аппийн менторуудын нэг болоод байгаа.

86897   10


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.