Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   09 сарын 16, 2016

ШИНЭ: UNREAD + CLUB COWORKING - "Би хэрхэн бүтээсэн бэ?" цуврал ярилцлагын тухай

Unread-ийн хамт олон төрөл бүрийн эвэнтүүдийг зохион байгуулна хэмээн эртнээс төлөвлөснөө хэрэгжүүлж эхлэхээр Club Coworking-той хамтран нэгэн шинэ арга хэмжээг та бүхэнд танилцуулж байна. Өнөөдрийн нийтлэлдээ бид энэ арга хэмжээг яагаад эхлүүлж байгаа, ямар хүмүүсийг урьж байх, ярилцлага ямар байдлаар явагдах, хамгийн анхны зочин хэн байх талаар бичлээ. Цувралын эхний ярилцлага 9 сарын 17 буюу маргааш болно!

"Би хэрхэн бүтээсэн бэ?" цувралын ярилцлага

Бүтээлийг нь шимтэн сонирхдог, хүндэлж биширч явдаг шинэ залуу болон нэрд гарсан уран бүтээлчдээ ойрхноос тольдон, бодож явдаг асуултаа асууж, хэрхэн бүтээж туурвидаг, яаж ажилладгийг нь олж мэдэх боломжийг бид Club Coworking-ийн бүтээлч залуустай хамтран олгохоор “Би хэрхэн бүтээсэн бэ?” цуврал ярилцлагыг эхлүүлж байна. Товчхон хэлэхэд энэ ярилцлагыг манай “Би хэрхэн ажилладаг вэ?” цувралын уран бүтээлчдэд зориулсан, бас амьдаар хийх хувилбар гэж ойлгож болно. Уран бүтээл бүхэн үүдэл санаанаасаа эхлээд бүтэх үйл явц нь өөр өөр байдаг тул бид зочныхоо аль нэг бүтээл дээр тулгуурлан ярилцаж, түүгээр дамжуулан уран бүтээлчийн үзэл хандлага, арга барил, дадал хэвшлийг нээн харуулах юм.

Тооны хувьд уншигчдынхаа уулзахыг хүсэж буй дуучин, жүжигчин, зураач, дизайнер, зохиолч, найруулагч, продюсер хүмүүсээс бид сар бүрийг нэгийг нь л сонгон Club Coworking-д урих болно. Ярилцлагыг уран бүтээлийнхээ санааг хэрхэн олов, санаан дээрээ хэрхэн ажиллаж бодит бүтээл болгов, үүний дараа үзэгч сонсогчдодоо хэрхэн хүргэв гэсэн дарааллаар хийж, халуун дотно яриаг өрнүүлнэ.

Ярилцлага ямар байдлаар явагдах вэ?

Хотын төвд ICC Tower-ийн 13 давхарт Сүхбаатарын талбайг дээрээс нь өнгийн байрлах тав тухтай, гоёмсог Club Working-д сар бүр зохион байгуулагдах энэ арга хэмжээнд маань ердөө 50 хүн л ирэх боломжтой юм. Ийм л учраас зочинтой тун ойрхноос харилцаж, халуун дотно яриа өрнүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Та арга хэмжээ эхлэхээс 30 минутын өмнө Club Coworking-д нэвтэрч, билетэнд үнэгүй дагалдах шар айраг, коктейль шимэн бусадтай хөөрөлдөж болно. Үдшийн 20 цагаас эхлэх ярилцлага маань 60 минут үргэлжилж, үүний дараа зочин маань 20-30 минут оролцогсдын асуултанд хариулснаар албан ёсоор арга хэмжээ өндөрлөж, хөгжилдөх чөлөөт цаг эхлэх юм. Энэ үеэр та манай зочинтой зураг авахуулж, бусад оролцогсод, зохион байгуулагчидтай нэтвөркинг хийгээрэй.

Энэ сарын зочин ба бүтээлийн тухай

Ярилцлагынхаа эхний зочноор бид Монголын хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх болон гарч ирж буй залуу дуучин Magnolian-ийг уриад байна. Инди фолк чиглэлээр тоглодог тэрээр Famous Men цомгийнхоо “Өвөлжөө” дууны видео клипийг хоёр долоо хоногийн өмнө манайхаар анх удаа цацсаныг та бүхэн санаж байгаа байх.

Өвөлжөө хэмээх энэ дуу нь Magnolian-ий Famous Men цомгийн цорын ганц монгол дуу бөгөөд англи хэл дээрх хувилбар нь Banquet гэдэг нэртэй юм. Эхлээд англи хувилбараа зохиож, дараа нь хөгжимдөө тохируулан монгол шүлэг бичжээ. Намуухан хэмнэл, чадварлаг гитарын аялгуу, фолк хэв маяг нь цаанаа л нэг сонсголонтой. Хамгийн сонирхолтой нь англи, монгол хувилбарууд өөр өөр утга санаатай. Англи хувилбар дээр элдэв арга хэмжээ, banquet-аас залхсан хүний тухай өгүүлдэг бол монгол хувилбарт нь өөрийгөө танихаа больчихсон, "lost" хүн өөрийгөө дахин олохын тулд уул руу аялж байгаа тухай гардаг. Баавгай өвлийг ууланд, агуйд унтаж ичэж өнгөрөөгөөд хавартай ахин шинээр золгодог гэдгээс санаа авч өвөлжөө хэмээх нэрийг дуундаа өгчээ.

Харин видео клипийн тухайд Б.Одмандах хэмээх уран бүтээлч найруулж бүтээсэн юм. Хаанаас нь ч харсан монгол агуулгатай боловч ямар нэгэн утга санаад баригдаагүй өвөрмөц видео гэдгийг та эхний 10 секундээс л шууд ойлгоно. Фото коллажнаас гол санаагаа авч, cut-out арга барил болон object animation ашиглан, Монголд тийм ч түгээмэл биш stop-motion төрлөөр бүтээсэн уг видео хийц, дүрс нь дуутайгаа яв цав наалдаж нэгэн цул болжээ. 5 минут 27 секунд урттай уг видеог хийхийн тулд 7500 шахуу зураг авч, хайчлан бүтээж, сар гаруй хугацаанд өдөржин шөнөжин сэтгэл зүрхээ зориулан ажилласан Б.Одмандах энэхүү ярилцлагад мөн байлцан, “хэрхэн бүтээснээ” ярина гэдгийг дуулгахад таатай байна.

Цувралын эхний эвэнтийн дэлгэрэнгүйг: Би хэрхэн бүтээсэн бэ? Episode #1 хуудсаар аваарай.

19985   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.