Апп Тойм

Гар утсаа байнга "маажихаас" сэргийлэх 4 апп

09 сарын 13, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


36724   2




Өнөө цагт гар утас гэдэг ажил амьдралын олон асуудлыг шийдэж өгдөг болсон ч нөгөө талаас донтолтыг үүсгэж, амьд харилцааг багасгаад байгаа билээ. Unread-ийн хувьд долоо хоног бүр та бүхэнд үр ашигтай, сонирхолтой аппуудыг танилцуулан, гар утаснаасаа хялбар байдлаар асуудал шийдэхийг санал болгодог ч гар утасны хэрэглээгээ зохист түвшинд байлгаж, эрүүл мэнд, бүтээлч байдалдаа анхаараасай гэж хүсэж байна. Тиймээс бид өнөөдөр ийм зохист хэрэглээ, зөв дадлыг бий болгоход туслах 4 аппийг санал болгоё.

MOMENT

Татах: iOS (үнэгүй)

Moment таныг гар утсан дээрээ өдөрт хэдэн минут зарцуулж буйг харуулна. Мөн ямар аппууд дээр хэдий хугацааг зарцуулж буйг харуулдаг бөгөөд апп ашиглалтаа мэдэхийн тулд өглөөдөө гар утасныхаа Settings > Battery хэсгийн зургийг screenshot хийж авч ёстой юм (аппаа татаад screenshot авах зааврыг видеогоор үзэж болно). Мөн төлбөртэй хувилбарыг нь сонгон өдөрт гар утас ашиглах минутандаа хязгаар тогтоох, гэр бүлийн гишүүдийнхээ гар утас, апп ашиглалтыг хянах боломж бий.

BREAKFREE


Татах: iOS, Android (үнэгүй)

BreakFree таныг өдөрт хэчнээн удаа гар утасныхаа цоожийг тайлан нээж байгааг, хэчнээн минут зарцуулж байгааг бүртгэдэг. Ижил төрлийн бусад аппуудыг бодвол таны гар утсаа ашиглаж буй мэдээлэл дээр үндэслэн донтолтын оноо өгдгөөрөө онцлогтой. Ийн оноогоор дүгнэдэг нь донтолтын оноогоо бага байлгахад таныг "донтуулж" мэдэх юм шүү :) Эдгээр статистикийг өдөр, 7 хоног, сараар цэгцтэй харуулж, Сато хэмээх эелдэг залуу (дүр) тантай байнга харилцах нь энэ аппийг татах шалтгаан болно.

Focus

Татах: iOS (үнэгүй)

Анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үгийг ганцхан зүйлд зориулах ёстой гэвэл тэр нь жолоо барих үед биз ээ. Ганцхан секунд л анхаарлаа сулруулахад та бидний амьдралыг сүйрүүлэх аймшигт осол болж мэднэ. Иймд жолооны ард гар утас хэрэглэх ёсгүйг мэддэг ч хэрэглэсээр байдаг хүмүүс маш олон. Тэгвэл энэ зөрүүд занг Focus-аар дарж болох юм. Таныг машинаа жолоодож эхлэх үед Focus автоматаар ажиллаж эхлэх ба гар утсаа авч дэлгэцийг нь ширтэх үед апп танд гар утсаа доош тавиад урдах замаа харахыг сануулдаг. Аль нэг ажиллагааг нь шууд блоклохгүй, эелдгээр сануулна гэсэн үг бөгөөд харин үгэнд орохгүй бол "уурлаж" мэднэ. Харин жолоо бариагүй, зүгээр зорчигчийн хувиар машинд явах үед тань сануулга өгөөд байвал гар утсаа нэг сайн сэгсрээд Passenger mode-ийг идэвхжүүлж болно.

Forest

Татах: iOS, Android ($1.99)

Аpple-ийн зүгээс шилдэг шинэ аппаар нэрлэж байсан Forest-ийн хувьд утсаа маажих дуртай хүмүүсийн сэтгэлзүйгээр сайн тоглож чаддаг. Яадаг вэ гэвэл, гар утсаараа байн байн оролдохгүй байж чадвал мод тарьж ургуулах боломжийг хэрэглэгчдэд олгожээ. Энэхүү аппийг нээхэд таны мод ургаж эхлэх бөгөөд 30 минут бололгүй аппаас гарч фэйсбүүк орох юм уу тоглоом тоглоход тарьж эхэлсэн мод чинь дорхноо үхэж орхино. Өөрөөр хэлбэл гар утсандаа хүрээгүй анхаарлаа төвлөрүүлсэн 30 минут тутамдаа та нэг ширхэг мод ургуулах юм. Цаашлаад та эдгээр үр дүнтэй цагуудаа нэгтгэн өтгөн ой модыг ургуулах боломжтой. Мөн тарьсан модоороо найз нөхөдтэйгээ уралдаж, сайн цэцэрлэгч байсныхаа шагналд модны шинэ төрлүүдийг ойдоо ургуулах эрхийг нээж, бүр жинхэнэ мод тарьж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах боломжийг олгоно. Миний хувьд энэ аппийн хамгийн таалагдсан зүйл бол үнэгүй биш 1.99 долларын үнэтэй нь. Яагаад л гэж битгий асуугаарай даа.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.