Онцлох Бизнес

Онцлох бизнес: Planote - Төлөвлө бас тэмдэглэ

09 сарын 12, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


21667   4




Өнөөдрийн бидний онцолж буй бизнес бол ажил хэрэгч хүн бүрийн зайлшгүй хэрэглээ болсон тэмдэглэлийн дэвтрийг тун сонирхолтой шийдэлтэйгээр санал болгож буй Planote юм. "Тэмдэглэл, төлөвлөгөөг аль алийг нь хөтөлж бичих боломжтой дэвтэр хайгаад олоогүй учир өөрөө хийхээр шийдсэн" хэмээн ярих програмист мэргэжилтэй О.Очир-Эрдэнэ бол энэ дэвтрийг эрхлэн гаргаж буй залуу. Хэрэглэгчдэд чанартай бас өөрсдийнх нь хэрэгцээнд нийцсэн дэвтрээ хүссэн загвартайгаар тун хялбар байдлаар захиалан авах боломжийг олгож буй Planote-ийн үүсгэн байгуулагчтай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. 

Бизнесийн нэр: Planote
Үйл ажиллагааны чиглэл: бичиг хэрэг, бэлэг дурсгал
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 4-р сар
Үүсгэн байгуулагч: О.Очир-Эрдэнэ
Вэбсайт: Planote.it (вэбсайт), Planote.it (фэйсбүүк), Planote.it (инстаграм)

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Би өөрөө оюутан байхаасаа л хичээлээ дэвтрийнхээ хоёр талаас нь бичдэг зуршилтай байсан юм. Ажил дээр гараад ч нэг талаас нь ажлынхаа төлөвлөгөөг биччихдэг, нөгөө талаас нь уулзалтынхаа тэмдэглэлээ хөтөлдөг арга барилтай байсан. Гэвч яг энэ шаардлагыг маань хангачих дэвтэр олддоггүй их хэцүү байдаг байлаа. Ямар ч дэвтэр хаанаас ч авсан ямар нэгэн зүйл нь дутуу, хоосон оргиод л. Энгийн дэвтэр дээр хоёр талаас нь бичихээр аль нэг тал нь эргэчихээд хүндрэлтэй болж, тэр нь таалагддагүй байсан юм. Тэгээд л яагаад би өөрөө ийм дэвтэр хийж болохгүй билээ гэж бодсон. Аль ч талаас нь эргүүлсэн зөв харсан байдаг, ажил хэрэгч залуусын хэрэгцээг хангаж чадах дэвтэр хийе гэж удаан бодсон. Нэг л өдөр зориг шулуудаж хийхээр шийдсэн минь Planote. Plan+Note гэсэн үгийн товчлолоор энэ дэвтрээ нэрлэсэн дээ.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Шаардагдах бүх хөрөнгө оруулалтаа өөрөөсөө гаргасан. PC Mall-аас L220 принтер худалдаж аваад л ажлаа эхлүүлсэн. Гэхдээ хамгийн их цагаа судалгаа хийхэд зарцуулсан. Youtube-ээс төрөл бүрийн заавар бичлэгүүд үзэж, хэд хэдэн мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Хаанаас материалаа авах вэ, хэрхэн тэдгээрийгээ бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх вэ гээд л. Арьс шир зардаг бараг бүх газраар явж үзсэн.

Юугаараа онцлог, бусдаас өөр вэ?

Хамгийн гол давуу тал нь дэвтэр бүтэж байгаа явц эхнээсээ дуусан дуустлаа гар аргаар хийгдэж байга юм. Танд хийж өгч буй, таны хэрэглэх дэвтэр дахин давтагдашгүй цор ганц хувилбартай бүтээгдэж байгаа гэсэн үг.

Хоёр талаасаа бичдэг зохион байгуулалт нь бас их онцлогтой. Нэг талаас нь долоо хоногоор ажлаа төлөвлөчихнө. Хийх ажлын жагсаалтуудаа гаргаж байна гэсэн үг. Нөгөө талаас нь эргүүлбэл хурлын болон бусад тэмдэглэлүүдийг хөтлөх хуудсуудтай. Нийт 128 хуудастай. Цүнхэндээ 2 өөр дэвтэр авч явах хэрэггүй болж байгаа юм.

Мөн манай дэвтрийн нүүр нь цэвэр ширээр хийгддэг учир эдэлгээ, чанар сайтай. Манайд хийгдэж байгаа болон гаднаас орж ирж байгаа ихэнх дэвтрүүд сайжруулсан арьс байдаг. Мэдээж энэ нь тодорхой хэмжээгээр өртөг нэмэгдүүлж байгаа ч илүү чанартай болгож, ядаж хуруунд өгч байгаа мэдрэмжийг огт өөр болгож өгдөг.

Үүнээс гадна вэбсайтаар дамжуулан онлайн захиалга өгч болно. Захиалга өгөхдөө өөрийнхөө хүссэнээр доторх зохион байгуулалт, хавтасны дизайны шийдлээ өөрчлүүлж болно. Хуудасны дээр урам зориг өгөх онч үгсийг оруулсан байдаг. Эхэндээ өөрийнхөө нэрийг оруулах ч юм уу, ямар ч байдлаар хийлгэж болно. Хүмүүст бэлгэнд өгөхдөө нэрийг нь бичих юм уу төрөл бүрийн үгс оруулбал зүгээр байдаг юм билээ.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Бид энэ дэвтрээ ажил хэрэгч хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болгох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж чаддаг бүтээгдэхүүнүүд гаргах зорилготой. Цаашдаа минимал буюу энгийн цэвэрхэн загвартай, хүмүүсийн асуудлыг шийдсэн хэрэгцээтэй бөгөөд чанартай бүтээгдэхүүнүүдийг гаргах болно.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

"Чанар гэдэг үйлчлүүлэгчид дахин ирэхийг хэлнэ" гэдэгчлэн бид хийж буй бүтээгдэхүүн болгондоо хамаг сэтгэл, зүтгэлээ шингээж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг хамгийн өндөр цэгт нь байлгахыг зорьдог. Би өөрөө ч хийж байгаа зүйлээсээ кайф авч ёстой. Эцсийн эцэст чанар гэдэг л биднийг бусдаас ялгаж өгөх учир үүнд их анхаардаг.

Энэ бизнесийг хийхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?

Би өөрийнхөө хүссэн зүйлийг хийж, өөрт тулгарсан асуудлыг шийдэнгээ бусдын асуудлыг ч шийдэж өгч байгаа маань юу юунаас илүү эрч хүч өгч байна. Өмнө нь надад зайлшгүй хэрэгтэй гурван зүйлээс цагийн хязгаарлалтаас болоод хоёрыг нь сонгох тун хэцүү сонголт тулгарсан юм. Нэг нь ажлаа хийж өдөр тутмын хэрэглээгээ хангах, нөгөөх нь өөрийнхөө хиймээр байгаа дуртай зүйлээ хийх, сүүлийнх нь эрүүл мэнддээ анхаарч түүндээ цаг гаргах. Тэгээд би сүүлийн хоёрыг нь сонгохоор шийдэж, үндсэн ажлаасаа гарсан. Мэргэжлийнхнийхээ хувьд хамгийн их орохыг хүсдэг, хамгийн нэр хүндтэй компаниас гарч, огт өөр чиглэлээр буюу ийм дэвтэр хийх болсон нь олон хүнд "солиотой" үйлдэл байсан байх. Гэхдээ одоо л би хамгийн аз жаргалтай байх шиг байна.

Мэдээж бэрхшээл олон бий. Нэг дэвтэр гаргах гэж их цаг ордог. Дээрээс нь өрсөлдөгчид нэлээд бий. Тийм учраас хүмүүст шууд бүтээгдэхүүнээ хүргэх нь хамгийн хэцүү бөгөөд хэрэгтэй зүйл болоод байна даа.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамж тань юу вэ?

Анхны дэвтрүүдийг хийхэд туршлага үнэхээр дутаж, жаахан царай муутай хийчихсэн юм. Нэг эгчид их шүүмжлүүлсэн минь одоо ч толгойноос гардаггүй. Судалгаагаа дутуу хийгээд, нөгөө хүндээ хангалттай сэтгэгдэл үлдээж чадаагүй. Түүнээс хойш хуудсаа зүсэх, арьсаа зүсэх, оёх гээд бүх жижиг нарийн зүйлүүд дээр анхаарч ажиллахын ач холбогдлыг ойлгосон. Анх утас таслахдаа алдыг тасалдаг байсан бол одоо бол яг л хэмжээгээр нь тасална. Хятад зүү биш орос зүүнүүд илүү шалмаг явдаг, оёдлын биш синтетик утас хэрэглэх хэрэгтэй юм байна гээд л дэвтэр хийх тусам улам бүтээгдэхүүнээ сайжруулсаар байна даа.

Яг одоо ямар шинэ бүтээгдэхүүн дээр ажиллаж байна вэ?

Манайх яг одоогоор арьсан болон цаасан хавтастай хоёр төрлийн дэвтэр гаргаж байгаа. Одоо бол өдрийн тэмдэглэл хөтлөх зориулалттай дэвтэр гаргахаар ажиллаж байна. Өдрийн тэмдэглэлийг цаг хугацааны машин гэдэг шүү дээ. Таван жилийн өмнө би яг юу хийж байсан, юу бодож байсан бэ гэдгээ сүүлд уншиж, өнгөрсөн рүү аялах боломжийг олгодог. Тийм учраас дурсамж агуулсан үнэт зүйлстэй дэвтэр хийхээр ажиллаж байгаадаа баяртай байгаа. Мөн борлуулдаг газруудаа нэмэхээр ажиллаж байна.

Хамгийн амжилттай болсон бүтээгдэхүүнийхээ талаар хуваалцана уу?

Бүтээгдэхүүнээ бид яг одоо онлайнаар борлуулахаас гадна "Цаасан шувуу" дэлгүүр дээр л зардаг. Гэхдээ хүмүүсийн хандлага, сэтгэгдэл өндөр байгаад урамшиж, улам л эрчтэй ажиллаж байна. Хамгийн анхны захиалгыг дээд сургуулийн найз маань өгч, нэг нүүрэн дээр нэг өдрийн тэмдэглэл бичдэг дэвтэр хийлгүүлж байсныг сайн санаж байна. Одоо бол гадаадын хүмүүс зорьж авах тохиолдлууд их.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.