“Монсудар” хэвлэлийн газраас бүх нийтийн түүхийн боловсролд зориулан гаргаж буй “Монголчууд” цувралын 4 дүгээр боть өнгөрөгч 8-р сард олны хүртээл болсон юм. Уг номын нээлт Шангрила Молл дахь Интерном номын дэлгүүрийн нээлттэй давхацсан бөгөөд энэ арга хэмжээнд Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцож буй эрдэмтдийн төлөөлөл хүрэлцэн ирж тухайн түүхэн цаг үеийн тухай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Номыг 13 эрдэмтэн, судлаач хамтран бичиж, ерөнхий редактораар Дорно дахин судлалын ухааны доктор Д.Баярсайхан ажилласан байна.

Манайх өмнө нь танилцуулсан "Монголчууд” цувралын эхний гурван ботид 1600-1959 оны хооронд өрнөсөн үйл явдлуудыг өгүүлдэг. Тэгвэл энэ ботид XII-XVII зуун буюу тархай бутархай овог аймгууд нэгдэн дэлхийн талыг эзэлсэн эзэнт гүрэн болсон үйл явц, цаашлаад эзэнт гүрэн бутран доройтсон 500 гаруй жилийн түүхийг хамруулсан юм. Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг зургаар баяжуулан уншигчдад хүргэх цувралын нэг боть учраас түүхэн зураг, газрын зураг, чимэглэл зураг, бусад дүрст материалуудаар нэн баялаг. Мөн зарим түүхэн хүмүүсийн намтар, түүхэн үйл явдал, сонирхолтой эшлэлүүдийг хаалтанд салган оруулж өгсөн нь номыг уншихад хялбар, сонирхолтой болгож өгснийг дурдах учиртай.

Доктор Д.Баярсайхан номын онцлогийн тухай оршил үгэндээ "Монголын эзэнт гүрэн ба бутралын үеийг судлахад наанадаж 10 гаруй хэлээр бичсэн түүхэн сурвалжтай ажиллах ба археологийн олдвор, эд өлгийн зүйлсээс авхуулан шинжлэх ухаанд нэмэгдэн ирж буй асар өргөн мэдээллийг бүгдийг багтаах аргагүй юм. Иймд урьд өмнө бүрэн бус байсан тэрхүү мэдлэгийг арай өргөн хүрээтэй задлах, эрдэм шинжилгээний эргэлтэд тэр болгон ордоггүй ч ач холбогдлоороо үлэмж, чимхлүүр ажиллагаа ихтэй тийм сурвалжаас гаргасан мэдээллийг оруулахыг оролдсон болно" хэмээн бичжээ.

Энэхүү номоос эзэнт гүрэн бий болохын өмнөх ханлиг аймгууд, тэдний дотоод тэмцэл, эзэнт гүрний байлдан дагууллын өмнөх ба дараах дэлхий ертөнцийн байдал, үе үеийн хаад, монголчуудын аж ахуй, цэрэг дайны урлаг, шашин шүтлэг, бичгийн соёл, гадаад худалдаа хийгээд гадны эрдэмтэн мэргэдийг төрдөө хэрхэн зүтгүүлж байсан, дэлхийн иргэншилд ямар хувь нэмэр оруулсан тухай цэгцтэй ойлголтыг авах болно.

НОМЫН ХЭСГЭЭС

Тамганы нэршил
Монголын түүхийн сурвалжуудад улаан, хөх, хар, алтан тамгыг (altūn tamγā) дурдсан байдаг. Иран болон эзэнт гүрний баруун талаас олдсон баримтуудад улаан тамгыг ал тамга (āl tamγā, ал гэдэг нь улаан гэсэн утгатай) гэсэн байдаг ба Алтан ордны улсад мөн ингэж нэрлэдэг бол Монгол, Хятадын нутагт ийм нэр томьёо тохиолддоггүй. Харин зүүн нутгаар үүнийг ал нисан (тэмдэг гэсэн перс хэлнээс ормол үг) гэдэг. Улаан тамгыг томилолт зэрэг голдуу захиргааны хэрэгт дарна. Илхаант улсын үед Иранд улаан тамга чухал болсон нь дараагийн төр улсуудад ч хэрэглэгджээ. Рашид ал-Дин улаан тамгыг алтан тамгаас илүү чухалчилсан байдаг. Тэрбээр бас чухал хэрэгт хэрэглэх их алтан тамга, цэргийн хэргийн тусгай алтан тамга, сан хөмрөг захидал харилцааны бага алтан тамга гэсэн гурван зүйлийн алтан тамгыг дурдсан байдаг. Алтан тамгыг голдуу санхүүгийн зарлиг баримтад дардаг байжээ.

Тамганы бичээс
Юань улсын нөлөөгөөр монгол тамганд дөрвөлжин болон хятад бичээс, тэдгээрийн эвхмэл тиг орж ирсэн бол Илхаант улсын нөлөөгөөр араб бичээс орж ирсэн байдаг. Илхаан Чагнаадоржид Байлан вангийн цол, тамга олгож Төвөдийн хэргийг мэдүүлэхээр илгээсэн. Хааны багш Санжайбалд нэрийг нь төвөдөөр бичсэн хас тамга олгожээ.

Тамганы төрөл
Монголын их тамгыг хасбуу тамга хэмээн дурдаж ирсэн бөгөөд хас гэдэг нь хас эрдэнийн нэр, буу нь эрдэнэ гэсэн утгатай хятад үг гэдэг. Буу гэдгийн тухайд хятад хэлний ао эгшиг монгол хэлэнд урт эгшиг болох зарчмаар бао нь буу болсон бөгөөд эртний Хятадын Тан улсаас (618-907) хойш хааны тамгыг буу гэж нэрлэсэн нэрлэсэн байдаг. Юань улсын үед хаан найман зүйлийн тамгатай байжээ. Үүнд, Зарлигийн тамга, Төрийн сүлд тамга, Тэнгэрлэг эзний тамга, Хааны тамга, Тэнгэрлэг эзний албан тамга, Хааны албан тамга, Тэнгэрлэг эзний итгэмжийн тамгa, Хааны итгэмжийн тамга болно.

Тамганы хэлбэр
Тамганы уламжлалт хэлбэр нь дөрвөлжин юм. Харин Газан хаан дугуй тамгыг нэвтрүүлжээ. Хамгийн эртний гэгдэх дугуй тамга нь Хосейн султаны тамга (1378) юм. Дугуй тамгыг Төмөрийн улс уламжлан авчээ.

Тамгалах ёс
Тамга нь тухайн бичгээ батлах баталгаа болдог бөгөөд тамга дарах байрлал нь нарийн журамтай байжээ.
1. Хүлээн авагчийн нэрийг бичсэн хэсгийг дайруулан дарж, баталгаажуулахын хамтаарзасвар оруулахаас сэргийлнэ.
2. Бичигт цаас залгасан бол залгаан дээр дарж, дараагийн хуудас үргэлжлэл нь мөн болохыг илэрхийлнэ.
3. Албан бичгийн төгсгөлд дарна. Энэ нь уул албан бичгийг хүчин төгөлдөр болгож буй гол тамга болно.- Дөрвөлжин бичгээрх дурсгалын төгсгөлд...-д [газрын нэр] бичвэй гэсэн гурван мөрөөр дарж бичсэн хэсэгт тамгалдаг. Тамганы дээд талыг он гэсэн үгийг дайруулж тамгална. Үүнийг хятадаар сийлсэн баримтаас харж болох бөгөөд Хятад хэлний бичгийн уламжлалаас үүджээ.