Онцлох Бизнес   09 сарын 05, 2016

Онцлох бизнес: Ikh Mongol Event Hall - Тохилог орчинд зорилгодоо хүрээрэй

Сүүлийн үед төрөл бүрийн хурал чуулган, лекц семинарууд олноор зохион байгуулагддаг болсон билээ. Тэр хэрээр эдгээр арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж чадах уулзалт, хурлын танхимын эрэлт нэмэгдээд байгаа юм. Тийм ч учраас бид өнөөдөр үүдээ нээгээд дөнгөж нэг сар болж буй Ikh Mongol Event Hall-ийг онцолж, ерөнхий менежер Д.Жаргалсайхантай ярилцлаа.

Бизнесийн нэр: "Их Монгол" хурлын танхим
Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, "Их Монгол" үйлчилгээний төв
Үйл ажиллагааны чиглэл: Хурал, уулзалт, хүлээн авалтын танхим
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 8-р сар
Үүсгэн байгуулагч: Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг
Ажилтны тоо: 8
Вэб хаяг: iuegroup.mn (вэбсайт), Их Монгол комплекс (фэйсбүүк)

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Аливаа бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд ярилцлага, уулзалт, хэлэлцээрүүд чухал нөлөөтэй байдаг. Эгзэгтэй үед чухал шийдвэрийг зөв гаргахаас шалтгаалан бизнесийн уналт, босолт, ололт амжилт шийдэгдэж байдаг ч гэж болно. Тэгвэл тэр л уулзалт, ярилцлага, хурлыг тун тохилог, тав тухтай, тансаг орчинд хийвэл үр дүн нь эерэг байна хэмээн итгэдэг тул "Их Монгол" хурлын танхимыг тохижуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Бид зөвхөн хурал, уулзалтуудаар зогсохгүй хүлээн авалтууд, бүх төрлийн арга хэмжээ, эвентүүдийг зохион байгуулж болохоор тохижолтоо хийсэн. Үүнээс гадна хамгийн хурдацтайгаар хөгжиж, тэлж буй хотын зүүн хэсэгт манайх шиг олон улсын шаардлагад нийцсэн заал, танхим дутагдалтай байсан тул энэ эрэлтийг нөхөх зорилгоор үйл ажиллагаагаа төлөвлөн эхлүүлээд байна.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Бид өнгөрсөн жил ашиглалтанд оруулсан "Их Монгол" цогцолборынхоо хүрээнд, компанийн хуримтлалаас хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн. Цаашид бусад бизнесүүдээ дэмжих, харилцан хамтран ажиллах боломжтой байгууламж гэдэг талаас нь анхаарсан юм. Энэ хурлын танхимыг аль болох тохилог, тав тухай, ашиглахад амар хялбар байдлаар тохижуулбал бусад бизнесүүдээ дэмжих байдлаар ажиллана хэмээн харж байгаа. Жишээлбэл: манайд арга хэмжээ зохион байгуулбал дэргэдэх "Их Монгол" үйлчилгээний төвд байдаг Caffe Bene-ээс кофены завсарлага бэлдүүлэх, аль эсвэл "Калифорниа 2" ресторанаас катеринг буюу хоол, зуушаа зөөврийн буфет байдлаар авах боломжтой.

Юугаараа онцлог, бусдаас өөр вэ?

"Их Монгол" хурлын танхимын хамгийн том онцлог нь "Номын Өргөө" юм. Нүүдэлчний соёл, зан заншил, түүх соёлын өвийг ёслол хүндэтгэлийн арга хэмжээтэй хослуулж чадсанаараа давуу талтай. Манайд ирсэн зочид, оролцогчид монголчуудын түүх соёл, өв уламжлалын салшгүй хэсэг болон өргөө гэртэй танилцах боломжтой. Уг гэрийг төрийн ордны өргөө гэрийг урласан урлагийн гавьяат зүтгэлтэн, сийлбэрч Д.Төртогтох гэж эрхэм 3 жилийн турш ажиллаж хийсэн гэдэг.

Мөн хурлын танхимын хананууд нь гүйдэг, хураадаг учраас тухайн арга хэмжээндээ зориулан өөрчлөх, зохион байгуулалт хийж болно. Италийн алдарт Дибиефф фирмээс дотоод засал, тавилгажуулалтыг хариуцаж, шаардлагатай бүх тоног төхөөрөмжийн суурилуулалтыг энэ салбартаа тэргүүлэгч Ай Ти Зон гүйцэтгэсэн гэдгийг онцолъё. Тийм учир видео конференц хийх, видео танилцуулга хийх, синхрон орчуулга хийхэд шаардагдах бүх тоног төхөөрөмж бийх. Хурлын танхим маань 70-80 хүний багтаамжтай.

Манай хурлын танхимд VIP уулзалт хийх тусдаа уулзалтын өрөөнүүд, цайны завсарлагын үеэр тухлан суух тусгай заал бий. Мөн 200 орчим машины зогсоолтой учир хүмүүсийн хамгийн их санаа зовдог машинаа хаана тавих вэ гэдэг асуудлыг шийдсэн гэж харж байгаа.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Бид аливаа арга хэмжээг олон улсын түвшинд цогцоор нь хүлээж авдаг болох зорилготой. Манай төвийн хажууд гадаадын иргэдэд зориулсан түрээсийн орон сууц байдаг учир зочдыг нь хүлээн авч байрлуулчихдаг, арга хэмжээг нь зохион байгуулчихдаг, хоол, унаа болон бусад шаардлагатай үйлчилгээгээр иж бүрэн хангадаг болох нь бидний зорилго.

"Их Монгол" оффист маань АНЭУ-ын элчин сайдын яамнаас эхлээд төрөл бүрийн олон улсын байгууллагууд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг учраас хурлын танхим нь ч гэсэн шаардлага хангахуйц байх ёстой хэмээн үзсэн юм. Тиймдээ ч гадаад болон дотоодын бизнес эрхлэгчдийн цуглардаг, мэдээлэл солилцдог хаб болох боломжтой.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

"Их Монгол" хурлын танхимаар үйлчлүүлж буй хүн бүр сэтгэгдэл өндөртэй, зохион байгуулсан уулзалтаа амжилттай хийж байвал, тэр л бидний хувьд хамгийн үнэ цэнтэй. Таныг амжилтанд хүрэхэд өөрсдийн зүгээс боломжит бүх л хувь нэмрийг оруулна гэсэн хандлагаар бид ажилладаг. Би өөрөө ажил мэргэжлийн онцлогоор олон ч улс оронд очиж, төрөл бүрийн чуулга уулзалтанд оролцож байлаа. Тэр үед зохион байгуулалт гэдэг ямар чухал болохыг сайтар ойлгож, суралцаж авсан гэж болно. Амжилттай арга хэмжээ зохион байгуулахад байрлал, тавилгажуулалт, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа, микрофоны дуугаралт, бүр цаашлаад дулаан зогсоол, угтах үйлчилгээ гээд олон хүчин зүйлүүд нөлөөлдөг.

Энэ салбарт ажиллахын эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?

Арга хэмжээний танхимуудад олон салбарын, олон өөр янзын бизнесийн төлөөллүүд ирж оролцдог. Энэ үеэр бид тэдгээр компаниудтай харилцаа тогтоож, группийнхээ бусад бизнесүүдийг дэмжих, өөр олон шинэ боломжийг олж авах нөхцөл бүрддэг гэдгээрээ онцлогтой. Бид зөвхөн арга хэмжээний заал танхимаар хангахаас гадна бусад шаардлагатай үйлчилгээнүүд болох хөтлөгч, хүлээн авагч, орчуулагчдаас эхлээд кофены завсарлага, гэрэл зургийн үйлчилгээ зэргийг цогцоор нь шийдэх боломж олгож байгаа учир хүмүүс ч их ам сайтай байгаа. Харилцагчдынхаа санал сэтгэгдэл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа улам сайжруулж байна.

Нөгөө талаар арга хэмжээ зохион байгуулах гэдэг ямар түвэгтэй, чимхлүүр ажил ихтэй байдаг юм бэ гэдгийг ойлгож байна. Анх эхэлснээс хойш бид улам бүр суралцсаар л явна. Ямар арга хэмжээнд, ямар зочдод ямар төрлийн ус тавих вэ, ямар хоолоор хангах вэ гэдгээс эхлээд мэдрэмж шаардсан зүйлс их байдаг юм билээ.

Яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Бид яг одоо урт хугацааны, тогтмол арга хэмжээнүүдтэй болохоор төлөвлөн ажиллаж байна. Нэг удаа болоод өнгөрчихдөг биш тогтмол хугацаанд, тогтмол өдөрт болдог арга хэмжээнүүд гэсэн үг л дээ. Салбар салбарын, олон төрлийн хүмүүсийн тогтмол зочилдог, хэрэгцээтэй бас үр дүнтэй мэдээллийг авч чаддаг газар болно гэдэгтээ итгэлтэй байна. Удахгүй сонирхолтой мэдээллүүдийг хүргэх болно. Ташрамд дурдахад бид залуучуудын санаачилга, клуб, нийгэмлэгүүдийг дэмжин, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байгаа шүү.

Хамгийн амжилттай зохион байгуулсан арга хэмжээнээсээ хуваалцана уу?

Бид хэдий албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд сар гаруйн л хугацаа өнгөрч байгаа боловч аль хэдийн хэд хэдэн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулаад амжсан байна. Эдгээрээс "Монголын Бизнес Хөгжлийн Корпораци"-ийн нээлтийн арга хэмжээг онцолъё. Монголын бизнесийн орчинд амжилттай ажиллаж буй олон мундаг лидерүүд, бизнесменүүд энд ирж, тун бүтээлч, үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулсан юм.


Та манай "Онцлох бизнес" буланд сонирхолтой, шинэлэг бизнесүүдийг санал болгоорой.

16009   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.