Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   09 сарын 04, 2016

7 хоногийн тойм: Сансраас ирсэн "нууцлаг" дохио + Хөлбөмбөгийн шинэ дүрэм + SpaceX-ийн дэлбэрэлт

Сансраас дохио хүлээн авлаа

Үе үеийн туршид хүн төрөлхтөний хамгийн ихээр гайхан лавлаж, хайн эрэлхийлсээр ирсэн асуултанд хариулт өгч болох онцгой үйл явдлыг бид онцолж байна. Энэ бол одон орончид 94 гэрлийн жилийн цаана орших, дор хаяж нэг гарагтай HD164595 нэртэй одны орчмоос хүчтэй сигнал хүлээн авснаа зарласан явдал юм. Энэхүү дохиог өнгөрсөн жилийн 5-р сард Оросын телескоп хамгийн анх хүлээж авсан ч одоо л зарлаж байгаа нь энэ гэнэ. Дохиог шууд харь гарагийнхан илгээсэн хэмээн шууд хэлж чадахгүй ч зохиомлоор бүтээгдсэн, мөн хангалттай хүчтэй байгаа нь дэлхийгээс илүү өндөр хөгжилд хүрсэн иргэншлээс ирсэн байх магадлал өндөр байна хэмээн энэхүү сигналыг судалж буй багийн ахлагч, METI-ийн ерөнхийлөгч Д.Вакоч хэлжээ. Одоогоор энэхүү дохиог ямар учраас манай нарны аймаг руу илгээсэн, ямар утгатай болон хаанаас хэн илгээснийг хэлэхэд хэтэрхий эрт байна хэмээн эрдэмтэд мэдээлж байна.

CNN: Намайг сонсож байна уу? - Одон орончид хүчтэй сигнал хүлээн авлаа
Ikon: Харь гарагийн ангуучид сансрын гүнээс хүчтэй сигнал хүлээж авснаа зарлажээ

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн шилдэг видео бүтээлүүдийг тодруулдаг MTV Video Music Awards өнгөрч буй долоо хоногт Нью Йорк хотноо болж өнгөрлөө. Энэ жилийн онцлох од нь Beyonce байж, нийт 11 төрөлд нэр дэвшсэнээс 8-д нь шилдгээр нэрлэгджээ. Өнгөрсөн жил зөвхөн Tidal-аар цацсан Lemonade цомгоо гаргаж, Formation аялан тоглолтоо хийж, бүр Супер Боул дээр ч тоглоод амжсан Beyonce ингэснээр нийт 21 дэх цомоо MTV VMA-ээс авч, Мадоннагийн эзэмшиж байсан хамгийн их цом хүртсэн амжилтыг нэгээр ахиулжээ. Энэ өдөр алдарт Бритни Спирз 7 жилийн дараа MTV-ийн тайзнаа эргэн ирж, шинээр гаргаад буй Glory цомгийнхоо дуунуудаас дуулсан нь олны талархлыг ихэд хүлээв. Харин зөвхөн Hello-ийнхоо видеогоор 8 шагналд нэр дэвшсэн Adele нэг ч төрөлд ялалт байгуулж чадсангүй. VMA-ийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог, карьерынхаа турш видео бүтээлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгодог Video Vanguard шагналын эзнээр Rihanna тодорчээ. Тэрчлэн шилдэг найруулгын шагналыг Дэвид Боувигийн Blackstar, шилдэг визуал эффектийн шагналыг Coldplay-ийн Up&Up тус тус хүртжээ. Энтертэйнмент салбартай холбоотой бас нэгэн сонирхолтой мэдээг дуулгахад, хиймэл оюун ухааны тухай өгүүлэх Morgan нэртэй киноны трэйлэрийг IBM Watson бүтээсэн байна. Энэ нь түүхэнд анх удаа хиймэл оюун ухаан киноны трэйлэр өөрөө бүтээж байгаа хэрэг болжээ.

MTV: VMA-ийн бүх ялагчид
Mashable: IBM Watson киноны трэйлэр бүтээжээ

SpaceX-ийн пуужин дэлбэрлээ

Сансрын тээврийн үйлчилгээ үзүүлэгч, Элон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX-ийн пуужин пүрэв гарагт туршилтын үеэр дэлбэрсэн нь энэ долоо хоногийн онцлох мэдээнүүдийн нэг байлаа. 9-р сарын 3-нд Falcon 9 -ийг хөөргөхийн өмнө хөдөлгүүрийн ажиллагааг шалгаж байх үед дэлбэрэлт болсон бөгөөд үүний улмаас пуужин дээр байсан ачаа нь болох Фэйсбүүкийн 200 сая долларын үнэтэй Amos-6 нэртэй хиймэл дагуул мөн дэлбэрчээ. М.Зукерберг дэлхийг үнэгүй интернетээр хангах зорилготой Internet.org төслийн хүрээнд бүтээгдсэн, Африкийн буурай хөгжилтэй орнуудад интернет түгээх учиртай байсан Amos-6 хиймэл дагуул нь дахин ашиглах боломжгүй болсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, хөрөнгө мөнгөнөөс илүү цаг хугацаа алдаж байгаадаа харамсаж байгаагаа онцолсон байна. Дэлбэрэлтийн нөлөө ойр орчмын 2-3 км газрыг хамарсан ч ямар нэгэн хүний амь нас эрсдээгүй ажээ. Элон Маскийн хувьд үүнээс гадна Тесла болон SolarCity-ийн худалдан авалтын ажиллагаа удааширч, хувьцааны үнэ нь унаснаас болж нийт 779 сая долларыг алдсан тухай Bloomberg тооцон мэдээлжээ. Зөвхөн өнгөрсөн онд пуужин хөөргөх нийт 86 тохиолдлын 5 нь ослоор өндөрлөсөн байна. Харин SpaceX-ийн хувьд сүүлийн 15 сард 2 дахь удаагаа "бүтэлгүйтээд" байна.

Techcrunch: SpaceX-ийн дэлбэрэлтийн талаар таны мэдвэл зохих бүх зүйлс
Time: Энэ дэлбэрэлт Элон Маскад хэрхэн нөлөөлөх вэ?

IFA нээлтээ хийлээ

"Европын хамгийн том технологийн шоу" гэх тодотголтой IFA-2016 өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. 1924 оноос хойш зохиогдож буй энэ шоуны үеэр электрон бараа, гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэг дор цугларч, өөрсдийн шинэ бүтээлүүдийг хэрэглэгчдэд хүргэдэг онцлогтой. Берлинд явагдаж буй энэ жилийн үзэсгэлэнд 1800 гаруй брэнд, компани оролцож байгаа юм. Энэ жилийн онцлох бүтээгдэхүүнүүдийн тоонд Lenovo-ийн товчлуургүй лаптоп болон таблетийн хослол Yoga Book, фитнесс, эрүүл мэндийн хяналтын төхөөрөмж Fitbit-ийн шинэ загварууд нэрлэгдэж байна. Батерей дэлбэрсэн асуудлаасаа болж Note 7 загварын утаснуудаа худалдаанаас эргэн татаж буй Samsung энэ үеэр шинэ, илүү классик загвар бүхий ухаалаг цаг Gear S3-аа танилцуулсан юм. Үүнээс гадна Samsung-ийн Windows 10-тай хөргөгч, Sony-ийн утасгүй Bose чихэвч, Huawei-ийн шинэ таблет MediaPad зэрэг сонирхолтой бүтээгдэхүүнүүд олны сонирхлыг татаж байна. Ташрамд дурдахад, Европын холбооноос Ирландын засгийн газартай "хууль бус тохиролцоо хийн, шударга бус өрсөлдөөн явуулсан" хэмээн буруутгагдаж, 14 тэрбум долларын татварыг эргүүлэн төлөх нөхцөлд ороод байгаа Apple 9-р сарын 7-нд олон нийтийн хүсэн хүлээж буй Keynote арга хэмжээгээ явуулах болсноо зарласан юм. Энэ үеэр тэд шинэ загварын iPhone 7-оо танилцуулах бололтой.

The Verge: IFA 2016-ийн хамгийн, хамгийн
The Week: Apple-ийн арга хэмжээнээс юуг хүлээх вэ?

Хөлбөмбөгийн шүүлтэнд видео бичлэг туршиж эхэллээ

Хөлбөмбөгийн спортын түүхэнд анх удаа шүүлтэнд видео бичлэг ашигласан тохиолдолд өнгөрч буй долоо хоногт бүртгэгдлээ. 9-р сарын 1-ий өдөр Франц болон Италийн багуудын хооронд болсон нөхөрсөг тоглолтын үеэр VAR буюу "видеоны туслах шүүгч" гэсэн статустай 2 шүүгч цэнгэлдэхийн гадаа байрлан, талбайн шүүгчид шийдвэр гаргахад туслалцаа үзүүлсэн нь түүхэн үйл явдал боллоо. Тоглолтын шүүгч Б.Куйперсийн хэлснээр видео бичлэг түүнд 2 том шийдвэр гаргахад тусалсан гэнэ. Эхнийх нь улаан хуудасны алдаа байсан эсэх (тэр шар хуудас өгсөн), нөгөөх нь торгуулийн цохилт байсан эсэх (тэр торгуулийн цохилт заагаагүй) шийдвэрүүд юм. ФИФА-ийн ерөнхийлөгч Ж.Инфанито туршилт маш амжилттай болсныг онцлоод 2018 оны ДАШТ-ий үеэр энэ технологийг албан ёсоор ашиглах төлөвлөгөөтэй байгаагаа зарлажээ. Өнгөрсөн 3-р сард уг спортын дүрмийг баталж, зохицуулдаг байгууллага болох Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлөөс удтал татгалзсаны эцэст видео бичлэг турших зөвшөөрөл өгсөн билээ. Удаан хугацааны туршид, асар их маргаантай шийдвэрүүд, гомдлын дараагаар хөлбөмбөгийн холбоо ийнхүү видео бичлэгийн технологийг нэвтрүүлэхэд ойрхон иржээ. Гэхдээ энэхүү шинэчлэлийг эсэргүүцэгчид бас нэлээд их байдгийг сануулах хэрэгтэй. Энэ нь хөлбөмбөгийн "амьд" байдлыг алдагдуулна хэмээн тэд үздэг юм. Гэвч ФИФА-аас видеоны туслах шүүгчид тухайн үйл явдлаас 10 секундын дотор шүүгчид мэдээлэл хүргүүлэн, шийдвэрийг өөрчлөх боломжтой, энэ нь тоглолтын явцад ямар нэгэн саад учруулахгүй хэмээн үзэж байна.

ФИФА: Анх удаа тоглолтын шүүлтэнд видео бичлэг ашиглалаа
Medium: Яагаад бичлэг үзэх нь хөлбөмбөгт "хортой" вэ?

13121   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.