Мэдүүштэй   09 сарын 01, 2016

Өөрийгөө хөгжүүлэхэд тань туслах мэдүүштэй 7 видео цуврал

Өнөөдөр хичээлийн шинэ жил эхэлж, хүүхэд залуус эрдмийн их аяндаа мордож байна. Unread энэ өдөрт зориулан цахим ертөнцөд өөрийгөө хөгжүүлж болох, шинийг мэдэж болох, мэдээгүйгээ ойлгож, сонсоогүйгээ анзаарч болох онцлох видео цувралуудыг багцлан нийтэллээ. Та эдгээр видео цувралуудаар дамжуулан шинэ санаа сэдэл, эрч хүч, урам зоригийг авx, улам өөдөө тэмүүлж, зорьсондоо хүрэхэд нэг алхам ойртоно гэдэгт итгэлтэй байна. 

TED

"Үнэ цэнтэй санааг түгээн дэлгэрүүлье" уриатай TED-ийн арга хэмжээнд очоогүй, ядаж бичлэгийг нь үзээгүй хүн бараг үлдээгүй байх. Үнэхээр ч энэ цагийн шилдэг сэтгэгчид, манлайлагчдын онцгой, шинэлэг санааг 18-хан минутанд багтаан товчхон, сонирхолтой байдлаар та эндээс үзэх боломжтой. Бүх илтгэлүүдийг хадмалтайгаар үзэх боломжтой байдаг тул давхар хэлээ сайжруулж болно. Төрөл, сэдвээр нь ангилчихсан байдаг учир хэрэгцээтэй видеогоо олоход хялбар. Ташрамд дурдахад, сайн дурын орчуулагч залуусын ачаар 100 гаруй шилдэг илтгэл монгол хэл дээр аль хэдийн орчуулагдчихсан байгааг дуулгахад таатай байна.

ЗОЧЛОХ: TED.com

Youtube EDU

Олон хүний өдөр бүр зочилдог Youtube цаг тутам нэмэгдэж буй мянга мянган контентоос зөвхөн танд зориулан хамгийн өгөөжтэй, хамгийн сонирхолтой боловсролын контентуудыг Education гэсэн хуудсандаа хадгалж байдаг. Та ямар нэгэн шинэ зүйл сурахыг хүсвэл, тодорхой сэдвээр судалгаа хийж байгаа бол, гэрийн даалгавраа хийх хэрэгтэй болсон бол энэ таны заавал зочлох суваг. Та эндээс Youtube дээрх хамгийн алдартай, эрэлттэй шилдэг илтгэл, лекц, видеонуудыг тун сайн ангилалтайгаар үзэх боломжтой.

Зочлох: Youtube EDU

Do Lectures

"Санаа + Эрч хүч = Өөрчлөлт" гэсэн уриатай энэ хөдөлгөөн бол дэлхийг өөрсдийн үйл хэргээр өөрчилж буй хүмүүсийн юу хийж байгааг хуваалцдаг арга хэмжээ юм. Уэльсээс үүсээд аль хэдийн 8 жилийн нүүрийг үзэж буй энэхүү лекц арга хэмжээний үеэр дэлхийн шилдэг сэтгэгчид, шинийг санаачлагчид, оюун санааны лидерүүд юу ХИЙЖ байгаагаа ярьж, бусдад урам зориг, шинэ сэдэл өгдөг юм. Зайлшгүй сонирхож үзэх цуврал.

Зочлох: TheDoLectures.com

Solve for X

Энэ бол хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа хамгийн том асуудлуудыг шинжлэх ухаан болон технологийн тусламжтайгаар шийдэж буй өөрчлөгчид, шинэчлэгчид, санаачлагчдын нэгдэл. 2012 онд Google-ийн эхлүүлсэн энэ цувралаас та нанобот болон дрон хэрхэн эрүүл мэндийн салбарыг өөрчилж байгаа тухай, одон орон судлалын салбарт өрнөж буй шинэчлэлүүдийн талаар, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар шийдлүүд байж болох талаар, хямд эрчим хүчний эх үүсвэрийг бүтээж буй төслийн талаар том түвшний яриануудыг сонсох боломжтой. Та эдгээр төслүүдийн талаар илүү ихийг эндээс уншиж танилцаж, бүхий л холбоотой мэдээллийг үзэж, бүр хандив ч өргөх боломжтой юм. Хүн төрөлхтөнд итгэх итгэл найдвар тань улам бүр сэргэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй!

Зочлох: We.SolveforX.com

Jargal Defacto

Эдийн засагч, сэтгүүлч, нийтлэлч Д.Жаргалсайханы энэхүү цуврааар та салбар бүрт амжилттай ажиллаж яваа манлайлагчидтай хийсэн сонирхолтой ярилцлагуудыг үзэх боломжтой. Монгол хэл дээр хийгдэж буй хамгийн шилдэг видео цуврал хэмээн бидний тодорхойлсон De Facto-д гадаадын сэтгэгчид, эрдэмтэд, нийгэм улс төр, бизнесийн лидерүүд оролцдог. Долоо хоног бүр алдалгүй үзэх, үнэ цэн нь хэзээ ч буурахгүй ярианууд.

Зочлох: Jargaldefacto.com

Talks at Google

10 жилийн турш Google өөрийн оффист хамгийн сонирхолтой түүхийг, хамгийн сайн туршлагыг, хамгийн шилдэг жишээг өгүүлж чадах уран бүтээлчид, энтрепренерүүд, сэтгэгчдийг урин яриа хийсээр байгаа юм. Talks at Google нэртэй энэ цувралаас та төрөл бүрийн сэдвээр дэлхийн өнцөг булан бүрт хийгдсэн сонирхолтой яриа, хэлэлцүүлгүүдийг үзэх боломжтой. Хамгийн сонирхолтой нь ярилцлагуудыг Google-ийн ажилтнууд өөрсдөө хийдэг. Маш сонирхолтой!

Зочлох: Talks at Google

RSA Animate

"21-р зууны гэгээрэл" гэх сонирхолтой үгийг уриагаа болгосон RSA-ийн залуус маш ойлгомжтой, цэгцтэй байдлаар тун хүнд, түвэгтэй ойлголтууд, сэдвүүдийг хүмүүст тайлбарлаж өгдөг. Салбарын экспертүүдийн тусламжтайгаар тэд энэхүү анимэйшн видеонуудаа хийдэг бөгөөд зугаатай, хөгжөөнтэй байдлаар текстээ бэлддэг нь ойлгоход илүү хялбар болгож өгдөг юм.

Зочлох: TheRSA.org

24616   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.