Онцлох Бизнес   08 сарын 29, 2016

Онцлох бизнес: UB Hangover Clinic - Мэдүүштэй эмчилгээ

Бид өнөөдөр өөрийн салбарт нэгэн шинэлэг санааг хэрэгжүүлж, гарааны бизнесийг дөнгөж эхлүүлээд буй нэгэн эмч бүсгүйг урилаа. Н.Янжинлхам эмч Монголд анх удаа Hangover IV hydration treatment буюу шарталтыг судсаар эмчилгээ хийж эмчилдэг жижиг эмнэлгийг нээгээд удаагүй байгаа юм. Энэ нь шарталтын үеийн хүний биед чухал шаардлагатай минерал болон витаминуудыг зохистой тунгаар шууд судсанд дуслаар тарих эмчилгээ юм. ЭМШУИС-ийг төгсөж, Германд эмчийн туслахаар ажиллаж байсан тэрээр өдгөө эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэгч эмчээр ажилладаг ба энэ эмчилгээг зохих зөвшөөрлийн дагуу, мэргэжлийн түвшинд үзүүлдэг.

Бизнесийн нэр: UB Hangover Clinic
Хаяг: Төмөр замын эмнэлгийн урд, Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн нэг давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Шарталт, ядаргааны эсрэг эмчилгээ
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 7-р сар
Үүсгэн байгуулагч: Н.Янжинлхам
Ажилтны тоо: 3
Вэб: UB Hangover Clinic

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Анх 2012 онд АНУ-ын мэдээгүйжүүлэгч эмч Dr. Jason Burke Лас Вегас хотод Hangover Heaven нэртэй шарталтыг судсаар эмчлэх, шингэн сэлбэх автобус ажиллуулан эхэлсэн нь одоо Шарталтын судалгааны институт болтлоо өргөжиж, АНУ-ын олон муж, том хотууд болон Австрали, Европийн хотуудад Hangover Clinic-үүд нээгдсэн түүхтэй юм билээ.

Монголд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас, элэг муугийн улмаас согтууруулах ундаанд хордон, зовиур шаналгаатай болсон хүмүүс эмнэлэгт хандмаар байдаг ч эрүүл мэндийн даатгал, оочер дугаар авах гэх мэт хүндрэлүүд цөөнгүй байдаг учраас европ стандартаар шарталтын үед тусламж үзүүлдэг эмнэлэг нээхээр шийдсэн юм. Одоогийн байдлаар үнэхээр хүмүүст хэрэгцээтэй үйлчилгээ болох нь харагдаж байгаа.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Өөрийн хуримтлалаас л гаргасан даа. Байраа түрээсэлж тохижуулах, эмнэлгийн багаж хэрэгсэл авах гэх мэт зардал гарсан. Эм тарианы хувьд Монгол улсад бүртгэлтэй эм тариануудаас аль болох хамгийн сайнуудыг нь сонгож хэрэглэдэг.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Манайх IV hydration clinic гэсэн чиглэлээр 4 төрлийн багц дусал хийдэг:
-Шарталт тайлах
-Ядаргааны эсрэг
-Фитнесс, бодибилдинг сонирхогчдод зориулсан шингэн, эрдэс, энерги нөхөх
-Цасан цагаан буюу хоргүйжүүлэх, нөхөн төлжүүлэх, арьс цайруулах үйлчилгээтэй дусал гэх мэт. Энэ дуслыг сүүлийн үед эмэгтэйчүүд их хийлгэж байгаа.

Манайх үнийн хувьд харьцангуй хямд. Гадаадад бол шарталтын эсрэг эмчилгээ өндөр байдаг юм билээ. Эхлээд утсаар ярьж цаг авч байгаад ирж үзүүлнэ дээ.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Эмнэлгээ өргөжүүлэх, wellness чиглэлээр Монголд байхгүй зүйлсийг хэрэгжүүлэх санаанууд байгаа. Массажтай буйдан тавих, хамрын гуурсаар хүчилтөрөгч өгөх гэх мэт. АНУ-аас зарим тоног төхөөрөмжийг захихаар төлөвлөж байна.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Мэргэжлийн түвшинд ажиллах. Түрүүнд хэлсэн шартсан, ядаргаанд орсон гэх мэт энгийн үедээ эрүүл хүмүүст хэрэгцээтэй үед нь сайн үйлчилгээ үзүүлэх явдал. Эхлээд орж ирэхэд нь мэдээж амин үзүүлэлтүүдийг шалгаж эмчилгээ хийх, хийхгүйгээ шийднэ. Зарим тохиолдолд шаардлагатай газруудад эхлээд үзүүлэхийг зөвлөдөг.

Тэгээд нэг их сурталчилгаа хийлгүй нэг үйлчлүүлэгчийн ард 10 хүн байгаа гэж бодож сэтгэлээсээ л ажиллахыг хичээдэг дээ. Үйлчлүүлэгчдийн хувьд дандаа эрүүл мэнддээ анхаардаг, боловсролтой хүмүүс байдаг шүү. Зарим нь бүр эмчилгээний энэ аргыг гүүгл-дээд судалчихсан байдаг.

Танайх одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Одоогоор 4 төрлийн багц дуслаа л хийж байна. Намар 10-р сараас ханиад томууны цаг эхлэхээр дархлааны багц нэмнэ. Мөн тураах дуслын талаар судалж байгаа.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Шинэлэг зүйл эхлүүлсэн учир үр дүнгийг нь үзэхэд сайхан байдаг. Нэг хүнд үйлчлээд явуулахад дараа ирэхдээ тийм тийм зовиур багассан гээд гоё зүйлс яриад ирдэг. Мөн эргэн тойрныхоо нь хүмүүст ярьж, тэд нар нь ирэх тохиолдол олон.

Гэхдээ нэг зүйлийг сануулж хэлэхэд, шарталтын хувьд эмчилгээ хийлгэсний дараа шууд өргөс авсан юм шиг зүв зүгээр болно гэж байхгүй. Ямар ч байсан бие хавьгүй дээрдэж, эрүүлжинэ гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Ер нь шарталтыг шуудхан зүгээр болгочихдог ямар ч төрлийн эмчилгээ одоогоор анагаах ухаанд байхгүй байгаа ба олон аргууд байдгаас хамгийн үр дүнтэй нь судсаар дуслаар эмчилгээ хийх арга юм.



Гэрэл зургийг Б.Ганчөдөр

48831   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.