Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   08 сарын 28, 2016

7 хоногийн тойм: Атгаад алдсан хүрэл медаль + Шинэ дэлхий + MIT-ийн жолоочгүй такси

Дэлхийг шуугиулсан монгол дасгалжуулагчид

Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр Монголын тамирчдын сүүлийг мушгин дэвжээнээ гарсан МУГТ, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга Г.Мандахнаран урамтай сайхан барилдаануудаараа хөгжөөн дэмжигчдээ баярлуулсаар медалийн төлөө өрсөлдөх болсон юм. Хүрлийн төлөөх барилдаанд тэрээр өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны бөх И.Наврузовтой барилдаж, цаг дуусахаас 18 секундын өмнө оноогоо нөхсөөр улмаар 7:6-аар илүү гарсан. Сүүлийн секундуудэд манай бөх хамгаалалт хийж, улмаар шүгэл дуугаран, чөлөөтийнхний 36 жил хүлээсэн медалийг эх орондоо авчирлаа хэмээн баярлаж байтал шүүгчид тун "маргаантай" үйлдэл гарган манай бөхийг торгож, улмаар эсрэг бөхөд ялалт өгчих нь тэр. Энэ үйлдлийг эсэргүүцсэн манай дасгалжуулагчид болох Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар шүүгчийн шийдвэрийг эрс эсэргүүцэж, хувцсаа тайлан "нүцгэн" эсэргүүцэл зарласан нь дэлхийг шуугиулав. Энэ олимпийн хамгийн маргаантай шийдвэрүүдийн нэгийг дэлхийн бараг бүх медиа мэдээлж, Монгол улс анхаарлын төвд орсон юм. Хэдий заал тэр аяараа "Монгол, Монгол" хэмээн нэгэн дуугаар орилж, дэлхийн сэтгүүлчид манай талд байсан ч бид медалийн оосроос атгаад алдав. Энэ үйл явдал олон газарт цочроо болж, олон тамирчдад сургамж болох нь дамжиггүй.

NYTimes: Монгол дасгалжуулагчид шүүгчийг эсэргүүцэв
DailyMail: Яагаад монгол дасгалжуулагч хувцсаа тайлав?

Рио 2016 олимпийн наадам өндөрлөлөө

Бразилын Рио де Жанейро хотноо зуны олимпийн 31-р наадам амжилттай явагдаж өндөрлөлөө. У.Болт, М.Фелпс нарын амьд домгуудтай салах ёс гүйцэтгэж, К.Ледеки, С.Байлз нарын шинэ ододтой танилцсан, маргаан-асуудал ихтэй ч сэтгэл хөдөлгөсөн мөчүүд, эрч хүч өгсөн ялалтуудаар дүүрэн энэ наадмыг нийт медалийн тоогоор АНУ-ын баг илт тасархай буюу 46 алт, 121 медальтай тэргүүлж, Их Британи сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилтаа үзүүлсэн БНХАУ-аас нэг алтан медалиар илүүрхэн 2-р байрт бичигдэж түүхэн амжилтыг үзүүллээ. Нийт 9 орон анх удаа алтан медаль хүртэж, 87 орон ямар нэгэн медаль авснаас манай улс 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар 67-р байрт орлоо. Хаалтын ёслол Маракана цэнгэлдэхэд болж, боксийн төрлөөр хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай Монгол улсын төрийн далбааг залан оролцсон юм. 4 жилийн дараах олимпийг хүлээн авах Япон улс, Токио хот хаалтын ёслолын гол үзүүлбэрүүдийн нэгийг хийж, ерөнхий сайд Ш.Абе алдарт супер мариогийн дүрд хувирсан нь сонирхолтой шийдэл байв. Ирэх олимп хол байна даа, хол байна.

Time: Рио 2016-ийн хамгийн дурсамжтай 7 мөч
Yahoo: Хаалтын ажиллагааны онцлох 10 үйл явдал

Хамгийн ойрын "дэлхий"-г илрүүллээ

Одон орончид дэлхийгээс 4 гэрлийн жилийн зайтай орших улаан одой од Проксима Центаврын ойролцоо амьдрал байж болзошгүй гарагийг олсноо зарлалаа. Сүүлийн 15 жилийн турш уг гарагийг судалж байсан олон улсын эрдэмтдийн баг Европын одон орон ажиглалтын төв дээр суурилан ажиллаж байсан бөгөөд оорбитын хөдөлгөөн дээр тулгуурлан уг гарагийг нээсэн байна. Дэлхийгээс 1.3 дахин том, чулуурхаг бүтэцтэй байж болох энэ гарагт хүн төрөлхтөн амьдрал хайх нь энэ нээлтийн дараагийн алхам болох учиртай. Одоогоор энэ гарагийг Проксима Б гэж нэрлэжээ. Хэдий одон орончид дэлхийтэй адил бүтэц, нөхцөлтэй 3000 гаруй гарагийг нээгээд байгаа ч Проксима Б хамгийн ойрхон нь. Мөн байрлах байршил нь ус байх нөхцөл хамгийн өндөртэй талаар судлаачид мэдээлж байна.

Ikon: Хүн төрөлхтөн нарны аймагт хамгийн ойр амьдрал байх магадлалтай гарагийг нээлээ
IFLScience: Проксима Б-ийн талаар мэдвэл зохих бүх зүйлс

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Дөрөвхөн жилийн өмнө хэзээ ч сурталчилгааны төлөө хэрэглэгчдийнхээ датаг ашиглахгүй хэмээн мэдэгдэж байсан Whatsapp энэ долоо хоногт анх удаа энэ бодлогоо өөрчилснөө зарлалаа. Фэйсбүүкт 22 тэрбум доллараар зарагдсан тэд толгой компанитайгаа датагаа хуваалцан, улмаар хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн сурталчилгааг нийлүүлэхээ амлаж байна. MIT-ийн стартап Nutonomy жолоочгүй автомат удирдлагатай машины зах зээлд тэсрэлт хийж, энэ салбарт Uber-ийг дийлэн, эхний машинуудаа зам дээр гаргалаа. Өнгөрсөн 4-р сараас хойш нууц туршилтаа хийж байсан тэд Сингапурт жолоочгүй такси гаргажээ. Home Button-гүй утаснууд гаргаж магадгүй гэгдэж буй Apple видео бичлэг хийж, засаж янзалж болдог Snapchat-тай төстэй апп дээр ажиллаж байгаа гэнэ. Технологийн ертөнцийн гигантуудын нэг ингэснээр сошиал медиад нэвтрэн орох төлөвлөгөөтэй байгаа ажээ. АНУ-ын засгийн газар анх удаа стартап эрхлэгчдэд зориулсан виза гаргахад ойрхон ирээд байна. Хэрвээ таны компани хөрөнгө оруулагчдаас 345 мянган долларын хөрөнгө оруулалт авсан, эсвэл засгийн газраасаа 100 мянган долларын санхүүжилттэй бол АНУ-д бизнесээ нүүлгэж, дэлхийн зах зээлд нэвтрэх боломжтой болох ажээ.

WSJ: Дэлхийн анхны жолоочгүй такси Сингапурт гарлаа
Recode: АНУ гадаадын энтрепренерүүдийг татна

Д.Жонсон, Ж.Лауренс нар хамгийн өндөр орлоготой

Форбес сэтгүүлээс энэ оны хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтаа зарлалаа. Эрэгтэй жүжигчдийг The Rock нэрээрээ олонд танигдсан Дуэйн Жонсон 64.5 сая долларын орлого олсноороо тэргүүлэв. Тэрээр энэ жил San Andreas болон Furious 7 кинонуудад тоглосноос гадна Ballers, Central Intelligence гэсэн телевизийн цувралуудад гол дүрийг бүтээсэн билээ. Ирэх жил тэрээр диснейн Моана болон Жуманжи зэрэг кинонуудад тоглох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 2-р байрт Хятадын зах зээлд хамгийн эрэлттэй хэвээр байгаа бидний сайн танил Жэки Чан 61 сая долларын орлогоор орсон байна. М.Дэмон, Ж.Дэпп, Т.Круз нар удаалсан байна. Эмэгтэй жүжигчдийг 26 настай Женнифер Лауренс 46 сая долларын орлогоор 2 дахь жилдээ тэргүүллээ. Hunger Games-ийн сүүлийн анги бокс оффисоос 653 саяыг олсон нь түүний гол амжилт байв. Ghostbusters-ийн од Меллиса Мккарти болон бүх цаг үеийн хамгийн их орлого цуглуулсан эмэгтэй болсон Скарлетт Иоханссен нар дараагийн байруудад оржээ.

Forbes: 2016 оны хамгийн өндөр орлоготой жүжигчид
Guardian: Холливуд эмэгтэйчүүдэд бага цалин өгсөөр л байна

14974   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.