Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   08 сарын 26, 2016

EXCLUSIVE VIDEO PREMIERE: Magnolian - Өвөлжөө

Амралтын өдрүүд хаяанд ирчихсэн, хүн бүрийн сэтгэл гэгэлзэж байгаа энэ үдэш бид та бүхний сонорыг мялаахаар нэгэн онцгой бэлэг бэлдлээ. Инди-фолк чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй шинэ, залуу, шилдэг уран бүтээлчдийн нэг болох Magnolian буюу дуучин Б.Дөлгөөний худалдаанд гараад удаагүй байгаа FAMOUS MEN цомгийн хоёр дахь сингл Өвөлжөө дууны видео клипийг өнөөдөр Unread онцгой эрхтэйгээр та бүхэнд хамгийн түрүүнд хүргэж байна.

Өвөлжөө хэмээх дуу нь Монголын хөгжим ертөнцөд шинэ өнгө төрх болон гарч ирж буй Magnolian-ий Famous Men цомгийн цорын ганц монгол дуу бөгөөд англи хэл дээрх хувилбар нь Banquet гэдэг нэртэй юм. Эхлээд англи хувилбараа зохиосон бөгөөд Монгол шүлэг дуундаа тохируулан бичжээ. Намуухан хэмнэл, чадварлаг гитарын аялгуу, фолк хэв маяг нь цаанаа л сонсголонтой.

Хамгийн сонирхолтой нь англи, монгол хувилбарууд өөр өөр утга санаатай аж. Англи хувилбар дээр элдэв арга хэмжээ, banquet-аас залхсан хүний тухай өгүүлдэг бол Монгол хувилбарт нь өөрийгөө танихаа больчихсон, "lost" хүн өөрийгөө дахин олохын тулд уул руу аялж байгаа тухай гардаг. Өвөлжөө гэдэг утга санаа нь баавгай өвлийг ууланд, агуйд унтаж ичэж өнгөрөөгөөд хавартай ахин шинээр золгодог гэдгээс гарсан гэнэ.

Видеог Б.Одмандах хэмээх уран бүтээлч найруулж бүтээсэн бөгөөд "Өөрийн гэсэн өвөрмөц өнцөг, вижнтэй уран бүтээлчээр хийлгэхийг зорьсон. Видеонд ямар нэгэн заавар чиглэл өгөөгүй, Одко өөрийнхөөрөө хийвэл гоё юм гарахыг би мэдэж байсан" хэмээн Magnolian өгүүлсэн юм.

Хаанаас нь ч харсан монгол агуулгатай боловч ямар нэгэн утга санаад баригдаагүй өвөрмөц видео гэдгийг та эхний 10 секундээс шууд ойлгоно. Фото коллажнаас гол санаагаа авсан бөгөөд cut-out арга барил болон object animation ашиглан, Монголд тийм ч түгээмэл биш stop-motion төрлөөр бүтээсэн уг видео хийц, дүрс нь дуутайгаа хэрхэн наалдаж нэгэн цул болж байгаагаараа онцлог юм. 5 минут 27 секунд урттай уг видеог хийхийн тулд 7500 шахуу зураг авч, хайчлан бүтээсэн бөгөөд нийт сар гаруй өдөржин шөнөжин сэтгэл зүрхээ зориулан ажилласан гэж найруулагч Б.Одмандах ярьсан юм. Тун өвөрмөцөөр нөр их хөдөлмөр шингээн бүтээгдсэн уг видео та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

30719   9


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.