Онцлох Бизнес

Онцлох бизнес: The Color Event UB - Шинэлэг, өнгөлөг, хөгжилтэй

08 сарын 15, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


10346   6




Яг жилийн өмнө The Color Event хэмээх шинэлэг, сонирхолтой арга хэмжээнд орж билээ. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд 3 км газар олон өнгийн будгаар шүршүүлэн, хөгжмийн аянд гүйж, ёстой шинэ мэдрэмжийг мэдэрснээ санаж байна. 1000 гаруй хүн цуглаж, хамтдаа гүйсэн энэ арга хэмжээнд найзууд, гэр бүлээрээ яваа хүмүүс олон байсны зэрэгцээ бараг тал шахуу нь гадаад иргэд байсан нь Улаанбаатар хотод маань өнгө нэмсэн, хүмүүсийн хүсэн хүлээсэн арга хэмжээг нэгээр нэмжээ гэж бодогдуулсан юм. Энэ арга хэмжээ удахгүй 9-р сарын 11-нд  хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаатай холбоотойгоор санаачлагч Б.Батзаяаг “Онцлох бизнес” буландаа урилаа.

Бизнесийн нэр: Evex Entertainment
Хаяг: Тэнгис кино театраас хойш, Маамуу нааш ир цэцэрлэгийн баруун талд
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 8-р сар
Үүсгэн байгуулагчид: Б.Батзаяа, Б.Алтанцэцэг
Ажилтны тоо: Үндсэн 3
Вэб: www.colorevent.info, The Color Event (фэйсбүүк хуудас), The Color Event UB 3K 2016 (Энэ жилийн ивэнт)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

АНУ-д сурч байх үед Color Run гэх арга хэмжээ болдог байсан юм. Эрүүл амьдралын хэв маяг, эерэг сэтгэлгээ, хөгжилтэй байдлыг уриалсан, "Дэлхий дээрх хамгийн жаргалтай 5 миль" гэх уриатай энэ гүйлт анх 2012 онд Юта мужид зохиогдсон юм билээ. Би 2013 онд оролцсон, маш их таалагдсан. Монголдоо хийвэл гоё арга хэмжээ байна даа гэж бодож байлаа. Тэгээд Монголд ирээд энэ санааг маань дэмжих хамтрагчаа олж, 2015 оны 8-р сард анх удаа Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулсан юм.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Ер нь зардал өндөртэй арга хэмжээ. Нэгэнт л зориглосных, зохион байгуулсан шиг зохион байгуулахыг хичээж, гадаадад болдог стандартыг нь барьж байгаа. Будаг, футболкоо гадаадаас оруулж ирдэг. Билет авахад будаг, футболк, нүдний шил, уух зүйл дагалддаг юм. Өнгөрсөн жилийн хувьд бид зардлынхаа зарим хэсгийг хуримтлалаас, заримыг нь зээлээр, заримыг нь ивээн тэтгэгчдээс босгосон. Энэ жилийн хувьд ч мөн тодорхой хэсгийг нь ивээн тэтгэгчдээс, зарим хэсгийг нь өөрсдөөсөө гаргаж байна.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Б.Алтанцэцэг эгчийг олон жилийн өмнөөс мэднэ. Ахын маань найз юм. Анх аялал жуулчлалынх нь компанийн ажлыг хийж өгч танилцаж байлаа. Энэ санааг дэмжье гэхээр нь баяртайгаар хамтарсан.

Ер нь энэ арга хэмжээг зохион байгуулахад ажил их ордог тул олуулаа, багаараа ажиллах шаардлагатай байдаг. Манайхан энэ жилийнхээ арга хэмжээг сайхан болгохын төлөө бүгд л дор бүрнээ хичээж сайн ажиллаж байна.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Би өөрөө залуу хүн. Монгол залуучууддаа зориулсан гоё юм хийхийг л хүссэн. Монгол залууст цагийг аятайхан өнгөрүүлэх зүйлс ховор юм шиг санагддаг. Яахав янз бүрийн партинууд болдог ч сонирхолтой арга хэмжээнүүд цөөхөн. Тиймээс шинэлэг, өөр арга хэмжээ хийхийг хүсэж, Color Event-ийг зохион байгуулж эхэлсэн.

Color Run, Color Me Rad, Life in Color зэрэг янз янзын нэрээр зохиогддог энэ гүйлт нь эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан, хөгжилтэй зугаатай, согтууруулах ундаагүй, гэр бүл, найз нөхдөөрөө олуулаа оролцоход нэн тохиромжтой гэдгээрээ онцлогтой.

THE COLOR EVENT ЯАЖ ЯВАГДДАГ ТАЛААР ТА ТӨСӨӨЛӨЛ ӨГӨХГҮЙ ЮУ?

Тасалбараа таслуулаад, будаг, шил, футболкоо аваад орж ирэхэд тайзан дээр хөгжим явж байна. Хамтлаг дуучид, бүжигчид оролцогчдыг хөгжөөнө. Ивээн тэтгэгч нар маань өөрсдийн асраас үйл ажиллагаа явуулна. Ингээд хүмүүс бүгд цуглангуут үндсэн үйл ажиллагаа болох гүйлт эхэлнэ. Гүйлтийн зам дагуу 600 метр тутамд нэг өнгөөр шүршинэ, будна. Оролцогчид маань 3 км гүйгээд 5 өнгөөр будуулаад барианд орж ирэхэд маш өнгөлөг, гоё харагддаг. Уух юм таныг хүлээж байна. Тэгээд л зургаа авахуулж, хөгжмийн аянд цагийг зугаатай өнгөрүүлнэ дээ. Зураг авахуулах тайзнууд бий. Ер нь The Color Event-ийн гол хэсгүүдийн нэг бол зураг авахуулах юм. Гүйчихээд ирсний дараа үнэхээр гоё зургууд гардаг юм. Ер нь манай арга хэмжээн дээр инээгээгүй хүнийг олж харахгүй л болов уу.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

The Color Event-ийг Улаанбаатар хотын уламжлалт, хүсэн хүлээдэг арга хэмжээ болгох зорилготой. Нэг өдөр улаанбаатарчууд бүгдээрээ хөгжилдөг, далайцтай арга хэмжээ болохыг үгүйсгэхгүй.

Evex Entertainment-ийн хувьд Монголд хийгдэж байгаагүй иймэрхүү, өвөрмөц, нэн сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах зорилготой. Яваандаа улирал тутамдаа нэг арга хэмжээ хийж байх юм. Ямар арга хэмжээнүүд хийх вэ гэдэг судалгаагаа хийж байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Миний амьдралдаа баримталдаг зарчим бол хараат бус байх, бүтээлч байх, эерэг байх явдал. Тийм ч учраас манай арга хэмжээ бүтээлч, шинэлэг бөгөөд ямар нэг улс төр, нийгмийн байгууллага, хувь хүнтэй холбоогүй. Мэдээж The Color Event дээр ирж байгаа хүмүүсийн сэтгэл ханамж чухал. Өнгөрсөн жил зохион байгуулж туршлага суусан учраас энэ жил бэлтгэл сайтай байгаа шүү.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

The Color Event-ийн билет худалдаанд гарсан тул борлуулалтан дээр ажиллаж байна. Сайн дурынхнаа элсүүлж байна. Сошиал медиагаар сурталчилгаагаа мөн хийж байна даа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Монголд байгаагүй шинэлэг зүйл учраас ноднин оролцсон хүмүүс туйлын сэтгэл хангалуун байсан. Ийм гоё арга хэмжээ байсан юм уу гэсэн үгсийг сонсоод их урамшсан шүү. Ер нь иймэрхүү арга хэмжээ бүтээлч байхыг шаарддаг учраас эрэл хайгуул хийж, их юм сурдаг. Зорьсон ажлаа амжилттай хийчихээд үр дүнг нь харах маш гоё мэдрэмж.

Хэцүү бэрхшээлтэй асуудлууд цөөнгүй бий. Ноднин жилийн хувьд оролцогчид болоод ивээн тэтгэгч нар маань сайн ойлгохгүй байсан. Гадныхан бол тайлбарлуулахгүй ойлгодог. Ялангуяа энэ арга хэмжээг хэн, хаанаас зохион байгуулж байгаа юм, хэний захиалга вэ гэх асуулт олон хүнээс ирсэн нь түвэгтэй санагдаж байлаа. Монголд зүгээр л хөгжилтэй байя, цагийг сайхан өнгөрүүлье гэсэн арга хэмжээ болдоггүйнх юм уу, заавал аль нэг байгууллага, газартай холбох гээд байдаг нь анзаарагдсан.

Компаниудын хувьд маркетингийн тал дээр жаахан тааруу байна уу даа гэж бодогдсон. Тун аятайхан арга хэмжээтэй хамтарч ажиллаад, "тоглолт хийгээд" явах боломжийг сайн ойлгохгүй байх шиг. Мөн Монголд хэлсэндээ байдаггүй зан их байна. Гааль гэх мэт төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниуд хэлсэндээ хүрэхгүй байх, гэрээний дагуу ажиллахгүй байх, хариуцлага алдах асуудал их байдгийг үнэхээр мэдэрсэн шүү.

Тэрчлэн Улаанбаатар иймэрхүү арга хэмжээг зохион байгуулах томоохон газар Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгээс өөр байдаггүй юм билээ. Нэг бол хотоос холдчих гээд, хотод ойр гэхээр олдохгүй. Үүнийг цаашдаа хот төлөвлөлтдөө анхаармаар л санагдсан.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.