Мэдүүштэй   08 сарын 11, 2016

ФЭЙСБҮҮКИЙН ХЭРЭГЦЭЭТЭЙ БӨГӨӨД СОНИРХОЛТОЙ 8 ГРУПП

Өнөөдөр бид фэйсбүүк дэх хэрэгцээт, сонирхолтой группуудийг онцолж байна. Хүн хүн өөр өөрийн онцлогтой, сонирхолтой, түүнийгээ дагаад элсэх группууд нь ч өөр өөр хэдий ч энд онцолж буй группууд бол харьцангуй хүн бүрийн сонирхдог, нийтлэг сэдвүүдээр дагнасан юм. Та эдгээр группийн гишүүн болж, мэдлэг туршлагаа солилцоорой.

Зугаатай хэл шинжлэл

2013 онд нээгдсэн энэ групп миний хамгийн дуртай группуудийн нэг. Энэ групптэй ойр байвал зөв бичих дүрмийн талаар айлтгүй болно. Мэдэхгүй зүйлсээ асууж, мэддэгээ хэлж зөвлөж, хүмүүсийн бичиж буй зүйлс, харилцан ярианаас ихийг суралцах боломжтой. "Хэл бол бидний амин чухал хэрэглээний нэг. Хэл шинжлэл ч зугаатай байж болно" гэж группийн танилцуулгад бичсэнчлэн үе үе зарим хүний оруулсан бичлэгүүд таныг хөгжөөнө гэдэгт эргэлзэхгүй байна. Одоогоор 29 орчим мянган гишүүнтэй.

Зочлох: Зугаатай хэл шинжлэл

Орчуулгын тухай ярилцъя

Орчуулга хийх шаардлага ихэнх хүнд тулгардаг. Гэвч орчуулга хийх амаргүй. Тэгвэл энэ групп танд тус дэм болно. Гэхдээ энд мэдэхгүй үг бүрээ асууж болно гэсэн үг биш. Энэ групп толь бичиг биш бөгөөд толь бичиг ашиглаад ч ойлгохооргүй түвэгтэй зүйлсийг асуух, орчуулах эрдмийн тухай ярилцах, орчуулгатай холбоотой мэдээллийг хуваалцах талбар юм. Одоогоор 23 мянга орчим гишүүнтэй, орчуулга оролддог хийгээд (олон хэлний) мэргэжлийн орчуулагчид цугласан групп юм.

Зочлох: Орчуулгын тухай ярилцъя

Expats in Mongolia - Mongolian Expat Community

Монголд ажиллаж амьдардаг гадаад иргэдийн групп. Нэг нэгийнхээ мэдлэг туршлага, мэдээллийг ашиглан Монголд ая тухтай, амгалан тайван амьдрах үндсэн зорилготой групп гэж хэлж болно. Тиймээс бүх зүйлс англи хэлээр. Энэ группээс та гадаад иргэд Монголд ямар асуудлуудтай тулгардгийг, эндхийн ямар зүйлсийг таалдаг болохыг олж мэднэ. Монголчууд ч цөөнгүй байдаг ба гадны иргэдэд мэдээлэл өгч, мэдээлэл авч харагддаг. Одоогоор 11 орчим мянган гишүүнтэй.

Зочлох: Expats in Mongolia - Mongolian Expat Community

UB Foodies

Энэ группт амтат хоолыг таашаадаг, сайхан хоолыг ихэд чухалчилдаг хүмүүс цугладаг. Гишүүд хаа нэгтээ идсэн амттай хоолныхоо зургийг хийж, Улаанбаатарт нээгдсэн шинэ содон ресторануудад орж үзсэн туршлагаа хуваалцдаг. Энд монгол, англи хэлээр аль алинаар нь үзэл бодлоо илэрхийлж болох ч англиар бичсэн нь давамгай харагддаг. Мөн групп доторх UB Foodies Recommended нэртэй файлаас хотын хамгийн алдартай, сайн ресторануудыг утасны дугаарыг харах боломжтой. Үйлчилгээ, амт чанар муутай хоолтой ресторануудын талаар бухимдсан бичвэр нэлээд харагддаг ба группийн зүгээс ингэхээсээ өмнө тухайн газрын менежертэй ярьж асуудлаа шийдэхийг зөвлөдөг. Одоогоор 38 орчим мянган гишүүнтэй.

Зочлох: UB Foodies

Технологид дурлагсад

Саяхан нээгдсэн ч гишүүдийн тоо нь хурдацтай нэмэгдэж буй групп. Голдуу шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмжүүдийн мэдээ, тойм ордог. Энэ групптэй ойр байвал та сүүлийн үеийн технологи, аварга компаниудын шинээр хийж байгаа зүйлсийн талаар цаг алдалгүй мэдэж авна. Дэл сул, ач холбогдол багатай бичвэр бараг харагдаагүй нь их таалагдсан шүү. Одоогоор 15 орчим мянган гишүүнтэй.

Зочлох: Технологид дурлагсад

Дэлхийгээр аялагчид. World Wanderers

Аялах дуртай, юм үзэж нүд тайлах сонирхолтой хүмүүсийн нэгдэх газар. Аялагчид туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцдог. Мэдээж гишүүд аяллын зургуудыг оруулж, үзсэн газрынхаа сониноос дуулгадаг. Энэ группт элсэж, идэвхтэй хардаг бол аялах сонирхол тань улам нэмэгдэх байх. Зөвхөн гадагшаа аялах гэлтгүй дотоодын аялал, очиж үзэх хэрэгтэй газруудын тухай гишүүд нийтэлдэг юм билээ. Одоогоор 45 орчим мянган гишүүнтэй.

Зочлох: Дэлхийгээр Аялагчид. World Wanderers

Гэрэл зураг сонирхогчдын facebook групп 

Гэрэл зураг сонирхогч хэн бүхний авсан зургаа хуваалцах, бусдын зургийг үзэж сонирхох талбар. Нүд баясгаж уулга алдуулам зургуудыг, гэрэл зурагчдын өөр өөр арга барилыг эндээс та олж харна. Гэрэл зураг сонирхдог бол та заавал нэгдэх хэрэгтэй. Харин гэрэл зургийн хэрэгсэлтэй холбоотой зар мэдээллийг оруулдаггүй журамтай юм билээ. Хэрвээ ийм хэрэгцээ бий бол энэ групп рүү ороорой. Одоогоор 98 орчим мянган гишүүнтэй томоохон группуудын нэг.

Зочлох: Гэрэл зураг сонирхогчдын facebook групп

Монголын түүх гэрэл зурагт

Өмнө дурдсан групп илүү уран сайхны чиглэлтэй бол энэ групп Монголын түүхэнд холбогдох үйл явдлын агшин, жирийн болон нэр алдартай хүмүүсийн амьдрал, үйл хэргийг харуулсан гэрэл зургаар дагнажээ. Та Монгол орныхоо үүх түүхийг илүү сайн мэдэхийг хүсдэг бол, түүхэн гэрэл зураг сонирхдог бол энэ группт элсэж, ховор нандин зургуудыг үзэж сонирхоорой. “Хамаг бүхэн бороо мэт арилахад харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг дээ. Уг групп 59 орчим мянган гишүүнтэй.

Зочлох: МОНГОЛЫН ТҮҮХ гэрэл зурагт

Та энд дурдагдаагүй, үр ашгаа сайн өгдөг группуудийг доор санал болгоорой.

37309   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.