Онцлох Бизнес

Онцлох бизнес: Berrymisu - Амттай, амархан, хөгжилтэй

08 сарын 08, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


18500   3




Амттанд дуртай уншигчдыг маань баярлуулах нэгэн бизнесийг бид өнөөдөр онцолж байна. Шоколадтай брауни, луувантай капкэйк, шоколадтай жигнэмэг гэх мэт арааны шүлс асгаруулам амттануудыг гэртээ гараа гарган хийх боломжийг Berrymisu танд олгоно. Cooking is art, baking is science гэдэгчлэн жор олох, орцуудыг олж авах, тэгээд хэмжээг нь тохируулах гээд цаг авсан, түвэгтэй ажлуудаас болж хүмүүс хэдий хүссэн ч тэр болгон гэртээ амттан хийгээд байдаггүй. Харин энэ процессыг тэд хялбарчилж, таны захиалгыг аваад орц, жорыг нь нэг дор бэлтгэн савлаад маргааш нь хүргэж өгөх юм. Ингээд тун шинэлэг энэ бизнесийг эрхлэгч бүсгүйчүүдтэй ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: Berrymisu
Хаяг: Орчлон сургуулийн хойно, Сэлбэ хотхон
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 7-р сар
Үүсгэн байгуулагчид: Г.Мөнх-Ариун, Э.Номинзул, Н.Нинжин, Н.Сарангуа
Ажилтны тоо: 4
Вэб: www.berrymisu.com, Berrymisu (фэйсбүүк)

Зүүн гараас: Г.Мөнх-Ариун, Э.Номинзул, Н.Нинжин, Н.Сарангуа

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Г.Мөнх-Ариун: Би багаасаа бялуу, амттан хийх дуртай байсан. Бялуу хийхэд мэдээж янз бүрийн хүндрэл бэрхшээл тохиолдоно, тэр болгоныг судлаад учрыг нь олоод явдаг байсан. Найзуудад маань ч асуудал их тулгардаг байсан учир энэ яаж хийх вэ, тэрийг хийх вэ гэж надаас асуудаг байсан. Мөн хүссэн амттанаа хийх орцуудыг олоход хэцүү байдаг. Олж авлаа ч гэсэн нэг удаагийн биш том хэмжээгээр голдуу байдаг учраас үнэтэй. Тиймээс ер нь асуудлыг шийдвэл яасан юм бэ гэж найзуудтайгаа санаа сэтгэл нийлэн энэ бизнесийг эхлүүлсэн юм.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Хөрөнгө оруулалтаа бид дундаасаа гаргасан.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Г.Мөнх-Ариун: Номинзул бид хоёр 10 жилийн ангийн найзууд. Харин Сарангуа, Нинжин бид гурав их сургуулийн найзууд. Тэгээд удалгүй дөрвүүлээ үерхдэг болсон юм.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Бүгд: Манай бизнес Монголдоо шинэлэг санаа. Энэ санааны онцлог гэвэл 3 зүйл бий. Тэр нь амттай, амархан, хөгжилтэй гэсэн санаа юм.

Нэгдүгээрт, бид тухайн багцынхаа жорыг судалж, туршиж, эцсийн бүтээгдэхүүн нь маш амттай байхаар бэлэн болгодог. Амттай зүйлд дургүй хүн гэж үгүй. Амт бол манай бизнесийн хамгийн чухал зүйл.

Хоёрдугаарт, манай жороор эцсийн бүтээгдэхүүнийг хийхэд маш хялбар, зааврыг хараад хэн ч хийх боломжтой. Орцуудын хэмжээг яг тааруулан савлаж, зааврыг маш дэлгэрэнгүй бөгөөд англи монгол хэлээр бичсэн байгаа. Амттан хийх нь тун амаргүй, бүтэлгүйтэх тохиолдол олон гэдгийг бид сайн мэднэ. Харин манай багцыг хэрэглэвэл ийм асуудал гарахгүй. Англи хэлээр заавар гаргах нь амттанг хэрхэн хийх талаар бие даан интернэтээр судлахад нэмэртэй байдаг юм.

Гуравдугаарт, амттанаа хийх үйл явц маш хөгжилтэй байх болно. Хүмүүс хайртай хүнтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ гээд хамт хийвэл цагийг сайхан өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Дэлгүүрээс авсан амттан, өөрсдөө хийж халуунаар нь, уурыг нь савсуулан гаргах амттан хоёр тэс өөр шүү. Ер нь амттан хийх нь стресс тайлж, хүнийг төвлөрүүлдэг онцлогтой. Тийм ч учраас манай багцуудыг бэлгэнд өгөхөд нэн тохиромжтой.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Монголчуудыг амттан сайн хийдэг болгох, бэйкинг хийх соёлтой болгох нь бидний зорилго гэж хэлж болно. Шинэлэг санаа учраас одоохондоо зах зээл хэр хүлээж авах нь уу гэж хүлээж байна. Хэрэглэгчдийн хандлагаас дараа дараагийн зорилтуудаа тодорхойлоод явах болно.

Ойрын зорилго гэвэл шинэ бүтээгдэхүүний багц нэмж гаргах, бүтээгдэхүүнээ хотын төвд нэг байршилд зарах.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бүтээгдэхүүнээ шинээр нь хүргэхийг зорьдог. Манай багцыг 5 хоногийн дотор хэрэглэх ёстой байдаг. Орцонд нь өндөг багтдаггүй, өндгөө хэрэглэгч маань шинээр нь авах ёстой учраас. За тэгээд амттан хийх үйл явцаасаа таашаал аваасай гэдэг үүднээс бүтээгдэхүүний өнгө үзэмж, савлагаан дээр их анхаардаг юм. Бид өөрсдөө нэлээд шаардлага өндөртэй хүмүүс учраас бүтээгдэхүүн маань дагаад чанартай гардаг гэхэд эргэлзэхгүй байна.

Түүнчлэн хэрэглэгчдийнхээ санал сэтгэгдлийг байнга сонсохыг эрмэлзэж, үйл ажиллагаандаа тусгахыг хичээдэг.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Хэрэглэгчдийн нэлээд асуудаг тирамису зэрэг түгээмэл амттаны багцыг гаргана. Мөн багцуудаа төрөлжүүлж, заавал дуковка ашиглалгүй хийж болдог бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

Мөн маргааш Wine and Canvas арга хэмжээнд дээр амталгаа хийх гэж гэж байна. Ер нь амталгаа хийх ивэнтүүдийг зохион байгуулъя гэж бодож байгаа. Амталгаа хийж үзээд хүмүүс яг ямар амттанд илүү дуртайгаа олж нээдэг юм. Яваандаа сургалт ч хийж магадгүй.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Манай бүтээгдэхүүнээр анх удаа амттан хийлээ, би чадлаа гэсэн мессежүүд ирэхэд их сайхан байдаг шүү. Бид бас Berrymisu бол найзуудын бизнес гэдгээ тодотгохыг хүсдэг. Хоорондын нөхөрлөл маань эерэг энерги өгдөг гэж итгэдэг учраас. Ер нь хүн амттан хийхэд сэтгэл санаа нь сайхан болдог бичигдээгүй хуультай.

Нөгөө талаас одоохондоо шинэлэг зүйл учраас манай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн гэж андуураад байдаг тал бий. Үүн дээр бид анхаарч ажиллах болно.

ХАМГИЙН БОРЛУУЛАЛТ САЙТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Нэгийг нь онцолж хэлэхэд хэцүү л дээ. Бүгд өөр өөрийн гэсэн онцлог амттай.

Гэрэл зургийг Б.Ганчөдөр

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.