Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   08 сарын 06, 2016

"Миний ажлын ноу-хау" номын хэсгээс

Зохиогч Ц.Оюунгэрэлийн "Миний ажлын ноу-хау" номыг 2010 онд хэвлэгдсэнийх нь дараахан, их сургуулиа дөнгөж төгсөөд байсан миний бие олж уншаад ихэд олзуурхаж билээ. Энэ номыг ажлын гараагаа эхэлж буй залууст зориулан бичсэн болохоор арга ч үгүй биз ээ. Сургуульд зааж өгдөггүй, зөвхөн тухайн ажлыг хийж үзсэн, хийж чадсан хүнээс суралцсан эрдмийг ноу-хау (know-how) гэдэг. Зохиогч 1988 онд ЗХУ-д их сургууль төгссөн цагаасаа хойш туслах нягтлан бодогч, гэрээ эрхийн мэргэжилтнээс эхлээд загвар өмсөгч, үдэшлэг хөтлөгч, англи хэлний курсийн багш, төслийн менежер, дээд сургуулийн багш, нийтлэлч гээд 20 орчим ажлыг хийж үзсэн аж. Уг номд улс төрийн ажил албуудаа албаар бичилгүй орхисон гэхээр үнэхээр олон ажлын жаргал зовлонг мэдэрч явжээ. Тэрээр энэ ажлуудыг яагаад хийх болсон, хийж явахдаа ямар асуудлуудтай тулгарч байсан, тэндээс юу юу сурсан бэ гэдгээ сонирхолтой хэлбэрээр хүүрнэж, ажил болгоны буюу бүлэг бүрийн төгсгөлд "Аминчхан зөвлөгөө" нэрийн доор залууст зөвлөгөө өгсөн бий. Эдгээрээс бид есийг нь түүвэрлэн хүргэж байна. Мөн хамгийн сүүлийн "Ажилтай байх ноу хау" бүлэгтээ зохиогч 19 зөвлөгөөг тусгайлан бичсэнийг та бүхэн номыг нь олж аваад үзээрэй.

1. Бичгийн чадвар бол ажлын хамгийн том зэвсгүүдийн нэг. Энэ зэвсгийг хэр зэрэг эрт, хэрэг зэрэг сайн эзэмшинэ, таны ажлын амжилт төдийчинээ эрт эхэлж, хол явна.

2. Биеийн хүчний ажил хийхэд бэлэн бай. Ажлын байран дээр тоос тортогт дарагдах нь ажлын нэгэн амт юм. Тоос, тосонд хутгалдаж, хүндийг өргөж, уртыг туулж, бохирыг цэвэрлэж, халуунд халж, хүйтэнд хөрч үзэж байж өөрийнхөө болон хүний ажлыг шударгаар үнэлж чаддаг болно. Биеийн хүчний ажил хийж үзээгүй хүн бусдын хөдөлмөрийг дорд үздэг "цагаан гартан" болдог.

3. Өөрийгөө нээхээс бүү ай. "Хүн бол олон хуудастай ном юм" гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Та өөрийнхөө сайн муу талыг нээж чадалгүй олон жил өнгөрсөн байвал номынхоо зарим хуудсыг сөхөж хараа ч үгүйтэй адил. Тиймээс саваагүй ч гэмээр зарим ажлыг оролдож, өөрийгөө турш. Загвар өмсөх, бүжиг хийх, дуу дуулах, спортын багт орох, техник хийх, турших гэх мэт үндсэн ажилд тань хамаагүй хэрнээ таныг хувь хүнийх нь хувьд баяжуулж, сонирхолтой байлгах зүйлд зориг гарган оролцож бай.

4. Ярьж сур. Хүнд ойлгомжтой хэлээр ярьж сурах нь чухал. Мэдлэг боловсролтой олон хүн бусдад асар их мэдээлэл түгээдэг боловч түүнийгээ жирийн хүнд зориулагдаагүй хэлээр ярьдаг. Хүүхэдтэй хүүхдэд ойлгомжтой хэлээр, өндөр настантай түүнд ойлгогдох хэлээр, орон нутаг, мэргэжил, сонирхлоороо ялгаатай хүмүүст тэдэнд ойлгомжтой үгээр ярьж сурах нь хамгийн хэцүү зүйл байдаг. Түүний дараагийн шатанд тэдгээр бүх өөр өөр сонирхолтой хүмүүст бүгдэд нь ойлгомжтой хэлээр ярьж сурах чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол өөрийнхөө ажлыг бусдад ойлгуулж, тэдний дэмжлэгийг авахад туслах хамгийн чухал чадваруудын нэг юм. Орчин үеийн инженер, бизнесмэн, улс төрч, эрдэмтэн, багш, эмч нарын ярих чадвараас хөгжилд хөрөнгө оруулалт татах, орон нутгийн иргэдийн хүч, дэмжлэгийг олох асуудал хамаарч байна. Хүмүүст ойлгомжтой үгээр ярихаас татгалздаг газарт хүний эрхийн зөрчил их гарч, тэгш бус байдал, тэр ч байтугай авилга газар авч байна.

5. Зүгээр л амьдар. Заримдаа зүгээр л амьдрах шиг сайхан зүйл үгүй. Ямар нэгэн зүйлд тэвдэлгүй, гэр орон үр хүүхдээ харж зүгээр л амьдрах гэдэг завгүй болсон үедээ мөрөөдөөд ч, мөнгө төлөөд ч олж авч чадахгүй жаргал юм. Хэрэв амьдрал өөрт чинь ийм боломжийг хааяа ч гэсэн олгосон бол аз жаргалтай бай.

6. Компьютерт арван хуруугаараа бичиж сур. Өөрийн мэддэг бүх хэлээр арван хуруугаараа бичиж сурахыг хичээ. Толгойд орсон бүхнээ тэр дор нь буулгах чадвар хөдөлмөрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ. Компьютерт мэдээлэл шивэх зэрэг техник үйлдлийг аль болох бага цагт амжуулж сурах нь бүтээлч ажил, шинэ санаа гаргах цагийг төдийчинээ их болгож өгдөг.

7. Спортын ядаж нэг төрлөөр хичээллэ. Ямар төрлийг сонгохоо шийдэж чадахгүй бол явган аялж, гүйлтээр хичээллэ. Их ядарсан үедээ хоолны дараа мультивитамин уугаад 10 минут гүйж үз. Хацар улайж, цусны эргэлт сайжран бие сэргээд ирэх вий. Биеийн тамир, витамин хоёртой нөхөрлө. Витамин нь хүнийг хөгшрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг сул хүчилтөрөгчийг (0) нэгтгэн авч биеийг амраадаг.

8. Нууцтай бай. Нууц тань өчүүхэн жижиг, хүнд хоргүй байх тусмаа сайн. Гэхдээ л өөрийн гэсэн нууцтай байх сайхан байдаг. Нууцхан бичсэн шүлэг, нууцаар эхэлсэн зохиол, нууцхан хийж буй судалгаа гээд өөрийнхөө ирээдүйн зорилгын төлөө нууцхан хийж буй хөдөлмөр бүхэн нэгэн цагт хүнд хэрэгтэй, олон түмэнд хэрэгтэй сайхан гэнэтийн бэлэг болох нь гайхалтай байдаг.

9. Сайн кинонууд шилж үз. Сайн кинонд маш олон хүний хүч хөдөлмөр, ухаан шингэсэн байдаг. Хүмүүс юмыг яаж сайн хийж чаддагийг сайн бүтээгдэхүүн, сайн бүтээл, сайн киноноос суралцаж бай. Сайн замаар явж үз, сайн цутгасан цементийг илж үз, сайн барьсан байшинг шинжиж үз. Сайн барааг таньдаг бай. Тэр сайн стандарт руу дандаа тэмүүлж бай.

21112   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.