Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   08 сарын 05, 2016

"Рио 2016"-аас хариулт хүлээж буй 5 асуулт

Хүн төрөлхтөний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны олимпийн 31-р наадам маргааш өглөө эхлэх гэж байна. Unread өнөөдрийн нийтлэлээрээ тус олимпоос хариулт хүлээж буй онцлох 5 асуултыг нэрлэлээ. 

Монголчууд түүхэн амжилтаа үзүүлж чадах уу?

Мэдээж бидний хамгийн их сонирхож буй, анхаарал татаж буй асуулт бол Монголын шигшээ баг хэдэн медаль хүртэх вэ гэх асуулт байх нь гарцаагүй. Монголын олимпийн шигшээ баг нийт 43 тамирчинтайгаар Риог зорьж байгаа нь урьд өмнө байгаагүй том бүрэлдэхүүн болж байгаа. Энэ хэрээр ард түмний хүлээлт нэмэгдэж, сайн амжилт харж суугаа нь тодорхой юм. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, 6 дахь олимпдоо цэц сорих О.Гүндэгмаа тэргүүтэй манай шигшээ багт медаль хүртэх, түүн дотор аваргалах найдвар тавьж буй олон тамирчин байгаа учир ингэх нь аргагүй. Бараг бүтэн багаараа оролцож буй жүдогийн шигшээ, алтан үеэсээ хойших оргил амжилтаа үзүүлж буй чөлөөтийнхөн, туршлагатай тамирчдаас бүрдсэн буудлагынхан, хэнийг ч буулгах боломжтой боксынхон гээд топ 4 спортын төрлөөс гадна хүндийг өргөлт, хөнгөн атлетик, байт харваа, таэквондо болон усанд сэлэлтийн тамирчид Риод өрсөлдөх юм. Гэхдээ газарзүйн байршил, цагийн зөрүү, уур амьсгалын саад бэрхшээлийг бодолцож үзэх хэрэгтэй. Юутай ч Бээжинд 2 алт авч, Лондонд 5 медаль хүртэн олимпоос олимпод дээд амжилтуудаа эвдэж буй шигшээ багийнхан маань энэ цувралаа үргэлжлүүлж чадах эсэх нь бидний хувьд хариулт хүлээж буй хамгийн том асуулт байх болно.

МҮОХ: Рио 2016 олимпийн эргэн тойрон дахь мэдээг албан ёсны эх сурвалжаас

Зохион байгуулалтын асуудал?

Эдийн засгийн хямралтай нүүр тулж, авилгал хээл хахуулийн хэргүүд ээлж ээлжээр сөхөгдөж, ерөнхийлөгчөө хүртэл огцруулчихаад байгаа Бразил улс олимпийн өмнө үргэлж "сөрөг" мэдээллээр олон улсын хэвлэлийн нүүрийг чимж байв. Ард иргэд нь зардал хэт их гаргаж буйд гомдоллож, эсэргүүцлээ илэрхийлж, ажилчид нь цалингаа голон ажил хаялт зарлаж, бослого дэгдээж, аюулгүй байдал, дэд бүтцийн асуудлууд эцсийн мөч хүртэл тодорхойгүй л байлаа. Тамирчдын тосгонд ихэнх зүйл нь бэлэн бус байна, метро нь одоо л ашиглалтанд орж байна, 00 нь ажиллахгүй байна, эмнэлгийн хувийн өрөө ч байхгүй байна, гэмт хэрэг, хулгай дээрэм хэт их байна зэрэг олон гомдол, шүүмжлэлү одоог хүртэл ирсээр л байна. Ядаж байхад Зика вирусын шуугиан намдаагүй л байна. Гэхдээ энэ мэт "тархи угаасан" мэдээллүүдийн үнэн нүүр царай нь тун удахгүй ил болох болно. Магадгүй олимпийн талбар дахь "аваргуудын" гайхалтай тулаан энэ мэтийг дарчих ч юм бил үү? Түүхэн дэх хамгийн муу ПР-тай гэгдэж буй олимпод бид эцсийн дүнгээ 22-ны өдөр тавина.

CheatSheet: Риогийн талаарх хамгийн муу 5 мэдээ

Олимпийн нээлт ямаршуухан болох бол?

Аливаа олимпийн наадмыг хожмоо санан дурсах дурсамж нь болдог, хүлээлтийг тодорхойлох эхний цэг нь болдог нээлтийн ажиллагаа өнөө шөнө болох гэж байна. Бразилын ард түмний соёл, уламжлал, хөгжил болон түүхэн замналыг харуулах учиртай энэ арга хэмжээг дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа. Оскарын шагналд хүртэл нэр дэвшиж явсан, чадварлаг найруулагч Фернандо Мэйрэллэшийн найруулж буй энэхүү нээлтийг "хамгийн секси, хамгийн эрчтэй, хамгийн цоглог" болно хэмээн үнэлж буй экспертүүдийн хүлээлтийг ч үгүйсгэх аргагүй. Анхны төсөв 110 сая доллар нь бараг 2 дахин буурч, Лондоноос 12 дахин бага төсөвтэйгөөр, мөн анх төлөвлөж байсан 3000 жүжигчин-оролцогчийнх нь тоо 700 болтол багассан ч, нээлтийн ажиллагаа өглөө эртлэн босож үзэх ёстой үйл явдал мөнөөс мөн. Урьдчилсан байдлаар дэлхийн түүхэн дэх хамгийн агуу хөлбөмбөгчин Пеле галт бамбарыг асаах гэнэ шүү. Дээрээс нь алдарт Мараканад нээлт болно. Нээлт Улаанбаатарын цагаар өглөөний 08:00 цагт явагдах юм.

NYMag: Нээлтээс хүлээх зүйлс

Оросын допинг скандал олимпийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлөх бол?

Олимпийн наадмын өмнөх хамгийн анхаарал татаж байсан асуудал бол спортын их гүрэн ОХУ-тай холбоотой допингийн скандал юм. Олон Улсын Допингийн Эсрэг Агентлагаас Оросын тамирчдын төрөөс санхүүжилттэй, тагнуулынхны оролцоотой допинг хэрэглэдэг, үр дүнг луйварддаг системийг илчилж, олимпоос хасах саналыг ОУОХ-нд тавьсан нь шуугиан дэгдээсэн. 50 тэрбумыг Сочи 2014-д зарцуулсан, саяхан л "хамгийн сайн" найз нь явсан Орос гэсэн түнштэйгээ муудалцахыг хүсээгүй ОУОХ спорт холбоодод шийдвэр гаргах эрх өгч, улмаар 100 гаруй тамирчид, хөнгөн атлетик, хүндийг өргөлт зэрэг төрлүүдээс л Оросын тамирчид хасагдаж, 271 тамирчин Риод оролцох боломжтой боллоо. Энэхүү допингийн скандал спортын хүрээлэлд том цохилт болж, допингийн шинжилгээ шалгалтыг эрчимжүүлэх, чангажуулах сэдэл болоод байна. Листэнд багтаагүй ч амжилтанд нөлөөлөх чадвартай бэлдмэл хэрэглэх явдал спортын цэвэр-шударга гэсэн өнгө төрхөнд ч нэлээд нөлөөлөх шинжтэй. Олимпийн дараагаас үүнтэй холбоотой том шийдвэр, шинэчлэлүүд ч хийгдэх хүлээлт байна.

BBC: Оросын 271 тамирчин оролцох эрхтэй боллоо

Хэн энэ тэмцээний гол од нь байх вэ?

Энэ цаг үеийн спортын ертөнцийн өнгийг өөр өөрийн төрөлдөө тодорхойлж буй шилдгүүд Риод чуулах болно. Бүх цаг үеийн хамгийн амжилттай олимпийн тамирчин Майкл Фелпс эргэн ирснээр усанд сэлэлтийн төрлийн өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна. Мөрөөдлийн баг үргэлжид л "мөрөөдлийн" гэмээр тоглолтыг сагсан бөмбөгийн төрөлд үзүүлдэг байсан. Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт ч 3 олимп дараалан 3 алт хүртэх том зорилготой ирсэн. Нэймар тэргүүтэй Бразилын хөлбөмбөгчид ч нутагтаа анхны олимпийн алтаа авах чухал даалгавартай тоглох болно. Энэ мэт олон шилдгүүд дундаас хэн нь цоорч, энэ олимпийн нүүр царай, гол супер од нь болох бол? Аль улс нь нийлбэр дүнгээр тэргүүлж, өмнөх амжилтаа ахиулах бол? Анх удаа олимпийн их гэр бүлд багтсан регби болон гольфийг оролцуулаад 28 спортын төрөлд 306 багц медалийн төлөө 205 улсын 10 мянга гаруй тамирчид Риод өрсөлдөх билээ.

CNN: Риод оролцож буй хамгийн онцлох тамирчид хэн бэ?

12703   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.