Мэдүүштэй

Эрчүүдэд зориулсан 4 вэбсайт

08 сарын 04, 2016


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan
@batzaya


9652   1




Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж хатриулсаар хүрч ирэв. Цагаан даавуу алчуураар толгойгоо ороожээ. Ширэлдсэн хар гэзэгний сэрвийсэн хэдэн үс нь шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Өнөөдрийн халууныг ч хэлэх үү хурдхан шиг тав хийгээд мориноосоо буун, тас хийтэл жолоогоо сойгоод, тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрийнхээ хөлсийг арчиж булан нь элэгдсэн Macbook Pro-гоо нээн вэб хөтөч дээрээ товшлоо. Эвий минь гэж, эрчүүдэд зориулсан вэбсайтууд аа дээ гэж, мөн ч цөөхөн юм даа халаглан бодож дараах дөрвөн сайтаар зочлон суухуйд гартаа барьсан "мөсөн мөлжүүр" нь хайлж авай.

The Art of Manliness

2008 онд энгийн нэгэн блогоор эхэлж байсан "Эр хүн байх урлаг" хэмээх сайт нь одоо эрчүүдэд зориулсан хамгийн том биеэ даасан онлайн сэтгүүл болтлоо өргөжжээ. Эхнэр, нөхөр болох Брэтт болон Кэйт МкКэй хамтран хөтөлдөг уг сайтаас эр хүн байхын утга учрын талаар сонирхолтой нийтлэл, зөвлөгөөнүүдийг уншиж болно. Нийтлэлүүдээ багцсан "Эр хүн байх урлаг" болон "Эр хүний 7 зарчим" хэмээх хоёр номыг гаргасан нь бестселлер болсон юм.

Зочлох:
http://www.artofmanliness.com/

GQ.com

1957 онд анхны дугаар нь гарч байсан GQ (Gentlemen's Quarterly) олон улсын сэтгүүл нь эрчүүдэд зориулсан хамгийн том цаасан болон онлайн хэвлэлүүдийн нэг юм. Нью Иоркоос гаралтай уг сэтгүүл эрчүүдийн хувцаслалт, үс засалт, стиль, соёл, этик, хоол, фитнесс, хөгжим, эрүүл мэнд, аялал жуулчлал, спорт, технологи, ном гээд бараг бүх л сэдвээр нийтлэлүүд гаргадаг. "Оны онцлох эрэгтэй" хэмээн жил бүр шалгаруулдаг нь алдартай эрчүүдийн дунд хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг гэхэд болно.

Зочлох:
http://www.gq.com/

Esquire.com

Дээр дурдсан GQ сэтгүүлийн гол өрсөлдөгч болох эрчүүдийн Esquire сэтгүүл нь 1933 онд "Их Хямрал"-ын үеэр Америкт анх байгуулагджээ. Нийтлэл агуулгын хувьд үндсэндээ GQ-тай маш ойролцоо бөгөөд Америкийн медиа гигант Hearst-д 1986-нд зарагдсан юм.

Зочлох:
http://www.esquire.com/

ASKMEN.com

Askmen.com нь 18 сая гаруй давхардаагүй хандалт, 40,000+ үнэгүй нийтлэлүүдээрээ толгой цохиж буй эрчүүдэд зориулсан хамгийн том вэб портал юм. 1999 онд анх байгуулагдсан бөгөөд 2005 онд эрчүүдэд зориулсан #1 вэбсайт хэмээх шагналыг HitWise-аас гардуулжээ. Сайтын нийтлэлүүдээ багцлан гурван цуврал ном худалдаанд гаргасан байдаг.

Зочлох: http://www.askmen.com/

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.