Онцлох Бизнес

Онцлох бизнес: Nine Cocktails and Beer Bar - Шинэ амт, өөр мэдрэмж

08 сарын 01, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


11601   3




Их хотын маань төв гудамж дагуу нэгэн шинэ уушийн газар нээгджээ. Тухлах газрыг тань нэгээр нэмж, өөр мэдрэмжийг өгөхөөр зорьж буй Nine бүтээгдэхүүний олон сонголт, өвөрмөц засал, гадаа самбар дээр бичсэн сонирхолтой үгсээрээ бидний анхаарлыг татсан юм. Ингээд ерөнхий менежер Х.Тэгшжаргалтай ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: Nine Cocktails and Beer Bar
Хаяг: Улаанбаатар их дэлгүүрийн хойно, төв зам дагуу
Үйл ажиллагааны чиглэл: Ресторан бар
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 6-р сар
Үүсгэн байгуулагч: Б.Заяат, Х. Тэгшжаргал
Ажилтны тоо: 6
Цагийн хуваарь: 13-24 цаг
Вэб: Nine Cocktails and Beer Bar

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Манай захирал z24 Олон улсын билетийн кассыг эзэмшдэг юм. Тэгээд 50 орчим ажилтныхаа өдрийн хоолны асуудлыг шийдэх зорилгоор жижиг гал тогоо ажиллуулъя гэж төлөвлөж байсан нь энэ газрыг нээх үүдэл санаа болсон. Тэгээд энд төв зам дагуу байршил сайтай байр олсныхоо дараа бид ярьж байгаад санаагаа улам хөгжүүлж залууст зориулсан ресторан бар болгохоор шийдсэн. Олон төрлийн уух юмтай, хоолтой, залуус чөлөөтэй байж чаддаг орчинтой тийм газар нээсэн нь энэ юм.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Z24 Олон улсын билетийн касс буюу Айрбүүк компаниас бүх хөрөнгө оруулалтыг гаргасан.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Уух юм болон хоолны сонголт ихтэй. Коктэйл гэхэд 30 гаруй, пиво 52, хоол 30 орчим нэр төрлийнх байгаа. Коктэйлууд маань гэхдээ бусад газар байдаг хүмүүст дасал болсон коктэйлууд биш, шинэлэг амттай. Бас үйлчлүүлэгч хүссэнээрээ найруулуулан уух боломжтой. Ажилтнууд маань туршлагатай. Голдуу эмэгтэй бартендерууд ажилладаг. Үнийн хувьд манайх дундаждаа орно.

Дотоод заслын тухайд байгалийн элемент оруулж хийхийг зорьсон. Текэн дээр тухлах боломжийг бүрдүүлсэн нь баранд суух дуртай хүмүүст нэлээд таалагдаж байгаа шүү. Байршлын хувьд энэ хавьд жуулчны guest house олонтой учраас гадаадууд нэлээд орж ирдэг.

Мөн манай кофе хямдхан. Гадуур зарагдаж буй кофенуудтай адил чанартай ч 2500-3000 төгрөгийн үнэтэй. Кофеноос бол ашиг хардаггүй.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Цаашид Монголын үйлчилгээний байгууллагуудад нэвтрээгүй шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, түүгээрээ дамжуулан шинэ соёлыг бий болгох, үйлчлүүлэгчдэдээ цагийг хөгжилтэй сонирхолтой өнгөрүүлэх, хүмүүстэй танилцах боломжийг олгосон, зорьж ирэх дуртай газар нь болох зорилготой ажиллаж байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Мэдээж шинэ байгаа учраас үйлчлүүлэгчдийг санал сэтгэгдлийг их сонсож, үйлчилгээгээ сайжруулаад явж байгаа. Сэтгэл ханамжийг мэдээж чухалчилна. Ер нь барны соёл гэдэг зүйлийг бий болгоход хувь нэмрээ оруулахыг хичээж ажиллана. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч орж ирэхэд бартендар угтан ярилцаж, ямар амттай юм уумаар байгааг сонсон, ойр зүйлсийг ярилцан, чөлөөтэй байна гэсэн үг.

ТАНАЙХ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Жижиг сажиг засаж сайжруулах зүйлс дээр ажиллаж байна. Үйлчлүүлэгчид маань сонирхолтой авууштай саналуудыг хэлж байгаа. Жишээ нь гадаадад байдаг текэн дээрх хонхыг тавих гэх мэт. Энэ хонхыг дарсан хүн хүмүүст уух юм авч өгдөг. Кофетойгоо хамтатгаад десерт зарах талаар судалж байна.

Мөн хүмүүст танигдах тал дээр анхаарч байна. Жишээ нь UB Passport-той хамтран ажиллахаар ярьж байгаа. UB Passport-той хүмүүст хямдралтай үйлчилнэ гэсэн үг.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ ТАЛУУД?

Миний хувьд энэ төрлийн бизнест тав дахь жилдээ ажиллаж байна. Хүмүүсийн сэтгэлд хүрэхүйц сайн чанартай үйлчилгээг үзүүлж, сайшаал магшаал сонсож урамших нь сайхан байдаг. Рестораны бизнес ер нь амаргүй ч ажиллаад явахад олон зүйлийг суралцаж, өч төчнөөн хүнтэй танилцаж, тэр хэрээр найз нөхдийн хүрээлэл нэмэгддэг. Хөгжилтэй, сонирхолтой байдаг гэсэн үг. Хэцүү бэрхшээлтэй гээд байхаар зүйл одоохондоо байхгүй. Мэдээж шийдэх хэрэгтэй асуудлууд байнга гарч л байдаг. Тэр бүхнийг хэцүү гээд байх нь оновчгүй байх.

ХАМГИЙН АМЖИЛТТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Коктэйлоос гэвэл The Quick Fix-ийг хүмүүс авах дуртай. Өвөрмөц бөгөөд хүчтэй амттай коктэйл. Хоолноос төрөл бүрийн махтай сет их гардаг.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.