Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   07 сарын 30, 2016

"30 хүртэлх 30"-ын залуусын 8-р сард уншихыг санал болгож буй номууд

Харьцангуй ажил багатай зуны улирал 8-р сараар шувтарна. Тиймээс энэ сард амжаад хэдэн ном уншаад аваарай гэж сануулахын ялдамд бид ном сонгоход тань туслахаар Forbes Mongolia сэтгүүлийн "30 хүртэлх 30" жагсаалтад багтсан залуусаас дараах хоёр асуултыг асуулаа.

1. Та яг одоо ямар ном уншиж байна вэ?
2. Уншигчдад маань 8-р сард ямар ном уншихыг зөвлөх вэ?

Оксфордын их сургуулийн магистрант Ж.Тана

1. Яг одоо Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үүсгэн байгуулагч профессор Клаус Швабын бичсэн "The Fourth Industrial Revolution" (Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал) номыг уншиж байгаа.

2. Уншигчдад энэ номыг уншиxыг зөвлөнө. Өнөө цагийн технологийн хурдтай дэвшлүүд хийгээд эдгээр нь нийгэмд хэрхэн нөлөөлөх талаар дүгнэсэн ном. Аж үйлдвэрийн анхны хувьсгал нь уурын хөдөлгүүрт машин техникийн хөгжил (галт тэрэг, усан онгоц гэх мэт), 2 дахь нь цахилгаан эрчим хүчийг ашигласан масс үйлдвэрлэл, 3 даxь нь интернет, мэдээллийн технологийн хөгжил байсан бол, аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь цахим болон бодит ертөнцүүдийг холбосон системүүд юм. Робот, автомат хэрэгслүүд олширч, мобайл хэрэгслүүдээр үйл ажиллаагаа явуулж байгаа шинэлэг бизнесүүд улам бүр нэмэгдэж байгаа (Airbnb, Uber гэх мэт). Тэр хэрээр бидний мэдэх ажлын байрууд алга болж, одоогийн бизнесийн моделиуд хуучирч, хууль журмууд хүчингүй болж эхэлж байгаа. Энэ өөрчлөлтүүд урьд өмнө байгаагүй хурдтай явагдаж байгаа учраас бид бүгдээрээ энэ талаар ойлголттой, шинээр сэтгэх чадвартай байх хэрэгтэйг энэ номонд өгүүлсэн.

"Хөргөлт Сервис" компанийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал

1. Үйл ажиллагаа өргөжин тэлж буй компанид явуулах ёстой бодлого бол ажилтнуудын сургах, хөгжүүлэх, чиглүүлэх. Энэ чиглэлээр Harvard Business Essentials цувралын “Коучинг ба Менторинг” гэх номыг, Жак Магийн үүсгэн байгуулсан дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани болох Alibaba компанийн өнөөдрийн хүртэлх замнал, бизнесийн зарчмуудын тухай Данкан Кларкийн бичсэн “ALIBABA: The house that Jack Ma built” номнуудыг уншиж байна.

2.Бизнес эрхлэгчдэд зориулж: Харвардын бизнесийн сургуулиас гаргадаг Harvard Business Essentials цувралыг санал болгоно. Элдэв уран сайхны найруулгагүй товч бөгөөд тодорхой бичсэн, холбогдох материалиудыг онлайнаар авах боломжтой цуврал ном.
Хувь хүний хөгжлийн чиглэлээр: Бодо Шеферийн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь” ном санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд танд ямар ур чадварууд хэрэгтэй, ямар зарчим баримтлах ёстой тухай өгүүлдэг. 10 гаруй жилийн өмнөх ном ч унших бүр ухаж ойлгох зүйлс ихтэй ном.

Ikon.mn-ийн ерөнхий эрхлэгч Ч.Болортуяа

1. Монсударын орчуулан бэлтгэсэн "Дэлхийн түүх" зурагт лавлахыг харж байна. Гэр бүлээрээ үзэж, уншихад сонирхолтой ном юм. Мөн монгол хэлнээ "Өөдөө тэмүүл" гэж орчуулагдсан Шэйрил Сандбергийн "Lean in" ном их таалагдсан учраас дахиж англи хэл дээрхийг нь уншиж байгаа бөгөөд орчуулагчид Монгол хэлнээ хэрхэн буулгасныг харьцуулан уншихад их сонирхолтой байгаа.

2. Наймдугаар сар хүүхэд, багачуудын хувьд ч амралтын сар учраас гэр бүлээрээ унших боломжтой "Дэлхийн түүх" зурагт лавлахыг мөн санал болгож байна. Бүх насныхан өөрсдийн суурь мэдлэгээ бататгах, шинэчлэхэд хэрэгтэй ном билээ. Мөн Mind сангийн орчуулан бэлтгэсэн "Би өөрөө шийдсэн" солонгос романыг ихэд сонирхож, удахгүй худалдаж авч уншина гэж бодож байгаа. Энэ номыг уншигчдад ч бас санал болгож байна. Учир нь тус сангийн өмнө гаргасан номууд их таалагдсан юм.

Токиогийн их сургуулийн магистрант Д.Анударь

1. “Thinking, Fast and Slow,” by Daniel Kahneman. Нобелийн шагналт Даниел Каанеманы энэ номонд бидний оюун ухаан өөр хоорондоо тэс ялгаатай хоёр хэсгээс бүрддэг бөгөөд тэдгээр нь бидний өдөр тутамдаа зарим тохиолдолд өөрөө ч анзааралгүй гаргаж байгаа шийдвэрүүд, эсвэл нухацтай тунгаан бодсоны эцэст гаргаж буй шийдвэрүүдэд хэрхэн нөлөөлдөг тухай дэлгэрэнгүй өгүүлдэг. Тэрээр хоёр өөр байдлаар ажилладаг оюун ухааныг систем 1 ба 2 гэж нэрлээд, систем 1 ажиллахад өөрсдийн араншин, зуршил, анхдагч инстиктэд суурилан бид өөрсдөө ч анзаарамгүй хурдан шийдвэр гаргадаг бол систем 2 нь бидний насан туршдаа олж авсан мэдлэг, туршлага дээр суурилж, бид илүү их хүчин чармайлт, цаг хугацаа зарцуулан эргэцүүлэн бодсоны эцэст шийдвэр гаргадгийг тайлбарладаг.

2.
“Outliers: The Story of Success,” by Malcolm Gladwell (2008) Үг хэллэгийн хувьд харьцангуй энгийн тул нэг их тунгааж бодолгүй, хөнгөхөн уншаад дуусгах боломжтой ном. Зохиолч, сэтгүүлч Малкольм Гладвелийн энэхүү ном нь хүмүүс хэрхэн амжилтад хүрдэг талаар өгүүлдэг ба ихэнх тохиолдолд амжилт зөвхөн хувь хүний хичээл зүтгэлийн үр дүнд бий болдоггүй, харин үүн дээр нэмээд тухайн цаг үе, нөхцөл байдал, тэр хүнд олгогдсон “аз завшаан” гэх мэт маш олон хүчин зүйлс нөлөөлсний эцэст бий болдог тухай бичсэн. Тэрээр энэ номондоо “10,000 цагийн дүрэм” хэмээх сонирхолтой үзлийг гаргаж тавьсан нь хүмүүсийн сайшаал, шүүмжлэлийг ихээр дагуулсан.

“Emotional Intelligence: Why It Can Matter More Than IQ,” by Daniel Goleman (2005) Хэрвээ “Outliers”-аас илүү нухацтай ном уншихыг хүсвэл энэхүү номыг санал болгож байна. Энэ долоо хоногт Монголд зочлоод буцсан Алибаба Группын үүсгэн байгуулагч Жэк Ма залуучуудад хандаж хэлэхдээ, “IQ, EQ, LQ гэсэн гурван Q маш чухал” гэж захьсан байсан. Харин “EQ гэж юу вэ” гэсэн асуултад сэтгэлзүйч, шинжлэх ухааны сэтгүүлч Даниель Гоулмэний уг номноос хариултыг олох болно. Хувь хүн амжилтад хүрэхэд ухаантай байхад хангалттай буюу IQ хамгийн чухал гэж үзэж, хүн бүрийг багаас нь зөвхөн энэхүү хэмжигдэхүүнээр дүгнэж ирсэн нь ташуу бөгөөд юу юунаас илүүтэйгээр EQ өндөр байх нь яагаад чухал талаар номонд өгүүлнэ. Хүссэн дүнг нь өгөөгүйн улмаас багшаа гэмтээсэн “гоц ухаантан” сурагч, АНУ-ын ирээдүйн манлайлагчид хэмээн бэлтгэж байсан хамгийн өндөр IQ-тай сурагчидын дийлэнх нь хүссэн амжилтад хүрээгүй шалтгаан гээд маш олон бодит жишээн дээр тулгуурлан EQ-ийн чухлыг тайлбарладаг. Зарим тохиолдолд ойлгомжтой асуудал мэт санагдах ч дэлхийн өнцөг булан бүрт сэтгэл түгшээм, олон хүнийг хамарсан аймшигтай хэргүүд гарах нь нэмэгдээд буй өнөө үед “технологиор хүмүүжигдэж” буй хойч үеийнхэнд EQ-г зааж, сургах нь нэн чухал асуудал мэт.

“The Brain That Changes Itself: Stories of Personal Triumph from the Frontiers of Brain Science,” by Norman Doidge (2007) Сэтгэл мэдрэлийн эмч, психоаналист Др. Норман Дойжийн энэхүү ном нь неврологийн салбарын хамгийн сүүлийн ололт болох “невропластисити” буюу тархины өөрөө өөрийгөө өөрчлөх чадварын тухай бодит өвчтөнүүдийн түүх, эрдэмтэн судлаачдын судалгаанд тулгуурлан маш сонирхолтойгоор тайлбарласан ном. Миний итгэл үнэмшилд хамгийн ихээр нөлөөлсөн ном учраас боломж л гарвал хүмүүст санал болгож байдаг. Энэхүү номонд шинжлэх ухааны салбарт “тархи бол хэзээ ч өөрчлөгддөггүй, механик хөдөлгүүр мэт юм” гэсэн үзлийг няцаах ба харин эсрэгээрээ, тархи хором мөч бүр орчиндоо дасан өөрчлөгдөж, бидний туулж буй туршлага, сурч буй зүйл бүр ул мөрөө үлдээж байдаг тухай өгүүлнэ. Үүнийгээ тайлбарлахдаа тархиндаа цус харвалттай хүн хэрхэн эдгэсэн тухай, бага насны хүүхэд гадаад хэл сурахдаа яагаад илүү хурдан бөгөөд сайн сурдаг, том болсон хойноо шинэ зүйл сурахад яагаад илүү цаг хугацаа, чармайлт шаарддаг тухай, мөн орчны дуу чимээний бохирдол нярайн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж аутизм үүсгэж байгаа болон сэтгэцийн эмгэгийг хэрхэн эмгүйгээр, тархины өөрийгөө өөрчлөх “невропластик” чадварыг ашиглан эмчлэх боломжтой зэрэг маш олон сонирхолтой, бодитой жишээнүүдийг түүвэрлэн бичсэн.

47293   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.