Мэдүүштэй

Үзэх киногоо сонгоход тань туслах 6 вэб

07 сарын 28, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


28914   1




Зэрэг зэрэг нээлтээ хийж буй кинонуудаас зөв сонголт хийх, эсвэл "цаг алангаа", тэгсэн хэрнээ сүүлд нь харамсмааргүй бүтээл олж үзэх хэцүүхэн даваа хүн бүрт тулгардаг байх. Тэгвэл Unread энэ удаа чухам энэ тохиолдолд туслах буюу үзэх киногоо сонгохдоо зочилбол зохих сайтуудыг танилцуулж байна. 

IMDB

1990 онд байгуулагдсан, интернетийн хамгийн "хөгшин" вэбсайтуудын нэг IMDB бол кино сонирхогчдын хамгийн түрүүнд ордог зогсоол гэж хэлэхэд буруудахгүй. Дэлхийн киноны салбарт хийгдсэн "бараг" бүх кино, түүнд хэрэглэгчдийн өгсөн үнэлгээ, мөн тоглосон жүжигчид, арын албаныхны мэдээлэл энд бий. "Тэр кинонд тоглосон нөгөө хэн чинь өөр юун дээр гардаг билээ?", эсвэл "Энэ нөхрийг чинь хаана харлаа? Тэрний дүрд тоглосон мөн бил үү?" зэрэг түгээмэл асуултынхаа хариултыг та 10-хан секундын дотор олж, шалгах боломжтой. Ер нь IMBD-ийн үнэлгээний систем өөрөө тухайн киног амжилт олох уу, үгүй юу гэдгийг шийддэг нэгэн хүчин зүйл болчихсон гэхээр ямар ач холбогдолтой эд гэдэг нь ойлгогдоно. Мөн урьдчилан бэлдсэн жагсаалтуудыг рэйтингээр нь, төрөл жанраар нь, гарсан он зэргээр нь шүүгээд сонгох ч бололцоотой. Аппийг нь мөн утсан дээрээ татаад суулгачихсан байхад их зүгээр.

Зочлох: IMDB.com

Rotten Tomatoes

Киноны үнэлгээний хамгийн итгэл хүлээсэн систем Tomatoмеter-ийг шалгалгүйгээр кино үзвэл ёстой алдас болно. Маш цөөхөн тохиолдолд алддагийг эс тооцвол (The Prestige дөнгөж 76 хувь л авч байсан :D) киноны жинхэнэ шүүмжлэгчид, мэргэжилтнүүдийн өгдөг энэ үнэлгээ таныг гонсойлгоно гэж үгүй. Кино театрт мөнгөө дэмий үрчихлээ гэж халаглахаасаа өмнө энэ сайтаар орох нь ер нь зөв. Зөвхөн үнэлгээ, киноны тухай мэдээллээс гадна холливудад, киноны ертөнцөд өрнөж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд, тун сонирхолтой жагсаалтууд, нийтлэлүүд энд бий.

Зочлох: rottentomatoes.com

Flicksurfer

Өмнөх 2 сайтыг аль хэдийн мэддэг, эсвэл арай "түвэгтэй" санагдаж байна уу? Тэгвэл Flick Surfer-ийг санал болгоё. Reddit-ийн форумаас төрөн гарсан зуу зуун сайтуудын нэг болох уг сайтаас та хялбар байдлаар кинонуудаа олж болно. Маш хурдтай, энгийн дизайнтай гэдгээрээ ялгардаг Flick Surfer-өөс та кинонуудыг Rotten Tomato болон IMDb-ийн үнэлгээний дунджаар нь жагсаасан байдлаар харах боломжтой. Мөн киноны төрлөөр нь хайлт хийж, тухайг нь товчхон байдлаар үзэж, трэйлэрийг нь сонирхоорой.

Зочлох: flicksurfer.com

A Good Movie To Watch

Өмнө нь огт үзэж байгаагүй, гэхдээ сайн кино үзмээр байна уу? Тэгвэл танд A Good Movie To Watch яг тохирно. Бидний өмнө онцолж байсанчлан энд зөвхөн тийм л шалгуураар кинонуудыг багцалдаг. Сайн үнэлгээтэй хэрнээ бокс оффисоос амжилт олоогүй кинонууд энд бий. Хэдий зөвхөн Нетфликсд байгаа кинонуудаар хязгаарлагддаг ч та эндээс "азаа үзэн" кино сонгож, өөрийн сэтгэл санааны байдалд тохируулан кино үзэх боломжтой. Шинэ зүйлсэд дуртай бол заавал сонирхож үзэх ёстой сайт.

Зочлох: Agoodmovietowatch.com
Дэлгэрэнгүй: Мэдүүштэй вэб

Бонус: It Is Movie + Artfilm

Төгсгөлд нь монгол хэл дээр кинотой холбоотой контент нийлүүлдэг 2 сайтыг онцолж байна. 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй, миний мэдэх хамгийн идэвхтэй, уншууртай блог байсан Itismovie.mn өдгөө сайт болон өргөжөөд байгаа. Кинотой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ, трэйлэр, сонин хачныг дуулгадаг. Монгол кинонуудын мэдээлэл энд хамгийн түрүүнд тавигддаг гээд хэлчихэд буруудахгүй.

Зочлох: Itismovie.mn

Сонгодог болон артхаус киног Монголд таниулах чиглэлээр хамгийн идэвхтэй ажиллаж буй "Алтан Хальс" ТББ-ийн дэргэдэх Artfilm.mn бол монгол хэл дээрх хамгийн сайн киноны сантай бааз. 3000 гаруй киноны тухайг, трэйлэрийнх нь хамт төрөл төрлөөр ангилж оруулснаас гадна киноны хорхойтнуудыг нэг дор цуглуулж төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн жагсаалтуудыг нь сонирхож үзвэл шинээр үзэх киноны сонголт гарч ирнэ гэж мөрийцсөн ч алзахгүй.

Зочлох: Artfilm.mn

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.