Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   07 сарын 26, 2016

Миний хэрэглэдэг аппууд - MASA-гийн нарийн бичгийн дарга Б.Намнандорж

Апп тойм булангийн өнөөдрийн дугаарт өөрийн хэрэглэдэг ховор, "нандин" аппуудаа танилцуулах зочин бол Б.Намнандорж. Эрдэмт ТББ-аар дамжуулан залууст чиглэсэн олон уулзалтыг зохион байгуулж, Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нийгэмд хандсан төслүүдэд гар бие оролцдог энэ залуу өдгөө Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Шинээр гарсан, шуугиан тарьсан аппуудыг туршиж үзэх дуртай тэрээр өөрийн гар утсан дахь 150 гаруй аппаас эдгээр аппийг онцлон нэрлэлээ.

Нэр: Баяраагийн Намнандорж
Ажилладаг салбар: Технологи, үл хөдлөх хөрөнгө
Сошиал хуудсууд: Namka Bayaraa (фэйсбүүк)
Цагаа хамгийн их үрдэг "дэмий" зүйл чинь юу вэ? - Ketchapp-ийн тоглоомуудыг тоглох

Мэдээлэл хүлээн авахад

Унших дуртай сайтуудынхаа өдөр бүр ирүүлдэг ньюслеттер буюу имэйлээр хэрэгтэй мэдээллээ авчихдаг. Quartz, The Guardian, Vox, Aeon зэргийн ирүүлсэн багц мэдээ, нийтлэлүүдийг уншиж өглөөг эхлүүлдэг.


Tech in Asia-аас технологитой холбоотой мэдээллүүдээ уншчихдаг. Сүүлд MyBridge гэж яг технологи, энтрепренершипээр дагнасан аппийг сонирхож үзсэн, төрөлжүүлсэн нь их зүгээр санагдсан шүү. Өмнө нь Сингапурт амьдарч байсан учир Channel NewsAsia-аас Азитай холбоотой, мөн цаг үеийн мэдээллүүдийг аваад дадчихсан юм.

Бүтээмж нэмэхэд

Би өдөр бүр шалгах хэрэгтэй аппуудаа Everyday гэсэн нэртэй фолдерт оруулчихсан байдаг юм. Тэгэхдээ тэндээсээ хүмүүсийн нийтлэг хэрэглэдэггүй аппуудыг онцолъё.

Documents by Readdle-ийг заавал татаарай гэж санал болгомоор байна. iPhone-д дутагдаж байсан компьютер хэрэглэж байгаа шиг файл цэгцлэх, зохион байгуулах, нэг дор цуглуулах асуудлыг энэ апп шийдсэн гэж хэлж болно. Имэйлээр ирсэн ч юм уу, утсан дээрээ татаж авсан файлуудаа нэр нэрээр нь фолдер үүсгэн хадгалах, тэрийгээ яг л компьютер дээр ажиллаж байгаа юм шиг үзэх боломж олгодог. Файлууд дээрээ ажиллах, юм тэмдэглэх, зурах зэрэг нь ч нээлттэй. Компьютераасаа ч утас руугаа юм оруулах нь их хялбархан.

Expense гэж апп ашиглаж хувийн санхүүгээ хөтөлж, хянаж байгаа. Өдөр бүр өөрийн зарцуулсан зарцуулалтаа зориулалтаар нь ангилж оруулчихад сар бүрийн тайланг харж, өөрийнхөө юунд их мөнгө үрж байгааг, ямар төрлийн хэрэглээтэй байгааг харахад их хялбар болгосон апп.

Camcard ашиглаж нэрийн хуудсуудыг бүртгэдэг. Шинээр танилцсан хүнийхээ нэрийн хуудасны зургийг аваад л бүх мэдээллийг нь утсандаа татаад авчихна гэсэн үг. Дугаарыг нь оруулж, нэрийг нь бичиж цаг алдахгүй. Бүр тэндээсээ шууд имэйл бичиж болдог нь "күүл".

Befocused гэж апп бас их зүгээр. Ямар нэгэн зүйлд төвлөрч байхдаа тодорхой интервалаар буюу хэдэн минут ажиллаад, хэдэн минут амарч ажиллавал илүү үр дүнтэй байдаг гэдэг. Энэ аппийн тусламжтайгаар хэзээ амрах, хэзээ ажиллах, хэзээ идэх, хэзээ алхах зэргээ тохируулж болно. Productive гэж аппаар долоо хоногт хийх зүйлсээ төлөвлөж, тэдгээрийнхээ биелэлтийг хянадаг. Зорилго тавиад дасгал хийх, спортоор хичээллэх, хэл сурах гэх мэтэд их хэрэгтэй.

Удахгүй монголд нэвтрэх гэж байгаа байршил заагч What3words-ийг мөн хэрэглэж байхыг уриалъя. Үүсгэн байгуулагч нь Монголд ирэхэд миний бие залуустай хийсэн уулзалтанд нь модератороор ажиллаж байсан удаатай. Зуслан явахдаа хаяг олоход ашигласан, хэрэглээ хялбарчилсан, их ухаалаг технологи. Ирээдүйд хэрэглэх учир өөртөө дасгаж байгаа хэрэг. Олон хүн ашиглаж эхлээсэй.

Энтертэйнмент аппууд

Заримдаа урт нийтлэлийг тасалж скриншот хийх хэрэг гарах үед Tailor-ийг ашигладаг. Өөрөө скриншотуудыг таньж, нэг урт зураг, файл болгон нэгтгэдэг гэсэн үг. Сүүлийн үед Paperless Post-ийг ашиглах болсон. Утаснаасаа хялбархан байдлаар мэндчилгээ, талархлын бичиг гэх мэт цахим кард хийж хүмүүст явуулдаг юм. Letterbox-оор дамжуулж үзсэн кинонуудаа жагсаалтад оруулж, дараагийн кинонуудаа сонгодог.

PEAK гэж "тархины дасгал" хийдэг апп-ийг сүүлийн үед их хэрэглэж байгаа. Өдөр болгон цаанаас олгож байгаа шинэ дасгалуудыг хийж, тархиа сэргээж байна гэсэн үг л дээ. Хэд хэдэн чиглэлээр их сонирхолтой тоглоомуудыг санал болгодог.

Sudoku, Blendoku, Unblock me зэрэг тоглоомуудыг тоглох дуртай. Мэдээж өмнө хариулсанчлан Ketchapp-ийн тоглоомуудад их цагаа "үрдэг".

Монгол аппууд

Технологийн салбарт ажиллаж байх хугацаандаа дотоодын компаниудын зовлон жаргалыг мэдэрсэн учраас шинээр гарсан монгол аппуудаа туршиж үзэн, хэрэглэж байхыг хичээдэг. Easyride-ийг машингүй, такси барих хэрэгтэй болсон үедээ заавал хэрэглэдэг.

Миний өмнө ажиллаж байсан Монгол АйДи компаниас гаргасан Nadad Oir аппийг ч гэсэн санал болгомоор байна. Ойрхон байгаа хэрэгцээтэй бизнесүүдийн мэдээллийг өгдөг учраас зарим үед их цаг хэмнэдэг юм. Мөн Songo-оор хоол захиалж, Голомт-ийн шинэ апп-ийг тогтмол хэрэглэдэг.

28431   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.