Онцлох Бизнес

Онцлох бизнес - Choco'Lantine Coffee & Cocktail House - Амт ба аз жаргалыг эндээс

07 сарын 25, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


26121   3




Нэрийг нь сонсоод өөрийн эрхгүй ямар газар юм бол гэж бодмоор нэгэн шинэ газрыг бид өнөөдөр онцоллоо. Choco'Lantine хэмээх олон төрлийн шоколадтай, кофетой, коктэйлтэй энэ газар хотын төвд ойр боловч энэ төрлийн үйлчилгээ арай цөөтэй хэсэгт буюу 2-р эмнэлгийн зүүн талд нээгдээд удаагүй аж. Гоёмсог интерьертэй, тухлаг газар зочлох дуртай хүмүүсийн заавал очиж үзэх хэрэгтэй Choco'Lantine-ийн үүсгэн байгуулагч А.Уянга гэх бүсгүйтэй бид хөөрөлдсөнөө хүргэж байна.

Бизнесийн нэр: Choco’Lantine
Хаяг: 2-р эмнэлгийн зүүн талд
Үйл ажиллагааны чиглэл: Кофе, коктэйл хаус
Үүсгэн байгуулагдсан хугацаа:– 2016 оны 7-р сарын 2
Үүсгэн байгуулагчид: – А.Уянга, Г.Содбилэг
Ажилтны тоо: 10
Вэбсайт:Choco'Lantine

А.Уянга

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Choco'Lantine маань "Тэмүүка", "Банкяа", "Тэсэрдэг" зэрэг олон шоколадыг эх орондоо үйлдвэрлэдэг "Клоун ах" үйлдвэртэй шууд холбоотой. 2013 оноос хойш швейцарь технологийг нутагшуулж байгаа энэ хамт олонтой холбогдож, шоколаданд "гүн" дурлаж, улам их сонирхох болсон. Тийм ч учраас шоколадтай холбоотой бизнес эхлүүлэх нь бидний хувьд давуу тал болсон гэж хэлж болно.

Мөн байшингаа барьсан газар бидэнд байсан нь их нэмэр болсон. Энэ газрыг хэрхэн ашиглах вэ гэдэг тал дээр олон санаа яригдаж байсан. Үйлдвэр, эсвэл тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх үү гэх мэтээр. Гэхдээ шоколадны соёлыг түгээн дэлгэрүүлдэг кафе байх нь илүү тохиромжтой юм байна гэж шийдээд эхлүүлсэн. Монголд урьд өмнө байгаагүй, яг энэ төрлийн анхдагч, залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх "гоё" орчин бий болгохыг зорьсон. Бид жил бүрийн валентиний баярын үеэр "Chocolantine" гэдэг кампанит ажил хийж, чамгүй амжилт олсон учир түүнээсээ санаа авч, нэрээ олсон. Сууриа бараг 3 жилийн өмнө тавиад, өнгөрсөн оны 12 сард барилгын ажил дуусаж, 2 сараас хойш дотоод тохижолтоо хийгээд энэ 7 сард нээлтээ хийлээ.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

100 хувь шоколадны үйлдвэрийн хөрөнгө оруулалттай. Энэ бол "Клоун ах" үйлдвэрийн 3 жилийн хөдөлмөрийн үр дүн гэж хэлж болно.

Хэрхэн хамтрагчаа сонгосон бэ?

Бид багын найзууд л даа. Содбилэг маань шоколадны үйлдвэрээ санаачилж, үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Үүнээс гадна баг хамт олноо онцлох хэрэгтэй байх. Барриста, бартендеруудын бүтээлийн чанар, амтанд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь тэдний туршлага байдаг юм билээ. Тиймээс ч манай хамт олон дунд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд бий.

Юугаараа онцлог, бусдаас өөр вэ?

Мэдээж бид өөрсдийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн, импортын шоколадыг орлохуйц амт, технологитой төрөл бүрийн шоколадыг санал болгож байна. Хэрэглэгчид сонголтоо хийгээд шоколад идэнгээ кофе, коктэйл уух боломжтой гэсэн үг. Кофе, коктэйл маань ч гэсэн орц, чанарын хувьд хамгийн өндөр түвшинд гэж баталгаатай хэлж чадна. Бүх зүйлсээ өөрсдөө гараа гаргаж, сэтгэлээ зориулан бэлтгэж байгаа.

Менюний хувьд ч гэсэн сонголт ихтэй. Кофе гэхэд л гадуур түгээмэл байдаггүй Irish ч юм уу, Jack Daniels-тэй кофег бид санал болгодог. 11 нэрийн кофе бий. Хэрвээ та хүсвэл барристатай ярилцаж байгаад зөвхөн өөртөө зориулсан кофе ба коктэйл гаргуулж уух боломжтой. Шинэ зүйл туршиж үзмээр, ховор, нарийн төрлийн зүйл уумаар санагдвал манайд ирээрэй. Тийм болохоор бид аль хэдийн байнгын үйлчлүүлэгчидтэй болоод амжсан байх.

Өндөр таазтай, цэлгэр орчинтой учир төрөл бүрийн арга хэмжээ олон болох боломжтой. 100-150 хүн нэг дор багтах багтаамжтай. Үүнээс гадна залуучууд байгуулж, ажиллуулж байгаа шүү гэдгийг илтгэж чадах тохижолт, дотно дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн. Төгөлдөр гэж найз маань интерьерийг нь хийж өгсөн юм.

Олуулаа тоглож болох төрөл бүрийн сонирхолтой тоглоомууд манайд бий. Тайзан дээр хэн ч, хэзээ ч гараад хөгжим тоглож, мэндчилгээ дэвшүүлж, дуу дуулж болно. Хүмүүс гитартайгаа ирэх тохиолдол цөөнгүй. Байнгын нээлттэй микрофон байдаг гэсэн үг.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Монголд шоколадны соёлыг дэлгэрүүлэх үйлсэд түүчээлэгч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаатай, олон салбартай бизнес болно гэж харж байгаа.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бидний хувьд хэрэглэгчдийн сэтгэл ханамж хамгийн чухал үнэт зүйл гэж хэлж болно. Нээгдсэн цагаасаа эхлэн өдөр бүр өөрийн биеэр эндээ ажиллаж, үйлчлүүлсэн бүртэй харилцан, санал сэтгэгдлийг нь сонсож, талархал илэрхийлж байгаа. Нэг хүнээс сэтгэгдэл сонсоогүй буцаагаагүй дээ. Тэднийг хамгийн тухтай орчинд, хамгийн амттай зүйлсээр "дайлах" нь бидний гол зорилго.

Мэдээж, шоколадаараа номер нэг байхыг бид хичээж байгаа. Түүнээс гадна хэт өндөр алкохолтой зүйлс зарахгүй, үргэлж соёлтой, таатай орчин бүрдүүлэх нь манай хамт олны зарчим.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?

Шоколад "зарна" гэдэг өөрөө их гэгээлэг зүйл гэж ойлгодог. Шоколад авсан, амталсан хүн уурлаж байхыг би хараагүй. Нэг ёсондоо аз жаргал бэлэглэж байна гэсэн үг ч юм шиг. Хүмүүсийн баярлаж байгааг, инээмсэглэж байгааг харах улам цаашаа хичээх, урагшлах эрч хүч өгдөг.

Нөгөө талаар шинэ зүйл л эхлүүлж байгаа учир хэцүү бэрхшээлтэй зүйл их гарч байгаа. Ядаж л шинээр байшингаа барьсан болохоор дулаан, цахилгаан гэх мэт дэд бүтцийн асуудлаа шийдэх нэг том асуудал байсан. Гэхдээ тулгарсан иймэрхүү бэрхшээлүүдээ хэцүү, хүнд байна гэлгүй сорил, шалгуур байна гэж хараад л ажиллаж байна даа.

Яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Стартап бизнес эрхэлнэ гэдэг яг л шинэ хосууд хоёр талаасаа нийлээд хоосон гэрт орж ирж байгаа юм шиг их ажилтай байдаг юм байна. Угаасаа нэмэх зүйл ихтэй, гэтэл хийх тусам сайжруулах зүйл улам их гарч ирээд л байдаг. Тийм учраас хэрэглэгчдийнхээ санал сэтгэгдэл дээр тулгуурлан өдөр бүр л жижиг детальтай "ноцолдож", шинэ зүйлс нэмсээр байна.

Удахгүй шоколадан оргилуур байршуулах гэж байгаа. Энд урсах шоколаднаас хэрэглэгчид хүссэнээрээ амталж болно гэсэн үг л дээ. Мөн гадаа талбайгаа тохижуулж, ая тухтай орчинтой цэцэрлэг бий болгохоор зорьж байна.

Хамгийн амжилттай буюу хамгийн их борлогддог бүтээгдэхүүнүүдээсээ нэрлэнэ үү?

Choco'Lantine нэрийн коктэйлээ онцолмоор байна. Шоколад, гүзээлзгэнэ, кофений нэгдэл. Хүмүүс их сонирхож авдаг, ам сайтай байгаа шүү. Мөн хоолнуудаа онцолмоор байна. Манайх цөөн нэрийн хоол гаргадаг. Карбонара Пастаг амталсан бол заавал ахиж орж ирнэ ээ л гэсэн үг (инээв).

Гэрэл зургийг Р.Лувсанням (Луяа)

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.