Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 24, 2016

7 хоногийн тойм: Э.Маскын мастер план + #ComicCon2016 + Трамп, Трамп, Трамп!

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн идэвхжлээ

Монгол улсын засгийн газар эмхлэн бүрэлдэж, байгуулагдаж байгаа энэ цаг үед Америкийн улс төрийн хамгийн нөлөөтэй, хүчирхэг намуудын нэг Бүгд найрамдах намын үндэсний чуулган өнгөрч буй долоо хоногт Кливленд хотноо болж өнгөрлөө. Уг чуулганы хамгийн онцлох зүйл нь ирэх 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд намыг төлөөлөн дэвших нэр дэвшигчийг батламжлах байсан юм. Олны таамаглаж байсанчлан, урьчдилсан сунгаанаас хангалттай төлөөлөгчдийн саналыг цуглуулж чадсан тэрбумтан Доналд Трамп албан ёсоор Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх боллоо. Сунгаанд түүний гол өрсөлдөгч байсан Техасын сенатор Тед Круз Трампыг дэмжихээ илэрхийлээгүйг эс тооцвол бүх зүйл түүний төлөвлөсний дагуу болж өнгөрсөн гэж хэлж болно. Намын гол лидерүүдээс эхлээд түүний гэр бүлийн бараг бүх гишүүд, мөн Силикон Валлигийн гол дүрүүдийн нэг Петер Тиел хүртэл Трампыг дэмжихээ илэрхийлэн, олны таамаглаж байснаас харьцангуй хүчтэй дэмжлэгтэйгээр хурлыг дуусгалаа. Үүнтэй зэрэгцэн Трамп дэд ерөнхийлөгчийн суудалд нэр дэвших, өөрийн хамтрагчаараа Индиана мужийн амбан захирагч Майк Пенсийг сонгосноо зарлажээ. Трампын гол өрсөлдөгч Хиллари Клинтон харин өөрийн хамтрагчаараа Виржиниа мужийн амбан захирагчаар ажиллаж байсан, сенатор Тим Кэйнийг нэрлэжээ.

Vox: Бүгд Найрамдахчуудын чуулганы ялагчид ба ялагдагчид
Politico: Хиллари Клинтон яагаад Т.Кэйнийг сонгосон бэ?


Дэлхий даяар террорист халдлагууд үргэлжилсээр байна

Афганистаны нийслэл Кабул хотноо болж байсан тайван жагсаалын үеэр амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдэж, 80 гаруй хүний амь насанд халдсан хэрэг гарлаа. Исламын Улс бүлэглэлийн зохион байгуулсан уг хэргийн улмаас 200 гаруй хүн гэмтэл авчээ. Уг жагсаалыг Чингис хааны үр сад гэгддэг Хазарачууд зохион байгуулж байсан бөгөөд эрчим хүчний шугамыг хазарчууд ихээр суурьшсан зарим бүс нутгуудаар тойруулан татаж байгааг эсэргүүцэн цугласан байжээ. Афганистан улс бүх нийтийн гашуудал зарлаад байна. Германы Мюнхен хотноо их дэлгүүрт цугласан олон руу гал нээсэн харамсалтай хэрэг мөн гарлаа. Иран гаралтай Германы иргэн 18 настай залуу энэ хэргийг үйлдсэн бөгөөд 8 хүний аминд хүрснийхээ дараа нас баржээ. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагууд уг хэрэг үйлдсэн шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд ISIS-тай холбоотой гэх ямар нэгэн сэжүүр байхгүй байгаа ажээ. Ташрамд дурьдахад, үүнээс яг 5 жилийн өмнө Норвегид А.Бревик гэх этгээд 77 хүний аминд хүрсэн хэрэг гарч байсан билээ.

The Atlantic: Мюнхений буудалцаан - Бидний мэдэх бүх зүйлс
CNN: Кабулд дэлбэрэлт болж, 80 гаруй хүн амь насаа алдлаа

Comic Con 2016 явагдаж байна

Энтертэйнмент салбарынхны хамгийн том цугларалтуудын нэгт зүй ёсоор тооцогддог Сан Диегогийн Comic Con наадам энэ долоо хоногт өрнөж байна. 1970 оноос хойш зохиогдож буй энэхүү наадамд мэргэжлийн чиглэлийн олон төрлийн уулзалт, сургалтуудаас гадна видео, комик болон кино бүтээгчид олон нийтэд шинэ бүтээлийнхээ талаар танилцуулга, мэдээллийг хамгийн эхэнд өгдөг учир олон нийтийн анхаарлын төвд байдаг юм. Энэ жилийн хамгийн онцлох танилцуулгыг Marvel хийлээ. Тэд хамгийн анхны эмэгтэй супер баатар Captain Marvel-ийн киног 2019 онд гаргах болсноо зарлаж, гол дүрд нь өнгөрсөн жил Room-д бүтээсэн дүрээрээ Оскар хүртсэн Б.Ларсонг тоглуулах болсноо мэдэгдсэн юм. Үүнээс гадна К.Рассел болон С.Сталлоне нарын домгууд Guardians of Galaxy-ийн 2-р ангид тоглох болсон байна. Black Panther-ийн кино 2018 онд цацагдах болжээ. Нөгөө талд DC Comics-ийнхон Justice League болон Wonder Woman-ий трэйлэрээ цацжээ. Мөн хүлээлт өндөртэй байгаа Харри Поттерийн шидтэний ертөнцийн тухай өөр нэг шинэ кино, Fantastic Beasts and Where to Find Them-ийн анхны бөгөөд "сэтгэл хөдөлгөм" трэйлэр цацагдсан юм.

Recode: Comic Con-оор цацагдсан онцлох трэйлэрүүд
The Verge: Comic Con-той холбоотой багц мэдээллүүд

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Элон Маск 10 жилийн өмнө бичиж байсан "Мастер төлөвлөгөө"-ний 2-р хэсгээ танилцууллаа. Тэрээр яагаад SolarCity-г авч байгаа, Теслагийн ирээдүй, бүрэн автомат удирдлагатай машин болон ачааны машин хуваалцах шинэ үйлчилгээ зэрэг хэд хэдэн сонирхолтой зүйлсийг энэ танилцуулгадаа дурьдсан юм. Удтал хүлээгдсэн Yahoo-ийн шинэ "эзэн" тодорхой болж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар харилцаа холбооны гигант Verizon 5 тэрбум доллараар Yahoo-ийн онлайн бизнес болон зарим үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авч байгаа гэнэ. Verizon жилийн өмнө интернет медиагийн томоохон тоглогчдын нэг AOL-ийг худалдаж авсан билээ. Тэгвэл Японы Softbank групп энэ жилийн технологийн салбарын хамгийн том худалдан авалтыг хийж байна. Тэд дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч компани ARM-ийг 24 тэрбум фунтээр өөрийн болгожээ. Apple, Samsung-д бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Британы ARM-ийг авснаар Softbank "зүйлсийн интернет"-ийн салбар дахь байр сууриа улам баталгаажуулах боломжтой болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Pokemon Go-ийн галзуурал үргэлжилсээр, Японд нээлтээ хийсэн эхний өдрөө л бүх чартуудыг тэргүүлсэн хэвээр байна. Твиттер баталгаажсан хэрэглэгчид буюу verified хэрэглэгч болох явцаа нээлттэй болгосон бол Фэйсбүүк Мессенжер 1 тэрбум хэрэглэгчтэй болсон мэдээ гарлаа. Үүнтэй зэрэгцээд Uber 2 тэрбум дахь зорчигчоо тээвэрлэжээ. Тэд хагас жилийн өмнө 1 тэрбумын босгыг давсан билээ.

Techcrunch: Элон Маскийн мастер төлөвлөгөө
Unread: Твиттер хаягаа verified болго

Дугуйн ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээн "Тур Де Франц"-д К.Фрүүм ахин түрүүлэх нь бараг тодорхой болсон энэ цаг үед тойрог замын дугуйн залуучуудын дэлхийн аварга Монгол улсаас төрлөө. 18 настай Б.Тэгшбаяр бөөн гараат, scratch төрлийн уралдаанд өрсөлдөгчдөөсөө эхний тойргоос эхлэн илүүрхсээр түрүүлсэн юм. Тэрээр 4-р сараас хойш Track Mongolia хөтөлбөрийн хүрээнд тэмцээн болсон Швейцарь улсад бэлтгэл сургуулилалт хийж байжээ. Олон Улсын Допингийн эсрэг төвөөс гаргасан нарийвчилсан шинжилгээний дүнд үндэслэн Олон Улсын Олимпийн Хороо ОХУ-ын зөвхөн хөнгөн атлетикийн төдийгүй бусад бүх спортын төрлийн тамирчдыг олимпийн наадмаас хасч магадгүй нөхцөл байдал үүсээд байна. ОУОХ Оросыг засгийн газрын дэмжлэгтэй, тагнуулын газрын оролцоотой, системчилсэн байдлаар тамирчдад сэргээш өгдөг, шинжилгээний дүнг будлиантуулдаг хэмээн буруутгаж байгаа юм. Тэгвэл NBA-ийн комиссар А.Силвер энэ улирлын бүх оддын тоглолтыг зохион байгуулах Шарлотт хотын эрхийг цуцлах болсноо зарлалаа. Оны эхэнд NBA Хойд Каролина мужид хүчин төгөлдөр байгаа LGBT хүмүүсийг нийтийн бие засах газарт орохыг хориглож буй дүрэм, журмаа өөрчлөхгүй бол ийм шийдвэр гаргана хэмээн тэд анхааруулж байсан юм.

Guardian: Оросууд Олимпод оролцох уу? Үгүй бол юу болох вэ?
News: Б.Тэгшбаяр дугуйн залуучуудын дэлхийн аварга боллоо

14380   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.