Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   07 сарын 23, 2016

"Хэрхэн санаа зовохоо больж, сэтгэл тайван амьдарч эхлэх вэ?" номын хэсгээс: Чухамхүү өнөөдөр

АНУ-ын нэрт сурган хүмүүжүүлэгч Дэйл Карнегийн номуудыг бид андахгүй. Өөрийгөө хөгжүүлэх номуудын үндэс суурийг тавьсан түүний бүтээлүүд хүний мөн чанар, сэтгэлзүйн онцлог, харилцааны бичигдээгүй хуулиудыг системтэйгээр, олон сонирхолтой жишээ баримттайгаар гарган тавьснаараа асар их амжилт олж, дэлхий дахинаа өргөн тархаж, өнөөг хүртэл хүмүүсийн ширээний ном болсоор байгаа билээ. Монголд олон хувилбараар орчуулагдаж асан түүний гурван ботийн гуравдугаарх нь болох "Хэрхэн санаа зовохоо больж, сэтгэл тайван амьдарч эхлэх вэ?" номын хэсгээс өнөөдөр та бүхэнд толилуулъя. Оюутан ахуй цагтаа уншиж, тухайн үед автаад байсан сэтгэл хямралаас ангижирсан болохоор энэ ном надад гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Ер нь хэнд ч гэсэн сэтгэлээр унах, стресстэх үе тохиолддог болохоор энэ номыг уншихыг зөвлөж байна. Хүн сэтгэл тайван, аз жаргалтай амьдаръя л гэвэл яг тухайн хором мөчөөсөө эхэлж чадна гэдгийг 1926 онд Сибил Партридж хэмээх бүсгүйн зохиосон  "Чухамхүү өнөөдөр" хэмээх энэ дүрэм илтгэсэн байдаг. Тухайн үед Д.Карнеги энэ зөвлөгөөг олон хүнд хэвлэн өгдөг байжээ.

ЧУХАМХҮҮ ӨНӨӨДӨР

1. Чухамхүү өнөөдөр л би баяр баясгалантай байна. “Ихэнх хүн хэдий чинээ аз жаргалтай байхыг хүснэ, төдий чинээ аз жаргалтай байж чаддаг” гэсэн Абрам Линколны үгийг санах болно. Аз жаргал гэдэг гадаад хүчин зүйлсээс бус гагцхүү дотоод сэтгэлээс шалтгаалдаг билээ.

2. Чухамхүү өнөөдөр л би бүхнийг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэх бус, өөрөө хүрээлэн буй орчинтойгоо зохицон амьдрахыг хичээх болно. Би гэр бүл, ажил бизнесээ байгаагаар нь хүлээн авч, уужуу хандах болно.

3. Чухамхүү өнөөдөр л би бие махбодоо гаргуунд нь гаргалгүй санаа тавьж, дасгал хийн чийрэгжих болно. Ингэснээр бие махбод маань миний хүсэл зорилгыг төгс биелүүлж чадна.

4. Чухамхүү өнөөдөр л би оюун санаагаа хүчирхэгжүүлэх болно. Үүний тулд би залхуурч суулгүй ямар нэг хэрэгтэй зүйлийг сурна. Хүчин чармайлт, бодол эргэцүүлэл, анхаарал шаардах ямар нэг зүйлийг унших болно.

5. Чухамхүү өнөөдөр л би гурван зүйлийг хийж, сэтгэлээ дасгалжуулна. Нэгдүгээрт, би хэнд нэгэнд сайн үйлийг өөрт нь мэдэгдэлгүйгээр хийнэ. Харин хийхийг хүсэхгүй байгаа ядаж хоёр зүйлийг, Уиллиам Жэймсийн зөвлөсөнчлөн, зүгээр л дасгал болгож хийх болно.

6. Чухамхүү өнөөдөр л би биеэ аятайхан авч явах байх болно. Сайхан харагдахыг хичээж, аятайхан хувцаслаж, намдуу ярьж, эелдэг байна. Би сайшаал магтаалд харамгүй байж, хэн нэгнээс өө хайж, захирч зааварлахгүй байхыг хичээнэ.

7. Чухамхүү өнөөдөр л би амьдралынхаа бүхий л асуудлыг нэг дор шийдэх гэж зүтгэлгүй өнөөдрөөрөө амьдрах болно. Би насан туршдаа тууштай үргэлжлүүлж гэм гайхалтай үр дүнд хүргэх зүйлсийг өнөөдөр хийж чадна.

8. Чухамхүү өнөөдөр л би хийх зүйлсээ төлөвлөнө. Үүнийгээ цаг тутам мөрдөж чадахгүй байлаа ч төлөвлөсөөр л байх болно. Учир нь энэ зүйл намайг яарч адгахаас, шийдмэг бус байхаас сэргийлнэ.

9. Чухамхүү өнөөдөр л би бие суллан 30 минут амрах болно. Ганцаараа байх энэ хугацаандаа би амьдралынхаа талаар эргэцүүлж, эерэг бодолд автана.

10. Чухамхүү өнөөдөр л би эмээх зүйлгүй амьдрах болно. Ялангуяа аз жаргалтай байхаас, сайн сайхан бүхнээс таашаал авахаас, бусдыг хайрлахаас, хайртай хүмүүс минь надад ч бас хайртай гэдэгт итгэхээс үл айна.

Та энэхүү 10 зөвлөгөөг өдөр бүр дагах гээд хичээгээрэй. Ингэж чадвал амьдралд тань гайхалтай өөрчлөлтүүд гарч эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн эдгээр зөвлөгөөг бага сага өөрчлөн өөрийн дүрмийг гаргаж ирсэн ч болох шүү дээ.

45559   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.