Мэдүүштэй

Мэдүүштэй вэб: Inspireli.com - Архитекторууд, дизайнеруудын мэргэжлийн сүлжээ

07 сарын 21, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


8347   2




Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Хэрвээ та архитектур, дизайны чиглэлээр суралцдаг, ажилладаг, эсвэл сонирхдог бол энэ таны заавал зочлох хэрэгтэй сайт. Эдгээр нөхцөлүүдийг хангасан хүмүүст зориулсан дэлхийн хамгийн анхны сошиал сүлжээ хэмээх тодотголтой Inspireli.com нь Олон Улсын Архитектуруудын Эвлэлийн дэмжлэгтэйгээр Праг хотноо үүсэн байгуулагдаж байсан юм. Мэргэжлийн боловсрол, зэрэг олгодог топ их сургуулиуд болон дэлхийн шилдэг компаниудыг эгнээндээ нэгтгэж, маш чанартай хүрээлэл үүсгэсэн нь тэдний онцлог талуудын нэг бөгөөд үүгээр дамжуулан залуу архитектурчид ажилд орох, сонирхолтой төслүүдэд нэгдэх боломжтой болдог ажээ.

Ямар давуу, онцлог талуудтай вэ?

Сошиал сүлжээ гэдэг утгаараа хэрэглэгчид өөрсдийн профайл хуудсыг үүсгэдэг. Үүгээрээ та өөрийн онлайн портфолиог үүсгэж байгаа гэсэн үг бөгөөд өөрийн зурж байсан, хэрэгжүүлж байсан төслүүдээ бусад хэрэглэгчидтэй хуваалцан, тэдний санаа оноо, сэтгэгдэл, шүүмжийг хүлээн авах боломжтой. Чухам өөрийн хуудсыг идэвхтэй хөгжүүлсний ачаар таныг ажил олгогчид, том компаниуд анзаарч, санал тавина. Та өөрийн зургийг сайтад оруулах, мөн өөрт таалагдсан бусдын зургийг хадгалах, сошиал сүлжээгээрээ хуваалцах нь их амархан, энгийн тохиргоотой.

Маш сайн хайлтын систем. Одоогоор сайтад буй 50 мянга гаруй барилгын зураг төсөл, санаанаас та өөрийн хүссэн түлхүүр үгээрээ хайлт хийх боломжтой. Бүх зургуудыг холбоотой сэдэв, чиглэлээр нь ангилчихсан байдаг учир хайлт хийхэд их амар болжээ. Ийм учраас энэ сайтыг байшин, гэрээ тохижуулах, өргөжүүлэх гэж буй сонирхогчид, хэн бүхэн ашиглаж санаа авах, тэдгээрийг ашиглах боломжтой юм.

Чанартай мэргэжлийн хүрээлэл. Та энэ чиглэлээр суралцдаг, ажилладаг бол мэргэжил нэгт дэлхийн мэргэжилтнүүдтэй холбогдож, тэднээс суралцаж, туршлагаа хуваалцаж, хамт олон болох боломж байна. Европ, Ази, Өмнөд Америкийн олон их сургуулиудтай албан ёсоор хамтран ажилладаг, тэд оюутнуудынхаа бүтээл, курсын ажлуудыг хуваалцдаг учир оюутнуудад их хүртээмжтэй байж магадгүй. Мөн орчин үеийн архитектурын тренд, чиг хандлагуудыг топ компаниудын зарлаж буй төсөл, уралдаанууд, түүнд ирүүлж буй материалуудаас харж болно.

"Inspireli Awards 2016"-ийн тухай

Inspireli-ийн нэрийн хуудас болсон бас нэгэн үйл ажиллагаа нь 35-аас доош насны архитектурчид, сонирхогчдын дунд зохион байгуулдаг Inspireli Awards юм. 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд оролцогчдын тоо жил бүр өссөөр байгаа бөгөөд 6 тивийн төлөөлөл, 40 гаруй шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг шалгаруулалт хийж, ялагч нь топ компанид ажиллах боломж, бусад олон сонирхолтой шагналуудын эзэн болдог. Шалгаруулалт 11-р сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд та өөрийн апартмент, орон сууцтай холбоотой зураг төсөл, санаагаа сайт руу оруулахад л автоматаар шалгаруулалтанд орох болно. Одоогийн байдлаар энэ жилийн тэмцээнд дэлхийн 54 орны 388 оролцогч 1000 гаруй төслөөрөө өрсөлдөж байгаа юм. Монгол улсаа төлөөлөн олон улсын энэхүү тэмцээнд оролцох, олон олон хаалгыг өөртөө нээх сайхан боломжийг битгий алдаарай.

Тэмцээний тухай
Тэмцээнд оролцож буй бүтээлүүдийн жагсаалт

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.