Апп Тойм

Апп тойм: Prisma - Фото зургийг уран зураг руу

07 сарын 19, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


11311   1




Фото уран зураг бүтээдэг орос апп дэлхийг "байлдан дагуулж" байна. Өнгөрсөн 6 жилд зураг янзалдаг гар утасны апп маш олон янзаар гарсан. Гэвч тэдгээрийн аль нь ч Призма шиг хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байсангүй. Призма бол оросын фото апп бөгөөд хиймэл оюуны тусламжтайгаар фото зургийг хормын дотор импрессионист зураг болгон хувиргадаг.

Призма гэж юу вэ?

Призма нь бараг л сүүл үед нэрд гараад байгаа Pokémon Go-ийн фото камер хувилбар гэсэн үг. Призмагийн хэрэглэгчдийн тоо өдөрт 1 саяыг даваад байгаач чйя. Үүнийг өдгөө арван сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа дээрх тоглоомын апп-тай харьцуулшгүй ч тоглоом, нийтийн сүлжээ, мессенжерийн аль нь ч биш аппийн хувьд өндөр амжилт юм.

Призмаг Москвагийн нэгэн апп хөгжүүлэгч бүтээжээ. Хэрэглэгч өөрийн ухаалаг утас, таблетан дээрх зураг эсвэл камераар шууд авсан зургаа 33 филтерээс сонголт хийн Пикассо, Моне, Ван Гог, Мюнх, Левитан, Кандинский гэх мэт зураачдын зурдаг стиль рүү хөрвүүлэх боломжтой. Мөн DC-ийн комик номын зураглал шиг болгосон ч болно. Призма зургийг хормын дотор л бэлэн болгох ба та зургаа хадгалж авч Твиттер, Фэйсбүүк, Инстаграм гэх мэт нийтийн сүлжээнд хувцаалцсан ч болно. 6 сард нээгдсэн тус апп iOS төхөөрмжин дээр ажиллах боломжтой. Андройд хувилбар нь одоогоор хийгдэж байгаа бөгөөд 7 сарын сүүлээр бэлэн болох юм.

Призма одоо iTunes-ийн үнэгүй аппийн жагсаалтын тавд, Инстаграм, Пинтерестээс өмнө явж байна. Энэ хоёр апп нь хамгийн их татагдсан үнэгүй 50 аппийн жагсаалтад багтсан зураг янзалдаг хоёрхон апп байсан юм.

Призма хэрхэн ажилладаг вэ?

Призма хиймэл оюун ухаан, мэдрэгч сүлжээ (neural network) ашиглан зургийг янзалдаг. Тиймээс таны зураг урлагийн бүтээл болон хувирахад ердөө хэдэн секунд л болно. Зургийг апп өөрөө засварладаггүй, харин Москва дахь сервер рүү илгээснээр тэнд засварлагдан таны утсанд ирдэг байна. Энэ нь Гүүглийн DeepDream гэх зураг таньдаг софтверээс тийм ч ялгаатай биш. Энэ софтверийг Гүүглийн инженерүүд хачирхалтай, өвөрмөц, психоделик, импрессионист уран зурагтай төстэй ч гэмээр дүрслэл бүтээж байсан компьютерийн сүлжээний туршилт судалгааны дүн болгож 2015 оны 6 сард гаргахад тэр даруйдаа интернетэд дуулиан тарьж байв. Гүүглийн мэдрэгч сүлжээ нь компьютер юм боддог болж чадах эсэх, эд зүйлс, амьтан, хүний зургийг таньж чадах эсэхийг мэдэх зорилготой. Сүлжээний янз бүрийн давхаргууд зурагны онцлог талуудыг шинжилж, тодорхой арга замаар хөрвүүлж эцэст нь хариуг боловсруулах ба ингэснээр Гүүглийн DeepDream үүл, амьтны нүүр зэрэг энгийн зурган дээр жигтэй нүд, амьтны толгой зэргийг давхардуулан байршуулдаг байна. Ийм этгээд зураг дүрслэл нь олны анхаарлыг ихэд татаж байсан тул Гүүгл софтверийнхээ үүсгэл кодыг үнэгүй цацсанаар софтвер хөгжүүлэгчид өөрсдийн сервер дээр уг софтверийг үнэгүй ажиллуулах болж хүссэн бүхэн зургаа аплоад хийн, янзлуулж, үр дүнг нь шуудхан үзэх болсон байна. Призмагийн CEO, хамтран үүсгэн байгуулагч Алексей Моисеенков TechCrunch-д өгсөн ярилцлагадаа Призма гурван мэдрэгч сүлжээгээр ажилладаг гэсэн байна. Тэдгээр нь хэрэглэгчийн зурганд анализ хийх, алдартай уран зургийн стилийг хуулбарлах, зурганд шингээх гэсэн гурван өөр үүрэг гүйцэтгэдэг аж. “Бид Инстаграмын филтер шиг зурган дээр нь ажилладаггүй. Харин зургийг 0-ээс нь эхлэн янзалдаг. Бидний гар дээр ямар ч зураг байхгүй. Бид танаас зураг авна. Засварлаж янзална. Таны гарт цоо шинэ зураг өгнө. Ингээд бодохоор бид нар яг л уран бүтээлч шиг ажилладаг” гэж тэрээр ярьжээ.

Призма удахгүй видео болно

Моисеенков зургийг урлагийн бүтээл болгон хувиргадаг бэлэн компьютерийн алгоритм олж, тэдний багийнхан уг алгоритмийг сайжруулахаар хоёр сар ажилласны дүнд нэг зураг 1 цаг биш, 10 минут биш нэн даруй бэлэн болдог болсон. Гэвч тэрээр ингээд зогсохыг хүссэнгүй. Уг апп одоо гар утасны видео клипийг кадр кадраар нь янзлах компьютерийн алгоритм дээр ажиллаж байна. Ингэснээр тухайн видео уран зургийн аль нэг стильд орон хүүхэлдэйн кино болох аж. Энэ бүхэнд компьютерийн асар өндөр хүчин чадал хэрэгтэй. Призма одоо ихэд нэрд гарч нэгэн зэрэг олон хүн зургаа засварлуулж байгаа нь аппийг үе үе гацаахад хүргэж буй. Призмад илүү хүчирхэг сервер хэрэгтэй. Үгүй бол Pokémon Go-г бүтээсэн Niantic Labs-ийнхтай ижил асуудалтай нүүр тулна. Хэт олон хэрэглэгч нэгэн зэрэг апп-д нэвтэрснээр тэдний сервер гацаанд орж байсан юм. Гэсэн ч зураг янзалдаг аппийн хувьд энэ бол маш өндөр амжилт. Бүтээлч апп энэ мэт алдарших нь ховор байдаг билээ.

Эх сурвалж: www.ibtimes.co.uk

Татаж авах

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.