Онцлох Бизнес

Онцлох бизнес: Mi Mongolia - Бүх хэрэгцээг хангах ухаалаг төхөөрөмжүүд

07 сарын 18, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


15640   5




Саяхан манай арт директор Б.Батзаяа Mi Band Pulse хэмээх алхаа, нойр хэмжигч бүтээгдэхүүнийг хэрэглэх болсон нь Хятадын электрон барааны шинэхэн гигант Xiаomi буюу Мi брэндийг Монголд оруулж ирсэн Mi Mongolia-г сайтдаа онцлох сэдэл болсон юм. Mi брэндийн чанартай атлаа үнэ хямд олон зуун бүтээгдэхүүний нэг болсон уг бугуйвч л гэхэд өнгөрсөн жил борлуулалтаараа Fitbit-ийн дараа дэлхийд 2-рт орсон аж. Гар утас, дагалдах хэрэгслүүдээс эхлээд гэр ахуйн электрон бараанууд, дрон, ухаалаг дугуй хүртэл хүний амьдралын бүхий л хэрэгцээг ухаалаг төхөөрөмжүүдээр хангахаар зорьж буй Mi брэндийн борлуулалт яагаад Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн хамгийн том зах зээлүүдэд "галзуурч" байгааг та энэхүү нийтлэлээс олж мэдээрэй. 

Бизнесийн нэр: Mi Mongolia
Хаяг: Tedy төвийн хойшоо харсан MNT төвийн нэг давхар
Үйл ажиллагааны чиглэл: Электрон бараа, төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 11-р сар
Үүсгэн байгуулагч: М.Алтанзул, Б.Энхбаатар
Ажилтны тоо: 6
Холбоосууд: Mi Mongolia (фэйсбүүк), www.mi-mongolia.com

М.Алтанзул

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Манай хамтрагч Энхбаатар Xiaomi брэнд байгуулагдаж, дуулдаж эхэлсэн цагаас л анхааралтай ажиглаж, Монголд оруулж ирэх боломжийн талаар судалсан байдаг. Бусад ижил төстэй брэндүүдтэй харьцуулахад үнийн хувьд харьцангуй боломжтой, дээр нь чанар, өнгө, дизайн нь ч гэсэн маш өндөр түвшинд байдаг учир бид өөрсдөөс шалтгаалах, цаад газраас тавьсан бүх шалгуурыг хангаж, албан ёсоор Xiaomi-той хамтран ажиллах боломжтой болсон юм. Өмнө нь яг тоног төхөөрөмжийн худалдаа, борлуулалтын ажил хийж байсан маань үүнд дөхөм болсон.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Зардлын ихэнх хэсгийг үүсгэн байгуулагчид өөрсдийн хуримтлалаас гаргасан. Мөн тодорхой хэмжээнд зээл авч, үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэрхэн хамтрагчдаа сонгосон бэ?

Бид хоёр бүр багын найзууд. Мөн хамтдаа 2012 оноос эхлэн IT-ийн чиглэлийн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ, суурилалтын үйлчилгээ явуулдаг "БИТ" компанийг байгуулан, хамтран ажиллаж байгаа бизнесийн түншүүд. Тийм учраас энэ төсөл дээр санаа нийлэн хамтран ажиллаж байна.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ? 

Xiaomi-ийн хамгийн гол онцлог бол тэдний инновацилаг хандлага юм. Шинээр гарч ирж буй шинэлэг, ухаалаг санаатай, ийм төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлж буй стартапуудыг дэмжиж, өөрсдийн брэндийн дор бүтээгдэхүүнээ гаргах боломжоор хангадаг зарчимтай. Бие биетэйгээ холбоотой нэг цогц экосистем бий болгож байгаа гэсэн үг л дээ. Тийм ч учраас өглөө сэрэх бүрт бараг нэг шинэ төхөөрөмж худалдаанд гарчихсан байдаг. Үндсэндээ ухаалаг хэрэглээ, холбоотой байдлыг дэмжсэн, хамгийн хямд бөгөөд хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн санал болгодог брэнд гэж хэлж болно.

Манай бүтээгдэхүүнүүд хамгийн хямдхан, боломжийн үнэтэй. Мөн техникийн үзүүлэлт өндөр, дизайн сайн гэсэн нийтлэг давуу талтай.

Бүтээгдэхүүнүүд нь гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд, харилцаа холбооны ухаалаг төхөөрөмжүүд гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагддаг юм. Бид яг одоо 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Ус цэвэршүүлэгч, агаар цэвэршүүлэгчээс эхлээд зогсдог дугуй (Mi Ninebot Mini) хүртэл төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд бий.

Манай бүтээгдэхүүнүүдийг онлайнаар, цахимаар захиалан авах боломжтой нь мөн нэг давуу тал. Mi брэнд өөрөө биет дэлгүүр бараг байхгүй, онлайн орчинд зарагддаг, тэгж байж хамгийн хямд үнийг санал болгодог онцлогтой. Үүний дагуу бид Монголын онлайн худалдааны тэргүүлэх сайтууд болох apm.mn, mmarket.mn зэрэгтэй хамтран ажиллаж байна.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Монголын зах зээлд Ми брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болгох алсын хараатай. Үүнээс өмнө эхлээд ухаалаг гар утасны зах зээл дээр байр сууриа олох, бэхжүүлэх зорилго тавьсан байгаа.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Хэрэглэгчдэд зөвхөн бүтээгдэхүүнээ зараад орхих биш, борлуулалтын дараах үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх нь бидний гол зарчим. Бид бүтээгдэхүүн бүрдээ урт хугацааны баталгаат хугацааг санал болгож байгаагаас гадна шаардлагатай засвар, үйлчилгээгээр хангадаг. Хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн, тодорхой хэрэглээг хангасан чанартай барааг нийлүүлэх нь бидний хувьд хамгийн чухал.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд юу вэ?

Бид өөрсдөө бүгд мэдээллийн технологи, инженерчлэлийн чиглэлийн хүмүүс учир бүтээгдэхүүн, төхөөрөмжүүдээ сонгох тал дээр шийдвэр гаргахад хялбар байдаг. Бүтээгдэхүүнүүдийнхээ ач холбогдол, хүчин чадлыг сайн ойлгодог. Өөрсдийн дуртай зүйлээ, мэргэжлийн дагуу хийж байгаа нь мэдээж таатай.

Нөгөө талаар брэндээ Монголын зах зээлд бүрэн таниулах нь тун амаргүй. Манай хэрэглэгчид Хятад л бол муу, чанаргүй бараа байдаг гэсэн нийтлэг хандлагатай учир бүтээгдэхүүнийхээ давуу талыг, техникийн үзүүлэлтийг таниулж мэдүүлэхэд гойд анхаарах хэрэгтэй байгаа.

Танайх яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Бид яг одоо Mi брэндийн бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд танилцуулах, таниулах маркетингийн цуврал үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. Өнгөрсөн 5-р сард болсон ICT Expo-д манай бүтээгдэхүүнүүдийг хүмүүс их сонирхож, хүлээлт үүссэн байгаа нь мэдэгдсэн.

Мөн шинээр гарч байгаа тун сонирхолтой, шинэлэг бүтээгдэхүүнүүдээ оруулж ирэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Сар гаруйхны өмнө албан ёсоор танилцуулагдсан дронууд маань ирэх сард Монголд орж ирэх гэж байгаа. Мөн педометр, цэнэглэгч, автомат удирдлагын систем бүхий ухаалаг дугуй ч удахгүй орж ирэх болно. Саяхан зарлагдсан MiBook лаптопууд ч манайхаар дамжин монгол хэрэглэгчдэд хүрэх болно.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамж тань юу вэ?

Бид инженерийн талын хүмүүс учир борлуулалтын болон аж ахуйн өдөр тутмын ажлуудтай нүүр тулаад багагүй сандарч бажгадсан тал бий. Бүртгэл, хяналтаас эхлээд жижиг ажлууд ихтэй байсан нь эхэндээ хэцүүхэн байсан шүү.

Хамгийн их борлогдож буй, амжилттай бүтээгдэхүүнээсээ хуваалцана уу?

Ер нь манай төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдийг сүүлийн үеийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлж алхдаг, түрүүлсэн хэрэглээтэй хэрэглэгчид их сонирхдог гэж хэлж болно. Манай машины цэнэглэгчийг хүмүүс их сонирхон худалдаж авдаг. Утас, төхөөрөмжийг тань тун хурдан цэнэглэхээс гадна өөрөө утастайгаа bluetooth-ээр холбогдон дуу тоглуулагч болчихдог юм. Давхар хэрэглээтэй нь хүмүүст их таалагдаж байгаа байх.

Үүнээс гадна манай хамгийн сүүлийн үеийн гар утас Mi5-ыг хэрэглэгчид их сонирхож байна. Гар утасны техникийн үзүүлэлтээрээ 2016 оны 5-р сарын байдлаар дэлхийд нэгт бичигдэж байсан утас. Баттерей нь 3800 mAh мөртлөө жин нь 129-хэн грамм. Утасны жин болон баттерейны харьцаагаараа гайхагдсан утас. Нэг ёсондоо сайн баттерейтэй утас хийх гэхээр жин нь нэмэгдээд байдаг асуудлыг шийдсэн гэсэн үг. Үйлдлийн систем нь андройд суурьтай ч iOS-ийн интерфэйстэй, сүүлийн үед хэрэглэгчдэд их таашаагдаж байгаа.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.