Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 17, 2016

7 хоногийн тойм: #ASEM11 & #ThankYouMongolia + Покемоны "галзуурал" + Дэлхийг цочроосон халдлагууд

Ази-Европын лидерүүдийн дээд түвшний уулзалт амжилттай зохиогдлоо

Ази, Европын 51 орныг эгнээндээ нэгтгэсэн ASEM буюу Ази Европын уулзалтын 11 дэх удаагийн чуулган Улаанбаатар хотноо энэ долоо хоногт амжилттай явагдаж өндөрлөлөө. ASEM-ийн 20 жилийн ой тохиож буй энэ жилийн уулзалтанд Германы канцеллор А.Меркель, Японы ерөнхий сайд Ш.Абе, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ, ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведев, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Туск тэргүүтэй төрийн тэргүүд, эрх баригчид, өндөр албан тушаалтнууд оролцож, "Улаанбаатарын тунхаг" бичгийг гаргасан юм. Энэ уулзалтын өмнө бизнесийн форум, түмний чуулган, залуусын чуулган зэрэг дагалдах хуралдаанууд амжилттай явагдсан бөгөөд Монгол улс түүхэн дэх хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй олон улсын хэмжээний арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа. Дэлхий нийт өнгөрсөн долоо хоногт Монголоор амьсгалж, олон чухал шийдвэр, хэлэлцээрүүд хийгдсэн үр дүнтэй арга хэмжээ болсныг онцолж байна. Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад оролцсон бүх зохион байгуулагчид, арын албаныхан, сайн дурын ажилтнууд, төрийн албан хаагчдад талархал илэрхийлье.

Ikon: АСЕМ-ийн хүндэт зочидтой танилцана уу
Gogo: 12000 хүний хүчээр буюу АСЕМ-ийг тооны хэлээр

Европт эмх замбараагүй байдал үүслээ

Жил бүрийн 7-р сарын 14-нд зохиогддог Францын Үндэсний баярын өдөр буюу Бастиллийн өдрийг тэмдэглэн Ницца хотноо цугласан байсан олон нийт рүү террорист этгээд том оврын машинтайгаар дайрч, 2 км-ийн турш замдаа таарсан энгийн иргэдийг дайрсан хэрэг дэлхий нийтийг цочроолоо. Уг хэргийн улмаас баяр тэмдэглэж байсан 84 хүн, түүний дотор 10 хүүхэд амь насаа алдаж, 300 гаруй хүн гэмтэл аван эмнэлэгт хүргэгджээ. Ачааны машиныг 31 настай Тунис гаралтай Мухамед Булел хэмээх эр жолоодож байсан бөгөөд цагдаагийнхан түүнийг зогсоох гэж оролдох үед гал нээж эсэргүүцэл үзүүлж байгаад буудуулж нас баржээ. Хэргийг Исламын улс бүлэглэлээс зохион байгуулсан тухай мэдэгдэл гараад байгаа бөгөөд Францын ерөнхийлөгч Ф.Олланд гурван сарын хугацаатай онц байдал зарлажээ. Тэгвэл Турк улсад төрийн эргэлт хийх оролдлого гарч, 265 хүн амь насаа алдсан ноцтой хэрэг гарлаа. Ерөнхийлөгч Эрдоганы засаглалыг эсэргүүцсэн цэргийнхэн танк, нисдэг тэрэг, буу зэвсэгтэйгээр дайралт хийж, телевизээр засгийн газрын эрх мэдлийг шилжүүлэн авснаа зарласан юм. Гэвч тэдний оролдлого бүтэлгүйтэж, ард иргэд ч эсэргүүцэн жагсаал өрнүүлж, улмаар байдал хэвийн нөхцөлд шилжээд байна. Одоогоор 3000 орчим цэргийн албан хаагчийг "урвасан" хэргээр баривчлаад байгаа бөгөөд Р.Эрдоган үүнийг Туркийн ардчилалд тодорсон "хар толбо" хэмээн нэрлээд, урвагчдыг өршөөхгүй хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ. Зарим эх сурвалжууд хэргийн ард байсан зарим эрх мэдэлтнүүд Грек рүү зугтаан, улс төрийн орогнол хүссэн тухай мэдээлж байна.

BBC: Ниццагийн халдлагын талаар бид юу мэдэх вэ?
Vox: Туркийн төрийн эргэлтийг 500 үгэнд багтааж тайлбарлах нь

Pokemon Go дэлхий нийтийг хуйлруулж байна

Нинтендо компанийн хамгийн алдартай баатар Покемон эргэн ирлээ. Эргэн ирэх ирэхдээ дэлхий нийтийг хуйлруулж, технологийн хандлагыг өөрчлөн гарч ирж байна. Pokemon Go нэртэй гар утсанд суурилсан тоглоомыг тоглож буй хүмүүсийн тоо твиттерийн өдөрт ноогддог хэрэглэгчдээс давж, фэйсбүүкийн идэвхтэй хэрэглээнээс илүү болсон нь гайхалтай. Тоглоом нээгдээд буй бүсүүдэд хүмүүс гудамжинд гарч, даалгавар гүйцэтгэн, покемоноо цуглуулан бужигнаж байгаа талаарх бичлэг хаа сайгүй тараад байна. Гар утасны камер болон газрын зургаа ашиглан таны эргэн тойронд нуугдсан Покемоны баатруудыг олж, цуглуулах даалгавар бүхий энэ тоглоом гарснаас хойш Нинтендогийн хувьцааны үнэлгээ 9 тэрбум доллараар нэмэгдээд байгаа гэнэ. Нэг хэрэглэгч дунджаар 43 минутыг зарцуулж буй энэ тоглоом 4 цагийн дотор App Store-ийн жагсаалтыг тэргүүлж, хэд хэдэн оронд орлогоороо манлайлаад эхэлсэн байна. Өчигдөр Европын 26 оронд нээлттэй болсон уг тоглоомын сервер ачааллаа дийлэхгүйн улмаас байнга гацаж байгаа талаарх гомдол ч сошиал медиагаар багагүй таржээ. Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад нээлттэй болоогүй байгаа энэ тоглоом нь Augmented Reality технологийг ашиглан апп хөгжүүлэгч Niantic-ийн бүтээл бөгөөд тэд анх Google-ийн харьяа төсөл болон үүсгэн байгуулагдаж байжээ.

UB.LIFE: Pokemon GO тоглохын өмнө таны мэдэх ёстой БҮХ зүйлс
Recode: Google яагаад Pokemon Go-г бүтээгчдийг компаниасаа гаргасан бэ?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Чат мессежийн үйлчилгээ үзүүлэгч Line энэ жил технологийн салбарт хамгийн амжилттайгаар хөрөнгө босгосон компани боллоо. Тэд өнгөрч буй долоо хоногт Нью Йорк болон Токиогийн хөрөнгийн биржид IPO хийж, улмаар 1.1 тэрбум долларыг босгосон байна. Сар бүр 218 сая хэрэглэгч энэ аппийг ашигладаг бөгөөд үүний гуравны хоёр нь Япон, Тайланд, Индонез, Тайван улсад хамаардаг. Дагалдах тоглоом, стикерээрээ орлогоо бүрдүүлдэг Line-ийн нэгж хувьцааны үнэлгээ нэрлэсэн үнээсээ даруй 26 хувиар өсөөд байгаа ажээ. Өмнөх жилтэй харьцуулахад борлуулалт нь 60 хувиар өссөн Prime Day-ээ амжилттай зохион байгуулсан Амазон үүлэн технологи хөгжүүлэгч Cloud9 хэмээх стартапыг худалдан авсан байна. Үүнээс гадна Google өөрсдийн танилцуулаад удаагүй байгаа Space үйлчилгээний хайлтыг сайжруулах зорилгоор Kifi нэртэй стартапыг өөрийн болгожээ. Apple-ийн удахгүй танилцуулах байх хэмээн хүлээгдэж буй iPhone 7-ийнх байж болзошгүй зургууд интернетэд хурдтай тарж байна. Илүү том камертай, гэхдээ 6-тайгаа дэндүү ижилхэн гэгдэж буй энэ загварын талаар Apple ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа юм.

Techcrunch: iPhone 7 ийм байж магадгүй!
Bloomberg: Line: 8.6 тэрбумын үнэлгээтэй IPO

Спортын ертөнцийн эргэн тойронд

Шинэ аварга төрсөн тэгш ойн жилийн Монгол наадамтай зэрэгцэн спортын ертөнц ч ихээхэн завгүй байлаа. Сарын турш үргэлжилсэн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Португалын шигшээ баг түүхэндээ анх удаа аваргалав. Өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криштиану Роналду гэмтлийн улмаас тоглолтыг дуусгаж чадаагүй ч Португал талбайн эзэн Францын шигшээг нэмэлт цагт 1:0-ийн харьцаатайгаар хожсон юм. Өмнө нь нутагтаа ДАШТ болон Еврод түрүүлж байсан Францын багийн А.Гризманн 6 гоолтойгоор мэргэн бууч болсноос гадна шилдэг тоглогчоор нэрлэгджээ. Харин теннисийн ертөнцийн хамгийн том 4 их дуулгын нэг Уимблдонд нутгийн тамирчин Энди Мюррэй түрүүллээ. Тэрээр шигшээд өмнөх шатанд алдарт Р.Федерерийг хожиж шуугиан дэгдээсэн М.Раоничийг ялж, 2 дахиа Уимблдонд аваргалсан юм.

ESPN: Португал Еврод түрүүлэх эрхтэй байсан уу?
Telegraph: Мюррэй Уимблдонд түрүүллээ, харин дараа нь юу байх бол?

18103   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.