Номын хэсгээс

"Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд" номын танилцуулга

07 сарын 16, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


12640   2




Өнгөрөгч 6-р сард Японы орчин цагийн нэрт зохиолч Харүки Мүракамигийн “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” гэх бүтээл монгол уншигчдын гарт очсон билээ. Ихэд хүлээлт үүсгэсэн энэ ном зохиолчийн 13 дахь бүтээл бөгөөд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо Японд нэг сая гаруй хувь борлогдож, Нью Йорк Таймсын бестселлер номын жагсаалтыг тэргүүлж байв. Уг номыг Мүракамигийн "1Q84" номыг эх хэлээрээ унших боломжийг монгол уншигчдад олгож байсан япон судлаач О.Жаргалсайхан орчуулжээ. Уг номын талаар орчуулагч нь юу хэлснийг та эндээс уншаарай.

Номын гарчиг нь хоёр санааг агуулсан байна. Нэгдүгээрт, “Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц өнгө цацрааж байдаг” гэсэн япончуудын өнгөний тухай ойлголтыг багтаажээ. Харин Тазаки Цүкүрү “өнгөгүй”. Ахлах сургуульдаа тэр нэрэнд нь өнгө орсон 4 сайн найзтай байв. Тухайлбал, хоёр эрэгтэй найз нь Акамацү (улаан нарс), Оүми (цэнхэр далай) гэсэн овогтой, хоёр эмэгтэй найз нь Ширанэ (цагаан үндэс), Күроно (хар тал) гэсэн овогтой байлаа. Зөвхөн Тазакигийн нэр л өнгөтэй ямар ч хамаагүй байв...

Хоёрдугаарт, “Эргэлийн он жилүүд” гэдэг нь Унгарын агуу төгөлдөр хуурч Франц Листийн бүтээлийн нэр бөгөөд зохиол дотор үе үе гардаг. Бүтээлдээ хүмүүсийн тэр бүр гаргаж илэрхийлээд байдаггүй сэтгэлийн мэдрэмжүүдийг зоригтой тусгадаг, төсөөлөхүйн мастер Мүраками зохиолоо бодит баримт, хөгжим хоёроор байнга "чимдэг"-ийг үнэнч уншигчид нь андахгүй биз ээ.

НОМЫН АГУУЛГА

1990-ээд оны эхэн үед Нагояад Тазаки Цүкүрү ахлах сургуульд сурч байв. 4 найзтайгаа тэр гарын таван хуруу мэт сайхан үерхдэг байлаа. Гэвч 1995 оны нэгэн өдөр, түүнийг 2-р курсэд байхад найзууд нь түүнтэй харилцаагаа гэнэтхэн тасалжээ. Учир битүүлэг энэ явдал түүнийг сэтгэлийг өнчрүүлж, байнга амиа хорлох тухай бодоход хүргэнэ. Хэсэг хугацааны дараа хамтдаа усан сэлдэг асан, сонгодог хөгжимд түүнийг уруу татсан оюутан цагийн ганц найз нь бас түүний амьдралаас алга болоход Тазаки "би ер нь үргэлж ганцаараа байх заяатай хүн юм байна" гэж боддог. Ямар ч гэсэн тэр сэтгэлийн гүн шархтайгаар их сургуулиа төгсөн инженер болж, багын л дуртай байсан төмөр зам өртөөтэй ажил амьдралаа холбоно.

Эдүгээ 36 настай Тазаки 16 жилийн өмнө найзууд нь яагаад түүнээс нүүр бууруулсныг олж мэдэхийг хүсэх болно. Учир нь түүний шинэ найз охин Сара өнгөрсөнд үлдээсэн асуултын хариултаа олж нээхээс нааш Тазаки хэзээ ч бүрэн дүүрэн аз жаргалтай нэгэн болохгүйг мэдэрч, тэр жил чухам юу болоод өнгөрснийг ухаж төнхөн, учрыг нь олох хэрэгтэй хэмээн шахамдуулна. Ингээд тэр Нагояа, Финланд гэх мэт өөр өөр газруудад тарсан хуучны найзууд дээрээ ээлж ээлжээр зочилдог.

Тэдэнтэй уулзаж ярилцаад Тазаки чухам ямар нууцыг нээх бол?

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.