Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   07 сарын 13, 2016

"Бид хэрхэн ажилладаг вэ?" - Үндэсний их баяр наадмын тусгай дугаар

Баяр наадмын налгар өдрүүд үргэлжилж, хүн бүр баярлан цэнгэж, гэр бүлтэйгээ, хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж байгаа энэ цаг мөчид Unread-ийн хамт олон "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн баяр наадмын дугаараа чухам энэ өдрүүдэд биднийг сайхан баярлуулахын төлөө хичээн ажиллаж буй эгэл баатруудад зориулахаар шийдсэн юм. Тэд бол энгийн иргэд, энгийн залуус, энгийн төрийн албан хаагчид. Тэд бол жирийн монголчуудын төлөөлөл. Өөрсдийгөө биш өрөөлийн төлөө хөл гишгэх газаргүй мэт санагдах наадмын талбайд, нар шарсан зуны халуун өдөр толгой өндийх завгүй ажиллаж буй хүмүүсийн төлөөлөл. Биднийг баярлаж, амарч, эрхэлж байхад ТЭД ИНГЭЖ АЖИЛЛАДАГ.  

Наадмын өдрүүдээр нийт 1000 гаруй үйлчилгээний байгууллага наадамчин олонд үйлчлэн ажиллаж буй. Тэдгээрийн дийлэнх хэсгийг зоог, хоолны газрууд эзэлж буй нь санаандгүй хэрэг биш. Монголчуудын наадмыг дугуй хуушуургүйгээр төсөөлөх аргагүй. Тиймдээ ч наадмын өдрүүдээр хамгийн эрэлттэй, хамгийн бужигнаантай, хамгийн завгүй ажиллаж буй зуу зуун тогоочдын төлөөлөл болгон бид "Эрчим" цайны газрын мастер тогооч Д.Эрдэнэбаттай ярилцсан юм.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Манай хамт олон маш өндөр түвшний зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа нь нэгэн дор хэдэн зуун хүнд үйлчлэх боломжийг олгодог. Бид энгийн үедээ ч 2 цагийн дотор 1000 хүнийг хооллох даалгавартай ажилладаг учир наадмын талбай дээр ачаалалтай ажиллах нь тийм ч түвэгтэй биш байдаг гэж хэлж болно. Нэгэн зэрэг 10 тогооч ажиллаж, өөрсдөд оногдсон үүргийн хуваарилалтын дагуу захиалга авахаас эхлээд гурил таслах, чимхэх, элдэх, шарах дарааллаар ажиллаж байна. Дээрээс нь ажлын байрны хэрэгслүүдийг хамгийн бүтээмж өндөртэй байдлаар байрлуулсан, түүхий эд, орц бүтээгдэхүүнүүдээ чанарын өндөр түвшинд урьдчилан бэлтгэсэн байгаа учир хэрэглэгчийг хамгийн ачаалалтай үедээ 10-15 минут л хүлээлгэж, хүссэн тоогоор нь хуушуураа гаргаж байна даа.

Та бүхэн яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн зоогийн газрын хамт олон бид энэ жил ээлжит удаагаа баяр наадмын үеэр өөрсдийн хуушуурыг наадамчдадаа хүргэж байна. Бид цэнгэлдэхийн эргэн тойронд 3 цэг дээр, нийт 30 тогоочтойгоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Өнгөрсөн 2 жил манай хуушуур наадмын зохион байгуулах комиссын шалгаруулалтанд оролцож, "Шилдэг хуушуур", "Том хуушуур" гэсэн шагналуудыг авч байсан. Энэ жил бид "Өвөрмөц чимхэлттэй хуушуур" гэсэн төрөлд тэргүүн байр эзэллээ. Нийт 6 мастер тогоочтой манай багийн "Эрчим хуушуур" олны талархлыг хүлээж байгаад их баяртай байгаа шүү. Одоогоор 1 тонн махаар хуушуур хийчихээд байна даа (инээв).

Тохижолт үйлчилгээнийхэн гэдэг тодотголтой шар өмсгөлтэй ажилчид зөвхөн баярын өдөр гэлтгүй, өвлийн хүйтэнд ч, үүрийн бүрийгээр ч ажилгүй зүтгэж, цэвэр цэмцгэр хотын төлөө хөдөлмөрлөж байдаг. Бид баяр наадмын үеэр ажиллаж буй зуу зуун цэвэрлэгээний ажилчдын төлөөлөл болгон Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ-ийн ажилтан н.Баярбаатартай уулзсан билээ.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?

Ард түмэн маань сайхан баярлаж наадахад хамгийн эхэнд шаардлагатай зүйл бол цэнгэлдэх хүрээлэн маань цэвэрхэн байх шүү дээ. Хогтой, шороотой, тоостой, шавхайтай байвал хүмүүс баярласан ч болж чадахгүй, бухимдсаар байгаад таарах учир бид өөрсдийгөө их хариуцлагатай ажил хийж байна гэж ойлгодог. Энэ жил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хүмүүс их соёлтой, боловсон болсон нь харагдаж байна. Хогоо ил задгай хаяж байгаа хүмүүс нэг их алга, албан байгууллагууд ч хогоо зориулалтын уутанд хийж, бидэнд авчирч өгөх нь их болж. Өмнө нь нэг өдөрт 10 тонны багтаамжтай машинаар бараг 2 удаа хог ачдаг байсан чинь өнөөдөр бол нэг машин ч дүүрэхгүй шинжтэй байна. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгааг мэдрэх ямар сайхан гээч. Заримдаа хүмүүс хогоо өгөхдөө эсвэл хажуугаар өнгөрөхдөө талархлын үгсээ харамгүй хайрладаг нь бидэнд их урам зориг өгдөг шүү. Энэ жил гадны зочид ихтэй байна, улс орноо өөдтэйхөн харуулчих юмсан даа л гэж бодож байна даа.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Энгийн үед бол манай ажил үүрийн 6 цагт эхэлдэг учир ихэвчлэн 4-4:30-ийн хооронд босдог. Шөнө бол ажлаа дуусгаад, гэртээ харих гэсээр байтал шөнө дунд өнгөрөх нь элбэг. Харин наадмын үеэр цэнгэлдэх дээр бол бараг л унтахгүй ажиллаж байгаа гэж хэлж болох байх. Манай Сүхбаатар нэгдлээс нийт 48 ажилтан энэ талбайд ажиллаж байна. Хамгийн сүүлийн зочид цэнгэлдэхийг орхиж, хамгийн сүүлийн аж ахуйн нэгжээ хаалгаа барихад бидний ажил ид дундаа үргэлжилж л байдаг. Өглөө хамгийн эхний байгууллага үүдээ нээж, эхний зочид энд ирэхээс өмнө бид аль хэдийн ажлаа эхэлчихсэн байдаг .

Наадмын талбайн өнцөг булан бүрт харагдаж, харагдах болгондоо сэтгэл амрааж, амгалан тайван нөхцөлд байгааг минь сануулах цагдаагийн ажилтнууд бол дуурсагдаагүй алдартнуудын нэг гэдэгтэй санал нэгдэх хүн олон байх. 6000 цагдаа, 800 замын цагдаа ажиллаж байгааг заавал дурдаарай гэсээр төв хаалганд үүргээ гүйцэтгэж буй эгэл нэгэн цагдаагийн албан хаагч бидэнтэй таарсан юм.

Та бүхэн наадмын үеэр ямар арга барилаар ажиллаж байна вэ?

Баяр наадмын үеэр нийт 6000 гаруй цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэн, байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Хэв журам сахиулахаас эхлээд цэнгэлдэхийн орох гарах урсгалын хэвийн байдлыг хангахад ч бид оролцож байгаа. Ард олон маань бүгд төрөө дээдлэн баяраа тэмдэглэж байгаа учир ноцтой том зөрчил бол гараагүй байна. Тэднийхээ амгалан тайван байдлыг хангах нь бидний хувьд хамгийн эрхэм үүрэг юм аа.

Баяр наадмын үеэрх хамгийн эрэлттэй зүйл нь "хуушуурыг эс тооцвол" хүйтэн мөстэй ундаа байлаа. Төрөл бүрийн брэндийн, олон янзын хэмжээтэй ундааг цэнгэлдэхэд ирсэн хүмүүс хаанаас л бол хаанаас олж авах боломжтой байв. Тэгвэл бид энэ удаад бидний ажигласнаар хамгийн олон ундааг хамгийн онцлох маркетингтайгаар борлуулж байсан залуустай уулзсан юм. Ундаа зарахаас гадна "шүтэн бишрэгчидтэйгээ" зургаа авахуулах тэднийг монгол Бэтман, монгол Спайдерман гэж энэ удаад нэрлэцгээе.

Та нарын ажлын хамгийн онцлох арга барил юу вэ?

Бид цэнгэлдэх хүрээлэн дээр хүйтэн ундаа зарж байгаа хүмүүс. Гэхдээ бидэнтэй яг адил ажил хийж буй бараг 100 гаруй залуучууд энд байгаа байх. Тийм учир ямар нэг зүйлээрээ ялгарах хэрэгтэй юм байна гэж бодсон юм. Тэгээд л ийм өмсгөл хийж, өмсөөд цэнгэлдэх дээр ажиллаж байгаа хэрэг. Ялангуяа жаахан хүүхдүүд биднийг харчихаад спайдермэн, батманы ундааг л ууна гэж аав, ээжээ "зовоодог" болсон учир борлуулалт маань ч овоо байгаа шүү. Гэхдээ сүүлдээ мөстэй ундаа зарахаас илүү хүүхдүүдтэй хамт зургаа авахуулж олох орлого маань өндөр болоод байна. Хүүхдүүд ч дуртай супер баатруудтайгаа зургаа авахуулахыг их хүсэж байгаа нь мэдэгдэж байгаа. Хүүхдүүдэд мөрөөдлийнхөө баатруудтай хоромхон хугацаанд ч гэсэн хөгжилдөх боломж бэлэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна.

Наадмын талбай дээр хэрэглэгдэж буй ажлын хэрэгсэл, хувцсаа танилцуулна уу?

Бид энэ хувцсаа бараг өөрсдийн дотоод нөөц бололцоогоор "босгосон". Заримыг нь интернетээр захиалж, ихэнхийг нь өөрсдөө хийсэн гэж хэлж болно. За тэгээд телевизүүдийн холбооны самбарын урд зургаа авахуулж байгаа, ундаагаа ч давхар эндээ зарчихаж байна даа.

Баяр наадмын үеэр тусгай үүргийн дагуу бүх төрлийн худалдаа, үйлчилгээнд хяналт тавин, бидний эрүүл мэнд, сайн сайхны төлөө ажилладаг эрхмүүд бол Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар билээ. Гар дээрээс шорлог, хорхог, хуушуур зэргийг ямар нэгэн зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэн борлуулж буй хүмүүс олон байна гэдгийг онцолсоор улсын байцаагч Т.Улзмаа бидэнтэй уулзсан юм.

Та бүхэн хийх ажлын жагсаалтаа хэрхэн хөтөлж байна вэ?

Мэргэжлийн хяналтын газраас нийт 5 цэгт 404 улсын байцаагч, албан хаагчид худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хяналт тавин ажиллаж байгаа. Бид тодорхой зөрчүүдийг газар дээр нь арилгуулж, майонез, крем, өндөгтэй түргэн муудах бүтээгдэхүүнүүдийг шууд устгалд оруулж байгаа. Бүх зөрчлүүд төв цэнгэлдэх дэх Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчдын байрлаж буй хяналтын байранд бүртгэгдэж, тэндээс үүрэгт ажлуудыг улсын байцаагчдад хуваарилан, асуудлыг шийдвэрлэж байна. Наадмын үеэр явуулын лаборатори ажиллуулж, цагаан идээ, маханд шууд газар дээр нь хяналт хийж байгаа нь энэ жилийн хувьд мөн дэвшил болж байна.

Хувцас, хэрэглэл, чимэглэл гээд олон төрлийн бүтээгдэхүүн борлуулагдаж буй наадмын талбай дээр ном худалдаалж буй цэг хэд хэд байсан нь бидний анхаарлыг аргагүй татсан. Авчирсан номуудыг нь сонирхох олны хөлийн завсар бид тэдгээрийн төлөөлөл болсон н.Батаа гэх залуутай уулзаж, ярилцсан юм.

Танайхаар хамгийн их борлогдож байгаа, хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа ном юу байна вэ?

Монголчууд маань баярын өдрөөрөө ч гэсэн ном их авч байна. Бид энэ удаад хуучин номын худалдаандаа илүү анхаарал хандуулж, хүмүүсийн сонирхож болох, бас шууд худалдаж авах боломжтой гэж тооцон 500-15000 төгрөгийн үнэтэй номуудыг энд авчирсан. Хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд "Монгол ардын уламжлалт ёс зан үйлийн дээж", "Монголчуудын уламжлалт зан үйл" зэрэг номуудыг илүү ихээр авч байгаа нь их талархууштай байна. Хүүхдүүддээ үлгэрийн болон ран зохиолын номууд ч гэсэн ихээр авч байгаа шүү.

Гадны жуулчдын хөлд дарагдсан үндэсний их баяр наадмын өдрүүдэд эрхэм зочдын хувьд хамгийн эрэлттэй байсан "мэргэжилтнүүд" нь "Оюутан цагдаа" хэмээх малгай өмссөн залуус байсан юм. Цагдаагийн ерөнхий газар болон Монголын Оюутны Холбооноос хамтран сүүлийн 3 жилийн турш хэрэгжүүлж буй энэ төслийн хүрээнд 100 гаруй оюутан цагдаа наадмын өдрүүдээр ажиллаж байгаа гэнэ.

Үеийнхээ ихэнх залуусыг амарч байхад ажиллаж байгаа та хоёрыг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

- Би АШУИС-д суралцдаг учир ихэнхдээ мэргэжлийн номоо уншиж, дадлагадаа бэлтгэх хэрэгтэй байдаг. Сул чөлөөтэй цаг гарвал харин интернетээр хэсэж, сонирхолтой мэдээлэл цуглуулан, сонин хачин зүйлс ухах дуртай.

- Би боксоор хичээллэж байгаа. Ахлах сургуулиа төгсөөд түр завсарлаж байгаа учир энэ хооронд өөрийгөө хөгжүүлэх үүднээс энэ сайн дурын ажлыг хийж, мөн спортоор хичээллэж байна. Их завгүй өдрүүд өнгөрч байгаа шүү.

Ажиллаж байх үедээ та нарын авсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

- Зөвхөн гадаадын жуулчид төдийгүй монголчууд маань хүртэл заримдаа биднээс зам асууж, хэрэгтэй зүйлээ лавладаг. Хөгшин настай хүмүүс бидэнд их урам өгч, үнэтэй сургаалиа харамгүй хайрладаг нь энэ ажлыг их дуртай хийж байгаагийн шалтгаан байх. "Та бүхэн Монгол улсын нүүр царай болж байгаа шүү. Тийм учир зөвхөн өөрсдийгөө биш улсаа төлөөлж байгаа гэж бодож хичээн ажиллах хэрэгтэй" гэж нэгэн өвөөгийн хэлсэн санаанаас огт гарахгүй байгаа шүү.

- Гадаадын хүмүүс биднийг өөрсдөөс нь мөнгө салгах гэж байна гэж буруу ойлгоод, зугатааж холоор яваад буй нь харагдахаар их урам хугардаг. Хийх ажилгүй, халуунд дэмий зогсож байна гэж бодоод сэтгэлээр их унадаг. Гэхдээ зүгээр хажуугаар өнгөрсөн зарим хүмүүс биднийг зорьж ирж баяр хүргэж, улам сайн ажиллах хэрэгтэй шүү, хичээгээрэй гэж урмын үгс их хэлдэг нь ахиад л ажиллах эрч хүч өгдөг дөө.

Монгол орны өнцөг булан бүрт суугаа элэг нэгтнүүддээ үндэсний их баяр наадмын уур амьсгалыг мэдрүүлж, эргэн тойрны онцлох үйл явдлыг сурвалжилж, бөх, сур харваа, хурдан морь, шагайн харвааны тэмцээн уралдааныг шууд дамжуулах үүрэг чухам телевизийнхэнд ноогддог. Тэгвэл бид энэ удаад телевизүүдийн төлөөлөл болгон Монгол ТВ-ийн уран бүтээл хариуцсан дэд захирал Б.Гантөмөртэй уулзсан юм.

Танай шууд дамжуулалтын хамгийн онцлох зүйл нь юу байсан бэ?

Бид Улсын Драмын Эрдмийн Театртай хамтран энэ жилийн баяр наадмын нээлтийг шууд дамжууллаа. Найруулагчидтай, жүжигчидтэй хамт бэлтгэл хийж, үйл явдлыг хэрхэн үзэгчдэд хамгийн тодорхой бөгөөд ойлгомжтойгоор харуулах вэ гэдэг дээр их ажилласан. Тийм учир нээлтийн өрнөл, өгүүлэмжийг хүмүүс илүү ойроос, илүү мэдэрч үзэх боломжтой болсон гэж хэлж болно. Мөн цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа явуулын студи-асар зассан нь шууд дамжуулалтыг илүү амьд болгож чадсан гэж бодож байна даа. Дрон ашиглан дээрээс зураг авч, жүжигчдийн үүсгэж буй хэлбэр дүрсийг үзүүлсэн зэргээр жишээ татаж болно. Бас дэлхий даяар тархан суугаа монголчууддаа зориулан фэйсбүүк хуудас, Youtube сувгуудаараа дамжуулан шууд нэвтрүүлгүүдээ шууд цацсан нь дэвшилтэт алхам боллоо.

Хэрэглэж буй дэвшилтэт технологи, онцлох хэрэгслүүдээсээ нэрлэнэ үү?

Бид жил бүр ямар нэгэн шинэ технологийг наадмын дамжуулалт дээрээ нэвтрүүлэхийг зорьдог. Энэ жилийн тухайд хөлийн цэц, засуулуудад микофон суулгаж өгснөөр үзэгчид бөхөө илүү "амьд" үзэх боломжтой болсон. Засуулуудын хэлж буй үгс, маргаантай үед цэцийн байр суурь зэргийг шууд газар дээрээс нь сонсож байна гэсэн үг. Энд 80 гаруй ажилтан ажиллаж байна. Зөвхөн цэнгэлдэх хүрээлэнд нийт 23 камер байрлуулж, нээлтийн ажиллагаа болон үндэсний бөхийг шууд дамжууллаа. Олон камертай болсноор олон өнцгөөс тухайн үйл явдлыг хүмүүс хүргэх бололцоотой гэсэн үг. Мөн ронин буюу явуулын хөдөлгөөнт камер байгаа. Мөн операторгүй, алсын удирдлагатай 3 камер зоосон. Энэ нь найруулагч шууд өөрийн хүссэнээрээ тухайн камеруудыг удирдаж байна гэсэн үг л дээ.

Гэрэл зургийг: Н.Итгэл

Наадмын өдрүүдээр тэд ийн завгүй ажиллаж байна. Энэ хүмүүсээс гадна ажлын онцлогоос хамааран бидэнтэй ярилцах боломж байгаагүй онцгой байдлын ажилтнууд, эмнэлгийнхэн, зохион байгуулах комиссынхон бас байгааг мартаж болохгүй. Бид энэ өдрийн дугаараараа дамжуулан наадмын үеэр бидний сайн сайхны төлөө хичээн ажиллаж буй дуурсагдаагүй алдартнуудыг магтан дуулж байна. Миний Монголын ард түмэн сайхан наадаарай.

23711   8


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.