Онцлох Бизнес

Онцлох бизнес: Отог Бренд - Таны тав тухтай аялалд зориулав

07 сарын 11, 2016


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan
@batzaya


18269   1




Амралт эхэлж аялал зугаалгын улирал ирлээ. Зуны энэ налгар өдрүүдэд та хотын их чимээ шуугиан, хөл хөдөлгөөнөөс амсхийх аялалд гарах гэж байна уу? Тэгвэл өнөөдөр танд яг хэрэгтэй нэгэн бизнесийг танилцуулж байна. Монголын цаг агаар, онцлогт тохирсон хамгийн чанартай аяны майхан, аяллын төрөл бүрийн хэрэгслийг Монголын зах зээлд 2005 оноос хойш тогтмол худалдаалж буй ОТОГ бренд 2015 оноос эхлэн өөрийн нэрийн майхнуудыг гарган нэвтрүүлээд байгаа юм. Хаа ч гэртээ байгаа мэт тухлах боломжийг олгож буй эдгээр аяны бүтээгдэхүүнүүдийг заавал сонирхоорой гэж танд зөвлөж байна. Ингээд тус брендийн гүйцэтгэх захирал Э.Анужинтай хийсэн ярилцлагыг хүргэе.

Бизнесийн нэр: Otog Travel Brand
Хаяг: Гэгээнтэн цогцолбор, 8-р давхар (Showroom: Зайсангийн Миний Дэлгүүрийн урдах талбай)
Үйл ажиллагааны чиглэл: Майхан, аяллын хэрэгслүүд
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 он
Үүсгэн байгуулагч: Ц.Эрдэнэбаяр
Ажилтны тоо: 8
Холбоосууд: Вэбсайт, ОТОГ Майхан (Фэйсбүүк)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Манайх их аялах дуртай гэр бүл. Aав ээж 2 маань амралт сувилал гэхээсээ илүү хүүхдүүдээ аваад хээрээр аялахыг илүүд үздэг. Бага байхаасаа л хөдөө явж майханд хонож, хээрийн хоол цайны амтыг мэдэрч өссөн. Багийн олон сайхан дурсамжууд одоо ч маш тод санагддаг. Эргээд бодоход энэ нь бид нарт байгаль дэлхийгээ таньж мэдэх, хайрлах ухааныг сургахаас гадна хээр явахад юу анхаарах гээд олон олон амьдралын ухааныг сургасан юм байна.

Аав маань сайхан амарч аялахад сайн майхан, аяны хэрэгсэл чухал гээд хамгийн чанартай, мөн Монголд тохиромжтой майхны эрэлд гарсан юм. Ингээд сэтгэлд нь бүрэн нийцсэн майхнаа олж хэрэглээд, үүнийгээ 2005 оноос Монголын зах зээлд нэвтрүүлэн худалдаалж эхэлсэн. Харин 10 жилийн дараа буюу 2015 оноос ОТОГ брендийг бий болгон хөгжүүлж эхлээд байгаа. Харин би саяхан сургуулиа төгсөж ирээд энэ брендээ өргөжүүлэхийн төлөө ажиллаж байна.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Хамгийн анх бол арай цөөн майхан оруулж байсан тул өөрийн хөрөнгөөр л явж байлаа. Харин сүүлийн жилүүдэд өргөжүүлэх үүднээс нэмэлт санхүүжилтийн аргууд хайж байгаа. Энэ явцад урд нь худалдан авсан хүмүүсийн сэтгэл ханамж, тэдний дэмээр бизнес маань өргөжиж байна. Мөн хэдий сүүлийн жилүүдэд иргэдийн худалдан авах чадвар муу байгаа ч хэрэглэгчид маань жил бүр хямд майхан авч түүнээс болж илүү зардал гаргаснаас нэг удаа чанартай сайн майхан авсан нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байна хэмээн биднийг зорин ирэх нь ихэссэн гэхэд болно. Иймдээ бид эдийн засаг хүнд үед ч үнэнч хэрэглэгчид, туршлагатай аялагчдийн хүчинд бизнесээ улам өргөжүүлсээр байгаадаа баяртай байна. Өөрсдийн бүтээгдэхүүнээ нүүр бардам бахархалтайгаар хүмүүст санал болгох, таниулах, худалдаалах ч үнэхээр сайхан шүү.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

ОТОГ брендийн майхны гол онцлог нь олон хэсэг салдаггүй нэг цул эвхэгдэж, дэлгэгддэг систем юм. Үүгээрээ 2014 онд Германд Олон Улсын Red dot design award-с шилдэг дизайн шагнал хүртэж байсан. Энэхүү патентыг эзэмшдэг Тайванийн үйлдвэртэй бид хамтран бүтээгдэхүүнээ гаргаж байна. Бид Монгол хүний хэрэглээ, хэрэгцээний онцлог, цаг агаарын нөхцөлд тохируулан загваруудаа сайжруулах үүрэгтэй ажилладаг. Дотооддоо энэ жилээс гэрээт борлуулагчдын сүлжээг бий болгох ажлуудыг эхлүүлээд байна. Цаашдаа аймаг бүрт энэ чиглэлээр ажилласан туршлагатай хамтрагчийг шалгаруулж авна.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

ОТОГ брендийн майхнууд бол 1 өдрийн аялалд бус олон хоногийн аялалд олон жил хэрэглэхэд зориулагдсан. Тиймээс халуун, хүйтэн, бороо ус, салхитайд ая тухыг хадгалдаг, зөөж буулгах, барьж босгох, арчиж цэвэрлэх, засаж сэлбэхэд амар хялбар байх шаардлагатай. Энэ бүгдийг бид бүх загвартаа бодолцон шингээж өгсөн нь ОТОГ брендийн хамгийн онцлог бахархал юм.

Монгол бол аялал амралтын диваажин. Учир нь өглөө сэнгэнэсэн цэвэр агаар амьсгалуулан тогтуун сайхан эхэлж, үд дунд нар халж сүүдэр ховордож эхэлнэ. Удалгүй бөөн үүл хурж хийсгэчих алдан салхилж бороо дусна. 2 цаг аадар бороо, мөндөр асгачхаад юу ч болоогүй мэт нар гарч солонго татна. Оройдоо харин ямар ч салхигүй намуухан нар жаргаж тэнгэр дүүрэн од яг л хажууд байгаа мэт гялалзаж эхэлнэ. Өглөө хөхөөн дуунаар сэрэхэд гадаа аягатай ус зайрмагтсан байх ч үе бий. Ийм өдрүүд аялах бүрт дандаа л таардаг. Та бүхэнд ч бас танил сонсогдож байгаа нь лавтай.

Тэгэхээр майхан бол тухайн орны тухайн орныхоо цаг уурт тохирч байж л ая тухыг бий болгодог. Америк, Европ, Солонгост зориулж хийсэн майхан тэр бүр Монголын нөхцөлд тохирдоггүй. Өдөр нь +25 градус, шөнөдөө 0-5 градус хонодог хангай манайд л байдаг.

ОТОГ бол гэр бүл, найз нөхдөөрөө машин хөлөглөөд агаарт, хөдөө байгальд амрахад зориулагдсан майхан. Хүмүүс уулчдын үүрч яваад ууланд барьдаг намхан, хөнгөн, үнэтэй майхныг гэр бүлээрээ явахдаа хэрэглэх гэж авдаг нь өөрөө буруу сонголт л доо. Иймээс бид хэрэглэгчидтэйгээ ойр байж, манайхаар ирсэн хүмүүсийн хэрэгцээг эхэлж асуун аяллын зөвлөх хийдэг. Өөртөө яг таарсан, зориулалтын зөв майхнаа сонгоход хаашаа явах, хэдүүлээ явах, хир хугацаатайгаар явахаас эхлээд бодолцох зүйл бишгүй шүү.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Майхан, аяны хэрэгслийн худалдааг би бараа бүтээгдэхүүн зарж байна гэхээсээ илүү хүмүүст, гэр бүлүүдэд хамгийн сайхан цагийг хамтдаа өнгөрүүлж бие биедээ илүү ойртох, ойлголцох боломж бүрдүүлж өгдөг ажил гэж боддог. Зав гаргаж майхнаа ачаад гэр бүлээ аваад, хээрийн хоол хийж өгөнгөө хүүхдүүддээ амьдрах ухаан зааж сурган, ханьдаа халамж анхаарал тавьж баярлуулан, шөнө нь майхандаа хүүхдүүддээ үлгэр, түүх ярьж өгдөг аавууд улам олон болоосой гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Энэ бол бидний бодит зорилго. Тийм боломж бүрдүүлэх олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна даа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Дээр дурдсан шиг бидэнд жил бүр хямд майхан авч хэрэглэснээр эргээд хэчнээн их илүү зардал, тухгүй байдал үүссэн талаараа хүмүүс хуваалцдаг. Хүмүүсийн хөдөлмөрлөж олсон хөрөнгийг дэмий, муу зүйлд зарцуулахгүй байх хэрэгтэй. Зөв зүйлийг нь зохистой үнээр нь өгөх, өгсөн бол эргээд хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлж чаддаг байх зарчмыг бид баримталдаг. Хэрэглэгчдийн маань санал сэтгэгдэл, аяллын түүх болгон бидэнд жил бүр дараа дараагийн загвараа илүү бодитойгоор сайжруулах, Монголд илүү тохиромжтой болгож зохион бүтээхэд маш их нэмэр нөлөө үзүүлдэг. Энэ бүрээс бид хийж буй ажлынхаа үнэт зүйлийг мэдэрч урам авдаг.

Бас нэг зүйл бол бид жил бүр гадаа талбайд бүх загвараа бариад майхны showroom гаргадаг. Хүн майхныг дэлгүүрт эвхээстэй байхад нь зургийг нь хараад авах биш эргэж тойрч дотор нь орж үзэж байж л өөрт нь тохирох үгүйг мэднэ, сонголтоо зөв хийнэ. Бас бид гадаа талбайд гардаг болохоор модель майхнууд маань зуны 3 сарын турш нар салхи бороог ёстой нэг үзэх шиг болдог доо. Бид баяр наадам, бороотой устай байсан ч өдөр бүр өглөө 10-с орой 11 хүртэл ажилладаг, хэдэн өдрийн борооноор ирж үзсэн хүмүүс майхнууд дотор нэг дусал ч ус гоожоогүй байгааг хараад их сэтгэл амар худалдан авалт хийдэг шүү.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ХИЙХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Халуун ам бүлээрээ, хамт олноороо найз нөхдөөрөө амарч зугаалж ая тухыг мэдэрч байгаа хүмүүсийн баяр хөөр, сэтгэл хөдлөл, мартагдашгүй дурсамжууд бүгд энэ бизнесийн зүйрлэшгүй сайхан тал нь. Ажил болгон л том бага бэрхшээлтэй байдаг, болгоно оо (инээв).

ТАНАЙХ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Улирлын чанартай бизнес болохоор одоо ид оргил ачааллын үе таарч байна. Зарим загвар, бараа маань тооцоолсноос хурдан дуусчихлаа, үүндээ хэрэглэгчдээсээ хүлцэл өчье. Одоо бол ирэх жилийн шинэ загвартаа цаг гаран ажиллана. Энэ жилийн шинэ загвар болох Nomad 270 тун дажгүй болсон, хүмүүс их сайн авч байгаад баяртай байна.

Мөн бид малчдад зориулсан отрын сайн чанарын авсаархан майхан хийхээр загвар дээр нь ажиллаж байна. Их сонирхолтой бүтээгдэхүүн гарна гэж найдаж байгаа.

Бас болоогүй ээ, хотын ойролцоо хүмүүс майхантайгаа очоод амарч болдог, шаардлагатай бүх үйлчилгээгээ авчихдаг, нэг ёсондоо “Майханддаг” газар байгуулахаар бас ажиллаж байгаа.

УЧИРЧ БАЙСАН СУРГАМЖТАЙ ЯВДЛААСАА ХУВААЛЦАНА УУ?

Саяхан манай ОТОГ Веранда асрыг авсан хэсэг найзууд намуухан орой асартаа тоглоом тоглож байгаад майхандаа ороод унтацгаасан гэсэн.

Өглөө боссон чинь асар нь хийсээд уначихсан байж л дээ, тэгээд бүгд юу болов гээд мөрдлөгөө явуултал нэг ээж хүүхдүүдээ гадсанд тээглээд уначихна гээд бүх гадсыг нь сэмээрхэн сугалаад авчихсанаа хүлээсэн гэсэн. Үрээ гэх эхийн сэтгэл ч агуй шүү, хэхэ.

Зун гэнэт салхи гардаг болохоор ОТОГ оо орхиж явахдаа аяны сандлыг эвхэж орхихгүй бол хийсээд гал дээр унаж шатсан тохиолдол ч бас байна шүү. Ер нь тэгээд аялал бүр л адал явдал, эргээд сургамжаар дүүрэн байдаг даа.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.