Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 10, 2016

7 хоногийн тойм: Шинэ Ерөнхий сайд + Далласын мэргэн бууч + Сайн байна уу, Бархасбадь!

Томоохон томилгоогоор дүүрэн долоо хоног

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан нэр дэвшигчид гишүүний тангаргаа өргөж, улмаар анхдугаар чуулганы үйл ажиллагаа ёслол төгөлдөр явагдаж өндөрлөлөө. УИХ-ын даргаар сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дарга М.Энхболд сонгогдсон бол дэд даргаар МАН-ын бүлгээс 7 дараалан гишүүнээр сонгогдсон Ц.Нямдорж, АН-ийн бүлгээс УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарыг тус тус нэр дэвшүүлэн сонгосон юм. Үүний дараагаар МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж, УИХ-аас санал нэгтэйгээр томиллоо. Монгол Улсын 29 дэх ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь өмнө нь Сэлэнгэ аймгийн засаг дарга, Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. Мөн УИХ-ын сонгуультай зэрэгцэн явагдсан НИТХ-ын сонгуулийн үр дүнд бүрэлдсэн НИТХ анхны хурлаа хийж, НИТХ-ын даргаар нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын гишүүн асан Су.Батболд нар томилогджээ.

News: Ж.Эрдэнэбат гэж хэн бэ?
МОНЦАМЕ: Ж.Эрдэнэбат - Мэдлэг чадвартай, төрийн зүтгэлтнээс бүрдсэн мэргэжлийн засгийн газар байгуулна

Америкт эмх замбараагүй байдал үүсээд байна

АНУ-д цагдаа болон өнгөт арьст иргэдийн хооронд удаа дараалсан үл ойлголцлууд үүсч, эмх замбараагүй нөхцөл байдал бий болоод байна. Өнгөрч буй долоо хоногт 48 цагийн дотор Луйзана болон Миннесота мужид цагдаагийн ажилтнууд өнгөт арьст иргэдийг саатуулах үедээ галт зэвсэг хэрэглэж, улмаар амь насыг нь хохироосон хэрэг гарч, түүнийг нь хөндлөнгийн гэрчүүд болон хамт байсан хүн нь фэйсбүүкээр шууд дамжуулж, нийтэд мэдээлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, улмаар хэд хэдэн газарт "Black Lives Matter" хөдөлгөөн, жагсаал бослого дэгдсэн юм. Даллас хотноо болсон жагсаалын төгсгөлд үл мэдэгдэх мэргэн бууч өндөрлөг газраас цагдаагийн ажилтнууд руу зэвсэг нээж, улмаар 5 цагдаагийн аминд хүрэн, 9 хүнийг шархдуулсан хэрэг гарлаа. Цагдаагийн ажилтнууд уг хэргийг өмнө нь Афганистанд цэргийн алба хааж байсан М.Жонсон хэмээх эр үйлдснийг тогтоон, улмаар тэсрэх бөмбөгт роботыг илгээн, дэлбэлж, түүнийг зогсоосон юм. Өндөр түвшинд бэлтгэгдсэн цэргийн албан хаагчийг зогсоохдоо хохирол гаргахгүйн үүднээс робот ашигласан тухайгаа цагдаагийн газраас мэдэгдсэн. Үүнээс хойш Теннессее, Миссури, Жоржиа мужид цагдаагийн ажилтанд халдсан хэргүүд дараалан гарч байгаа нь нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байна.

CNN: Далласын мэргэн бууч 5 хүний аминд хүрлээ
Vox: Далласын буудалцааны талаар бидний мэдэх зүйлс

Жуно хөлөг Бархасбадь гарагт хүрлээ

2011 оноос хойш 5 жилийн турш нарны аймгаар аялан, 2,8 тэрбум км замыг туулсны эцэст "Жуно" судалгааны хөлөг зорьсон газраа хүрлээ. АНУ-ын сансар судлалын хүрээлэн /NASA/-ийн 1,13 тэрбум долларын өртөгтэй энэ төслийн хүрээнд Жуно хөлөг нарны аймгийн хамгийн их масстай, хамгийн том гараг Бархасбадь гарагийн үүлэн давхаргад нэвтэрч, ирэх 18 сарын турш туйлуудыг нь тойрон эргэснээр уур амьсгал, татах хүч, соронзон орны талаар урьд өмнө хүн төрөлхтний мэдэхгүй байсан олон мэдээллийг дэлхийд илгээх учиртай. Гарагийн цөмийн төлөв байдал, ус болон хүчилтөрөгчийн нөөц, мөн уур амьсгалын тогтвортой байдал болон нягтын хамаарал, соронзон орны бүтэц зэрэг асуултанд бид хариу авах боломжтойн зэрэгцээ ийм том гараг хэрхэн бий болж, хөгжсөн талаар ч мэдээлэл цуглуулах зорилготой тухай NASA мэдэгджээ. Цагт 250 мянган км-ийн хурдтай аялсны эцэст нарны аймгийн тав дахь гарагт хүрсэн Жуно хөлөг тойрог замд орохын тулд үндсэн хөдөлгүүрээ 37 минутын турш асааж, улмаар даалгавраа амжилттай гүйцэтгэжээ. Удтал хүлээсэн энэхүү үйл явдлыг NASA 2016 оны сансар судлалын хамгийн чухал ач холбогдолтой үйл явдлаар нэрлэж байсан юм.

Space.com: Жуно ямар даалгавартай байгаа вэ?
Telegraph: Жуно нарны аймгийн нууцыг хэрхэн тайлах боломжтой вэ?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Google энэ долоо хоногт тун сонирхолтой 2 стартапыг худалдан авсныг бид хамгийн эхэнд онцолж байна. Тэд дүрс танилтын технологи хөгжүүлэгч, Парист төвтэй Moodstocks-ийг худалдаж авснаар хайлтын системдээ томоохон өөрчлөлт оруулах боломжтой боллоо. Moodstocks-ийн тусламжтайгаар гар утсаараа ямар нэгэн биетийн зургийг авахад тухайн биетийн талаарх мэдээллийг шууд хүлээн авч, хайлт хийх боломжтой болдог. Үүнээс гадна Google видео контентийн сурталчилгааны платформ Anvato-г худалдан авсан байна. Anvato-ийн тусламжтайгаар видео бүтээгчид өөрсдийн видео, шууд стримийг үүлэн нөхцөлд засах, үзэлтээр орлого тооцох, реклам байршуулах боломжтой болдог. Онлайн худалдааны гигант Алибаба анхны ухаалаг машинаа танилцууллаа. Дуу хоолойн таних системтэй, ухаалаг толь болон LED дэлгэцтэй, 360 градуст бичлэг хийж, зураг авах боломжтой энэ машин 22 мянган долларын үнэтэйгээр худалдаалагдах ажээ. Microsoft-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал буюу COO-оор сүүлийн 11 жил ажилласан Кевин Тюрнер үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Microsoft-ийн №2 асан Citadel Securities-ийн CEO-оор ажиллах болсон нь компаниас гарах шалтгаан болжээ.

Techcrunch: Microsoft-ийн COO К.Тюрнер компаниа орхилоо
Tech in Asia: Алибаба өөрийн ухаалаг машиныг танилцууллаа

Спортын ертөнцийн эргэн тойронд

Франц улсад хөлбөмбөгийн Европын аваргын финал явагдах гэж буй энэ цаг мөчид спортын ертөнц завгүй хэвээр байна. Талбайн теннисийн хамгийн том 4 их дуулга дундаас нэр хүнд, цар хүрээгээрээ тэргүүнд ордог Уимблдоны эмэгтэйчүүдийн төрлийн аваргаар АНУ-ын теннисчин Серена Уильямс тодорлоо. Түүний энэхүү ялалт нь карьерынх нь 22 дахь их дуулгын цом болсноор тэрээр бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон их дуулгад түрүүлсэн Ш.Графын амжилттай зэрэгцлээ. Тэрээр хагас шигшээд шалгарсан өөрийн эгч В.Уильямсын хамтаар хосын төрөлд мөн түрүүлсэн юм. NBA-ийн шинэ улирлын өмнөх солилцоо, наймааны цонх албан ёсоор нээгдэж багуудын цалингийн цэс эрс нэмэгдсэнтэйгээр холбоотойгоор 4 өдрийн дотор 3 тэрбум долларын гэрээг тоглогчидтой байгуулаад байна. Эдгээрээс хамгийн онцлох нь лигийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Кевин Дюрант өөрийн төрөлх баг Оклахомаг орхиж, өнгөрсөн жил лигийн түүхэн дэх хамгийн олон ялалтыг байгуулсан баг Голден Стэйт Уарриорстой гэрээ байгуулсан нь байлаа. 2 жилийн 54 сая долларын гэрээ байгуулсан нь төдийлэн гайхах үзүүлэлт биш ч лигийн MVP С.Карри болон түүний багтай нэгдэх болсон нь бүх лигийн донсолгосон үйл явдал боллоо.

Slate: К.Дюрант яагаад Голден Стэйтийг сонгосон бэ?
Eurosport: Ахин ямар ч эмэгтэй теннисчин С.Уильямсын амжилтыг давтаж чадахгүйн учир!

11237   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.