Оюутнуудад зориулсан тэтгэлэг, боломжуудын талаар мэдээллийг цуглуулдаг Alltuition-ийг үүсгэн байгуулагч Суэ Хим хэмээх бүсгүй 2013 онд математикт голчилж, оролцоонд суурилсан өөрөө суралцах платформыг бүтээсэн нь өнөөгийн Brilliant.org болсон юм. Шинжлэх ухааны олон салбарт, олон сэдвээр, олон чиглэлээр тест бөглөх, бодлого бодож өөрсийгөө сорих, хөгжүүлэх боломжийг олгосон энэхүү платформыг өдгөө 3 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд үүсгэн байгуулагч С.Хим нь 2014 онд Форбес сэтгүүлийн 30 хүртэлх насны 30 шилдэг залуу лидерийн жагсаалтанд багтжээ.
Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Математик, физик, компьютерийн шинжлэх ухаан болон тооцоолуурын олон төрлийн чиглэлээр өөрийн бодлого бодон тест бөглөж, мэдлэгээ сайжруулах, батлах, мөн шинэ зүйлд суралцах гэсэн хэн бүхэнд энэ сайт хамгийн сайн хамтрагч нь болно гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Дэлхийн өнцөг булан бүрд суугаа хамгийн шилдэг авьяастнуудыг нэгтгэсэн коммьюнитигийн нэгэн хэсэг болж, тэдэнтэй оюун ухаанаа уралдуулан, тавьсан бодлогуудыг нь бодож, өөрийгөө сорьж, хүсвэл өөрөө бодлого зохиож, бусдыгаа өрсөлдүүлж, хэлэлцүүлэгт нэгдэж, шинэ зүйл мэдэж сурч, өөрийнхөө танилын хүрээг өсгөнгөө мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломжийг тэд олгожээ. 14 настай Пакистан хүүгийн тавьсан бодлогыг Америк, Филиппин, Кенид суугаа өөр математикийн хорхойтнууд, багш профессорууд бодон ухаанаа уралдуулж байдгаараа, өдөр бүр хэдэн зуун мянган бодолт шинээр бүртгэгддэгээрээ энэ сайт бусад ижил төстэй өрсөлдөгчдөө хол хаядаг.
Ямар давуу тал, онцлогуудтай вэ?
Маш сайн боловсруулагдсан хичээлийн хөтөлбөр. Салбар тус бүрийг хамгийн энгийнээс нь эхлээд хэцүү хүртэл нь агуулгын хувьд тун сайн бэлдэж өгсөн нь хэрэглэгчдэд өөрийн арай сул чиглэлийг илүү хөгжүүлэх, сайныгаа улам баталгаажуулах боломжийг олгосон. Жишээ нь, алгебр дотор агуулагдах тэгшитгэл, тэнцэтгэл биш, логарифмууд, геометр прогресс гэх мэт ангилагдсан сэдэв бүрээр бодлого бодох боломжтой. Классик механик, хими, логик, санхүүгийн шинжилгээ гэх мэт чиглэлүүдээр ч өөрийгөө сорих сонголтуудтай. Математикийн тэмцээн уралдаан, мөн шалгалтуудад бэлдэх системтэй хөтөлбөрүүд ч энд бий.
Маш сайн тест, шалгалтууд, шат ахих систем. Энгийн тэнцэтгэлээс эхлээд толгой ажиллуулах шаардлагатай хүнд тэгшитгэлүүд энд бий. Хичээлийн сэдэв бүрийн дагуу Бриллиантын экспертүүдийн бэлтгэсэн тестийг бөглөж, оноо цуглуулан, шат ахих бололцоотой. Бодлогоо бодсоны дараа бусад хүмүүсийн хэдэн хувь нь энэ бодлогыг бодож чадсан, хэр хугацаа зарцуулсан гэх мэт статистикийг харах боломжтойгоос гадна бодож чадаагүй бол хэрхэн бодох аргачлалыг уншин, шинэ зүйл сурах боломжтой. Сэдэв бүрт байх тестүүдийг бөглөж, дуусган өөрийнхөө явцыг хянах самбар ч бий. Мөн та өөрийн сошиал хуудсыг бий болгож, түүндээ шилдэг бодлого, бодолтуудаа хадгалж, бусад хэрэглэгчдийг даган, бас дагуулж, оноо цуглуулж, шат ахиж, өөрийн хүрээллийг бий болгож болно.
Онолын мэдлэг өгөх вики хуудсууд, хэрэглэгчдийн хүрээ. Хэрэглэгчид өөрсдөө контентоо нэмж, засаж сайжруулах зарчимтайгаар хөгждөг вики хуудсуудаас та өөрийн мэдэхгүй, чадахгүй байгаа томьёо, онолын ойлголтуудаа энгийн хэрэглэгчдийн тайлбарласнаар харах боломжтой. Энд зөвхөн онолын хуудсуудаас гадна тодорхой асуудлууд ч хэлэлцэгдэж, тэр нь хадгалагдаж байдаг. Ерөөс Бриллиантын хамгийн том давуу тал бол хамгийн шилдэг экспертүүд, хамгийн авьяаслаг залуусыг нэг дор цуглуулж, тэднийг нэгэн хүрээлэл болгон хөгжүүлж, үргэлж бие биеэ хурцлах боломжоор хангаж чадсанд оршдог. Өдөр бүр тэд хамгийн сонирхолтой бодлогуудыг онцолдог бөгөөд тэдгээрийг бодож, өөрийгөө шалгаж байхад ч гэмгүй.
Brilliant.org-ийг үүсгэн байгуулагч С.Химийн TEDxUChicago-д хийсэн яриаг үзэж сонирхоорой.
Ямар сул талтай вэ?
Бүх бодолтууд, онолын мэдээллүүд нь англи хэл дээр байдаг учир хэлний бэрхшээл зарим хэрэглэгчдэд үүсэж магадгүй. Гэхдээ математик бол энэ дэлхийн хамгийн юниверсал хэл учир ихэнх тохиолдолд асуудал үүсэхгүй байх боломжтой.
Зарим нэмэлтүүдийг бүрэн хэрэглэхийн тулд багахан төлбөр төлөх хэрэгтэй болно. Бүх тестүүдийг бүрэн бөглөхийн тулд, эсвэл өөрийн тавьсан бодлогууд дээрээ экспертүүдээс зөвлөгөө авах зэрэг тохиолдлууд үүнд багтана.
Unread-ийн үнэлгээ
Гар утсан дээрээ ч татаж аваад, өдөртөө цөөн бодлогууд бодож, тархиа сэргээгээд байж болох боломжийг олгосон энэ сайтад Unread 8 оноог өгч байна.
m morrigan 2016.07.08 139.5.219.85
10/10 avah site tavildaa zaluusaa,,,, esvel yamar uzuulelteer 8 bolgoj dugnej baigaag medmeer baina, busad web hugjuulegchded bas tedgeer hemjuuruudiig harah baih
u unshigch 2016.07.07 180.149.90.130
Бяцхан алдаа: Нийтлэлийн эхэн хэсэгт brilliant.org гэж бичээд .com домэйн руу холбосон байна ... к