Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   07 сарын 06, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар

Тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход цөөн хоног үлдээд буй энэ цаг дор тэгш ойт том наадмын нээлтийн арга хэмжээг дэглэх ерөнхий найруулагчийн ажлын арга барилыг бид танилцуулж байна. Тэр хүн бол УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч юм. Монголчуудад жүжигчин Эрдэнэбилэг, Амгаланбаатар, Болд-Эрдэнэ нарын хамтаар “Драмын дөрөв” нэрээрээ танил болж байсан түүнийг “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Саран хөхөө”-гийн номч түшмэл Дарма, “Атга нөж”-ийн Жамуха, “Харц хатан”-ы Ёндон зэрэг дүрүүдийг бүтээж, дэлхийн алдарт сонгодгууд болох "Гамлет", "Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр”, "Парисын дарь эхийн сүм" зэрэг жүжгүүдийг найруулсны учир 2013 онд Монгол улсын ерөнхийлөгч Төрийн соёрхолт цол хүртээж байсан билээ. Ерөнхий найруулагчийн албаа хашихын сацуу СУИС-д багшилж, UBS телевизийн “To be or not to be” шоуны шүүгчээр ажилладаг түүнээс сурах зүйл уншигч та бүхэнд цөөнгүй байгаа гэдэгт итгэж байна.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Dell Desktop
Сошиал хуудсууд: Naranbaatar Drama (фэйсбүүк)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Найруулагчийн ажил их олон талтай. Нэг талдаа жүжигчин, зураач, хөгжимчин хүмүүсийг нэг зүгт чиглүүлэх, төрөл бүрийн насны хүмүүсийг холбох удирдагч байдаг. Нөгөө талдаа жүжиглэхүйн ухааныг ойлгуулах багш байдаг. Судалгаагүйгээр сайн бүтээл төрдөггүй учраас бас судлаач байдаг. Мөн сайхан бүтээл хийж, ард олондоо нэгийг бодуулж хоёрыг сэхээрүүлэх соён гэгээрүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг.

Мөн найруулагч хүн “нээгч” байдаг. Жүжигчид, уран бүтээлчдийн тодорч гараагүй авьяасыг нээж, дүр бүтээхэд туслах нь миний гол ажлуудын нэг. Ер нь дүр бүтээх гэдэг бол жүжигчин хүний хамгийн гол үүрэг. Зүгээр тухайн нөхцөл байдалд жүжиглэх үйлдэл хийх бол хэний ч хийж чадах зүйл. Харин өөрөөсөө огт өөр дүрийг хүмүүсийн ой тойнд шингэтэл шинээр бүтээн гаргаж ирнэ гэдэг л жүжигчин хүнд хамгийн чухал. Энэ бүх олон үүрэгтээ бүгдэд нь ач холбогдол өгч, сайн бүтээлийн хойноос мөнхөд эрэл хайгуул хийх нь миний ажлын арга барил гэж хэлж болно.

Миний ажлын нэг өдөр Драмын театр, СУИС, гэр гэсэн гурван маршрутаар явдаг юм. СУИС-д жүжигчний ур чадварын мастер багшаар давхар ажилладаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Өрөөнийхөө жижиг самбарыг ашиглана. Одоо бол самбар дээрээ наадмын ажлын графикаа наачихаад ажиллаж байна. Гар утасны аппуудыг нэг их ашигладаггүй. Харин хийх зүйлсээ өөр лүүгээ мессеж бичиж сануулдаг аргатай. Өөрөө өөрийгөө шалгаад, өөртөө сануулаад явчихдаг болохоор их амар байдаг.

Фэйсбүүк рүү үе үе орно. Гэхдээ шинэ уран бүтээлээ түгээхийн тулд түлхүү ашигладаг. Ер нь сошиал медиагаар юм бичих нэг их дуртай биш. Хөшигний цаанаас хүнтэй харилцах бус нүүр тулаад ярихыг илүүд үздэг дээ.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ямар ч их ажилтай байлаа гэсэн өдөрт өөртөө заавал 5 минутыг гаргаж, өөрийгөө сонсдог. Би юу хийж байна, хийж байгаа зүйл минь зөв үү, буруу юу гэх мэтээр өөртэйгөө ярилцдаг. Энэ дадал маань хэрэггүй зүйлд цаг үрэхээс сэргийлж, цаг хэмнэдэг гэж итгэж байна.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?

Нэг хэсэг тэмдэглэлийн дэвтэр сайн хөтөлдөг, гадаад явахаараа өдрийн тэмдэглэл бичдэг байлаа. Заримдаа А4-ийн цаас нугалж урж байгаад, дээр нь хийх зүйлсээ бичээд халааслачихдаг байсан. Одоо цаасан тэмдэглэл хийх нь багасаад түрүүн хэлсэнчлэн өөр лүүгээ мессеж бичдэг болчихоод байна.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Мэргэжилдээ сайн байхыг туж эрмэлздэг. Хүн амьдрал, ажил мэргэжил, амраг ханьдаа дурлах хэрэгтэй гэсэн афоризм шиг үг өөрөө зохиосон. Ажилдаа ухаангүй дурласан байж л хүн ажилдаа, салбартаа амжилт гаргана. Тиймдээ ч найруулагчийн мэргэжлээ эрхэмлэн дээдэлдэг.

За тэгээд ер нь хувь хувьсгалын олон ажлыг амжуулчихаад л байдаг юм. Хүмүүс ч яаж амжуулаад байна аа гэж асуудаг. Эр хүн самбаатай, хөдөлгөөнтэй байж, ар гэрээ сайхан авч явах ёстой. Ар гэрийнхээ амьдралыг хэрхэн дээшлүүлэх талаар бодож боломж бүрийг ашиглаж байх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ бас байгаа юмандаа сэтгэл ханах нь чухал. Тансаглах гэдэг ойлголтод тийм дуртай биш. Хүн ер нь амьдралынхаа үнэт зүйлсийг зөв тодорхойлж, зөв эрэмбэлж явах учиртай байх. Гэр бүл мэдээж нэгдүгээрт тавигдана.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫНХАА ОНЦЛОГООС ХУВААЛЦАНА УУ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Театр бол эмчилгээний газар. Эмнэлэгт хүн биеэ оношлуулж эмчлүүлдэг бол театрт ирээд сэтгэлээ засаж, сэтгэлээ "эмчлүүлдэг" гэж би боддог. Өнөө цагт мэдлэгтэй, боловсролтой, чадвартай хүн олон байгаа ч "сэтгэлтэй" хүн их цөөн байгаа мэт санагдах болсон. Хүний оюуны цангааг тайлж, соёлын боловсролыг түгээж, зөв суурьтай болгоно гэдэг их хариуцлагатай ажил гэж ойлгодог.

Өмнө хэлсэнчлэн найруулагчийн ажил маш олон талтай. Эерэг сайхан зүйлс мэдээж олон бий. Найруулагч хүн өөрийн ертөнцөөр үзэгчдийг 2-3 цагийн турш аялуулна гэдэг бол хамгийн гоё мэдрэмж. Өөрийн бодол санаа, итгэл үнэмшлийг үзэгчдэд өгүүлэн хэлж чаддаг. Аль нэг хүнд таалагдахгүй байлаа гэхэд жүжгийн дундуур “Болиоч ээ” гэж хэлэх соёл урлагт байдаггүй.

Хэцүү бэрхшээлтэй зүйлс мэдээж гарна. Юм бүхэн амархан бүтнэ гэж байхгүй. Ажил дээр бухимдах үе гарна, санаа бодлоо хэлэхэд буруу ойлгох, дургүйцэх хүмүүс ч гарна. Найруулагч хүн заримдаа нэлээд хүч хэрэглэж байж ажлынхаа ард гарах үе байна.

Мөн тодорхой амжилтанд хүрсэн хүн доошоо нэг ч шат гишгэх эрхгүй болчихдог. Уг нь алдаа мадаг гаргадаггүй төгс хүн гэж байдаггүй шүү дээ. Гэвч уран бүтээлчээс хүмүүс дараагийн бүтээлээ өмнөхөөсөө улам л илүү сайн хийхийг хүсэн хүлээж байдаг. Энэ нь бас нэг төрлийн дарамт болдог тал бий.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?

Энэ жил дөрвөн түүхэн ой давхацсан том наадам болох гэж байна. Сонгууль, АСЕМ зэрэг том үйл явдлуудтай зун болж байна. Жуулчид олноор ирж байна. Тийм учраас улс орныхоо түүх соёл, ололт амжилтыг харуулсан нээлтийн ажиллагааг найруулан тавих гэж хичээж байна.

Манай наадмын нээлт өглөөгүүр болдгоороо онцлогтой. Дэлхийн том арга хэмжээнүүд бол голдуу орой үдшийн цагаар харанхуйд болдог л доо. Харанхуйд аливаа тоглолтыг гэрлийн эффектээр илүү үзүүштэй харуулах боломжтой байдгаас гадна хийж буй аргаа нуух бололцоотой байдаг. Мөн техник технологийн шинэ шийдлүүдийг оруулж ирмээр байгаа ч төсөв санхүүгээс шалтгаалаад боломж нь хомс байна. Нэг жишээ татахад л Сочигийн олимпод ашигласан 6 метрийн өндөртэй аварга бамбарууш л гэхэд 800 мянган евро буюу 2 тэрбум 400 сая төгрөгийн үнэтэй. Гэхдээ байгаа нөөц бололцоогоо ашиглаад үйл явдалтай, хүмүүст бодож тунгаах, омогшиж бахархах сэдэл төрүүлсэн тийм нээлт зохион байгуулахаар ажиллаж байна. Нийтдээ 1500 гаруй хүн оролцож байгаа. 6-р сараас бэлтгэл эхэлж, 7-р сарын 2-ноос стадион дээр сургуулилж эхлээд байна. Хэдхэн хоногийн дараа та бүхэн ажлын маань үр дүнтэй танилцах байх аа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Бүх л жанрын хөгжим сонсох дуртай. Тэр дундаа хөгжмийн зохиолч нарыг биширдэг. Ямар онгод, ямар өгөгдлөөр ийм гоё хөг аялгуунууд төрөн гардаг юм бол доо гэж гайхширдаг шүү. Ялангуяа З.Хангал агсны бүтээлүүдийг сонсох дуртай. Үнэхээр ховорхон хөгжмийн зохиолч байжээ гэж боддог. Хөгжимгүйгээр ер нь амьдралыг төсөөлөх хэцүү. Мөн уран зурагт дуртай. Саяхан Пикассо, Дали нарын үзэсгэлэнг үзээд гайхалтай мэдрэмж төрсөн шүү. Хөгжмийн зохиолч, зураач хүмүүстэй ярилцаж суух их сайхан байдаг. Бүгд л өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй хүмүүс.

ТАНЫ СҮҮЛД УНШИЖ ДУУСГАСАН БОЛОН ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Наадмын нээлт зохион байгуулахтай холбоотойгоор түүх, соёлын номуудыг харж байна. Уран бүтээлтэй холбоотойгоор классик, шилдэг зохиолуудыг байнга л уншиж судалж байдаг. Гётегийн насан туршдаа бичсэн гэдэг "Фауст"-ыг их биширдэг, хэзээ нэгэн цагт театрынхаа тайзнаа тавих мөрөөдөлтэй. Ирэх 2 жилдээ багтаагаад тавьчихна гэж найдаж байна.

Бурхан багшийн сургаалыг залуучууд маань сайн уншаасай гэж хүсдэг. Шашныг сурталчилж буй хэрэг бус, шашин бол сургаал шүү дээ. Миний ойлголтоор бурхан багшийн сургаал бол товчхондоо бидний зөв аж төрөх ёс юм.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Ажил дээрээ бол нээлттэй байхаас аргагүй. Гэхдээ “хаалгаа” хаах үе бас бий. Ер нь нээгээд л, хаагаад л байдаг хүн юм шиг байгаа юм (инээв). Найруулагч хүн ганцаараа байж өөрийгөө сонсон, өөртэйгөө ярилцах нь чухал. Найруулагч хүн бас тааварлахын аргагүй байх хэрэгтэй байдаг. Тогтсон барилгүй байх хэрэгтэй. Эхнэр маань хүртэл намайг ойлгодоггүй үе бий шүү (инээв).

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ? 

Голдуу шөнө 12 цагт унтаж, өглөө 06.30 гэж сэрдэг. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөхөөс л ажлын өдөр маань эхэлдэг. Заримдаа шинэ уран бүтээл туурвиж буй үед зохиолоо янзалж, тунгааж бодсоор шөнийн 4 цаг хүргэх нь ч бий.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Зундаа гэр бүлээрээ Монголынхоо хөдөө нутгаар аялах дуртай. Нутаг руугаа, Булган руу явна. Бас ууланд гарах дуртай. Үе үе Цэцээ гүний оргил руу гарч, Богд Хан ууландаа бишрэлтэй ханддаг юм. Залуудаа сагс тоглож, заал авдаг байсан ч одоо бол цаг зав амжихгүй л байна.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Уран бүтээлч хүний хувьд өөрийн гаргаж тавьсан бүтээлээсээ дараа дараагийн ажлуудаа хийх урам зориг, итгэл үнэмшлийг олж авна. Аливаа ажлыг амжилттай сайн хийчихээр дараагийнхаа бүтээлийг бүр ч сайн хийх онгод, эрч хүчээр цэнэглэгддэг юм.

Намайг мөрөөдөл минь бас урагш хөтөлдөг. Оюутан байхдаа өөртөө тавьсан мөрөөдөл минь алтангадас од шиг урагшаа тэмүүлэх хүсэл зоригийг бадрааж, зүг чигийг зааж байдаг даа.

Мөн эр хүн гэр бүлээ хийморьтойхон авч явах ёстой гэдэг итгэл үнэмшил маань бас улам их хөдөлмөрлөх хүчийг өгдөг болов уу.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Гаргаж байгаа алдаа бүхэн маань надад зөвлөгөө болдог.

Нэг хэсэг О.Дашбалбар агсны “Доромжлуулах тусам би улам өнгө орно. Долоон бурхан од шиг улам тод гялалзана” гэдэг үгээр өөрийгөө их цэнэглэдэг байлаа. "Хамаг бүгдээр чамайг харааж нулимж байвч, тэнгэр шиг бай. Хамгийн сайн хүмүүс гэж хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай" гэх “Тэнгэр шиг бай" шүлгийн мөртүүд бас байна. “Амьддаа бие биеэ хайрла” шүлэг гээд л ер нь түүний философилог сургаал шүлгүүд үнэхээр гайхалтай.
Мөн залуусыг би Догшин хутагт Данзанравжаагийн "Цаасан шувуу" зэрэг сургаал шүлгүүдийг нь заавал уншаасай гэж хүсдэг. Бурхны философийг монгол хүний сэтгэлгээнд тохируулан монгол хөрсөнд гайхамшигтайгаар буулган шүлэглэсэн байдаг юм. “Үйл бүхний дээд нь туурвих, бодох, дэмжих. Үнэн бүхний туйл нь төрөх, орших, үхэх гурав” гэсэн ухаарал төрүүлэм үгсийг тэндээс уншиж болно.

ЗАЛУУ ХҮМҮҮСТ ХАНДАН НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ТА ЮУ ГЭХ ВЭ?

Гурван зүйлийг хэлье. Нэгт, хөдөлмөрлө. Хоёрт, хөдөлмөрлө. Гуравт, хөдөлмөрлө. Залуу хүмүүсийг нас нь чимдэг юм аа. Эд материал, брэнд хувцас чимэхгүй. Хөгшрөөд ирэх үедээ эдээр өөрийгөө тэтгэж болно. Залуу байхдаа харин эрдмээр өөрийгөө чимж, нөр хөдөлмөрлөх хэрэгтэй. Мэд, сур, хөдөлмөрлө. Залуу насанд бүтээлч байх, хөдөлмөрч байх гэдэг л хамгийн чухал. Нэрт эрдэмтэн Гүнжийн Сүхбаатар гуай эх оронч үзлийг илэрхийлдэг 6 зүйлийн нэгдүгээрт бүтээлч сэтгэлгээг онцолсон нь санаандгүй хэрэг биш.

Энэ далимд бас хүн гэж хэлүүлэхийн тулд өөрийгөө сонсож чаддаг байх, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг байх, бусдыг энэрч хайрладаг байх гурван зүйлийг хийдэг байх ёстойг залуучууддаа захья.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛЫН ТАЛААР МЭДМЭЭР БАЙНА?

Надтай хамт Төрийн соёрхол хүртэж байсан инженер Н.Нацагнямыг санал болгоё. Өвөрмөц сэтгэлгээтэй, бүтээлч хүн шиг санагддаг.

Гэрэл зургийг Б.Ганчөдөр

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

48448   14


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.