Онцлох Бизнес

Онцлох бизнес: DEER Brand - Илүү дээр байцгаая

07 сарын 04, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


13896   4




Сүүлийн үед хувцасны зах зээлд үндэсний брэндүүд олноор гарч ирж байгаа билээ. Тэр хэрээр хэрэглэгчдийн сонголт нэмэгдэж, брэндүүд чанаржсаар байгаа. Өнөөдөр бид тэдгээрийн нэг DEER брэндийг онцоллоо. Амьтдын дундаас хамгийн үзэсгэлэнтэй болохоор нь, бас эко материалаар үйлдвэрлэлээ явуулдаг тул бугаар өнгө төрхөө хийсэн DEER өдөр тутмын хувцасны олон төрлийн загвараар бусдаасаа ялгарах аж. Бид Гранд Плазад орших оффист нь очиж, брэнд менежер Б.Гуанарантай ярилцлаа.

Бизнесийн нэр: Deer Brand
Хаяг: Гранд Плаза, 2-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Оёмол сүлжмэл үйлдвэрлэл (fast fashion)
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2014 оны 6-р сар
Үүсгэн байгуулагч: Ц.Ариунаа
Ажилтны тоо: 22
Фэйсбүүк хуудас: DEER Brand

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Манай “Цаст согоот” ХХК 2009 оноос эхлэн ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон юм. Edem гээд ноолууран бүтээгдэхүүний брэндтэй. Тэгээд улс орны нүүр царай болсон залуучуудын брэндтэй болъё, залуучуудаа гоё сайхан хувцаслая гэж шийдээд судалгаа хийж эхэлсэн. Ингээд анхны бүтээгдэхүүн 2015 оны 9-р сард анхны бүтээгдэхүүнээ гарган Гранд Плазад брэндийнхээ нээлтийг хийсэн.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Компани маань орлогоосоо санхүүжилтыг шийдсэн. Мэдээж зардал нэлээд гарсан.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Сasual буюу өдөр тутмын хувцасны брэнд гэдгээрээ онцлогтой. Тийм учраас дэлхийд ямар хувцас тренд болж байна гэдгийг байнга судалж, загваруудаа гаргадаг. Гуталнаас бусад бүх төрлийн хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн, аксессуар үйлдвэрлэдэг. Загвараа байнга шинэчилдэг fast fashion чиглэлийн брэнд учир нэг хувцсыг олон тоогоор үйлдвэрлэдэггүй. Ер нь 30 ширхэгээс дээшээ хийнэ гэж байхгүй тул ижил хувцастай хүнтэй нэг их тааралдаад байхгүй. Жилдээ 6-7 удаа загваруудаа шинэчилдэг. Аль аль хүйсийнхэн өмсөж болохоор хувцаснууд ч бий.

Мөн үнийн хувьд тун боломжийн. Бүх бүтээгдэхүүн маань 30 мянгаас 150 мянгын хооронд байна. Чанартай хувцсыг боломжийн үнээр зарах гэж хичээж байна.

Үйлдвэрлэлийн хувьд бид өөрсдөө сүлжмэлийн үйлдвэртэй, 10 гаруй хүн ажилладаг. Оёмол, арьс ширний үйлдвэрүүдтэй хамтарч ажилладаг. Мөн график дизайнераа хийлгэдэг газар, бараа татдаг газар гээд олон байгууллагатай хамтардаг. Цаашдаа ч олон компанитай ажиллах сонирхолтой.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Импортыг орлох үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үндэсний томоохон үйлдвэрлэгч болох нь бидний хэтийн зорилго.

Одоогоор бүтээгдэхүүн манай 4 салбар дэлгүүрт борлогдож байгаа. Ирэх жил хотын төвд өөрийн гэсэн дэлгүүртэй болохыг зорьж байна.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Загварлаг байдал, хийцийн чанар, боломжийн үнэ гэсэн 3 зүйлийг гол болгон барьж байна. Ноос ноолуур, арьс шир эко түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, дизайны баг маань чанарыг нь шалгаад явдаг.

Танайх одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Брэндээ хэрэглэгчдэд таниулах тал дээр анхаарч байгаа. Мөн “Наадам” коллекцийнхоо борлуулалт дээр ажиллаж байна. Борлуулалт дажгүй байгаа. Мөн намрын коллекц дээрээ ажиллаж байна даа.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Хувцасны зах зээл хөгжиж эхэлж байгаа учраас өрсөлдөгч их байна. Манайх шиг жижиг зах зээл дээр олон брэнд гарч ирж буй учир сайн ялгарах шаардлагатай. Гэхдээ нөгөө талаас манайх шиг олон төрлийн загвартай өдөр тутмын хувцасны брэнд нь цөөхөн. Олон янзын загвар болон үнээ бид манай өрсөлдөх давуу тал гэж харж байгаа.

Манай багийнхан бүгд залуу хүмүүс учраас залуучуудад зориулсан брэндийг бүтээх нь урамтай сайхан ажил байдаг.

Хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүнээсээ нэрлэнэ үү?

Загвар байнга шинэчилдэг учраас, нэг хувцас их олон тоогоор гардаггүй тул яг тэр энэ нь гэхэд хэцүү. Яг одоогийн хувьд бол “Наадам” коллекцийн алаг өнгийн, манай логотой футболк борлуулалт сайтай байна. Мөн манай bomber jacket борлуулалт сайн байсан.

Бид дараагийн коллекцоо гаргахдаа хэрэглэгчдээсээ саналыг нь асууж, судалгаа явуулдаг юм. Борлогдоод дууссан загварыг бол захиалгаар хийдэггүй.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.