Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 03, 2016

7 хоногийн тойм: Монголчуудын сонголт + Террорист халдлагууд + Теслагийн осол

Монголын ард түмэн сонголтоо хийлээ

Ирэх 4 жил төрийн эрхийг барих нам, хүчин болон эрхэмүүдийг сонгох учиртай УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ийн сонгуулийн үйл ажиллагаа энэ долоо хоногт явагдлаа. УИХ-ын сонгууль уламжлалт мажоратор системээр, 76 тойрогт явагдаж, нийт 12 нам, 3 эвсэл, 68 бие даагч, нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Сонгуулийн үр дүнд Монгол Ардын нам нийт 65 тойрогт ялалт байгуулж, үнэмлэхүй ялалт байгуулав. 2000 онд 70 суудал эзэлж байсан тус нам түүнээс хойшхи хамгийн том ялалтаа байгуулсан нь энэ байсан юм. Харин эрх баригч Ардчилсан нам ердөө 9 суудал авч, томоохон ялагдал амслаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд болон экс ерөнхий сайд Ч.Алтанхуяг нар бүгд тойрогтоо ялалт байгуулж чадалгүй ялагдал хүлээсэн нь ард түмэн тэдэнд ямар дүн өгснийг илтгэх үзүүлэлт байсан юм. Үүнээс гадна МАХН-ын төлөөлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нар шинэ парламентад ажиллах болжээ. Шинэ парламент мягмар гарагаас ажлаа эхэлнэ. Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуулийн үр дүнг шууд дэлгэцээр олон нийтэд нээлттэйгээр харуулсан нь технологид үл итгэгчдэд хариулт өгсөн, мөн шударга үр дүн гарсан эсэхэд эргэлзэгчдэд үзүүлсэн тун сайн хариу үйлдэл байсныг онцолж байна. Мөн энэ өдөр зэрэг явагдсан НИТХ-ын сонгуульд МАН нийт 45 тойргоос 34-т нь ялалт байгуулж, чухал ялалт байгууллаа. Хотын дарга Э.Бат-Үүлийн удирдсан АН 11 суудал авч, цөөнхи болсноор нийслэл хот шинэ захирагчтай болох нь тодорхой болов.

Ikon: Сонгууль 2016: Багц мэдээ
Ройтерс: Сөрөг хүчин том ялалт байгууллаа

Гэрэл зургийг: Politik.mn

Дараалсан террорист халдлагууд дэлхийг цочроов

Бангладешийн нийслэл Дака хотноо гадаадын жуулчид, дипломат ажилчдын ихээр цуглардаг бүс нутагт алан хядах ажиллагаа болж, дор хаяж 20 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хотын хамгийн алдартай кафед зэвсэгт этгээдүүд дайран орж, улмаар гал нээсэн бөгөөд 10 цагийн турш барьцааны иргэдийг өөрсдийн талд байлгасны эцэст цагдаагийн хүчнийхэн хяналтыг гартаа авч, 13 иргэнийг аварсан байна. Нийт 6 террорист буудалцааны үеэр амь насаа алдаж, нэг нь амьдаараа баригдсан тухай ерөнхий сайд Шэйх Хасина мэдэгдэв. Хадлагад Италийн 9, Японы 6 иргэн амь насаа алдсан бөгөөд Шри Ланка, Энэтхэг, Америкийн иргэд мөн өртсөн байж болзошгүй ажээ. Энэхүү ажиллагааг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ зарлажээ. Тэгвэл уг бүлэглэл бямба гарагийн орой Иракийн нийслэл Багдад хотын төвд дэлбэрэлт үйлдэж, дор хаяж 79 хүн амь насаа алдан, 131 хүн шархадсан хэрэг гарлаа. Энэ нь энэ он гарснаас хойшхи хамгийн их хүн амь насаа алдсан алан хядах ажиллагаа болж байгаа юм. Долоо хоногийн эхээр дэлхийн хамгийн "завгүй" нисэх буудлуудын нэг Туркийн Истанбул хотын Ататурк нисэх буудалд зэвсэгт этгээдүүд халдаж, гал нээн, улмаар өөрсдийгөө дэлбэлсэн хэргийн улмаас 42 хүн амь насаа алдаж, 200 гаруй хүн шархадсан. Узбек, Киргиз болон Оросын иргэд уг хэргийг үйлдсэн хэмээн Туркийн албаны хүмүүс мэдээлж байгаа бөгөөд амиа золиослогчид таксигаар буудалд ирж, улмаар шууд гал нээн, дараа нь өөрсдийгөө дэлбэлжээ.

BBC: Бангладешийн халдлагад 20 хүн амь насаа алдав
CNN: Туркийн халдлага: Юуг мэдэх хэрэгтэй вэ?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Apple дуу хөгжмийн стриминг үйлчилгээ эрхлэгч Tidal-ийг худалдан авах хэлэлцээрийг эхлүүлсэн гэнэ. Beyonce, Kanye West зэрэг дуучдын бүтээлийг онцгой эрхтэйгээр түгээдэг уг стартапыг 2015 оны 3-р сард алдарт реппер Jay Z 56 сая доллараар худалдаж авч байсан юм. Хөгжмийг өөрсдийн ирээдүйн томоохон хэсэг хэмээн үздэг Apple яг энэ салбарт 100 сая хэрэглэгчтэй болсон Spotify-г дийлж чадахгүй л байгаа. Tidal-ийг авснаар илүү сайн контентоор илүү их хэрэглэгчийг татаж чадна хэмээн тэд үзэж байгаа ажээ. Элон Маскийн тэргүүлдэг Теслагийн Model S автомат удирдлагын горимд ажиллаж байх үедээ осол гаргаж, улмаар 40 настай жолооч амь насаа алдсан хэргийг холбогдох засгийн газрын байгууллагууд шалгаж эхэлсэн гэнэ. Тесла үүнтэй холбогдуулан мэдэгдэл гаргаж, 5-р сард болсон уг осол нь аль аль талын урьдчилан таамаглаагүй, ховор нөхцөл байдлын улмаас үүссэн хэрэг хэмээн тодорхойлж, аливаа хариуцлагыг хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Linkedin-ийг зөвхөн Microsoft-оос гадна Google болон Фэйсбүүк тэргүүтэй 4 компани худалдан авах санал илгээсэн тухай баримт ил боллоо. Өнгөрсөн долоо хоногт тэд Майкрософт-д 26 тэрбумаар зарагдсан билээ.

Techcrunch: Теслагийн ослын талаар бид юу мэдэх вэ?
WSJ: Apple Tidal-ийг худалдаж авна

Сошиал медиагийн эргэн тойронд

Фэйсбүүк хэрэглэгчийн News Feed-дээ ахин өөрчлөлт оруулснаа зарлалаа. Шинэчлэлийн дараагаар та өөрийн найзуудын бичсэн постыг бусад пэйжүүдээс илүү ихээр үзэх боломжтой болж байгаа гэнэ. Хэрэглэгчид хэт их төлбөртэй сурталчилгаанууд үзэгдэж, таагүй сэтгэгдэл үлдээж байгаа талаар гомдоллох болсны дараагаар энэ алхамыг тэд хийж байгаа ажээ. Твиттер ээлжит шинэчлэлээ танилцуулж, энэ удаад хэрэглэгчид зураг оруулахдаа стикер нэмж жиргэх боломжтой болсон байна. Стикер нэмснээр Твиттер хэрэглэгчид илүү интерактив байдлаар платформыг ашиглах бололцоотой болж байгаа юм. Google-ийн сошиал нетворк платформ Google+ 5 нас хүрлээ. 2011 оны 6-р сард Фэйсбүүктэй өрсөлдөх зорилгоор танилцуулагдсан уг үйлчилгээ одоог хүртэл масс хэрэглэгчдийг татаж чадахгүй байгаа. Гэсэн ч Google өөрсдийн бусад бүтээгдэхүүнүүдтэй интеграц хийх замаар Google+-ийн хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьсоор байгаа билээ. Төрсөн өдрийн мэнд, Google+!

Mashable: Google+-ийн үнэтэй бас гунигтай бүтэлгүйтлийн талаар
NewYorker: Фэйсбүүкийн News Feed хэзээ ч төгс болохгүй

Нобелийн шагналт Э.Визел таалал төгслөө

Хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны хамгийн том төлөөлөгчдийн нэг Эли Визел 87 насандаа таалал төгслөө. Холокастын яргалалаас амьд үлдсэн тухай дурсамжийг нь өгүүлэх "Шөнө" бүтээлээрээ алдаршсан тэрээр олон нийтэд тухайн үеийн аймшигт нөхцөл байдал, бодит үнэнийг өөрийн бичиж хэвлүүлсэн нийтлэл, номуудаараа хүргэсээр ирсэн юм. 1928 онд Румыний нэгэн тосгонд төрсөн Визел 1963 онд АНУ-ын иргэн болж, улмаар сэтгүүлчийн ажил эрхлэх болж, 50 гаруй ном хэвлүүлжээ. Тэрээр 1976 онд Нобелийн Энх Тайвны шагналыг хүртсэн билээ. Түүний хамгийн алдартай бүтээл "Шөнө" ном тун удахгүй Монгол хэл дээр орчуулагдан гарах ажээ.

Unread: "Шөнө" номын хэсгээс
QZ: Э.Визелийн ишлэлүүдээс

13597   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.