Онцлох Бизнес   06 сарын 27, 2016

Онцлох бизнес: Зөвхөн түүнд - Цорын ганц бэлгийг дотны хүндээ

Өнөөдөр бид залуучууд санаа сэдэл өгөх, жижиг хэрнээ бүтээлч бизнесийг онцолж байна. Хүнд бэлэг өгдөггүй, өөрөө бэлэг авдаггүй хүн гэж байдаггүй. Хүний сэтгэл санаанд хоногших, өөрт нь өв дурсгал болон үлдэх бэлэг дурсгалыг бүтээдэг Н.Энхжин хэмээх бүсгүйн эрхэлдэг бизнесийг танилцуулъя. 

Бизнесийн нэр: Зөвхөн түүнд
Хаяг: 13-р хороолол, Алтан-Өргөө хотхон
Үйл ажиллагааны чиглэл: Бэлэг дурсгал
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 1-р сар
Үүсгэн байгуулагч: Н.Энхжин
Ажилтны тоо: 2
Вэб: Зөвхөн түүнд (фэйсбүүк хуудас), Зөвхөн түүнд (инстаграм хуудас)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Ер нь хүнд бэлэг сонгох үедээ их боддог байсан л даа. Эрэгтэй хүнд бол түрийвч, зангиа, тэлээ, эмэгтэй хүнд бол зүүлт, үнэртэн гээд нэг хэвийн л юм бэлэглэх юм даа, яг тэр хүнд зориулсан бэлэг бэлэглэвэл жинхэнэ утгаараа гоё сэтгэл шингэсэн бэлэг болно доо гэж. Тэгээд нэг баярын үеэр бэлгийн санаа хайж байгаад өөрөө вэбсайт дээр ном хийгээд тэрийгээ захиалж авч болдог гадаад олон сайт байдгийг олж мэдсэн. Яг олсон сайт дээрээ ном хийе гэхээр монгол үсэг дэмжихгүй, бас монгол руу тээвэрлэлт хийхгүй гэсэн асуудлууд гарсан. Үүнээс болоод яг нэг хувь хатуу хавтастай ном хийх газрууд хайж эхлээд олдоогүй болохоор нь өөрөө хийхээр шийдэж, найзуудтайгаа хамт туршилт хийсэн юм. Туршилт маань амжилттай болсонд урамшаад бусад хүмүүс ч гэсэн бие биедээ ийм ном бэлэглэвэл гоё юм байна гэж ярилцаад Зөвхөнтүүнд гэж хуудас нээн номны захиалга авч эхэлсэн.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Анхны хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө гэхээсээ илүү энд тэндээс өөрт байгаа зүйлсээ нийлүүлж эхэлж байсан. Би эгчээсээ хэрэглэдэггүй принтерийг нь авч хороор цэнэглээд, манай нэг найз зүсэлтэнд хэрэг болох хавтан зэргийг авчрах гэх мэтээр кофе шопт суугаад хийж эхэлсэн. Найзуудаараа хийж эхэлсэн ажил маань одоо гэр бүлээрээ хийдэг ажил болсон байгаа.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Манай бүтээгдэхүүнүүд 90% handmade, 10% printmade. Хэвлэлтээс бусад бүх зүйлийг гараараа хийдэг. Нугалах, оёх, наах гээд. Ном дэвтрийн хуудсуудыг зүсэхдээ хуудас бүрчлэн цаасны хутгаар зүсдэг. Зарим хүмүүс сонсоод гайхах нь бий. Ингэж нэг бүрчлэн гараар хийдэг болохоор ном дэвтрийг өөрийн хүссэн загвар агуулгатайгаар хийлгэх боломжтой. Мөн зориулж хийлгэж байгаа хүн тань аав, ээж, найз залуу, найз охин, анд нөхөд гээд хэн ч байж болно. Сонин тохиолдлоор салж байгаа нөхөртөө ч ном дэвтэр хийлгэж байсан тохиолдол бий. Бас манайх ном дэвтэр хийх сургалт хийдэг. Сонирхвол https://www.facebook.com/events/609600915864353/ энэ линкээр ороод сонирхож болно. Дараагийнхыг нь 7-р сард хийхээр төлөвлөж байгаа.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Facebook пэйжээ анх нээхдээ "Зөвхөн түүнд ном" гэдэг ч юм уу ном гэсэн үгээ оруулсан бол хүмүүст илүү ойлгомжтой байх байсан байх л даа. Гэхдээ цаашдаа зөвхөн ном хийдэг биш зөвхөн тухайн хүнд зориулсан бэлгүүдийг худалдан авч болдог, захиалж болдог вэбсайт хийнэ гэж харж байсан болохоор "Зөвхөн түүнд" гэж нэрлэсэн. Тэгэхээр бидний алсын хараа бол энэ төрлийн гар урлалын, ганц хувь хийгддэг бэлгүүдийг нэгтгэсэн илүү үнэ цэнтэй бэлгүүд худалдаалдаг вэбсайттай болох. Манайхтай адилхан фэйсбүүк, инстаграмаар үйл ажиллагаагаа явуулдаг TsolmonJewelry, Timetobeart, Hostsamts, MagicFeltstudio, Онлайнкарт гээд олон газрууд байдаг. Бүгдээрээ нэг дор байвал илүү олон хүнд хүрч, олон хүнийг баярлуулна байх гэж бодож байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Хэрэглэгч захиалагчдынхаа сэтгэл ханамжийг өндөр байлгах гэсэн зарчмыг баримталдаг. Нэг бүрчлэн фэйсбүүк чатаар харилцаж захиалгаа авдаг болохоор захиалагчидтайгаа их ойрхон байдаг. Аль болох гаргаж байгаа хүсэлтүүдийг нь биелүүлэх, сэтгэл гаргаж хийх, захиалагч өөрөө хэлээгүй байсан ч жижиг жижиг хөөрхөн чимэглэлүүдийг номон дотор нь оруулах зэргээр захиалагчдаа сэтгэл хангалуун байлгахыг хичээн ажилладаг.

ТАНАЙХ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Үнэндээ ажлын хажуугаар хийж байгаа болохоор сайн төвлөрч ажиллаж чадахгүй л байна. Одоогоор хоёр төрлийн хэмжээтэй хатуу хавтастай дэвтэр болон ном захиалгын дагуу хийж байгаа. Зөөлөн хавтастай илүү хямд үнэтэй дэвтэр гаргах, мөн хайрын номын дүрүүдийг шинэчлэх, танилцуулга вэбсайтыг ажиллагаанд оруулах гэсэн ажлууд хийгдээд явж байна. Цаашдаа мөн дизайнеруудтай хамтарсан цөөн тооны дэвтэр хийн худалдаалах төлөвлөгөөтэй байгаа. Эхнээсээ ярилцаад л явж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Яг оффис түрээслээд бизнес болгоод явъя гэхээр хангалттай ашиг олж чаддаггүй. Хэд хэдэн удаа туршиж үзээд одоо бол гэртээ хийж байна. Одоо захиалгаа вэб дээрээ авдаг болгож автоматжуулах ажил төлөвлөгдөөд хийгдэж байна. Механикаар авахаар заримдаа үг үсэг гээх алдаа гарах гээд байдаг. Хэрвээ тийм алдаа гарсан бол дахиж хийж өгөх юм уу дараа захиалахад нь хямдралтай хийж өгөх гэх мэт арга хэмжээ авна. Бэрхшээлээс илүү эерэг тал нь их л дээ. Зүгээр чатаар явуулсан зураг, үг нь бодит ном болоод өөрт нь очиход захиалагчид маш их баярлаж, урмын үг харамгүй хэлдэг. Бараг зарим захиалагчтайгаа найз болчихдог. Захиалагч, бэлэг хүлээн авагч гээд олон хүнийг зэрэг баярлуулж байгаа болохоор их буянтай юм хийж байна даа гээд баяртай байдаг шүү.

ХАМГИЙН БОРЛУУЛАЛТ САЙТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Бидний хайрын ном гээд хосуудад зориулсан ном байгаа. Өөрсдийнх нь зургийг stickman-д оруулаад хөгжилтэй хэв шинжтэй ном хийж өгдөг. Энэ бүтээгдэхүүнийг маань хосууд их сонирхдог. Мөн хавтсан дээрээ өөрийнх нь нэртэй дэвэрийг хосууд гэлтгүй бүх насны хүмүүс их сонирхож захиалдаг.

Гэрэл зургийг Б.Батзаяа

21053   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.