Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   06 сарын 26, 2016

7 хоногийн тойм: #Brexit + Кливлендийн түрүү + Э.Маскийн том төлөвлөгөө

Британичууд Европын Холбоог орхино

Их Британийн ард түмэн Европын холбооноос гарах эсэх талаарх бүх нийтийн санал асуулгад "ГАРАХ" гэсэн сонголтыг хийж, дэлхий нийтийг цочирдууллаа. Европын холбооны бусад орнуудаас ирж буй ажиллах хүчин, цагаачдын тоо хэт ихэссэн, Европын холбооны төсөвт жил бүр нийлүүлдэг 13 тэрбум фунтын зарцуулалт, хууль эрх зүйн орчны түвэгтэй байдал зэргээр шалтаглан популист, лобби бүлгүүд сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр энэ шийдвэрийг гаргуулах гэж зүтгэсээр ирсэн юм. 2015 онд сонгуульд олонх болохдоо амласан ёсоороо Ерөнхий сайд Д.Камерон бүх нийтийн санал асуулгыг хийсэн ч үр дүн нь түүний хүссэнээр болсонгүй, нийт британичуудын 51.8 хувь нь гарахыг дэмжжээ. Бүртгэлтэй санал өгөгчдийн 72 хувь нь уг санал хураалтанд оролцсон бөгөөд Шотланд, Умард Ирланд улсууд гарахын төлөө саналаа өгсөн байсан нь энэ шийдвэрийн дараагаар Их Британийн "задрал" ч явагдаж магадгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Европын холбооноос гарах явц дор хаяж 2 жилийн дотор явагдах учиртай. Энэ шийдвэр нь дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөөлж, зөвхөн эхний 24 цагт Британид бүртгэлтэй компаниудын үнэлгээ эрчимтэй унаж, 125 тэрбум фунтыг алджээ. Д.Камерон үүрэгт ажлаа ирэх 10-р сард өгөхөө мэдэгдсэн бөгөөд түүний орыг Brexit-ийг хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг, Лондон хотын захирагчаар ажиллаж байсан Б.Жонсон орлох магадлал өндөр байна.

Politico: Brexit хэрхэн дэлхийг өөрчлөх вэ?
QZ: Британичууд хэрхэн шийдвэрээ буцаана гэж? 4 шийдэл

Кливленд Кавальерс NBA-ийн аварга боллоо

Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн лигүүдийн нэг NBA-ийн энэ улирлын аваргын нэр тодорлоо. Алдарт Леброн Жэймсийн тэргүүлсэн Кливленд Кавальерс цувралын шийдвэрлэх 7 дахь тоглолтонд энэ улирлын бараг бүх дээд амжилтын эзэн Голден Стэйт Уарриорсыг 93:89-аар хожиж, багийн түүхэнд анх удаа цомын эзэн боллоо. Плэйоффын турш багаа манлайлж, бүх үзүүлэлтээр тэргүүлсэн Леброн Жэймс финалын үнэ цэнтэй тоглогчоор шалгарч, 3 дахь удаагаа аваргын бөгж зүүх эрхтэй болж байна. Нэг улиралд хамгийн олон буюу 73 ялалт байгуулсан Алтан мужийн дайчид ердөө ганц хожил авахад хангалттай байсан ч тэд цувралыг 3:1-ээр тэргүүлж байсан давамгай байдлаа хадгалж чадсангүй. Сүүлчийн 4 минутын турш оноо авч чадаагүй нь өнөө цагийн хамгийн супер шидэгчидтэй багт тийм ч их харагддаггүй үзүүлэлт. Кливленд хот мэргэжлийн спортын багуудынхаа түүхэнд анх удаа цом хүртэж буй нь энэ болжээ. Үүнээс гадна NBA-ийн энэ улирлын драфтын үйл ажиллагаа болж, урьдчилан таамаглаж байсанчлан Филадельфи Австрали тоглогч Б.Симмонсыг №1 сонголтоор авсан бол Лос Анжелес Лэйкэрс Дюкийн их сургуулийн од Б.Инграмыг 2-р сонголтоор багтаа элсүүлжээ.

WSJ: Кливленд NBA-ийн аварга боллоо
Yahoo Sports: Леброн бүх цагийн үеийн хамгийн шилдэг тоглогч мөн үү?

Ром хот түүхэндээ анх удаа эмэгтэй захирагчтай боллоо

Дэлхийн эртний түүхт хотуудын нэг, Италийн нийслэл Ром хотын захирагчаар эмэгтэй улс төрч сонгогдлоо. 37 настай Виржина Рагги сонгуулийн 2-р шатанд 67 хувийн саналаар ялалт байгуулснаар хотын 3000 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй захирагч болж байна. Үүнээс гадна тэр Ромын хамгийн залуу мэр болж байгаа юм. Энэ ялалт нь авилгын эсрэг хөдөлгөөн, үзэл бодлоороо ялгардаг Таван Од Хөдөлгөөний хувьд томоохон ялалт боллоо. Тэд Турин хотноо мөн ялалт байгуулж, хотыг удирдах болсон байна. 2015 онд өмнөх захирагч И.Марино төсөв хэтрүүлсний улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш нэр хүнд нь унасаар буй ерөнхий сайд М.Ренцигийн Ардчилсан нам Милан, Флоренц хотуудад ялалт байгуулжээ. Хуульч мэргэжилтэй Рагги хөдөлгөөний хамгийн шилдэг илтгэгч, мэтгэлцээнчдийн нэг гэгддэг бөгөөд хотын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.

CNN: В.Раггигийн талаар мэдвэл зохих 5 зүйл
Euronews: Ромын анхын эмэгтэй захирагчтай танилц

Урлагаар амьсгалсан Улаанбаатар

Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам Playtime 15 дахь удаагаа зохион байгуулагдлаа. The Lemons, Нисванис, The Colors зэрэг монголын топ хамтлагуудаас гадна энэ жилийн наадамд гадаадын 10 хамтлаг оролцож байгаагаараа онцлогтой болж байна. Тэдэн дундаас дэлхийд алдартай, Шведээс гаралтай The Radio Dept хамтлаг хүрэлцэн ирж, уран бүтээлээ хүргэсэн нь энэ наадмын цар хүрээ олон улсын хэмжээнд аль хэдийн хүрч, хэрхэн өргөжиж байгааг харуулсан зүйл болсон юм. 3 өдрийн турш 3 тайзан дээр зэрэг явагдаж буй уг наадам залуусын хамгийн их хүсэн хүлээдэг наадам нэгэнт болжээ. Үүнээс гадна Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж "Улаанбаатар" Олон Улсын Медиа Урлагийн Фестивал энэ долоо хоногт үргэлжлэн явагдлаа. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд "Уламжлал ба шинэчлэл" медиа урлагийн үзэсгэлэн явагдаж байгаа бөгөөд Монгол, Австрали, АНУ, Дани зэрэг 9 орны 18 уран бүтээлчийн тун сонирхолтой уран бүтээлүүд дэлгэгджээ. Мөн бидний өмнө танилцуулж байсан Nomadink фестивал энэ долоо хоногт явагдаж, их хотод өнгө нэмсэн бүтээлүүдээ танилцуулсан юм.

News: Цоожтой авдар юу гэв?
Unread: Шинэ цагийн нүүдэлчдийн өнгө будаг

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Өнөө цагийн хамгийн шилдэг энтрепренерүүдийн нэг Элон Маск өөрийн удирддаг цахилгаан машин үйлдвэрлэлийн Тесла компанидаа мөн л өөрийн үүсгэн байгуулсан, нарны хавтан үйлдвэрлэдэг SolarCity-г нэгтгэхээр зэхэж байгаа гэнэ. Тесла 2.8 тэрбум доллараар SolarCity-г худалдан авах бөгөөд ингэснээр нарны хавтангаар дамжуулан машинаас эхлээд ахуйн хэрэглээний бүх төхөөрөмжүүдийг цэнэглэх боломжтой болох ажээ. Э.Маск тус компаний 22 хувийг эзэмшдэг юм. Түүнчлэн энэ жилийн технологийн ертөнцийн хамгийн амжилттай IPO-г үүлэн технологид суурилсан харилцаа холбооны шийдэл нийлүүлэгч Twillo хийлээ. 2007 онд байгуулагдсан тус компанийн нэгж хувьцаа бүрийн үнэлгээ нь 15 доллараас 60 хувь өсөж арилжаалагдсан бөгөөд 150 сая долларыг босгох зорилгодоо бүрэн хүрчээ.

Slate: Элон Маскийн барбарис төлөвлөгөө
VentureBeat: Твиллогийн IPO амжилттай боллоо


15613   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.