Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 25, 2016

Сонгууль 2016 - Залуусын үзэл бодол

Ирэх лхагва гараг 6-р сарын 29-нд хоёр шатны сонгууль болж, монголчууд бид ирэх 4 жил төр барих түшээдээ сонгох гэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор бид залуучуудыг өөр өөр санаа бодол, олон ургальч үзлийг харьцуулан уншаасай, сонголт хийхэд нь нэмэр болоосой хэмээн салбартаа амжилттай ажиллаж яваа долоон залууг сонгон дараах 3 асуултад хариулт авсан юм.

1. Та саналаа өгөх үү? Яагаад?
2. Та нэр дэвшигчийг ямар шалгуураар сонгох вэ?
3. Таны шалгуурт нийцсэн нэр дэвшигч байна уу? 

Нийтлэлийг уншаад та бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаана байх гэж найдахын зэрэгцээ дурдагдсан нэр дэвшигчдийн нөлөө, лобби энэ нийтлэлд ороогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш С.ӨНӨР

1. Сонгуульд саналаа өгнө. Монгол улсын иргэний хувьд Үндсэн хууль бол гол зарчим. Дүрмийнхээ дагуу бид эрх баригчдыг сонгох учиртай. Хэрвээ гол зарчим таалагдахгүй бол зарчмыг өөрчлөх эсвэл өөр зарчимтай улсын иргэн болох гэсэн хоёр л зам байна. Өөрийн улсдаа хайртай учраас өөр улсын иргэн болох хүсэлгүй. Мөн одоо байгаа Үндсэн хуулийн зарчим болсон төлөөллийн ардчиллаас илүү сайн засаглах арга одоогоор олж харахгүй байна. Тиймээс саналаа өгнө.

2. Нэр дэвшигчийг үнэлэхэд хоорондоо уялдаатай гурван шалгуурыг харж байна. Нэгдэх нь Монгол үндэстний ухамсрыг (volksgeist) мэдэх, уламжлал болон орчин үеийг зохистой хослуулж чадах мэдлэг, чадвар байгаа эсэх. Удаах нь нэр дэвшигчийн хүн чанар, ёс суртахуунлаг байдал (virtue). Гуравдах нь улс орны ирээдүйг хэр холч ухаанаар (vision) харж байна вэ гэдэг шалгуур. Өөрөөр хэлбэл богино хугацааны улс төр хийх гээд байна уу, урт хугацаанд улс үндэстнийхээ сэргэн мандалтын төлөө тэмцэж байна уу гэдэг шалгуур юм.

3. Бүх нэр дэвшигчдийг хангалттай сайн судлаагүй ч гэсэн өөрийн мэдэх хүрээнд миний шалгуурт гайхалтай сайн нийцэж буй хоёр хүнийг нэрлэж чадна. Нэг нь Говь-Алтай аймагт 11-р тойрогт дэвшиж буй Б.Наминчимэд гуай, нөгөө нь нийслэл хотод 65-р тойрогт нэр дэвшиж буй Б.Найдалаа ах юм. Энэ хоёр хүнийг сонгох тойрогт харьяалагдахгүй байгаадаа жаахан харамсаж байна.

MJL Attorneys хуулийн фирмийн захирал, хуульч М.Мөнхжаргал

1. Би саналаа өгнө. Мөн сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж бусдыгаа уриалж байгаа. Учир нь төр засгийг удирдах нам, хүчнийг сонгох сонгууль 4 жилд нэг л удаа болдог.

2. Миний хувьд нэр дэвшигч өндөр ёс зүйтэй, улсынхаа эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг байх естой. Мөн сонгуулийн гол зүйл бол мөрийн хөтөлбөр байгаа. Тиймээс тухайн нэр дэвшигчийн намын мөрийн хөтөлбөр ямар вэ гэдгийг харж сонголтоо хийх нь чухал. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг шиг дан ганц нэг нэр дэвшигч төрийг удирдах боломжгүй. Харин олонхын санал авсан нам эвсэл төрийг удирдах тул намуудын мөрийн хөтөлбөрийг харж залуучууд бид сонголтоо хийх хэрэгтэй байх.

3. Хүмүүсийн санаанд 100 хувь нийцэх нэр дэвшигч ховор. Гэхдээ өөрийн шалгуурт бүрэн нийцсэн хүн байхгүй гээд саналаа өгөхгүй байж болохгүй тул шалгуурт дөхөж очиж байгаа хүнд л саналаа өгнө дөө.

Монгол ТВ-ийн Мэдээний албаны дарга, сэтгүүлч Э.ЛХАГВА

1. Энэ жил саналаа өгөхгүй буюу сонгуульд оролцохгүй. Оролцохгүй байх олон үндэслэл байна.
i. Хэн хаана ялах нь тодорхой харагдаж байна. Ийм тохиролцоог албажуулж өгдөг алиалагч би биш.
ii. Ардчилсан, чөлөөт хэвлэлтэй улсуудад улс төр бичдэг, редакц ахалдаг сэтгүүлч редакторууд сонгууль өгдөггүй. Нэг хүн, намыг дугуйлчихаар дөрвөн жил алаг үзэх хөрс үүснэ. Энэ бол миний хувийн сэргийлэх алхам.

2. Хэрвээ сонголт хийх байсан бол төрийн албанд ажиллаж ирсэн туршлага, мэдлэг боловсрол, хувь хүн ба нам эвслийн үнэт зүйлс, бодлого, мөн хэлсэн ярьсандаа хүрч байсан эсэхийг дүгнэж сонголтоо хийх байсан. Тооцох ёстой өөр нэг чухал шалгуур бол энэ нэр дэвшигч олонхын дэмжлэг авч чадах эсэх, гишүүн болоод олонхоороо бүлэг байгуулж чадах эсэх юм.

3. Зарчим, үнэт зүйлс ба өөрийнхөө хэмжээний болон намынхаа хүрээнд бодлоготой улс төрчид таалагддаг. Хэлсэндээ хүрдэг, хийнэ гэсэн бол хийдэг цөөн тооны нэр дэвшигчид харагдаж байна.

Аcademia англи хэлний институтийн захирал Х.НИНЖ-ЭРДЭНЭ

1. Мэдээж сонгуульд саналаа өгнө. Нэгдүгээрт, би иргэн хүний хувьд нийгэмд болж байгаа улс төрийн үйл явцад оролцох эрх, үүрэгтэй. Ардчилсан нийгэм гэдэг өөрөө иргэн бүрийн идэвхтэй ухамсарт оролцоотойгоор босож ирдэг. Хоёрдугаарт, Монгол улсын хөгжил залуу хүмүүсийн идэвхтэй оролцооноос маш хамааралтай. Бид хэнийг сонгоно, тийм төр засаглана. Тиймээс залуу хүмүүс сонгуульд нэн идэвхтэй оролцох ёстой гэж боддог.

2. Нэр дэвшигч нарын нийгэмд оруулсан хувь нэмэр, ажлын туршлага, англи хэлний мэдлэг, мөн цаашид юу хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасныг нь уншиж судалж байгаа. Манай аль ч салбарт гойд сайн англи хэлтэй мэргэжилтэн ховор байгаас гадаад харилцаа муу байна. Англи хэлний мэдлэг өндөр бишээс болж өөрсдийгөө дэлхийн тавцанд зөв сурталчилж огт чадахгүй байна, мэдээллийг анхдагч эх сурвалжаас авахгүй байна. Төрийн түшээд англи хэлний өндөр чадваргүйгээс хөрөнгө оруулалтын тал дээр ч тохиролцоог тааруухан хийж байна.

3. Би аль нэг намын гишүүн биш ч өндөр мэдлэг боловролтой эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжиж байгаа. Сонгуулийн шинэчилсэн системээр эмэгтэй гишүүд цөөрөх эрсдэл бий. Тэр дундаа МАН-аас нэр дэвшиж байгаа боловсролыг дэмжигч, цөмийн физикч А.Ундрааг их дэмжиж байгаа. Монголд бодлогын түвшинд энэ хүн хэрэгтэй. Мөн саяхан Жадамбын Энхбаярын залуучуудад хийсэн яриаг үзсэн. Өнөө маргаашийн материаллаг байдлаасаа салж, оюунлаг, алсын хараатай байхыг бодит жишээн дээр тулгуурлаж ярьсан нь их таалагдсан шүү.

Сэтгүүлч А.Амармэнд

1. Би сонгуульд саналаа өгнө. Гэхдээ миний сонголт хүссэн өөрчлөлтийг минь авчирна гэдэгт найдсандаа биш. Энэ найдвар аль хэдийн алга болсон. Харин сонгуулийн ирцийг бүрдүүлэхийн тулд саналаа өгнө. 2012 он хүртэл хэд хэдэн сонгуулийг санаатай өнжиж байсан. Нэгэнт сонгох ч хүнгүй болохоор сонголт хийхгүй байх нь миний сонголт гэж бодсон. Гэтэл нөгөө талд сонгуулийн ирц 50 хувьд хүрэхгүй бол тухайн хэсэгт сонгууль өгөөгүй иргэдийн дунд нэмэлт санал хураалт хийнэ гэсэн хуультай. Өөрөөр хэлбэл нийгэмд санаатайгаар шахуу түвэг удаж байгаа хэрэг болж таарна. Ингэж боддог болсноосоо хойш сонгуульд оролцож байгаа. Энэ удаад ч оролцоно. Миний санаж буйгаар сонгуулийн ирц жил ирэх тусам буурч байгаа. Энэ тогтлоороо энэ жил ч өнгөрсөн сонгуулиас буурах байх.

2. Ний нуугүй хэлэхэд аль нэг дэвшигчийн оронд өөр нэг нь байгаад өөрчлөлт гарна гэсэн гэнэн итгэл маань үгүй болсон. Өнгөрсөн хориод жилд боловсролтойг нь, сайхан ярьдгийг нь, эх орончийг нь, сайн мөрийн хөтөлбөртэйг нь, эсвэл ардчилагчийг нь гээд л монголчууд бид янз бүрийн сонголт хийж үзлээ шүү дээ. Гэлээ гээд энэ л зөв сонголт байлаа гэж уулга алдам зүйл болсонгүй. Эсвэл би хэт гутрангуй хүн байх. Тэгэхээр миний хувьд өнгөрсөн дөрвөн жил ажлаа хангалтгүй хийсэн гэж үзэж байгаа нэр дэвшигчийнхээ эсрэг санал өгөх зарчим л баримтална гэж бодож байгаа. Төрд алдагдсан хариуцлагын тогтолцоог бид ингэж л тэр хүмүүст мэдрүүлж чадна. МАН, АН хоёрт сануулга болох болов уу гэж бодсондоо өнгөрсөн сонгуулиар ИЗНН-д санал өгч байлаа. Энэ жилийн хувьд бие даагчид, гуравдагч хүчнээс таалагдсан нэр дэвшигч байвал дэмжинэ. Мөн АН-ын Тавантолгойн хувьцааг сонгуулийн өмнө худалдаж байгаа энэ үйл явцыг байж болшгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнийх нь төлөө ямар ч байсан АН-ын нэр дэвшигчийг (М.Батчимэг гишүүнийг эс тооцвол. Гэхдээ манай тойрог биш л дээ) дэмжихгүй.

3. М.Батчимэг гишүүний үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөөх үзэл санааг дэмждэг. Монголын улстөрд үнэхээр ахиц гаргаж чадах санаа гэж боддог. Тийм болохоор энэ хүнийг ирэх дөрвөн жилд ч УИХ-д байгаасай. Хэлж, ярьсан өөрчлөлтөө ажил хэрэг болгоосой гэж хүсэж байна. НИТХ-ын сонгуульд Өөлдийн Мөнхбат гэж залуу манай тойрогт нэр дэвшиж байгаа. Би хүнийг нь огт мэдэхгүй. Мөрийн хөтөлбөртэй нь ч танилцаагүй. Гэхдээ сонгуулийн сурталчилгаандаа бусад нэр дэвшигчээс тэс өөрөөр хандаж байгаа нь таалагдсан. Тэгэхээр зүгээр л үүнийх нь төлөө саналаа өгнө. Ямар ч байсан арай өөр сэтгэлгээтэй хүн шиг санагдсан. Улстөрч хүн гэхээр л хослол өмсөж, чухал төрх гаргасан ангид хүмүүс юм шиг ойлгодгоо болих хэрэгтэй гэж боддог. Магадгүй бидний энэ бодлоос болоод тэд өөрсдийнхөө “чухалд” улам итгээд улам “чухал” царайлсан, тусгай хүмүүс болоод байх шиг.

IPROJECTS компанийн захирал Д.НОМИНЧИМЭГ

1. Монгол улсын иргэн хүний хувьд үндсэн хуулиар олдсон сонгох эрхээ эдлэнэ. Сүүлийн сонгуулиудыг харахад ирц маш муу, тэр дундаа залуучуудын сонгуульд оролцох оролцоо хангалтгүй байсан нь харамсалтай санагдсан. Ирэх 4 жилд чухам ямар бодлогыг хэрэгжүүлэх хүмүүсээр төр бариулах, улс орны хөгжлийн чиг баримжаа хаашаа байх зэрэг нь залуус бидний сонгуулийн оролцоотой тодорхой хэмжээгээр хамааралтай.

2. Сонголт хийхдээ олон хүчин зүйлийг харах хэрэгтэй болов уу. Эдгээр дотроос i. Боловсролын түвшинг нь харах нь зүйтэй. ii. Удирдах чадварыг нь харах чухал. Урьд өмнө нь гаргаж байсан бодит санаачилгуудыг нь судлах нь зөв байх. iii. Эрх ашгийн дарааллаа зөв эрэмбэлж чадаж байгаа эсэх гэсэн үндсэн гурван зүйлийг судлан саналаа өгнө.

3. Нэр дэвшигчид дундаас М.Батчимэг, А.Ундраа, Л.Гантөмөр, Д.Цогтбаатар зэрэг нэр дэвшигчдийг өөрчлөлт авчирч чадах идэр үеийнхэн гэж боддог.

Happyhome.mn сайтын үүсгэн байгуулагч Б.ТАНАН

1. Өгөлгүй яахав. Саналаа өгч шийдвэр гаргахад оролц гээд байхад оролцоогүй байж ирэх 4 жилд гарах шийдвэрт бухимдаж, шүүмжлэх хэрэггүй. Тэглээ ч сонгуулийн ирц хүрэхгүй бол улсын мөнгөөр, бидний татварын мөнгөөр дахин дахин сонгууль хийх болно.

2. Саналаа өгөхдөө хамгийн түрүүнд аль намаас нэр дэвшиж байгааг нь харж байгаа. Учир нь парламентийн засаглал бол багийн тоглолт. Баггүй бол чи хэн ч биш гэдгийг сүүлийн хэдэн жил харлаа. Зарим хүмүүс зүгээр “кнопчин” болоод 4 жил дууссан. Энэ жил бие даан нэр дэвшиж байгаа мундаг ах нар байгаа ч ганц тоглогч хэчнээн юм хийе гэсэн ч явахгүй бололтой. Тиймээс хэчнээн чадалтай бие даагч байсан ч дэмжих хэцүү.

Улстөрч бол хэзээ ч 100 хувь үнэнч, шударга байдаггүй. Тэднийг буруутгах хэрэггүй. Бидэнд таалагдаж, санал авахын тулд тэд өөрөөсөө хамааралгүй зүйлийг амлахаас өөр аргагүйд хүрдэг. Миний сонголтоо хийх шалгуур бол: i. Тухайн цаг үедээ олон нийтэд таалагдахгүй байсан ч ирээдүйд зөв үр дүн авчрах шийдвэрийг гаргах зоригтой, ii. Нийт хүн амын нэн ядуу, ажил хийж орлого олох бүрэн чадваргүй бүлгээс бусад хүмүүст үзүүлэх халамжийг багасгаж толгойг нь ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, iii. Монгол хүний боловсролыг чухалчилж сайжруулах хүнийг дэмжинэ.

Уг нь дээрх чиглэлээр ажил хийх, салбартаа мэргэжлийн, нэр цэвэр, хийсэн зүйлтэй хүмүүс ХҮН намд байх шиг байсан. Гэвч сандал суудал булаацалдаад хоорондоо хагараад сонгуульд ч орж чадсангүй. Бусад жижиг намуудад сайн хүмүүс цөөн тул олонх болох магадлал алга. Тэгэхээр төрийн ажлыг гацаахгүй, олонхоор явуулахын тулд хүссэн хүсээгүй АН, МАН гэсэн 2 намаас л сонголт хийнэ.

3. Манай тойрогт МАН-аас Ц.Нямдорж, АН-аас Г.Байгалмаа нар нэр дэвшиж байгаа. Хувь хүнийх нь чадвар талаас харахад: УИХ бол хууль тогтоох байгууллага. Тэр утгаараа Хууль зүйн сайд байсан, мэргэжлийн хуульч Ц.Нямдорж гуайг дэмжмээр ч юм шиг… Хүн угаасаа л туршлагагүй байж байгаад туршлагатай болдгоос хойш улстөрд шинээр гарч ирж байгаа шинэ залуу хүнийг дэмжмээр ч юм шиг…

Насны хувьд, хүйсийн хувьд, туршлагын хувьд, бодлогын хувьд маш өөр хүмүүс. Одоогийн байдлаар шийдвэрээ бүрэн хийгээгүй байна. Сонгууль хүртэл энэ хүмүүс, намынх нь тухай өөр ямар эерэг болон сөрөг мэдээлэл шинээр гарахыг харж байгаад шийдвэрээ гаргана даа.

Уншигч та бүхэн бас сонгуультай холбоотой үзэл бодол, санаа оноогоо сэтгэгдэл хэсгээр болон editor@unread.today хаягаарай хуваалцаарай. Мөн #Сонгууль2016, #ЗалуусынҮзэлБодол хаштагаар твиттерт жиргээрэй.

26321   7


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.