Онцлох Бизнес

Онцлох бизнес: ROC Caffeine Bar - Оригиналь кофег өндөр стандартаар

06 сарын 20, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


25192   4




Улаанбаатар маань өдрөөс өдөрт өнгө нэмж, шинэ содон үйлчилгээний газруудаар баяжсаар байгаа билээ. Ялангуяа сүүлийн үед кофе шопууд үй олноор бий болж, тэр хэрээр нийслэлчүүдийн кофены хэрэглээ нэмэгдэж, кофены соёл буй болж байна. Тэгвэл эдгээр кофе шопууд хийгээд үйлчилгээний байгуулагуудыг сайн чанарын кофегоор хангах кофе боловсруулах үйлдвэр саяхан үүдээ нээгээд байна. ROC буюу Roots of Coffea нэртэй энэ газар мөн өөрийн кофе шоптой ба бид тэдний уугисан кофе, амтат бургерийг амтлангаа бизнесийн онцлог, зорилгынх нь талаар үүсгэн байгуулагч Д.Баярцэнгэлтэй ярилцлаа.

Бизнесийн нэр: ROC Caffeine Bar
Хаяг: Зайсан, Сарнайх дэлгүүрийн эсрэг талд
Үйл ажиллагааны чиглэл: Кофе боловсруулах үйлдвэрлэл, кофе шоп
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 5-р сар
Үүсгэн байгуулагч: Д. Баярцэнгэл
Ажилтны тоо: 6
Вэб: ROC Caffeine Bar

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Би 12 жил гадаадад ажиллаж амьдрахдаа сүүлийн таван жил нь Сидней хотод Coffee Roasterie буюу кофе боловсруулдаг газар ажилласан юм. Тэгээд Монголдоо ирээд эхлээд өөрийн дуртай, чаддаг зүйлийг хийж кофе шоп байгуулъя гэж бодсон. Гэхдээ удалгүй Монголын зах зээл жижиг тул кофе шоп гэхээсээ кофе боловсруулах, нийлүүлэх нь ашигтай болохыг ойлгосон юм. Өнгөрсөн оны 8-9 сард Герман явж, дэлхийд алдартай Probat брэндийн кофе хуурах хоёр машин худалдаж авсан. Энэ төхөөрөмж маань хамгийн сайндаа тооцогддог. Монголд ийм төхөөрөмжтэй газар нэг хоёроор л тоологдох болов уу. Ингээд тэр үеэс хойш газраа хайгаад, олсныхоо дараа хэдэн сар засвар хийгээд 5-р сард нээлтээ хийлээ.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Би өөрөө үнэт цаасны шинжээч мэргэжилтэй. Тийм болохоор бизнесийн төслөө өөрөө бичээд авга ах, авга эгч хоёроосоо мөнгө зээлсэн. Анх төлөвлөснөөс их зардал гарсан ч ойрын хүмүүсийн ачаар банкны хүү гэх мэтийн зүйлд санаа зовох шаардлагагүй байсан нь их хэрэг болсон шүү.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Манай үйлдвэр өдөрт 250-300 кг кофе боловсруулах чадвартай. Нэг кофе шоп долоо хоногт 2-4 кг кофе хэрэглэдэг юм. Захиалагчийн хүссэн амтаар нь, өндөр стандартын дагуу боловсруулж өгнө.

Кофе маань өндөр чанартай. Хамтарч ажилладаг Герман компаниар дамжуулан Африк, Өмнөд Америкийн кофе авдаг. Ер нь манайх шиг ийм чанартай кофег их хэмжээгээр хуурах боломжтой газар Улаанбаатарт цөөхөн.

Кофе шопийн хувьд бол Зайсанд өөрсдөө кофегоо хуурдаг газар өмнө нь байгаагүй. Энэ хавийнхаа тухалж суудаг газар болох зорилготой. Кофеноос гадна хэдэн төрлийн бургер, коктэйл гаргадаг. Мөн кофены үнэгүй амталгаа үе үе явуулж, амтлах сургалт явуулдаг.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Кофены зах зээлд нийлүүлэлтээр тэргүүлэх зорилготой. Энэ зах зээл жижигхэн. Тиймээс тэргүүлэгч нь л байх хэрэгтэй гэж боддог. Энэ бизнесээ цаашид өргөжүүлж илүү олон залуусыг ажлын байраар хангахыг хүсдэг. Ажилгүйдэл гэдэг асуудал сүүлийн үед санаа зовмоор их болсон байна лээ.

Ойрын зорилго гэвэл явуулын кофе шоп ажиллуулна. Машинд кофены машин тоноглоод уулзалт, арга хэмжээнүүд зэрэг хүн ихтэй газруудаар явах юм.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Би хүн хүчлэх дургүй. Найз нөхөд, хамаатнууд гээд хүсэл зорилгоороо нэгдсэн баг бүрдүүлсэн. Кофе гэдэг энэ зүйлийг хүмүүст сайн таниулахын төлөө л ажиллана. Бариста нар бүгд кофены хорхойтнууд. Монголд баристаг түр зуурын ажил гэж ойлгоод байдаг, мэргэжил болгохын төлөө зорьж байгаа. Жишээ нь ХААИС-тай хамтран хүнсний технологичийн сургалтын хөтөлбөрт кофены талаар материалууд бэлдэж байна.

Танайх одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Мэдээж шинэ бизнесээ олонд таниулах ажлыг хийж байна. Өглөө 7 цагаас шөнийн 12 цаг хүртэл ажиллаж байна. Мөн зочид буудал гэх мэтийн үйлчилгээний том байгууллагуудад хамтран ажиллах санал тавьж, кофе дажгүй их хэмжээгээр нийлүүлэх ажил авахаар хичээж байна. Ер нь төлөвлөсөн ажлууд нэлээд байна.

Мөн манайх Lhamour брэндтэй хамтран Coffee scrub үйлдвэрлэхийн зэрэгцээ жижиг кофе шопуудыг сайн чанарын кофегоор дэмжин ажиллаж байна. Энэ бизнесийг хийхэд амаргүй байдгийг мэдэх тул дэмжмээр санагддаг юм.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Өөрийн дуртай зүйлээ хийж байгаа болохоор сайхан байдаг. Бас энэ бизнесийг эхлүүлэх нөхцөл боломж надад байсан нь азтай хэрэг.

Нөгөө талаас зах зээл жижгээс гадна манай үйлчилгээний газрууд шинэ юмыг хүлээж авах, ойлгох гэж хичээхдээ жаахан хойрго байна уу даа гэж бодогддог. Дотоодын бизнесүүдээ дэмжмээр санагддаг.

Хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүнээсээ нэрлэнэ үү?

Колумб кофенд манайхан их дуртай юм билээ. Колумбын Мэдин мужийн яаж ч хуурахад бурууддаггүй самарлаг амттай кофе юм. Харин манайхан чихэрлэг амттай кофег гашуун байна гээд байдаг. Гашуун гэснээс кофе гашуун байх нь хатуу, үйлчлэл өндөртэй гэсэн үг биш, харин эсрэгээрээ байдаг гэдгийг энэ далимд хэлье. Кофе шопийн хувьд манай Сайфон кофенд үйлчлүүлэгчид дуртай байдаг.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.