Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   06 сарын 18, 2016

"Бодит байдлын ид шид" номын танилцуулга

Энэ долоо хоногт Интерномд хэд хэдэн шинэ номын нээлт болж өнгөрөв. Тэдгээрийн нэг болох алдарт биологич Ричард Докинсын хамгийн сүүлийн бүтээл "Бодит байдлын ид ид шид" (The Magic of Reality) номыг танилцуулахыг хүслээ. Анх 1976 онд эволюцийн онолын талаар "Амиа бодогч ген" (The Selfish Gene хэмээх уг ном нь Guardian сэтгүүлийн "Бүх цагийн цагийн уран зохиолын бус 100 шилдэг ном"-ын нэгээр нэрлэгдсэн) хэмээх номоо бичин шуугиан тарьж байсан тэрээр шинжлэх ухааны ээлжит нэгэн гайхалтай бүтээлээ туурвисныг Монсудар хэвлэлийн газраас орчуулан гаргажээ. Амьдралынхаа ихэнх хугацаанд насанд хүрэгчдэд зориулан бүтээл туурвисан Ричард Докинс энэ удаа нэрт зураач Дэйв МакКийнтэй хамтран шинжлэх ухааны гайхамшгуудыг бүхий л насныханд түгээхээр энэ номыг бүтээжээ.

Юмс юунаас бүтдэг юм бол? Орчлон хорвоо хэдэн настай вэ? Яагаад ийм олон янзын амьтан, ургамал байдаг юм бэ? Хамгийн анхны хүн хэн байсан бэ? Нар гэж юу вэ? Энэ мэт байгаль ертөнцийн үй олон үзэгдлийн тайлбарыг энэ номонд өгөхийг зорьжээ. Зохиогч энэ бүхнийг тайлбарлахдаа энгийн үгээр ямар ч насныхан түвэггүй ойлгохуйц байдлаар хүүрнэх аж. Хараа булаам зургууд, ангайн гайхам баримтуудаар дүүрэн энэ номыг манай гараг болон түүний цаана орших орчлон хорвоогийн тухай гарын авлага гэсэн ч хилсдэхгүй.

НОМЫН ТАЛААРХ САЙШААЛ

"Энэ миний шинжлэх ухааны тухай уншсан хамгийн сайхан танин мэдэхүйн ном байлаа. Би өөртөө "Хөөх, ген гэдэг чинь чухам ийм юм байсан юм байна шүү дээ" хэмээн хэлж байлаа. Мэддэг гэж боддог зүйлсийг маань бүр сайхан тайлбарлаж өгч, харин ойлгоогүй байсан зүйлсийг минь анх удаа надад ойлгууллаа."

"Түүний хар материал" цувралын зохиогч Филип Пуллман

"Эхний өгүүлбэрээсээ л эл ном сонгодог бүтээл мэт агаад мэдлэг цацалсан хүүрнэл нь аль ч насныхныг урин дуудна."

-Таймс

НОМЫН ХЭСГЭЭС

Одоо харин "25 сая жилийн өмнөх" зогсоол хүртэл өөрдийн арван мянган жилийн үсрэлтүүдээ үргэлжлүүлцгээе. Энд бид чиний (мөн миний ч гэсэн) ойролцоогоор нэг сая хагас дахь өвөгтэй уулзана. Тэд сүүлтэй байх учир яг бас мич биш юм. Хэрвээ бид өнөөдөр тэднийг олж харвал сармагчин гэж дуудах байх л даа. Гэвч тэд биднээс болон өнөөгийн сармагчингуудаас ч гэсэн ялгаагүй тэс өөр байна. Хэдий биднээс тэс өөр, бидэнтэй болон өнөөгийн сармагчинтай үржилд орох боломжтой ч тэд "24 сая 990 мянган жилийн өмнөх" зогсоол дээр бидэнтэй нэгдсэн зорчигчидтой бол чөлөөтэй үржих болно. Өөрчлөлт эхнээсээ дуустал тэр чигтээ туйлын аажим явагддаг гэдэг энэ билээ.

Арав арван жилээр урагшилж зогсоол бүрт ажиглагдахуйц онцын өөрчлөлт олж харалгүй цааш бид явсаар байна. одоо тэгвэл "63 сая жилийн өмнөх" зогсоолд ирэх үед хэн биднийг угтахыг хараахаар түр саатъя. Энд бид өөрсдийн долоон сая дахь өвөгтэй гар (савар гэж болох юм даа) барьж болно. Тэд лемур эсвэл галаго мэт амьтадтай туйлын төстэй харагдах бөгөөд тэд үнэхээр бүх лемур, галаго болон орчин үеийн сармагчин, мич, тэр ч байтугай бүгдийнх нь өвөг юм. Тэд хүмүүстэй болон орчин үеийн сармагчинтай адилхан ойрын хамаатан боловч одоогийн лемур болон галаготой арай холын хамаатан. Тэд өнөөгийн ямар ч амьтантай нийлэх боломжгүй. Харин урьдын адил "62 сая 990 мянган жилийн өмнө" зогсоолд авсан зорчигчидтой маань үржилд орох бололцоотой байж магадгүй шүү. Тэднийг цаг хугацааны машиндаа суулгаад улам цаашаа урагшлан хурдалъя.

"105 сая жилийн өмнөх" зогсоол дээр бид 45 сая дахь өвөгтэйгөө уулзана. Тэр ууттан амьтад (одоо ихэвчлэн Австрали мөн Америкд цөөн хэд тохиолддог) болон монотримүүдээс (одоо зөвхөн Австрали, Шинэ Гвинейд л олддог нугасан хошуутан ба өргөст шоргоолж идэштэнгүүд) одоогийн бусад бүх хөхтөн амьтдын өвөг эцэг юм. Энэ зураг дээр тэр өөрийн дуртай идэш болох шавжийг амандаа зуусан харагдана. Хэдийгээр тэр цөөн хэдэн зүйлийн амьтадтай төстэй харагдах боловч өнөөгийн бүх хөхтөн амьтдын өвөгт шууд хамаардаг аж.

"315 сая жилийн өмнөх" буудал дээр бидний 170 сая дахь эмэг эхтэй учруулна. Тэр бүх хөхтөн амьтад, орчин үеийн хэвлээр явагчид болох могой, гүрвэл, яст мэлхий, матар, мөн бүх динозаврын (шувууг оролцуулан, учир нь шувууд нь динозавруудын дундаас үүссэн) үндсэн өвөг юм. Тэрээр хэдий бүх орчин үеийн амьтадтай тэнцүүхэн холын холбоотой ч бусдаас илүү гүрвэлтэй төстэй харагддаг. Үүний учир нь гэвэл түүний амьдарч байсан цагаас хойш гүрвэлүүд бусдаас, тухайлбал хөхтөн амьтдаас хамаагүй бага өөрчлөгдсөн гэсэн үг.

46-48 дугаар тал

17819   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.