Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 17, 2016

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүс хорин настай өөртөө юу гэж зөвлөх байсан бэ?

Хорин хэдэн нас гэдэг хүний цаашдын амьдралыг тодорхойлох хамгийн чухал үе билээ. Хорин хэдтэй залуучуудын хувьд өөртөө сэтгэл хангалуун бус байх, юу хийхээ мэдэхгүй байх нь түгээмэл байдаг. Үнэхээр ч хорин тавны хямрал (quarter life crisis) гэсэн үзэгдэл байдаг ба энэ үеийг хэрхэн давж гарах нь ажил амьдралын цаашдын замд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ цаг үеийг туулаад гарсан туршлагатай хүмүүсээс зөвлөгөө сонсох нь чухал тул бид өнөөдөр өндөр амжилтанд хүрсэн хүмүүс хэрвээ боломжтой сон бол 20 настай өөртөө (twenty something self) юу юу гэж зөвлөх байсныг багцлан хүргэж байна.

The Huffington Post-ийг үүсгэн байгуулагч Арианна Хаффингтон

"Хэрвээ эргээд залуу насандаа очиж чадах байсан бол би хориод настай өөртөө Брайан Андреасын энэ эшлэлийг хэлэх байлаа: 'Амьдралынхаа чухал зүйлсэд зориулах цаг өөрт нь хангалттай байгааг ойлгосон тэр өдрөөс охины бүх зүйл өөрчлөгдсөн юм.' ”

Арианна Хаффингтон
бол Huffington Post Media Group-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, ерөнхий редактор билээ. 15 ном бичсэн тэрээр Time сэтгүүлийн "Дэлхийх хамгийн нөлөө бүхий 100 хүн"-ий нэгээр нэрлэгдэж, Forbes сэтгүүлийн "Хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд"-ийн жагсаалтанд багтаж байв.

Нью Йорк Таймсын бестселлер "Аз жаргалын ач" номын зохиогч, аз жаргалын судлаач Шон Акор

"Амжилт гэдэг аз жаргалд хөтөлдөггүй, харин аз жаргал нь улам их амжилтад хөтөлдгийг эртхэн мэдсэн сэн бол гэж хүсдэг. Сайн дүн л авчихвал, зөв сургуульд, зөв ажилд л орчихвол, ном маань шилдэг борлуулалттай ном болчихвол ТЭР ЦАГТ л би аз жаргалтай болно гэж би дандаа боддог байв. Гэвч тархи гэдэг үргэлж амжилтыг онилж байдаг болохоор биднийг амжилтанд хүрэх тоолонд дараагийн зорилтыг гаргаж ирдэг. Би Харвардын оюутнуудтай арваад жил ажиллаж, эерэг сэтгэлгээ судлаач болсон хойноо л орчин цагийн эдийн засагт эергээр сэтгэдэг, идэвхтэй тархи л хамгийн том өрсөлдөх давуу тал болохыг олж мэдсэн юм. Азаар аз жаргалыг сонгож болдог. Гагцхүү хичээнгүй байдал, байнгын давтлага, тууштай чанар шаардагдах болно. Бид эерэг сэтгэлгээтэй байвал ажил, сурлагын бүх л амжилт нэмэгдэнэ. Тиймээс жинхэнэ аз жаргалыг эхлээд хай (зүгээр нэг сэтгэл ханамж биш), тэгвэл амжилтанд хүрэх магадлал эрс нэмэгдэнэ гэж зөвлөх байна."

Шон Акор бол аз жаргал, амжилт хоёрын хоорондын уялдаа холбоог судалдаг дэлхийн шилдэг экспэртүүдийн нэг. Сэтгэлгээний талаарх судалгаа нь түүнийг Harvard Business Review сэтгүүлийн нүүрэнд гаргаж байв. Tүүний TED Talk нь 13 сая хандалт цуглуулсан, бүх цаг үеийн хамгийн алдартай илтгэлүүдийн нэг юм.

Стратегич, бестселлер номуудын зохиогч Райан Холидэй

"Өөрийгөө онцгой нэгэн биш гэдгийг сана. Чиний энэ замаар өмнө нь мянга мянган хүүхэд явж өнгөрсөн, чиний дараа ч мянга мянгаараа явах болно. Гэхдээ тэдний олонх нь эцэстээ хэн ч биш болсон. Амжилттай явсан заримынх нь гал буурч, эсвэл буруу зорилго тээсэн байж мэднэ. Юу хэлэх гээд байна вэ гэж үү? Өөрийгөө нэг их юманд битгий бод. Өөртөө битгий түүх зохио. Чимээгүйхэн нөр хөдөлмөрлөж, эрүүл бай. Амбиц, чадвар зэрэг зүйлс чамайг бусдаас онцгой болгохгүй. Би энэ талаар дурдаагүй байгаа биз. Чамд энэ бүхэн байгаа гэж төсөөлж байна. Харин чамайг онцгой болгох ховор зүйлс бол даруу зан, хичээнгүй байдал, өөрийгөө таних чадвар юм."

Стратегич, бестселлер номуудын зохиогч Райан Холидэй American Apparel-ийн маркетингийн захирал байсан ба компанит ажлуудыг нь Twitter, Youtube, Google зэрэг компаниуд кэйс судалгаа болгож ашиглаж байв. Холидэй дөрвөн ном бичсэн ба хамгийн сүүлд бичсэн “Бэрхшээл бол зам" ном нь 17 орны хэлээр орчуулагдаж, NFL-ийн дасгалжуулагчид, дэлхийн шилдэг тамирчид, ТВ-ийн алдартнууд, улс төрчид шимтэн унших дуртай бүтээл болжээ.

Нью Йорк Таймс, Уолл Стрийт Журналын бестселлер номуудын зохиогч Даниэл Пинк

"Чамд 'Би энэ өрөөнд байгаа хамгийн ухаантай хүн' гэж бодол төрж байвал чи тийм биш гэсэн үг."

Даниэл Х. Пинк нь New York Times, Wall Street Journal-ийн шилдэг борлуулалттай номуудын зохиогч. Бизнес, ажил хэрэг, менежментийн сэдэвтэй номууд нь дэлхий дахинаа хоёр сая хувь борлогдож, 34 орны хэлээр орчуулагджээ. Түүний "The Puzzle of Motivation" илтгэл нь бас их алдартай.

Crazy Egg, Hello Bar, KISSmetrics компаниудыг үүсгэн байгуулагч, онлайн маркетер Нэйл Пател

"Төвлөр. Би нэг л зүйлд цаг, хүчээ төвлөрүүлэхийн оронд хэтэрхий олон зүйл хийх гэж оролдсон. Хэрвээ тэгж чадсан бол энтрепренерийн хувиар илүү хол явах байв. Нэг бизнес эрхлэхэд л өдрийн цаг хүрэлцэхгүй байхад хоёр гурван бизнесийг зэрэг явуулна гэдэг бүр ч хэцүү."

Нэйл Пател нь Crazy Egg, Hello Bar, KISSmetrics Focus компаниудыг үүсгэн байгуулагч. Тэрээр Amazon, NBC, GM, HP, Viacom зэрэг компаниудад ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь тусалдаг. Wall Street Journal түүнийг интернет дахь нөлөө бүхий хүмүүсийн нэг гэсэн бол Forbes топ арван онлайн маркетерийн нэгээр тодруулж байв.

Олимпийн хүрэлт медальт снөүбордчин, нийгмийн энтрепренер Эми Парди

"Өөрийн онцлог, бусдаас ялгаатай байдлыг хэдий чинээ хурдан хүлээн зөвшөөрнө, илүү аз жаргалтай, илүү амжилттай болох цаг мөч чинь төдий чинээгээр ойртоно. Бид үргэлж өөрөөсөө өөр хэн нэгэн болох гэж хичээж, өөрсдийнхөө жинхэнэ мөн чанарыг дарагдуулж байдаг. Бидэнд бүгдэд нь гялалзан гялтгануулах гэрэл бий. Түүнийгээ битгий нуу, бүх хүнтэй хуваалц."

Эми Парди бол олимпийн хүрэл медальт, снөүбордын тамирчин юм. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг экстрим спортоор хичээллэхэд нь тусалдаг Adaptive Action Sports гэх ашгийн төлөө бус байгууллагыг үүсгэн байгуулсан юм. 19 настайдаа хүнд осолд орж, хоёр хөлөө алдан, амьд үлдэх магадлал хоёр хувьтай байхад эсэн мэнд үлдэж чаджээ. Түүгээр ч барахгүй хөлөө тайруулаад жил ч бололгүй өөрийн дуртай спорт болох снөүборддоо эргэн ирсэн байна. Түүнээс хойш "Ододтой бүжиглэсэн нь" шоуны финалд үлдэж, Опратай цуг аялал хийж, өөрийн онцгой түүхээс хуваалцсан байна.

The Art of Manliness сайтыг үүсгэн байгуулагч, энтрепренер Брет МакКай

"Ямар ч зүйлийг хийх төгс тохиромжтой цаг мөч гэж үнэндээ байдаггүй. Тиймээс хийхийг хүссэн зүйлээ шууд л барьж аваад хий. Бас зорилгодоо хүрэх нь чиний бодож байгаа шиг тийм сэтгэл догдлом зүйл биш. Зорилгодоо хүрч байж л аз жаргалтай болно гэж бодохоо боль. Харин зорилгодоо хүрэх үйл явц, үе шатуудаас таашаал ав. Эцэст нь хэлэхэд, чухал хүн байхыг бус, хэрэгтэй хүн байхыг хичээ. Тэгвэл чи хол явна. "

Брет МакКай бол “Эр хүн байх урлаг” сайтыг үүсгэн байгуулагч, энтрепренер. Уншигчдаа илүү сайн нөхөр, аав, ах, иргэн болоход тусалдаг тус сайтад дэлхийн олон сая эрчүүд зочилдог билээ.

Mixergy подкастыг хөтлөгч Эндрю Уорнер

"Өөрийгөө юунд ч залуудна гэж бодох хэрэггүй. Би хорин хэдтэй байхдаа оффисоо тохижуулахаар дизайны компанид нэг сая доллар төлсөн юм. Тэгэхдээ 'Хэн ч орж ирсэн, энэ газрын эзэн нь хорин хэдтэй залуу юм байна гэж мэдэгдүүлэхээргүй тохижуулаарай” гэсэн хүсэлт тавьж билээ. Одоо бодоход ямар гээчийн алдаа вэ. Би насаа нууж байхын оронд харин ч давуу тал болгон ашиглах, үгүйдээ гэхэд огт тоохгүй байх байсан юм."

Эндрю Mixergy гэх стартапууд, энтрепренерүүдэд зориулсан подкастыг хөтөлдөг. Тэрээр Wikipedia, Groupon, LivingSocial, LinkedIn зэрэг компаниудыг үүсгэн байгуулагч энтрепренерүүдийг нэвтрүүлэгтээ урьж байсан бөгөөд нийтдээ 600 гаруй стартапыг өнгөрсөн хугацаанд танилцуулжээ.

Энтрепренер, илтгэгч Даниэл ЛаПорт

"Хувь тавилан гэж байдаггүй юм. Амьдрал бол үнэндээ чиний л бүтээх зүйл. Зүрх чинь чиний хамгийн гол зүйл. Тиймээс тоглолт, концерт их үзэж бай."

Даниэл ЛаПорт бол блоггер, илтгэгч, энтрепренер, бестселлер номын зохиогч. Тэрээр ухамсартайгаар зорилго тавих сэдвээр гурван ном бичжээ. Forbes түүний блогийг 2012 онд "Эмэгтэйчүүдэд зориулсан шилдэг 100 блог"-ийн нэгээр шалгаруулж, “хувь хүний хөгжлийн уламжлалт бус сэтгэгч” гэж нэрлэж байв.

99954   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.